Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,                                          

улсын яллагч Б.Цэцэгмаа,

шүүгдэгч Г.Наранбаатар, түүний өмгөөлөгч Б.Ганбат,

шүүгдэгч Н.Чулуунзагд, Д.Оюун нарын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,

хохирогч Э.Дарьсүрэн,

гэрч Ш.Батбилэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Ганхуягийн Наранбаатар, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Нянрагийн Чулуунзагд, Мэргэд овогт Даваанямын Оюун нарт холбогдох эрүүгийн 201625020005 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Гангарын 171-В-З тоотод оршин суух,  Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 95 тоот шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар  хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЧИ 86090977 / Монгол овогт Ганхуягийн Наранбаатар, 

2. Монгол Улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймагт төрсөн, 48 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гандийн 19-21 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,  / РД: УХ 69080415 / Сартуул овогт Нянрагийн Чулуунзагд,

3. Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Завханаймагт төрсөн, 47 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гандийн 19-21 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:УД70121167  / Мэргэд овогт Даваанямын Оюун нар нь:

Г.Наранбаатар нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны шөнийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Ви Ай Пи “ караокед хохирогч Н.Чулуунзагдтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Н.Чулуунзагд нь Д.Оюунтай бүлэглэн олон нийтийн газар нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2015 оны 12 дугаар сарын 15-ны шөнийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ви Ай Пи" караокед хохирогч Э.Дарьсүрэнтэй үл ялих зүйлээр маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

 Д.Оюун нь Н.Чулуунзагдтай бүлэглэн олон нийтийн газар нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2015 оны 12 дугаар сарын 15-ны шөнийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ви Ай Пи" караокед хохирогч Э.Дарьсүрэнтэй үл ялих зүйлээр маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Дарьсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Н.Чулуунзагд, Д.Оюун 2 текний урд ирээд хоорондоо пизданууд гээд яриад байсан. Тэгснээ надад хандан " дэлдэн Тулгаагийн караоке гэсэн биз дээ. Тэрнээсээ авахгүй юу. Бид нар яахаараа төлдөг юм бэ “ гээд байсан. Тэгэхээр нь би "Уучлаарай эгчээ. Тулгаа ахыг таньдаг юм чинь цагийн мөнгө аваад яахав. Та боломжоороо тооцоогоо хийчихээ " гэж хэлтэл эхнэр нь “ Би тооцоогоо хийж чадахгүй. Та нар ер нь яасан сонин юм. Ийм олон хүмүүс байхад чинь яахаараа бид нараас авдаг юм бэ “ гээд хэрүүл хийгээд байсан. Тэгтэл нөхөр нь хажуунаас шал согтуу үсэрч орж ирээд миний нүүр рүү цохьчихсон гэжээ. / хх 18-19 /

Хохирогч Д.Оюун мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Бүгдээрээ цуварч явсаар байгаад үүрийн 05 цагийн үед би нөхөртэйгээ текен дээр тооцоогоо хийх гэж очиход “ 225.000 төгрөгний тооцоо гарлаа “ гэж нэг охин хэлсэн. Тэгэхээр нь би “ Яахаараа ингэж гардаг юм. Зөрүүтэй байна “ гэтэл тэр охин “ Тэгвэл та 200.000 төгрөг төлчих “ гэхээр нь би тэгье гээд картаа гаргаж ирээд байж байтал хаанаас нь юм бүү мэд нэг бүдүүн хүүхэн хашгирч гарч ирээд “ Юу гэж хасч байдаг юм “ гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би тэр хүүхэн рүү дөхөж очтол над руу хашгичаад дайрахаар нь манай нөхөр бид хоёрыг салгах гээд тэр хүүхнийг цааш нь түлхтэл цаанаас нь дээгүүрээ хувцасгүй нүцгэн бүдүүн биеэрхүү залуу гарч ирэнгүүтээ ямар нэг үг хэлэлгүй манай нөхрийн хамар руу нь цохьтол манай нөхрийн хамраас цус гарсан.  Тэгтэл манай нөхөр пельтан дээр халтираад унатал нөгөө залуу дээрээс нь нүүр нүдгүй өшиглөсөн. Тэр үед цэнхэр куртиктэй нэг залуу байсан бөгөөд тэр залуу манай нөхрийг өшиглөөд зодоод эхэлсэн. Тэгэнгүүт нь би “ Болиоч ээ. Та нар наад хүн чинь бие муутай хүн яаж байгаа юм бэ “ гээд утсаа гаргаж ирээд бичлэг хийж эхэлтэл тэр хүүхэн “ Авгай минь. Чи нааш ир “ гээд үснээс зулгаагаад өшиглөсөн. Тэр үед миний утсан дээр бичлэг хийгдээд байсан юм байна лээ. Тэгтэл миний хоёр гар утсыг текний ард байсан хүүхэн аваад текен доороо хийчихээр нь би утсаа авъя гэтэл өгөхгүй байсан ба түргэн тусламж дуудах гэсэн юм гэхэд үүдэн дээр нь нэг хамгаалагч залуу зогсчихоод гаргахгүй байсан гэжээ. / хх 8-11 /

Хохирогч Н.Чулуунзагд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэгээд эхнэр бид хоёр тооцоогоо хийх гээд текен дээр очсон. Тэгсэн чинь тооцооноос 25.000 төгрөгний зөрүү гарсан ба ийм зөрүү гарах ёсгүй гэж текен дээр сууж байсан эмэгтэйтэй маргалдсан ба тэгтэл дахиж тооцож үзээд тэр эмэгтэй 25.000 төгрөгийг хасахаар болж тохиролцоод мөнгөө төлөх гээд байж байтал цаанаас нэг бүдүүн хүүхэн гарч ирээд манай эхнэртэй 25.000 төгрөг хасах ёсгүй гэж маргалдсан. Тэгтэл манай эхнэр тэр хүүхнийг чи эндэхийн ажилчин биш шүү дээ. Би тооцоогоо хийх гэж байна гээд хоорондоо хэрэлдэж байгаад барьцалдаад авсан. Тэр үед би тэр хоёрыг салгах гэж байтал цаанаас ахиад нэг цээж нүцгэн залуу гарч ирээд шууд ирээд намайг цохиж унагаасан. Тэгээд намайг унасны дараа тэр залуу дээрээс нүдсэн. Тэрнээс хойш би нэг их сайн санахгүй байна. Ухаан балартаад уначихсан юм шиг байна лээ. Нэг сэрсэн чинь би эмнэлэг дээр ирчихсэн байсан. Миний баруун хөлний шагайны доод талын хоёр савхан яс хугарсан. Мөн шилбэний нарийн яс дээгүүрээ хугарсан. Бас хамар хугарч, уруул дотор талдаа язарсан байна гэжээ. / хх 14-16 /

Гэрч В.Содном мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэгтэл Н.Чулуунзагд, Д.Оюун хоёр түрүүлээд гараад явахаар нь би Лхагважавыг сэрээгээд араас нь гарсан. Тэгтэл гараад хартал Н.Чулуунзагд, Д.Оюунаа болон хоёр залуу нэг бүдүүн хүүхэн байсан ба зарим нь зууралцсан, зарим нь салгах гэсэн байдалтай байсан. Тэгэхлээр нь би очоод Н.Чулуунзагд руу дайрч байсан нэг дээгүүрээ чармай нүцгэн залуу болон түүнтэй ойролцоо биетэй залуу хоёрыг салгах гээд шалдан байсан залуугийн биенээс таттал эргэж хараад намайг нарийхан коридор руу түлхэхэд би уначихсан. Тэгсэн чинь цаанаас нэг эмэгтэй хүн “ Наад ах чинь яагаа ч үгүй шүү дээ “ гэж хашгиртал болиод буцсан. Тэгэхээр нь би босоод эргээд иртэл Н.Чулуунзагд буланд хамраас нь цус гарчихсан хэвтэж байсан. Би Н.Чулуунзагдад цагдаа иртэл битгий босоорой гэж хэлсэн. Миний харснаар бол Н.Чулуунзагдыг дээгүүрээ шалдан нөхөр болон бүдүүн хүүхэн хоёр зодоод байсан. Харин нэг залуу байсан. Тэр залууг би салгаж байсан байх гэж бодож байна. Миний санаж байгаар хөх өнгийн куртиктай байсан шиг санагдаж байна гэжээ. / хх 20 /

Гэрч Б.Лхагважав мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэгээд бид хоёр өрөөнөөс гараад хартал шатны нэг буланд Н.Чулуунзагд зодуулчихсан бололтой хөндлөн хэвтэж байсан. Тэгтэл ард хүн орилж чарлаад байхаар нь хартал Д.Оюунаа нэг хүүхэнтэй хэрэлдчихсэн орилоод байж байсан. Тэгээд бид хоёр Н.Чулуунзагд дээр очтол хөл гар нь бүүр унжчихсан байсан. Яг үнэндээ би юу болж байсныг санахгүй байна. Би тухайн үед нэлээд муудчихсан байсан. Ямар ч байсан Н.Чулуунзагд зодуулсан ам хамарнаас нь цус гарчихсан хэвтэж байсан гэжээ. / хх 21 /

 Гэрч Ш.Батбилэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Үлдсэн хүмүүс тооцоогоо хийх болтол эхнэр, нөхөр хоёр гарах гэхэд нь манай бармен Цэрэндулам тооцоогоо хий гэхэд нөхөр нь хийж чадахгүй, мөнгө байхгүй гээд салаавч гаргаад томроод байсан. Эхнэр нь ч гэсэн хажуунаас орж ирээд хэрүүл өдөөд том том яриад байсан. Тэгтэл эхнэр нь өмсөж явсан булган шубээ хэдэн төгрөгний үнэтэй гэдгийг мэдэх үү гээд гайхуулаад байсан. Тэгтэл нөхөр нь бас би 2, 3 контейнертэй гээд гайхуулаад байсан юм. Тэгээд текний урд бармен Цэрэндуламтай эхнэр, нөхөр хоёр муудалцаж байсан чинь манай эгч Э.Дарьсүрэн “ Та хоёр тооцоогоо хийчих л дээ “ гээд текний араар орж ирээд гуйсан. Тэгтэл тэд өгч чадахгүй барихгүй гэж байснаа нөхөр нь Дариа эгчийг шууд нүүр рүү нь цохьсон. Тэгэхээр нь би тэр ахыг нь холдуулаад голд нь орчихоод байж байтал гэнэт эхнэр нь чи манай нөхрийг яаж байгаа юм бэ гэхээр нь би харсан чинь тэр ах газар суусан  байсан. Тэгтэл Г.Наранбаатар ах өрөөнөөсөө гарч ирээд “ Юу болоод байгаа юм. Яагаад байгаа юм бэ “ гээд асуутал Э.Дариа эгч “ Намайг энэ ах цохьчихлоо шүү дээ “ гэхэд Г.Наранбаатар ах уурлаад тэр ахтай жаахан яагаад цохиж байгаа юм бэ гээд муудалцаад байсан. Тэгээд Э.Дарьсүрэн эгч нөгөө ахын эхнэртэй муудалцах гээд байхаар нь би дунд нь ороод салгах гээд зогсчихсон байж байгаад нэг харахад нөгөө ах газар уначихсан май ална шүү гээд Н.Наранбаатар ах руу салаавч гаргаад доромжилж байсан. Г.Наранбаатар ах тэр ахыг хаашаа нь бүү мэд өшиглөхөөр нь би очиж салгасан гэжээ. / хх 22-23 / 

 Гэрч Э.Цэрэндулам мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Яг зодоон болохоос 30 минутын өмнө өөр өрөөнд байсан нэг хүүхний уруул руу тэр дөрвийн нэг нь цохьсон ба тэр хүнээс уучлалт гуйхгүй байсан юм. Тэгээд тэр хүн цагдаа дуудна гэхээр нь би “ Хэрэггүй ээ. Та ойлгоорой. Наад хүмүүс чинь согтуу байна “ гэж аргалж байгаад гаргасан. Тэгээд тэд нар гарахаар болж нөгөө хэрүүл хийгээд байсан эгч нөхөртэйгээ хамт гарч ирээд тооцоо хэд болсон талаар асуусан. Тэгэхээр нь би тооцоо 250.000 төгрөг болсон гэж хэлэхэд тооцоо хийхгүй уурлаад байхаар нь би “ За за. Аниа таньдаг гэж орсон юм чинь би цагийн мөнгийг чинь хөнгөлөөд 186.000 төгрөг авъя “ гэсэн. Тэгээд тооцоогоо хийчих гэхэд “ Манай өрөөний хүмүүсийг дууд. Таньдаг гээд би яахаараа тооцоон дээр үлддэг юм “ гээд эхнэр нь үглээд байсан. Тэгтэл манай эгч нөхрийнхөө сууж байсан өрөөнөөс гарч ирээд “ Эгч ээ 2 цагийн мөнгийг нь хасчихсан юм байна. Та 186.000 төгрөгний тооцоо хийхэд болох юм байна. Та тооцоогоо хийчих “ гэтэл нөхөртэйгээ ажлынхныхаа талаар яриад хэрэлдээд байсан. Тэгтэл манай эгч нөхөрт нь хандаж “ Та болилдоо тооцоогоо хийчих “ гэхэд нөхөр нь манай эгчийг чи хий гээд баруун гараараа зүүн талынх нь хацар руу цохиод авсан. Тэр үед Г.Наранбаатар ах өрөөнөөсөө нэлээн согтуу гарч ирээд “ Юу болсон бэ. Хайраа “ гээд эхнэрээсээ асуусан. Тооцоогоо авах гэтэл энэ ах нүүр рүү цохьчихлоо гэсэн. Манай хүргэн ахыг нөгөө ах “Чи юу юм. Хэн юм бэ “ гээд нүүр рүү нь цохьчихсон. Тэгтэл хүргэн ах нөгөө ахыг буцааж нүүр рүү цохиж унаасныхаа дараа хөл рүү өшиглөсөн. Тэгтэл Билгээ гэдэг залуу Г.Наранбаатар ахыг тэврээд болиулсан. Тэгсэн чинь эхнэр нь “ Манай нөхрийг яасан гэж зодож байгаа юм бэ “ гээд манай эгчийн нүүр рүү цохиод үсдэж алгадсан. Тэгтэл манай эгч тэр эгчтэй зодолдсон гэжээ. / хх 25-26 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 17782 тоот дүгнэлтэнд:

1. Н.Чулуунзагдын биед баруун хөлийн тахилзуур яс болон дотор хавчаар ясны далд хугарал, хамар ясны далд хугарал, уруулын салстад шарх, нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна гэжээ. / хх 33 /

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 17781 тоот дүгнэлтэнд:

 1. Д.Оюуны биед нүүрний хэсгийн зөөлөн эдэд өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 36 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 64 тоот дүгнэлтэнд:

 1. Э.Дарьсүрэнгийн биед тархи доргилт, баруун гуя, баруун өвдөг, зүүн гуяанд цус хуралт, зүүн даланд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.           

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үүсэх боломжтой. 

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 40 /

Шүүгдэгч Г.Наранбаатарыг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 49-51 /,  2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 58-60, 202 /

Шүүгдэгч Д.Оюуныг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 54-55 /, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 62-63, 204 /

Шүүгдэгч Н.Чулуунзагдыг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 31 /, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 64-65, 190 /

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 74, 90, 93 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Наранбаатар мэдүүлэхдээ: Манай эхнэрийг зодсон байхаар нь би “ Больцгоо. Мөнгөө төлчихөөч “ гээд явтал араас хэл амаар доромжлохоор нь би Н.Чулуунзагдыг зодож гэмтэл учруулсан нь үнэн. Би хүн зодож гэмтээсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оюун мэдүүлэхдээ:  Караокегоос гарч ирээд тооцоогоо хийе гэтэл 225.000 төгрөг гарсан гээд хөнгөлөлт үзүүлье гэтэл Э.Дарьсүрэн цаанаас хөнгөлөхгүй авгай минь гэж гарч ирснээс болж маргалдсан. Тооцоон дээр илүү бичигдсэн зүйл байгаагүй. Хөнгөлөлт хийхгүй гэснээс болж маргалдсан. Би Э.Дарьсүрэнг нэг ч цохиогүй. Би хоёр гартаа утсаа бариад бичлэг хийж байсан. Би хүн зодоогүй. Тэр өдөр би өсгийтэй гуталтай байсан нь үнэн. Би хоцорч ирсэн учир Дарьжавыг өрөө өрөөнд оруулахад  байгаагүй. Дарьжавын ахаар нь яриулж уг караокед орсон нь үнэн. Ийм хэрэг үйлдсэндээ үнэхээр их гэмшиж байна.  Бид өөрсдийн амьдралаа авч явах гэж хөдөлмөрлөж байгаад ганц удаа баяр тэмдэглэхдээ ийм хэрэгт холбогдсондоо үнэхээр их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Н.Чулуунзагд мэдүүлэхдээ: Текен дээр байсан хүн тооцоон дээр хөнгөлөлт үзүүлэх гээд бид тохиролцож байсан. Тэгтэл нэг авгай учир зүйггүй “ Хөнгөлөхгүй. Авгай минь “ гээд гараад ирсэн учир би зүүн шанаанд нь нэг удаа цохьсон. Би уусан байсан боловч болсон асуудлыг мэдэж байна. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.

Эмчилгээний зардлаа төлүүүлж авсан. Одоо надад Наранбаатараас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Дарьсүрэн мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн “ Ви Ай Пи “ караокед орлогоо авах гэж ирсэн. Анх Н.Чулуунзагд, Д.Оюун нарыг би хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр тохирч өрөө өрөөнд нь оруулж өгсөн. Гэтэл архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс болоод үл ойлголцсон. Н.Чулуунзагд намайг зүгээр байхад цохьсон. Эхнэр нь мөн хэл амаар доромжилж, намайг зодохоор нь би бас зодолдсон.Одоо бид нар учраа олж, бие биедээ гомдол саналгүй болцгоосон. Нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.Батбилэг мэдүүлэхдээ: Би тэр үед тус караокед хамгаалагчаар ажиллаж байсан юм. Э.Дарьсүрэн эгч тооцоогоо хий гэж шаардахад Э.Дарьсүрэн эгчийн нүүр хавьцаа Н.Чулуунзагд цохьсон. Г.Наранбаатар ах эхнэрээ өмөөрөөд Н.Чулуунзагдыг зодсон. Манайхаар үйлчлүүлсэн эхнэр, нөхөр хоёр нилээн согтуу байсан ба намайг Г.Наранбаатар Н.Чулуунзагд нарыг салгаж байхад эхнэр нь орилоод тооцоог чинь хийчихнэ гээд байсан. Тэгж байхад Э.Дарьсүрэн, Д.Оюун хоёр хоорондоо зодолдож байсан. Би салгаж байсан болохоор хэн нь хаана нь цохьсныг хэлж мэдэхгүй байна гэв.  

Шүүгдэгч Г.Наранбаатар нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны шөнийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Ви Ай Пи “ караокед хохирогч Н.Чулуунзагдыг эхнэрийгээ зодож, зүй бус харьцлаа гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Чулуунзагд, Д.Оюун нар нь бүлэглэн  2015 оны 12 дугаар сарын 15-ны шөнийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ви Ай Пи" караокед бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Э.Дарьсүрэнг үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...” Та нар боломжоороо тооцоогоо хийчих ээ “ гэтэл эхнэр нь “ Та нар яасан сонин юм бэ. Ийм олон хүн байхад яахаараа бид нараас авдаг юм бэ “ гээд хэрэлдээд байтал нөхөр нь хажуунаас нь үсэрч орж ирээд миний нүүр рүү цохьсон. Дараа нь эхнэр нь үстэж өсгийтэй гутлаараа өшиглөсөн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Э.Дарьсүрэнгийн мэдүүлэг / хх 18-19 /,  ...Би нөхөртэйгээ тооцоогоо хийх гээд очтол 225.000 төгрөг гарсан гэхээр нь “ Яахаараа ийм их гардаг юм бэ “ гээд маргалдаж байтал манай нөхөр тэр хүүхнийг түлхтэл цаанаас нь цээж нүцгэн залуу гарч ирээд манай нөхрийг өшиглөж зодсон гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Д.Оюуны мэдүүлэг / хх 8-11 /,  ...Тооцоон дээрээс нэг бүдүүн хүүхэнтэй маргалдаж байтал цээж нүцгэн залуу хүрч ирээд өшиглөж зодсон гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Г.Чулуунзагдын мэдүүлэг / хх 14-16 /,  ...Бармен Цэрэндулам эхнэр нөхөр хоёрыг тооцоогоо хийчих гэхэд нөхөр нь салаавч гаргаад чадахгүй гээд томроод байсан. Тэгтэл Э.Дарьсүрэн эгч ирээд “ Та хоёр тооцоогоо хийчих “ гэхэд нөхөр нь шууд Э.Дарьсүрэн эгчийн нүүр рүү цохьсон. Наранбаатар ах гарч ирээд  юу болоод байгаа юм бэ гэхэд Дарьсүрэн эгч намайг цохьчихлоо гэж хэлсэн.  Эхнэр нь манай нөхрийг яаж байгаа юм бэ гэхээр нь хартал газар суусан маягтай байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн  гэрч Ш.Батбилэгийн мэдүүлэг / хх 23 /,  ... манай эгч нөхөрт нь хандаж “ Та боль л доо. Тооцоогоо хийчих “ гэхэд нөхөр нь манай эгчийг “ чи хий “ гээд баруун гараараа зүүн талын хацар руу нь цохиод авсан. Тэгтэл манай ажилтан Батбилэг тэр ахыг “ Та болиоч ээ “ гээд куртикнээс нь татаж газар унагаасан. Гэтэл эхнэр нь “ Та нар манай нөхрийг яасан гэж зодож байгаа юм бэ “ гээд манай эгчийн нүүр рүү цохиод үстэж алгадсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Э.Цэрэндуламын мэдүүлэг / хх 25-26 /, ...Эргээд иртэл Н.Чулуунзагдын хамраас цус гарчихсан хэвтэж байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч В.Содномын мэдүүлэг / хх 20 /, …Гараад хартал шатны нэг буланд Н.Чулуунзагд зодуулчихсан бололтой хөндлөн хэвтэж байсан. Тэгтэл ард хүн орилж чарлаад байхаар нь хартал Д.Оюунаа нэг хүүхэнтэй хэрэлдчихсэн орилоод байж байсан. Тэгээд бид хоёр Н.Чулуунзагд дээр очтол хөл гар нь бүүр унжчихсан байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Лхагважавын мэдүүлэг / хх 21 /, …хохирогч нарын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 17782, 17781, 64 тоот дүгнэлтүүд / хх 33, 36, 40 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Наранбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Г.Наранбаатар, Д.Оюун нарыг бүлэглэн догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Г.Наранбаатар, Н.Чулуунзагд, Д.Оюун нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Г.Наранбаатар, Н.Чулуунзагд, Д.Оюун нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялуудыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Дарьсүрэн нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Оюуныг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн боловч түүнд холбогдох хэргийг прокурорын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 40 тоот тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                                                                ТОГТООХ нь:

1. Ганхуягийн Наранбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Нянрагийн Чулуунзагд, Даваанямын Оюун нарыг бүлэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Ганхуягийн Наранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих, Нянрагийн Чулуунзагд, Даваанямын Оюун нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар  тус бүр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Наранбаатар, Н.Чулуунзагд нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид,  Д.Оюуны эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.Наранбаатар, Н.Чулуунзагд, Д.Оюун нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Г.Наранбаатарт оногдуулсан 1 жил 6 сарын хорих, Н.Чулуунзагд, Д.Оюун нарт тус бүр оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тус тус тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Г.Наранбаатарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст, Н.Чулуунзагд, Д.Оюун нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус тус даалгасугай.

6. Г.Наранбаатар, Н.Чулуунзагд, Д.Оюун нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ОЮУНЧИМЭГ