Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1339

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Н.Ундрах,

хохирогч ************, өмгөөлөгч Э.Батжаргал,

шүүгдэгч ************, өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ************ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208007210473 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ****************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ************ нь 2022 оны 1 дүгээр сарын 24-ний орой Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн хойш явдаг автобусны буудлын орчимд хохирогч ************тэй “хүн автомашинаар мөргөсөн” гэх шалтгаанаар нүүр лүү нь цохиж “хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 01 сарын 22-ны орой 22 цагийн үед эхнэр ************ын хамт харих гээд Депогийн буудал дээр буугаад зам хөндлөн хоёрдугаар эгнээгээр гарахад машинууд зам тавьж өгсөн, дараагийн буюу 1 дүгээр эгнээгээр явж байхад ************ыг машин мөргөсөн. Тэгээд мөргөсөн жолооч дээр очоод маргаан болсон. Өөрийн буруутай үйлдлээ ойлгож байгаа. Тэгээд буцаж очоод Гэмтлийн эмнэлэг явсан. Миний буруу, гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтээсээ татгалзсан. Хамрын гэмтэл дээр маргахгүй. Хохирол дээр маргаж байгаа. Шүүхээс тогтоосон хохирлыг төлнө. Сая 2023 оны 1 сард зүрхний хагалгаанд орсон, дахин орж магадгүй. Энэ өвчин нь өөрийгөө удирдан жолоодох чадварт нөлөөлдөггүй. Гэм буруутай үйлдлээ, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Найз охиныг мөргөж унагааснаас болж уураа барьж дийлээгүй. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломж байгаа бол шийдэж өгнө үү” гэв.

Хохирогч ************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Найз ************тэй явж байсан. Урдуур нэг эгч гүйгээд гарсан. Би тоормослоод толиороо шүргэсэн. Замаа чөлөөлөөд зогстол энэ ах ирээд хамар луу цохисон. 1,265,700 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. “Яаж байгаа юм бэ” гээд орилоод цохисон. Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. 7,144,500 төгрөгийг сэтгэл санааны хохиролд нэхэмжилж байна. Энэ талаар шинжилгээний байгууллагад хандсан зүйл байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв.

 

Эрүүгийн 2208007210473 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ************ийн: “2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр аавын эзэмшлийн ************улсын дугаартай машиныг гуйж аваад ажлаас юм авах зорилгоор явсан. Тухайн үед найз ************ийн хамт явж байгаад СХД-ийн 19 дүгээр хороо, Депогийн автобусны буудлын орчимд гарцан дээр нэг эмэгтэйг санаандгүй байдлаар мөргөсөн. Гэтэл хажуунаас нэг эрэгтэй хүн машины хаалгыг онгойлгож миний цамцнаас зуурч улмаар хамар хэсэг рүү 3-4 удаа цохисон. Миний хүн мөргөсөн асуудал замын цагдаа дээр шалгагдаад дуусаж байгаа. Эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 17-18 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.02.07-ны өдрийн 2363 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ************ийн биед хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 22-23 дахь тал),

Гэрч Б.************ын: “Миний бие ************ийн хамт 22 цагийн үед зам хөндлөн гарсан. Гарах үед цагаан өнгийн тээврийн хэрэгсэл намайг мөргөөд унагаасан. Би ухаан алдаж унасан, нэг сэрэхэд ************ тусламж гуйгаад хажууд сууж байсан. Тэгээд би түргэний машинаар ГССҮТ-д хүргэгдсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30, 2 дахь хавтаст хэргийн 5-6 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч Г.************ийн: “...найз ************тэй түүний аавын машинаар гадуур явж байсан. Тухайн өдөр жолоог ************ барьж явсан. Гэтэл Депогийн ойролцоо хүн мөргөсөн. Мөргүүлсэн хүнтэй хамт явсан залуу уурлаж урд хаалга онгойлгож ************ийг нэг гараараа боож нөгөө гараараа нүүр хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд өөрөө больж мөргүүлсэн хүн дээр очсон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-37, 2 дахь хавтаст хэргийн 3 дахь тал),

Шүүгдэгч ************ийн яллагдагчаар өгсөн: “...Миний бие эхнэрийг мөргөсөн байсан учир ууртай, зарим зүйлийг санахгүй байгаа. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маш их уурласандаа л ийм зүйл хийлээ. Тодорхой баримттай хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47-48 дахь тал),

“Энх-Ундарга” сувилалын тодорхойлолт, сувилуулагчийн түүх (1 дэх хавтас, хх-118, 119-122), амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар (1 дэх хавтас, хх-123-131), “ЭМЖЖ” чих, хамар хоолойн эмнэлгийн баримтууд (1 дэх хавтас, хх-132-151), гэрч ************ын мэдүүлэг (1 дэх хавтас, хх-32-33), хохирлын баримт (1 дэх хавтас, хх-40-41, 116), өмгөөлөгч Э.Батжаргалын хүсэлт (1 дэх хавтас, хх-117), Нийслэлийн Эрүүгийн хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.06.21-ний өдрийн 643 дугаар магадлал, тэмдэглэл (1 дэх хавтас, хх-178, 179-183), Улсын гуравдугаар төв эмнэлгийн албан бичиг (2 дахь хавтас, хх-7-8),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-248-250, 2 дахь хавтас, хх-1), шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-58), дансны хуулга (хх-61-91), “Итгэлийн хад” ХХК-ийн тодорхойлолт (хх-54) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч ************ийн гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтас, хх-20)-ийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ************ нь 2022 оны 1 дүгээр сарын 24-ний орой Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн хойш явдаг автобусны буудлын орчимд хохирогч ************тэй “хүн автомашинаар мөргөсөн” гэх шалтгаанаар нүүр лүү нь цохиж “хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохиролд 1,265,700 төгрөг гаргуулах саналтай. Сувилалын 935,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй. Эмнэлэгт эмчлүүлсэн өвчний түүхэнд хамрын хавдар буулгах, зүү тавих эмчилгээ хийлгэсэн байна. Шүүгдэгч, хохирогч нар зүрхний хэм алдах өвчтэй. “ЭМЖЖ” эмнэлгийн тодорхойлолтоор хамрын мурийлт байгаа, цаашид эмчлүүлэх шаардлага байна гэж үзлээ. Хор уршиг арилгаагүй. Сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 7 сая төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хохирогчийн хуьд сэтгэл санааны ямар нэг хохирол учирсан гэх эмнэлгийн дүгнэлт баримтгүй байна...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Гэм буруугийн тал дээр улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Цаашид хамрын хагалгаанд орно. Ирээдүйд эмчилгээний зардал гарах учир нээлттэй үлдээх саналтай байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нөхөн төлөх үүрэгтэй. 935,000 төгрөг нь сувилуулах, эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан. Хохирогч өөрөө ямар эмчилгээ хийлгэсэн талаар хэлсэн. Сэтгэл санааны хохирол гаргуулах дээр дараа нь нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээх санал гаргасан гэж ойлголоо. Миний хувьд энэ хурлаар шийдэх ёстой гэж үзэж байна. Тус тогтоолын 2 дугаар зэрэглэл гэдгээр нэхэмжилж байна. Тус аргачлалын 3.6-д тусгайлсан гэмт хэргийг зааж өгсөн гэж харж байна. Мэргэжлийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр хийсэн. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад 4-8 хувьтай байна. Хохирогчийн хувьд хэрэг болсноос хойш 10 гаран сарын хугацаа өнгөрч байна. Зодуулснаас хойш эмчилгээ хийсэн, зовиур, өвчин шаналал мэдэрсэн, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Прокурор сэтгэцийн өвчтэй болох, ямар нэг сэтгэцийн өөрчлөлт учирсан байхыг шаардаад байна. Энэ гэмт хэргийн улмаас өвчин шаналал мэдэрсэн, эмчлүүлсэн болох нь харагдаж байна. Бид нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 хувиар нэмэгдүүлснээр тооцсон. Энийг шүүх эрх хэмжээндээ шийдэх байх...” гэв.

шүүгдэгчийн өмгөөлөгч “Энэ хэрэг  дээр маргаан байхгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалсан. Хохирогчийн зүгээс шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтэлтэй холбоотой баримтаар нэхэмжлэх ёстой. Бусад эмчилгээний зардал, сэтгэцийн зардалд баримт байхгүй. “Энх-Ундарга” сувилалын эмч нар зүрх судас, гавал тархины нарийвчилсан эмч биш, тиймээс хамаагүй. Тухайн үед хохирогч зам тээврийн хэрэгт шалгагдаж байсан учраас сэтгэл санаа нь нөлөөлсөн байж магадгүй гэж үзэж байна. Сэтгэл санааны хохиролд ямар нэг эмнэлгийн үйлчилгээ авсан баримт байхгүй. Гэмтлийн зэрэг тогтоохдоо хөдөлмөрийн чадвар бууралтыг тогтооход 4 долоо хоногоор тогтоосон. Хохирогчийн хувьд энэ хугацаанаас давсан нь үндэслэлгүй байна. Хамрын мурийлтын гэмтэл шинээр гаргаж ирж байна. Нарийвчилсан эмнэлгийн дүгнэлт байхгүй...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ************ нь 2022 оны 1 дүгээр сарын 24-ний орой Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн хойш явдаг автобусны буудлын орчимд хохирогч ************тэй “хүн автомашинаар мөргөсөн” гэх шалтгаанаар нүүр лүү нь цохиж “хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ************ийн “...Депогийн автобусны буудлын орчимд гарцан дээр нэг эмэгтэйг санаандгүй байдлаар мөргөсөн. Гэтэл хажуунаас нэг эрэгтэй хүн машины хаалгыг онгойлгож миний цамцнаас зуурч улмаар хамар хэсэг рүү 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг (1хх-17-18), шүүх эмнэлгийн 2363 дугаар “1. ************ийн биед хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (1хх-22-23), гэрч Г.************ын “...цагаан өнгийн тээврийн хэрэгсэл намайг мөргөөд унагаасан...” гэх мэдүүлэг (1хх-30), насанд хүрээгүй гэрч Г.************ийн “...мөргүүлсэн хүнтэй хамт явсан залуу уурлаж урд хаалга онгойлгож ************ийг нэг гараараа боож нөгөө гараараа нүүр хэсэг рүү 2 цохисон...” гэх мэдүүлэг (1хх-36-37), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-248-250, 2-хх-1) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.************ийн “хүн машинаар мөргөчихлөө” гэх шалтгаанаар хохирогч ************ийн нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 1,265,700 төгрөгийн баримт гаргаж өгснөөс “ЭМЖЖ” эмнэлгийн 120,000 төгрөгийн төлбөрөөс 84,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт эдэлсэн байх тул хасаж, “Энх-Ундарга” сувилалд хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 935,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзэж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 1,181,700 төгрөгөөр тогтоож шийдвэрлэснийг шүүгдэгч хохирол төлөх завсарлага авч төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.

“Энх-Ундарга” сувилалын төлбөрийн тухайд хавтаст хэргийн 119-131 дүгээр талд баримтаар авагдсан сувилуулагчийн түүхээс үзэхэд хохирогч хамартай холбоотой эмчилгээ хийгдсэн байх ба зүрхний талаар ямар нэг эмчилгээ хийгдсэн гэх баримтгүй байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, энэ гэмтэл нь шинэ гэмтэл болох нь тогтоогдож, дүрслэл оношилгооны хуудсаар нотлогджээ. Хохирогчийн хамарт хуучин хугаралтай болох нь тусгагдсан тул энэ гэмт хэргийн улмаас цаашид хийгдэх эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхгүй байна.

Хохирогчийн өмгөөлөгчийн “Сэтгэл санааны хохиролд 7,144,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримт хангалттай цуглараагүй байх тул энэ талаарх болон цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, мөн хохирогч өөрөө зам тээврийн осолд холбогдон шалгагдсан, хүнд зодуулж хохирсон зэрэг нөхцөл байдал үүссэн байх тул нарийн тогтоох шаардлагатай болохыг дурдаж байна.  

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй байна. 1 жил 7 сарын дараа хурал хийлгэж байна. Эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бий болоогүй. Хохирлыг шүүхээс шаардуулж төлж барагдуулсан” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь зам тээврийн осол байсан. Хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хохирогч зам хөндлөн гарч явсан зорчигч буюу шүүгдэгчийн эхнэрийг мөргөж унагаасны улмаас шүүгдэгч “хүн мөргөчихлөө” гэх шалтгаанаар хохирогчийн нүүрэнд хэд хэдэн удаа цохиж халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 1,181,700 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, орлоготой, эрүүл мэндийн байдал, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин ************ болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, орлоготой гэх)-ийг харгалзан шүүгдэгч ************ийг 600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилсан ба хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь анх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурортой ял тохиролцож хэргийг шүүхэд ирүүлсэн боловч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж, цагаатгах байр суурьтай оролцож байсан ч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ. Харин дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага болон шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзаж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт харвсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ************ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********** овогт ************ийн ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ийг 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ************ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч ************ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин ************ болтол шүүгдэгч ************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР