| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 186/2024/0056/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/49 |
| Огноо | 2024-01-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/49
2024 01 11 2024/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны О.Будмаа,
улсын яллагч Ц.Батзаяа,
шүүгдэгч Ч.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Пад холбогдох эрүүгийн 2211 01970 1465 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.П нь 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “У” дээр дархан хийж байхдаа М.Дийн эд хөрөнгө болох 90 грамм мөнгө, 3 ширхэг улаан шүр, 2 мөнгөн ээмэг зэргийг авч мөнгөн бугуйвч, мөнгөн ээмгэнд нь сэнж хийж өгнө гэж урьдчилгаа 40,000 төгрөгийн хамт хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд зүйлсийг нь шилжүүлэн авч залилж хохирогч М.Дт нийт 562,500 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.П шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.
Эрүүгийн 2211019701465 дугаартай хэргээс:
Хохирогч М.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Заамар сумаас Улаанбаатар хотод өглөө 08 цагийн орчимд орж ирсэн. Тухайн үед би гадуур ажил хөөцөлдөж байгаад өдөр 13 цагийн орчимд У дээр дарханаар юм хийлгэх гэж нэг залуутай уулзсан. Тэгээд тухайн залууд 3 настай охиндоо 27 граммтай мөнгөөр бугуйвч, өөртөө 63 грамм мөнгөөр бугуйвч, дээр нь 3 ширхэг улаан шүрээр шигтгээ хийлгэнэ, мөн 2 мөнгөн ээмгэндээ сэнж хийлгэнэ гэхэд зөвшөөрөхөөр нь урьдчилгаа 40,000 төгрөгийг шилжүүлсэн. Би тухайн залууд өгсөн 90 орчим грамм цагаан мөнгө, 3 ширхэг шүр, 2 мөнгөн ээмгээ 300,000 мянгаар үнэлж байна. Би гомдолтой байна хуулийн дагуу шалгуулж хохирлоо барагдуулмаар байна. Би өөртөө болон хүүхдэдээ бугуйвч хийлгэхээр 90 грамм мөнгө, 3 ширхэг шүр, 1 хос мөнгөн ээмэг зэргийг өгсөн. Бэлнээр 40,000 төгрөг өгсөн. Нийтдээ 562,000 төгрөг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 22, 27 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан ЧД1-22-1143 дугаартай "... 90 граммтай цагаан мөнгө, 3 ширхэг шүр, 2 мөнгөн ээмэг зэргийг нийт 522,500 төгрөгөөр..." үнэлсэн үнэлгээний тайлан, дүгнэлт, /хх-ийн 34-37 дугаар хуудас/
Хохирогч М.Дийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ч.Пын “Хаан банк ХХК” дахь эзэмшлийн ................................ дугаартай данс руу 40,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримтын хуулбар /хх-ийн 49 дүгээр хуудас/
Яллагдагч Ч.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: "...Би хувиараа 2022 оны 5 сараас эхлэн У дээр “...алт, мөнгөний дархан хийсэн. М.Д гэх хүн хэдэн сарын хэдний өдөр ирснийг санахгүй байна. Надаар шигтгээтэй мөнгөн бугуйвч хийлгэнэ гэж захилга өгсөн 0,8 гр 2 оюу шигтгээ, нэг улаан шүр, 90 гр мөнгө, сэнж гагнуулна гээд хос мөнгөн ээмэг 40,000 төгрөг авсан. Тухайн үед ажил явдал гараад хийж чадаагүй зарим эд зүйл нь дархан хийдэг байсан газраа үлдээгээд алга болсон 90 гр цагаан мөнгө өөртөө хэрэглэсэн... Би ченжид 200,000 төгрөгөөр зарсан, хэн гэж хүнд зарсныг мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхийн мэдээлэл /хх-ийн 23 дугаар хуудас/
Шүүгдэгч Ч.Пын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ч.Пын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “М.Д гэсэн ...................... дугаарын дансанд 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 562,500 төгрөгийг шилжүүлсэн талаарх баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Ч.Пад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.П нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан, хохирогчид хурлын товыг мэдэгдэхэд “...шүүх хуралд оролцохгүй гэсэн тул шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Ч.П нь 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “У” үйлчилгээний төвд алт, мөнгөний дархан хийж байхдаа хохирогч М.Дийн эд хөрөнгө болох 90 грамм мөнгө, 3 ширхэг улаан шүр, 2 мөнгөн ээмэг зэргийг авч мөнгөн бугуйвч, мөнгөн ээмгэнд нь сэнж хийж өгнө гэж урьдчилгаа 40,000 төгрөгийн хамт хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд зүйлсийг нь шилжүүлэн авч залилж хохирогч М.Дт нийт 562,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч М.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Заамар сумаас Улаанбаатар хотод өглөө 08 цагийн орчимд орж ирсэн. Тухайн үед би гадуур ажил хөөцөлдөж байгаад өдөр 13 цагийн орчимд У дээр дарханаар юм хийлгэх гэж нэг залуутай уулзсан. Тэгээд тухайн залууд 3 настай охиндоо 27 граммтай мөнгөөр бугуйвч, өөртөө 63 грамм мөнгөөр бугуйвч, дээр нь 3 ширхэг улаан шүрээр шигтгээ хийлгэнэ, мөн 2 мөнгөн ээмгэндээ сэнж хийлгэнэ гэхэд зөвшөөрөхөөр нь урьдчилгаа 40,000 төгрөгийг шилжүүлсэн. Би тухайн залууд өгсөн 90 орчим грамм цагаан мөнгө, 3 ширхэг шүр, 2 мөнгөн ээмгээ 300,000 мянгаар үнэлж байна. Би гомдолтой байна хуулийн дагуу шалгуулж хохирлоо барагдуулмаар байна. Би өөртөө болон хүүхдэдээбугуйвч хийлгэхээр 90 грамм мөнгө, 3 ширхэг шүр, 1 хос мөнгөн ээмэг зэргийг өгсөн. Бэлнээр 40,000 төгрөг өгсөн. Нийтдээ 562,000 төгрөг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 22, 27 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан ЧД1-22-1143 дугаартай "... 90 граммтай цагаан мөнгө, 3 ширхэг шүр, 2 мөнгөн ээмэг зэргийг нийт 522,500 төгрөгөөр..." үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 34-37 дугаар хуудас/
хохирогч М.Дийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ч.Пын “Хаан банк ХХК” дахь эзэмшлийн ................................ дугаартай данс руу 40,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримтын хуулбар /хх-ийн 49 дүгээр хуудас/
шүүгдэгч Ч.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би хувиараа 2022 оны 5 сараас эхлэн У дээр “...алт, мөнгөний дархан хийсэн. М.Д гэх хүн хэдэн сарын хэдний өдөр ирснийг санахгүй байна. Надаар шигтгээтэй мөнгөн бугуйвч хийлгэнэ гэж захилга өгсөн 0,8 гр 2 оюу шигтгээ, нэг улаан шүр, 90 гр мөнгө, сэнж гагнуулна гээд хос мөнгөн ээмэг 40,000 төгрөг авсан. Тухайн үед ажил явдал гараад хийж чадаагүй зарим эд зүйл нь дархан хийдэг байсан газраа үлдээгээд алга болсон 90 гр Цагаан мөнгө өөртөө хэрэглэсэн... Би ченжид 200,000 төгрөгөөр зарсан, хэн гэж хүнд зарсныг мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,
шүүгдэгч Ч.Пын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, ...эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.
Шүүгдэгч Ч.Пын бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчид нийт 562,500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Ч.Пын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч М.Дт 562,500 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 35, 49 дүгээр хуудас/-ыг шүүгдэгч Ч.П төлж барагдуулсан нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ч.Пын гаргаж өгсөн “М.Д гэсэн ...................... дугаарын дансанд 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 562,500 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг,
-шүүгдэгч Ч.П нь “Орон нутагт уурхайд ажил хийж байгаа, арай гэж ажилтай болсон ажлаа алдмааргүй байна. Торгуулийн ял төлж чадах тул торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүхээс М.Пэрлийжамцыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Ч.Пад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Улсын яллагчаас “шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанаас зайлсхийж оргон зугтаасан, эрхэлсэн тодорхой ажилтай гэх баримт хэрэгт авагдаагүй тул торгох ял оногдуулах боломжгүй гэж маргасан боловч Ч.П нь хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан, эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял төлж барагдуулах боломжтой талаараа чин сэтгэлээсээ илэрхийлсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
3. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ч.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пад оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Пад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР