Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/ма2026/0507

 

 

 

 

 

 

 

 

 

 

У.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа 

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Т.М

Нэхэмжлэгч: У.А

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс  

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203053878 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203053878 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлүүлэхийг даалгах, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үүсгэсэн 1251200494472 дугаартай нэхэмжлэхийг хүчингүй болгуулах” тухай  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0465 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч У.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2026/0112/З 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч У.А-аас Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст холбогдуулан “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203053878 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203053878 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлүүлэхийг даалгах, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үүсгэсэн 1251200494472 дугаартай нэхэмжлэхийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

 2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0465 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.14, 8 дугаар зүйлийн 8.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч У.Ааас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан "Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203053878 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2203053878 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлүүлэхийг даалгах, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үүсгэсэн 1251200494472 дугаартай нэхэмжлэхийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 3. Нэхэмжлэгч У.А-ын давж заалдах гомдлын агуулга:

Гагцхүү нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дотор буюу доод давхарт төлөвлөгдсөн авто зогсоол нь орон сууцанд хамаарах тул албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй. Татвараас чөлөөлөгдөх үл хөдлөх эд хөрөнгө байхад үндэслэлгүйгээр татварын дарамт учрахгүй байх, татвараас чөлөөлөгдөх татвар төлөгч миний субьектив эрхийг татварын алба зөрчсөн тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд татвараас чөлөөлөхөөр заасан "орон сууц" гэдгийг хүчин төгөлдөр хууль тогтоомжид үндэслэн тайлбарлаж, хэрэглэвэл тухайн орон сууцны доор байрлах авто зогсоол нь орон сууцны бүрдэл хэсэгт хамаарч хөрөнгийн татвараас чөлөөлөгдөхөөр хуульчилсан болно... Өөрөөр хэлбэл, өмчилж буй орон сууцыг албан татвараас чөлөөлөх агуулгад нийслэлд хоёр орон сууцаар хязгаарлагдсан болохоос чөлөөлөгдөх хөрөнгө сууц буюу аж төрөхөд зориулагдсан өрөө болж өөрчлөгдөөгүй байна. Нийтийн зориулалттай орон сууцны байшин, барилгаас иргэн, хуулийн этгээд өмчлөх орон сууц гэх ойлголтонд өмчлөлийн орон сууц, мөн орон сууцанд хамаарагдах бусад хэсэг ч хамаарна. Дангаар өмчлөх сууцны зориулалттай хэсэгт, тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан орон сууцны байр болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламж хамаарах талаар Иргэний хуульд /142.1/ заасан.

Тус авто зогсоол нь хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн орон сууцны байшингийн сууцны бус зориулалттай талбай болох нь тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч миний бие 48.33 м.кв талбай бүхий 13 тоот сууц, 39 м.кв талбай бүхий В5 тоот сууц бус зориулалттай талбай болох авто зогсоолын өмчлөгчийн хувьд Иргэний хууль, Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд тус тус заасны дагуу ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцож СӨХ-д төлөх, сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх /Монгол Улсын Авто Барилгын норм ба дүрэмд заасны дагуу газар доорх авто зогсоолын талбайг бокс болгон хаалт, хашилт хийхгүй байх/ зэрэг орон сууц өмчлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлж байгаа болох нь нотлогдож байна. Иргэний хууль болон гэрээний үндсэнд нэхэмжлэгч би нийслэлд нэг орон сууцтай тул Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т "...татвараас чөлөөлөгдөх" эрх эдлэх ёстой. Орон сууц өмчлөгч энэхүү хуульд заасан эрхээ эдэлж өөрийн сууцнаас сууцны бус зориулалттай хэсгийг тусад нь улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсанд үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж буй нь үндэслэлгүй байна. Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс сууц болон авто зогсоол нь нэг үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэлтэй, гэрчилгээтэй тохиолдолд авто зогсоолд нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах уу гэх асуултад "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу тухайн орон сууцанд амьдраад тухайн гэрчилгээний дагуу бүртгэлтэй учраас чөлөөлөгдөх үндэслэлтэй." хэмээн хариулсан.

Үүнээс үзвэл авто зогсоол нь улсын бүртгэлд хэрхэн бүртгэгдэж, сууцны хамт нэг гэрчилгээнд тусгагдсан бол татвараас чөлөөлж, тусдаа гэрчилгээтэй тохиолдолд татвар ногдуулж буй нь Үндсэн хуульд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд тодорхойлсон тодорхой байх, шударга байх зарчимд тус тус нийцэхгүй ба орон сууц өмчлөгчийн татвараас чөлөөлөгдөх эрхийг зөрчиж байна. Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газраас хариуг хүргүүлэхдээ Иргэний хуулийн 89.5, 101.5, 147.3, 148.2.2, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3.4, 3.6, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.5, 15.1.1-д заасан орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, нийтийн зориулалттай машины зогсоолтой холбоотой заалтуудыг дурдан үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчөөр бүртгэж албан татвар ногдуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй гэсэн чиглэлийг нийслэл, дүүргийн татварын байгууллагад хүргүүлжээ." гэсэн байдаг. Үүнээс үзвэл, татварын байгууллага Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш 2025 оныг хүртэл орон сууцны сууцны бус зориулалтай талбай буюу авто зогсоол улсын бүртгэлд бүртгэгдэж, тусдаа гэрчилгээ авсанд нь үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах нь захиргааны байгууллагын хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим зөрчигдөхийг мэдэж байсан гэж үзэхээр байна. Дээрх үндэслэлийг дүгнэвэл, Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 465 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.”

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М-ын давж заалдах гомдлын агуулга:

...Анхан шатны шүүх Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан зохицуулалтыг зөвхөн үг зүйн хувьд тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь сар бүр амьдарч буй орон сууцны хэмжээнээс шууд хамааралтайгаар авто зогсоолын м.кв-н хэмжээнд ногдох дангаар өмчлөх талбайн хэмжээнээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээ болон холбогдох бусад зайлшгүй зардлыг тогтоосон дүнгээр төлдөг. Иргэний дангаар өмчлөх авто зогсоол нь тухайн орон сууцны бус зориулалттай хэсэг байхад энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

Ашиг олох зорилгогүй орон сууцны авто зогсоолоос үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар авах нь эдийн засгийн зарчим, хуваарилах зарчим, тохируулах зарчимд тус тус нийцэхгүй. Тухайн орон сууцанд амьдардаг иргэн өөрийн тээврийн хэрэгслийг орон сууцны доорх авто зогсоолд байрлуулснаараа үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөх үүрэг хүлээх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд заасан шударга, эрх тэгш байх зарчимд нийцэхгүй. Орон сууцны доорх авто зогсоолыг орон сууцнаас тусдаа үл хөдлөх эд хөрөнгө хэмээн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар оногдуулж эхэлснээр авто зогсоол өмчлөх иргэдийн сонирхол буурах, орон сууцны орчны нийтийн авто зогсоолын хүрэлцээ муугаас нийтийн эзэмшлийн зам, гудамж талбайд тавих, замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэх эрсдэл нэмэгдэх сөрөг үр дагавартай байдаг. Тиймээс орон сууцны авто зогсоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т хамаарахгүй хэмээн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөс татгалзсан нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т тусгасанд нийцэхгүй. Ашиг олох зорилгогүй авто зогсоол нь амьдарч буй тухайн орон сууцны бүрдэл хэсэгт хамаарах тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй.

             Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэрийн хүлээн зөвшөөрөгдөхүйц /легитм/ байдлаа алдсан тухайд: …Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан баримтаас авч үзвэл, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө эсэхтэй хэргийн оролцогчид маргаагүй. Харин мөн хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх эсэх, орон сууцны бүрдэл хэсэгт авто зогсоол ордог ба 2000 онд В1 давхарт авто зогсоол төлөвлөгдөөгүй байсан нь нийтэд илэрхий үйл баримт учраас хууль тогтоогч ирээдүйд орон сууцны В1 давхарт авто зогсоол бий болно гэдгийг 26 жилийн өмнө урьдчилан таамаглах боломжтой байсан эсэх, мөн хуулийн 2021 оны нэмэлт, өөрчлөлтөд зөвхөн "сууцны" зориулалттай хэсгийг чөлөөлөхөөр хууль тогтоогч нэмэлт, өөрчлөлт оруулаагүй зэрэгт шүүх үндэслэл бүхий хариулт өгч чадаагүй… Анхан шатны шүүх маргаан бүхий В1 давхрын В5 тоот авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгэгдэж, тусдаа гэрчилгээтэй гэх үндэслэлээр орон сууцнаас тусдаа, бие даасан татвар ногдох объект гэж дүгнэсэн нь хууль зүйн дараах үндэслэлүүдээр үгүйсгэгдэж байна. 1.1.1. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д "Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно" хэмээн заасны дагуу устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох хэсэг нь тухайн барилгын үндсэн бүрдэл хэсэг болдог. Түүнчлэн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5-д "Эд хөрөнгө өмчлөх эрх тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэгт нэгэн адил хамаарна" гэж заасан. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д "дангаар өмчлөх сууцны сууцны бус зориулалттай хэсэг" гэж тухайн сууцны гал зуух, ариун цэврийн болон угаалгын өрөө, өрөө хоорондын хонгил, агуулахыг хэлэхээр заасан нь нийтийн зориулалттай орон сууцны барилга доторх авто зогсоол нь тухайн орон сууцны "сууцны бус зориулалттай хэсэг" буюу орон сууцны иж бүрдэлд хамаарах тул улсын бүртгэлд орон сууцны "сууцнаас" тусдаа бүртгэгдэж, дангаар өмчлөх "сууцны сууцны бус зориулалтай хэсэг"-т эрхийн гэрчилгээ гарсан нь түүнийг орон сууцанд хамааралгүй, бие даасан хөрөнгө болгохгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх учиртай.) (1.2/ Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн үзэл баримтлал болон УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны тэмдэглэлүүдээс үзэхэд хууль тогтоогч иргэдийг орон сууцжуулах, таатай амьдрах нөхцөлийг нь дэмжих зорилгоор "орон сууц"-ыг татвараас чөлөөлөх болсон байна.

           ХОЁР. Хариуцагчаас нэхэмжлэгчид татвар ногдуулж буй байдал нь татварын 2 хуваарилах, тохируулах болон хуульд үндэслэх зарчмуудад нийцэхгүй буюу тухайн татвараас чөлөөлөх үндэслэлтэй. Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар нь хөрөнгийн татвар болохын хувьд /тухайлбал, галт зэвсгийн татварын зорилготой адилтгах боломжтой/ татвар ногдох зүйлийн зориулалт, нийгэм-эдийн засгийн нөлөө, бодит нөхцөл байдал зэргийг судалсны үндсэн дээр татвар ногдуулах учиртай. 2.1/ Барилгын норм, дүрмийн дагуу газар доорх авто зогсоолыг тусдаа бокс болгон хаалтаар тусгаарлахыг хориглодог, бусад этгээд чөлөөтэй нэвтрэх боломжтой, дундын инженерийн шугам сүлжээ ил байрладаг зэрэг хүчин зүйлээс шалтгаалж өмчлөгч өөрийн эрхийг туйлын хүрээнд хэрэгжүүлэх боломжгүй, хуулиар хязгаарлагдмал байдаг. Хэрэгт авагдсан "MNS 5342:2025 Авто зогсоолын ерөнхий шаардлага" стандартын 3.2-т Авто зогсоол гэдэг нь "зөвхөн авто тээврийн хэрэгсэл байрлуулах (зогсоолын) зориулалттай барилга байгууламж (барилга, байгууламжийн хэсэг), түр буюу удаан хугацаагаар байрлуулах зориулалтын талбай", мөн стандартын 7.3.3-т "Орон сууцны барилгад шаардагдах авто тээврийн хэрэгслийн зогсоолын хамгийн бага тоог орон сууцны талбайгаас хамааруулан 3-р хүснэгт болон 4-р хүснэгтийн дагуу төлөвлөнө." 4 дүгээр хүснэгтийн 5 дугаарт Нийтийн болон хувийн орон сууц, нийтийн үйлчилгээний газруудын шаардлагатай дулаан зогсоолын эрэлтийг тооцоолж дотор зогсоолын тоог гаргана хэмээн заасан. Мөн UCS 09028:2022  "Тээврийн хэрэгслийн зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавих ерөнхий шаардлага хотын стандартын 4.2-т "Гарааш, ил зогсоолын хүчин чадлыг тухайн эдэлбэр газарт хамрагдах нийт суудлын автомашины 90%-ийг хамрахаар тооцно." Мөн 4.15-т "Орон сууцны хороололд зогсоол төлөвлөхдөө хамгийн багадаа 2 өрхөд 1 дулаан зогсоол, 4 өрхөд 1 ил зогсоол төлөвлөнө” гэснийг анхан шатны шүүх анхаараагүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Үүнээс орон сууцны доорх авто зогсоол нь бие даасан объект биш, орон сууцны барилга анх баригдахад л оршин суугчдын хүртээмж, ахуйн хэрэгцээг хангахаар заавал төлөвлөгддөг орон сууцны иж бүрдэл бүтэц болохыг харж болно. 2.2/ Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т "Доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй" гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т "Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална" гэж тус тус зохицуулжээ. Энэхүү зохицуулалтуудын мөн чанар нь аливаа татвар зайлшгүй байх, тодорхой байх, шударга байх, үр ашигтай байх гэсэн зарчмуудыг илэрхийлэх тул албан татвар ногдуулалт нь дээрх зарчмуудад нийцэх ёстой. Улмаар нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан "татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх" эрхтэй. Орон сууцны салшгүй хэсэг, стандарт нормын дагуу баригдсан авто зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхгүй хэмээн татгалзсан хариуцагчийн шийдвэрийг анхан шатны шүүх зөвтгөхдөө хууль тогтоомжийн системчлэл, уялдаа холбоог анхаараагүй, татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх буюу Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-т заасан "татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх" зарчмыг зөрчсөн, үндэслэлгүй дүгнэлт өгсөнд гомдолтой байна.

ГУРАВ. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суурийн давхарт байрлах авто зогсоол нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэл бий эсэхийг дараах аргуудаар тайлбарлаж, ойлгон хэрэглэх боломжтой байна. Авто зогсоол нь орон сууцны зориулалтыг алдагдуулахгүйгээр барилгаас салгаж болохгүй тул тухайн орон сууцны үндсэн бүрдэл хэсэгт хамаарч байна. Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т анхан шатны шүүх энэхүү гомдлын 2.1-т тайлбарласан стандартын хүрээнд дүгнэлт өгч чадаагүй байна. Энэхүү гомдлын 1 дэх хэсэгт дурдсан холбогдох хуулиудын нэгдсэн агуулгаас үзэхэд нийтийн зориулалттай орон сууцны барилгад төлөвлөсөн авто зогсоол нь сууцны бус зориулалттай хэсэг буюу талбай бөгөөд сууц өмчлөгч нь ашиглалтын төлбөр, засвар, үйлчилгээний зардлыг хариуцаж, хуульд заасан орон сууц өмчлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлж байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан чөлөөлөлтөд хамаарах үндэслэлтэй. Маргаан бүхий орон сууцны авто зогсоол нь амьдран суух зориулалтаар ашиглагдаж буй тохиолдолд татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна. Дээрх хоёр тайлбарыг түүхчилсэн тайлбарын хүрээнд авч үзвэл, хууль тогтоогч 2021 онд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зөвхөн нийслэлд хоёр орон сууцыг чөлөөлөх тооны хязгаарлалт оруулсан ба орон сууцыг тухайн татвараас чөлөөлөх хууль тогтоогчийн хүсэл зориг хэвээр хадгалагдсан байна. Хоёрдугаарт: Үндэсний татварын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар баталсан "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал"-ын 3.6, 6.1, 6.1.2, 6.1.3-т зааснаас үзэхэд анх орон сууцны доорх авто зогсоол нь түүхэн уламжлал талаасаа үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгддөг ба нэхэмжлэгч нь тухайн авто зогсоолд аргачлалд дурдсан үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олдоггүй байх тул хүний амьдран суух зорилгыг хангахад чиглэсэн орон сууцны бүрдэл хэсэг, нийтийн эзэмшил тогтоогдсон хязгаарлагдмал өмчлөх эрхтэй авто зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тодруулбал, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 11 дүгээр дүгээр сарын 01-ний өдрийн 001/XT2021/0136 дугаартай тогтоолын "хянавал" хэсгийн 29-32-т тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл хэсэгт юуг хамааруулж, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах талаар хууль хэрэглээний хаалтын зарчмыг баримтлан тайлбарлан хэрэглэсэн. Ингэхдээ "... Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан "барилга байгууламж", Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан "эрчим хүчний барилга байгууламж" гэх зохицуулалтын хүрээнд татвар ногдсон объектын талаар дүгнэсэн. Мөн "ОТ" ХХК-ийн гомдолтой дээрх захиргааны хэрэгт маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө нь өндөр хүчдэлийн шугам байдаг. Үүнийг гурван шатны шүүхээс эрчим хүчний байгууламжийн бүрдэл хэсэгт хамааруулан дүгнэхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлалыг хэрэглэсэн. Маргаан бүхий манай тохиолдолд авто зогсоол нь орон сууцны үндсэн бүрдэл хэсэгт хамаарах талаар дээрхтэй ижил боловч орон сууц нь өөрөө үндсэн бүрдэл хэсгийн хамт үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгддөгөөрөө ялгаатай болно. 3.5. Харьцуулан тайлбарлавал, Тайвань улс барилгын зоорины давхарт байрлах авто зогсоолыг өмчлөгч өөрийн тээврийн хэрэгслийг байрлуулах зорилгоор ашиглаж байгаа бол татвараас чөлөөлдөг  бол ашгийн зорилгоор ашиглаж байгаа тохиолдолд татвар ногдуулдаг ялгамжтай зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн хуулийн шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн SK 23/19 дугаартай 11 шийдвэрийн дагуу орон сууцны барилгад байрлах авто зогсоолыг өмчлөлийн бүртгэлийн хэлбэрээс үл хамааран орон сууцны нэг хэсэг гэж үзэж орон сууцны татварын хувь хэмжээгээр татварлах болсон нь татварын шударга ёс, тодорхой байдлын зарчмыг хангасан зохицуулалтын жишиг болж байна. Харин Канад улсын Татварын алба үндсэн оршин суугаа байртай холбоотой авто зогсоолыг орон сууцны нэг хэсэгт тооцож татварын хөнгөлөлт эдлүүлэх боломжтой болохыг албан ёсоор тайлбарласан байдаг. Үүнээс дүгнэхэд гадаад улсуудын шүүх эрх мэдлийн байгууллагаас амьдран суух зориулалтаар ашиглагдаж буй авто зогсоолыг орон сууцны татварын бодлого, зохицуулалтад хамруулдаг сайн туршлагатай байна. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, В5 тоот зогсоол нь үл хөдлөх эд хөрөнгийн хувьд амьдран суух зориулалтаар ашиглагдаж буй авто зогсоол учраас татвараас чөлөөлөх хөрөнгөд хамаарах үндэслэлтэй. Тодруулбал, Дээр дурдсан хууль хэрэглээний асуудал нь хууль зүйн шинжлэх ухааны онол, арга зүйн үүднээс академик болон эмпирик судалгааны хүрээнд эрх зүйг тайлбарлах аргуудын дагуу бүрэн тайлбарлах боломжтой байхад анхан шатны шүүх эдгээр үндэслэлийг няцаан үгүйсгээгүй атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

            ДӨРӨВ. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хууль зүйн агуулгыг бүртгэлээс ялгаагүй учраас маргаан бүхий авто зогсоолыг тухайн төрлийн татвараас чөлөөлөхгүй гэж буруу дүгнэсэн тухайд: Хотжилт эрчимжиж, хүний хэрэгцээ өөрчлөгдөхийн хэрээр иргэдийн хувьд хүний хэрэгцээг нэгдсэн байдлаар хангасан орон сууцны барилгад амьдрах хэв маяг түгээмэл болох нь нийтэд илэрхий үйл баримт юм. Манай улсын хувьд 2000 оны эхээр авто зогсоолыг тухайн орон сууцны гадаа орчиндоо төлөвлөсөн угсармал орон сууцуудтай байсан бол сүүлийн жилүүдэд доод давхартаа авто зогсоолын байгууламжтай орон сууцны барилгуудын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн. Тэгвэл орон сууцны барилгын доорх иргэний дангаар өмчлөх эрхээ бүртгүүлсэн автомашины зогсоол нь тус орон сууцнаас тусдаа үл хөдлөх эд хөрөнгө мөн эсэх, эсхүл тухайн орон сууцны барилгын дагалдах хэсэгт хамаарах эсэх, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах эсэх, татварын чөлөөлөлтөд хамаарах эсэхэд эрх зүйн зохицуулалтын хувьд асуудал үүсгэсэн нь хэргийн оролцогчдын маргааны зүйл юм. 4.1/ Тус харилцааг зохицуулж буй Орон сууц хувьчлах тухай хууль 1996 онд, Орон сууцны тухай хууль 1999 онд, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 онд, Иргэний хууль 2002 онд, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль 2003 онд тус тус батлагдсан бөгөөд тухайн үед доороо авто зогсоолтой нийтийн зориулалттай орон сууцны барилга өнөөгийн хэмжээнд түгээмэл болох тухай хууль тогтоогч урьдчилан тооцоолоогүй байсан нь хэрэгт авагдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл, Байнгын хорооны хэлэлцүүлгийн тэмдэглэлээс тодорхой харагддаг. Ийнхүү зохицуулалт тодорхойгүй байгааг 2021 онд Нийслэлийн аудитын газар болон Татварын ерөнхий газраас хүлээн зөвшөөрч хуульд тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэх санал дэвшүүлж байжээ. Гэвч нэмэлт, өөрчлөлтөөр тухайн асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй атлаа 2025 оны сүүл, 2026 оноос эхлэн мэдээлэл солилцооны дундын системийн тусламжтайгаар зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд суурилан татвар ногдуулж буй нь захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим, татварын эрх зүй дэх тохируулах болон тодорхой байх зарчимд нийцэхгүй байна. Тодруулбал, Татварын хууль тогтоомжуудыг харьцуулбал, татварын хөнгөлөлт, татварын чөлөөлөлт гэсэн 2 ялгаатай ойлголтууд хуульчлагдсан. Татварын хөнгөлөлт гэдэг нь ногдуулсан татварыг бүрэн буюу хэсэгчлэн бууруулахыг хэлдэг ба татварын чөлөөлөлт нь тухайн төрлийн татварын харилцаанаас бүр бүрмөсөн чөлөөлөхийг ойлгохоор хуульчилсан. Тухайлбал, Орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлдөг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлдөг агуулгатай дүйцдэг. Гэтэл анхан шатны шүүх орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хууль тогтоогчийн хүсэл зориг, татварын хууль тогтоомжуудыг материаллаг эрх зүйн бусад хууль тогтоомжуудтай уялдуулан хэрэглээгүй учраас нэхэмжлэгч У.Аын субьектив эрхийг сэргээж чадаагүйд гомдолтой байна. Хуулийн 15.1.1-т заасан "тэдгээртэй адилтгах байгууламж" гэдийг Улсын дээд шүүхээс 2008 оны 26 дугаар тогтоолоор албан ёсоор тайлбарлажээ. Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар тогтоолын  4.1-т "тэдгээртэй адилтгах байгууламж" гэдэгт Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан орон сууцны дэд бүтцэд хамаарах, энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан байгууламжийг хамааруулан ойлгоно" гэжээ. Шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр: Маргаан бүхий В5 тоот зогсоол дэд бүтцийн шугам сүлжээ ил байршдаг болох нь тогтоогдсон ба энэ нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан "орон сууцны дэд бүтэц" гэж орон сууцны дулаан, цахилгаан, холбоожуулалт, хий, ус хангамж, ариутгах татуургын инженерийн гадна шугам сүлжээнд хамаардаг. Мөн хуулийн 4.1.6-д заасан орчны газарт авто машины зогсоолыг хамааруулан хуульчилсан байдаг.  

ТАВ. Тухайн орон сууцны барилга нь анх гэр хорооллыг дахин төлөвлөх төлөвлөлтийн хүрээнд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан "гэр хороолол" гэж хот, суурин газрын эдэлбэр газар дахь инженерийн болон нийгмийн дэд бүтцээр бүрэн хангагдаагүй гэр, орон сууц бүхий суурьшилд хамаарч байсан. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т суурь шаардлагыг хангах учиртай. Үүнийг мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт баталгаажуулан хуульчилсан. Улмаар тухайн төлөвлөлтийн хүрээнд орон сууцны барилга баригдсан байх тул Барилгын тухай хууль хэрэглэгдэнэ. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т "барилга байгууламж" гэж орон сууц,... зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг ойлгохоор хуульчилсан бол, мөн зүйлийн 4.1.25-д "гадна тохижилтын ажил" гэж барилга байгууламжийн гаднах автозам, зогсоол, явган хүний зам, гарц..." гэж хуульчилсан тул орон сууцны барилгын доорх авто зогсоол нь тухайн орон сууцны барилгадаа бүрэн хамаарахаар байна. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т ... орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх нь тухайн орон сууцны барилгад заавал мөрдөх шаардлага тул орон сууцны барилгын үндсэн бүрдэл хэсэг байхаар хуульчлагджээ.  Түүнчлэн авто зогсоол нь орон сууц болон барилгад хамаарахаас гадна авто замын эрх зүйн зохицуулалтуудтай салшгүй холбоотой. Тодруулбал, Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т "замын байгууламж" гэж бүх төрлийн ... авто зогсоол болон бусад байгууламж" хамаарахаар хуульчилсан тул нэхэмжлэгч У.Аын өмчлөлийн маргаан бүхий авто зогсоол нь замын байгууламжид шууд хамааралтай байна. Улмаар нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл өмчлөгчийн хувьд Авто тээврийн тухай  хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.7-д зааснаар авто тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч нь авто тээврийн хэрэгслийг... иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангасан, зориулалтын, зөвшөөрөгдсөн байр, зогсоол, талбайд тавих үндсэн үүрэгтэй. Эдгээрээс нэхэмжлэгч У.А нь авто зам ашигласны хураамж болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн татварыг төлөхийн зэрэгцээ, түүнийг хуульд заасан журмын дагуу авто замын байгууламжид хамаарах, өөрийн өмчлөлийн орон сууцны барилгын авто зогсоолд байршуулдаг ба СӨХ-ийн төлбөр төлдөг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад хариуцагч үндэслэлгүйгээр авто зогсоолыг орон сууцанд хамаарахгүй гэж үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөс татгалзсан нь харьцангуй байх зарчимд буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг зөрчсөн гэж дүгнэхэд хүргэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т тус тус зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0465 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч У.Аын даалгах болон хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

             1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

             2. Нэхэмжлэгч У.А-аас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203053878 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203053878 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлүүлэхийг даалгах, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үүсгэсэн 1251200494472 дугаартай нэхэмжлэхийг хүчингүй болгуулах” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

           3. Хэргийн үйл баримтын тухайд,

           3.1. Нэхэмжлэгч У.А нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Алтайн гудамж, 263 дугаар байрны Г263/1 дугаартай грашийн В1 давхрын В5 тоот хаягт байршилтай 39 м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Y-220305878 дугаарт бүртгүүлж, эрх бүхий байгууллагаас 001261414 дугаартай гэрчилгээ авснаар уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон.

          3.2. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.У-аас Y-2203053878 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн  өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байгаа боловч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх тухай 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 25/12 мэдэгдлийг нэхэмжлэгч У.Ад хүргүүлсэн.

          3.3. Улмаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэгч У.А-ын нэр дээр 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвөр төлөх тухай 1251200494472 дугаартай нэхэмжлэх үүсгэжээ.

           4. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ”, 7.2-т “Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна”, 7.2.14-т “үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар”, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Татвар ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно” гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулахаар байх бөгөөд энэ төрлийн албан татварыг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг.

          5. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна”, 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна”, мөн зүйлийн 4.1.4-т “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн”, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй 001261414 дугаар гэрчилгээ бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулахаар байна.

          6. Нэхэмжлэгч талаас тухайн авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж тайлбарлан маргаж байгаа боловч Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Дараахь үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө:”, 7.1.2-д “иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, сум, нийслэлийн харьяа хотоос бусад улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот дахь орон сууц, нийслэл, нийслэлийн харьяа хот дахь хоёр орон сууц” гэж заасанд хамаарахааргүй байна.

          7. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно”, 8.3-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор нэг удаа төлнө”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана”, Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгуулийг татварын өрд тооцно”, 50.1.1-д “татвар төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын хууль, тогтоомжид зааснаар татвараа төлж, тайлагнасан байх ёстой өдөр”, 51 дүгээр зүйлийн 51.1-д “Татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэхийг татвар төлөгчид хүргүүлэх” гэж тус тус заасан.

         8. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь тухайн авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр авснаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч болж, дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор тайлангаа тушаагаагүй учир татварын өрд тооцогдсон тул Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үүсгэсэн 1251200494472 дугаартай нэхэмжлэхийг нэхэмжлэгчид хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0465 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

    ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

 

    ШҮҮГЧ                                                М.ЦЭЦЭГМАА

 

                          ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН