Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 118/ШШ2018/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын иргэн Э.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтансолонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 25 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар түр томилогдон ажиллаж байгаад тухайн ондоо тус орон тоон дээр зарлагдсан Төрийн албаны шалгалтанд орж тэнцэн, тус сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 93 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргаар жинхлэн томилогдсон. Гэтэл ******* сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар намайг эхний удаа халсан. Би энэхүү захирамжийг үндэслэлгүй гэж үзэж, аймгийн Төрийн албаны салбар зөвлөл болон Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхээс намайг үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ******* сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/79 дүгээр захирамжаар намайг ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон. Ийнхүү шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдоод ажиллаж байтал ******* сумын Засаг дарга С.******* нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 дугаар захирамжаар намайг дахин ажлаас халлаа. Уг захирамжийг огт үндэслэлгүй гэж үзээд Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гаргахад хариу ирүүлээгүй учраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Захирамж дээр заасан зүйлүүд огт үндэслэлгүй. Би тамгын газрын өдөр тутмын ажлаа байнга хийгээд явж байсан. Хөрөнгө орлогын мэдүүлэг өгөөгүй гэсэн. Үүнд тайлбар хийхэд ажилд шинээр томилогдсон албан тушаалтан буюу сонгогдсон албан тушаалтан 30 хоногийн дотор хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгдөг. Миний хувьд 2017 оны хөрөнгө оруулгын мэдүүлгээ өмнө нь гаргаад өгсөн байсан мөн шүүхийн шийдвэрээр буцаагаад ажилдаа томилогдож байгаа тул гаргаж өгөх ёсгүй гэж үзсэн. Ажиллаж байсан хугацаандаа жил бүрийн 02 сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ тогтмол гаргаж өгч байсан хоцорсон болон тасарсан зүйл байхгүй.

Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн зүйлийг ойлгохгүй байгаа. Ер нь намайг ажилдаа орсон цагаас хойш байнга ажлаа өгчих, хоёулаа тохиролцъё, гурван сарын тэтгэмжээ аваад гарчих гэсэн зүйлүүдийг байнга хэлдэг. Ийм дарамтад ажлыг явуулж ирсэн.

Үр дүнгийн гэрээний хувьд гэвэл би өөрийн удирдлага дор ажилладаг албан тушаалтнуудын үг дүнгийн гэрээг хагас жил болон бүтэн жилээр дүгнэдэг. Жилийн эхэнд тамгын газрын дарга удирдлага дороо байдаг хүн бүртэй үр дүнгийн гэрээгээ байгуулдаг. Тэгээд би өөрийнхөө үр дүнгийн гэрээг бэлдээд гэрээгээ байгуулъя гээд Засаг даргын өрөөнд орохоор чи ажлаа өгчих, чамайг удахгүй ажлаас халах гэж байгаа учраас хийхгүй гээд сүүлийн хоёр жил миний үр дүнгийн гэрээг байгуулж байгаагүй. Надтай үр дүнгийн гэрээ огт байгуулаагүй, миний ажлыг огт дүгнээгүй байж намайг ажлын хариуцлага алдсан, ажлаа хийхдээ муу гэж дүгнэсэн байгаа. Надад ажлын хариуцлага алдсан зүйл байхгүй. Тамгын газрын албан хаагчдад айл өрхүүдийг хуваарилж өгөх бүх ажлыг хийсэн. Сар бүрийн мэдээгээ гаргаж өгч байсан. Хувь хүний өргөдөл гээд байгаа зүйлийн талаар гэвэл 2018 оны 07 сард Авлигатай тэмцэх газраас надтай утсаар ярьсан бөгөөд н.******* гэж хувь хүн өргөдөл гаргасан байгаа. Энэ талаар хариу тайлбараа явуул гэсний дагуу миний бие хариу тайлбарыг явуулсан байгаа. Тэгээд би н.******* гуайтай уулзаад та одоо юу хийгээд юу бичээд өгөөд байгаа юм гэхэд тамгын газрын дарга ******* намайг халамцуу явж байхад таараад бичээд өгчих гээд гуйж байгаад бичүүлээд аваад явсан. Ах нь буцаагаад юм бичээд өгчихье гэсэн. Сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э:*******ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгчийн зүгээс ******* сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 тоот ажлаас халах тухай захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Ямар үндэслэлээр дэмжиж байна гэхээр хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажлаас халах захирамждаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 7.1.6, 7.1.7, 10 дугаар зүйлийн 10.3, 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтуудыг үндэслэн Э.******* нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээ томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаагүй, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 7.1.6, 7.1.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөн тул ажлаас халлаа гэсэн захирамж гаргасан байгаа.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг ямар үндэслэлээр барьсан нь ойлгомжгүй. Яагаад гэвэл тухайн захирамж дээр Э.******* нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж дурдаж өгсөн мөн ямар албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болон биелүүлээгүй талаар захирамждаа дурдаагүй. Сүүлд шүүхэд гаргаж өгсөн нэмэлт тайлбар дээрээ хэд хэдэн үүргийг биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн гэж гаргаж өгсөн байна. Үүнийг захирамжийн үндэслэлд дурдаж өгөөгүй байгаа тул энэ захирамжтай холбож үзэх боломжгүй гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа буюу 2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албан хаагчийг төрийн албанаас халах тухай зохицуулалт байгаа. Улсын дээд шүүхийн 2010 оны тайлбарт төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацааг хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг баталж өгөөгүй, үр дүнгийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй дээд шатны албан тушаалтан нэхэмжлэгчийг яг ямар ажлын байрны тодорхойлолтод заагдсан ямар ямар чиг үүргийг хэрэгжүүлээгүй, биелүүлээгүй, ямар ямар чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн, яаж дордуулсан, яаж зохих ёсоор биелүүлээгүй, яаж хугацаа хэтэрсэн гэдгийг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл үр дүнгийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт гаргаагүй атлаа дээрх нэмэлт тайлбарт гаргасан үүргийг биелүүлээгүй гэдгийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Улсын дээд шүүхийн тайлбараас харахад чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтэрсэн, тогтоосон журмыг зөрчсөн гэдгийг нотолсон, шалгаж тогтоосон байх шаардлагатай. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах бодит нөхцөл байдлыг заавал тогтоосон байх шаардлагатай байдаг. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтад хамаараад байгаа ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх байдлаар шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоолгүй шууд ажлаас халах шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн төвшинг үнэлж дүгнэх журам гэж байгаа. Энэ журмын 2 дугаар зүйлийн 2.3- дэх хэсэгт менежер нь гэрээнд заасан хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны үр дүнгийн гэрээг байгуулах үүрэгтэй гэж заасан байдаг. Сумын Засаг дарга бол менежер нь болж байгаа. Өөрөөр хэлбэл Засаг даргын тамгын газрын дарга доод албан тушаалтнуудтайгаа үр дүнгийн гэрээ байгуулах, Засаг даргын тамгын газрын дарга нь өөрийнхөө үр дүнгийн гэрээг сумын Засаг даргатай байгуулах үүрэгтэй. Энэ журмын дагуу сумын Засаг дарга Засаг даргын тамгын газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулах үүрэгтэй байна. Энэ чиг үүрэг нь Засаг даргад хадгалагдаж байдаг. 2016 онд Засаг даргаар сонгогдсоноосоо хойш үр дүнгийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй, гэрээг дүгнээгүй байгаа. Засаг дарга энэ үүргээ биелүүлээгүй нь яаж тогтоогдсон бэ гэвэл Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 48 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт ******* сумын Засаг дарга С.******* нь ажлаас халагдсан Засаг даргын тамгын газрын дарга Э.*******той 2016, 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй байна гэдгийг тусгасан байна. Мөн 2017 оны 11 сард ажилдаа томилогдсоноос хойш 2018 оны үр дүнгийн гэрээг биелүүлэхээс татгалзсан байна гэж би үзэж байгаа. Яагаад гэвэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр хэн нь үр дүнгийн гэрээ байгуулаагүй, хэн нь үр дүнгийн гэрээн дээр гарын үсэг зурсан, зураагүй, үнэхээр үр дүнгийн гэрээний төслөө барьж орсон юм уу үгүй юу гээд асуугаад байж байх биш ******* сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 тоот ажлаас халах тухай захирамжийн гарах бодит нөхцөл байдалд хэн нь буруутай, хэн нь үр дүнгийн гэрээ байгуулаагүй, эсвэл ажлаас халагдаж байгаа иргэн өөрөө үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан уу эсвэл Засаг дарга татгалзсан юм уу гэдэг дээр Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 тоот захирамж гарахаас өмнө нөхцөл байдлыг нь тогтоосон байх ёстой.

Тэгээд ч өнөөдөр энэ шүүх хурал дээр энэ хүн ийм ийм байдлаар үр дүнгийн гэрээ байгуулаагүй, ийм ийм албан үүргээ гүйцэтгээгүй нь ингэж нотлогдсон, ийм байдлаар хангалтгүй биелүүлсэн үнэлгээ нь энэ, тайлбар мэдүүлэг нь энэ байна гээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал гаргаж ирэх ёстой байсан. Яагаад хариуцагч тал гаргаж ирэх ёстой вэ гэхээр энэ хүн өнөөдөр ажлаасаа халагдсан, бүх төрийн албан хаагчдын хувийн хэрэг, албан хэрэг хөтлөлт тухайн байгууллагын нарийн бичгийн даргад болон байгууллагын архивт хадгалагдаж байгаа. Энэ оных нь баримтууд тухайн шинээр томилогдон ажиллаж байгаа Засаг даргын тамгын газрын даргад болон тухайн байгууллагын архив, бичиг хэргийн эрхлэгчид хадгалагдаж байх ёстой учраас хариуцагч эдгээр нотлох баримтуудыг гаргаж өгөх байсан. Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэгт бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байж төрийн албан хаагчийг буруутгаж ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Э.*******ийг шинээр томилогдсон болон сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргаж өгөөгүй гэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлүүдэд заасан томилогдсон болон сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргаж өгөх ёстой гэдэг нь шинээр томилогдсон албан тушаалтанд хамаарна. Шүүхийн шийдвэрээр өмнөх эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдож өмнөх хөдөлмөрийн харилцаагаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа ажилтанд энэ хуулийн зохицуулалт хамаарахгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон ажилтан 30 хоногийн дотор хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргаж өгөх үүрэггүй гэж шүүхийн практикт энэ зохицуулалтыг хэрэглэж байгаа. Өмнө нь ч гэсэн манай аймагт ийм хэрэг шийдвэрлэгдэж байсан. Иймд шүүхийн практикаас харах юм бол Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга Э.*******ийг шүүхийн шийдвэрээр албан тушаалд нь эгүүлэн тогтоосон, өмнө нь эрх ашиг нь хөндөгдөөд эрх ашгаа сэргээлгээд ажилдаа томилогдож байгаа тул өмнөх хөдөлмөрийн харилцаа нь үргэлжлээд явж байгаа гэж үзээд энэ 30 хоногийн дотор хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргаж өгөх үүргийг хүлээхгүй.

Авлигатай тэмцэх газарт ******* сумын Засаг даргаас гомдол гаргасан байна гэж явуулсан бичгээс ойлгож байгаа. Үүнд хүүхдээ цэргийн алба хааснаар тооцуулахын тулд иргэнээс үхэр авсан гэж байгаа. Авлигатай тэмцэх газраас ирсэн бичгээр бол энэ асуудал хэрэг бүртгэлтийн шатанд явагдаж байгаа шийдвэрлэгдэж дуусаагүй хэрэг байгаа. Өөрөөр хэлбэл Авлигатай тэмцэх газар энэ хүнийг гаргасан гомдлын дагуу гэм буруутайг нь тогтоогоогүй цаашлаад шүүхээр шийдвэрлэгдэж энэ хүний гэм буруутайг тогтоогоогүй байхад бичгээр гомдол ирэнгүүт өөрийнхөө Авлигатай тэмцэх газарт явуулсан гомдолтойгоо уралдаад энэ хүнийг гэм буруутайд тооцоод авлига авсан байна гээд ажлаас халсан байгаа нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаа нь бодит нөхцөл байдлыг тогтооно. Авлигатай тэмцэх газраас гомдлыг шалгаад эцэслэн шийдэгдэх хүртэл тухайн албан тушаалтанд ямар нэг хариуцлага тооцож болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Иймд Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 дугаар захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие Э.******* гэдэг хүний өмгөөлөгчөөр 2 хэрэгт нь орж байна. Нэмж хэлэхэд ******* сумын Засаг дарга С.******* гэдэг хүний тухайд улс төржөөд, улс төржсөний үндсэн дээр олон жил ажилласан, төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцээд ном журмаараа ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг ажлыг нь хийлгэхгүй хавчиж, боогдуулан хууль бус тушаал, захирамж гаргадаг. Эргээд шүүхээр явахаар шүүх хуралдаанд оролцохоос зугтдаг ийм асуудал ажиглагдаж байна.

Иймд би энэ хүний дээрх байдлын талаар Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлд зааснаар дээд шатны албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар гомдол гаргая, хэрэв дээд шатны албан тушаалтан нь арга хэмжээ авахгүй бол Захиргааны ерөнхий хуулийн 107 дугаар зүйлд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргая гэж бодож байна. Бид өмнө нь энэ талаар нэхэмжлэл гаргаагүй. Яагаад гэвэл бид цаашид хамтарч ажиллах болохоор ингэх шаардлагагүй гэж бодож өнөөдрийг хүрсэн. Энэ хүн өмнөх шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлээд өөрийнх нь гаргасан эрх зүйн актыг хүчин төгөлдөр бус, эрх зүйн зөрчилтэй гээд тогтоогоод шүүхээс хүчингүй болгоод байхад дахин ийм хууль бус захирамж гаргаад байгаа учраас дараагийн удаа энэ хүнийг дахин халах асуудал ярих юм бол Захиргааны ерөнхий хуулийн 105,107 дугаар зүйлүүдэд зааснаар нийтийн албанд 1-10 жил хүртэл хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халуулахаар нэхэмжлэл гаргана гэж бодож байна. Өөр хэлэх зүйлгүй гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Э.******* нь Монгол Улсын Засгийн газраас Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар, Завхан аймгийн Засаг даргатай сумын Засаг даргын хооронд байгуулсан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, хүлээх үүрэг, гэрээнд заагдсан ажил үйлчилгээний чиглэлээр иргэдэд төрийн үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгаж, тэдний санал хүсэлтийг хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ төрийн албан хаагчийн хүлээх хариуцлагыг тодорхой болгох, авилгаас ангид байх, иргэдэд хүнд суртал чирэгдэлгүй үйлчлэх ажлын чиглэлээр тодорхой төлөвлөгөө гаргаж ажиллаагүй, төрийн албан хаагчдад айл өрхийг хуваарилж өгөх үүрэг даалгавар биелүүлээгүй, Засаг даргатай үр дүнгийн гэрээ хийхээс татгалзаж үр дүнгийн гэрээний биелэлтийг гаргаж өгөхгүй хувийн хэрэг, ажлын байрны тодорхойлолт бусад бичиг баримтыг аваад өгөөгүй, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй төрийн албан хаагчид төрийн албаны тухай хуулийн дагуу сануулах, цалингийн арга хэмжээ авсан боловч ажил сайжрахгүй байгаа бөгөөд албан тушаалын чиг үүргийн дагуу эрхэлсэн ажилдаа хариуцлага санаачилгатай хандаж, төрийн албан хаагчийн ёс зүйг мөрдөж ажиллахгүй авилга авсан мэдээлэл, өргөдөл, гомдол ирсэн тул хамтарч ажиллах боломжгүй гэж үзэж ажлаас халсан болно гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* сумын Жавхлан багийн иргэн М.******* миний бие нь иргэн Э.*******ийн нэхэмжлэлтэй холбоотой захиргааны хэрэгт тайлбар гаргах, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ...

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч ******* сумын Засаг даргад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасны дагуу түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Э.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Маргаан бүхий Б/53 дугаар захирамжаар[1] Э.*******ийг хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаагүй, авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 7.1.6, 7.1.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас халсан байна.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй гэж хуульчилжээ. Энэ хуулийн зохицуулалтаас үзвэл мэдүүлэг гаргагч албан тушаалд шинээр томилогдсон эсвэл сонгогдсон өдрөөс хойш хөрөнгө, орлогын мэдүүлгээ 30 хоногийн дотор харьяалах захиргааны байгууллагад гаргахаар байх бөгөөд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн тогтоогдсоныг шинээр албан тушаалд томилогдсон гэж үзэхээргүй байна.

Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр[2] нэхэмжлэгч Э.*******ийг ажлаас чөлөөлсөн Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, энэхүү шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0709 дугаартай магадлал[3] гарснаар хуулийн хүчин төгөлдөр болж, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/79 дүгээр захирамжаар[4] нэхэмжлэгчийг ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон байна. Иймд нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд шинээр томилогдоогүй, харин өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийг Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Тэрээр 2016 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ 2017 оны 02 дугаар сарын 13-нд, 2017 оны мэдүүлгээ 2018 оны 02 дугаар сарын 09-нд тус тус мэдүүлсэн болох нь баталгааны маягтаар[5] тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах нөхцөл журмыг зааж зохицуулсны дотор 25.1.1 дэх хэсэгт ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй бол төрийн албанаас халахаар заасан байх бөгөөд нэхэмжлэгч Э.******* нь сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн байдал тогтоогдохгүй байна.

Хариуцагч маргаан бүхий Б/53 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэн Завхан аймгийн Засаг даргатай сумын Засаг даргын байгуулсан гэрээнд заагдсан ажил үйлчилгээний чиглэлээр тодорхой төлөвлөгөө гаргаж ажиллаагүй, төрийн албан хаагчдад айл өрхийг хуваарилж өгөх үүрэг даалгавар биелүүлээгүй, Засаг даргатай үр дүнгийн гэрээ хийхээс татгалзаж, үр дүнгийн гэрээний биелэлтийг гаргаж өгөөгүй, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй гэж буруутган нэхэмжлэгчийг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас халжээ.

Нэхэмжлэгч үр дүнгийн гэрээний төслөө хийгээд Засаг даргаар батлуулах гэхээр баталж өгөөгүй, чамтай хамтарч ажиллах боломжгүй тул гэрээ байгуулах шаардлагагүй гэсэн гэх тайлбарыг гаргаж маргаж байх бөгөөд хариуцагчаас тус тайлбарыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй байна. Түүнчлэн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр 2016, 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулагдаагүй үндэслэлийн талаар дүгнэж шийдвэрлэсэн байна.

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17 дахь хэсэг зааснаар сумын Засаг дарга нь тухайн орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч, 16 дугаар зүйлийн 16.4.15 дахь хэсэгт зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн шууд захирагч байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-д зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч төрийн жинхэнэ албан хаагч-төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэхээр байна. Тус журмын 8 дугаар зүйлийн 8.1-д төсвийн ерөнхийлөн захирагч гэрээ байгуулах болон дүгнэхээс татгалзсан, эсхүл төсвийн шууд захирагч нь хуульд заасан хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид гэрээний биелэлтээ тайлагнаагүй, гэрээний төслөө хүргүүлээгүй тохиолдолд холбогдох тал Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөлд харьяаллын дагуу гомдол гаргахаар байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзаж байгуулахгүй байгаа гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг үр дүнгийн гэрээгээ байгуулаагүй, гэрээний биелэлтээ тайлагнаагүй гэж маргаж байх боловч хэн аль нь дээрх журамд зааснаар холбогдох байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлээгүй байна.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар сумын Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байхаар, 33.1.2-т Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах чиг үүрэгтэй байна. Хариуцагчийн тайлбартаа дурьдсан төрийн албан хаагчдад айл өрхүүдийг хуваарилах нь ямар чиглэлээр гаргасан үүрэг даалгавар болох, энэ үүрэг даалгаварыг хэзээ өгөөд биелүүлээгүй болох, энэ үүргийг биелүүлээгүйгээс ямар үр дагавар учирсан талаарх тодорхой тайлбар, баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн тодорхой төлөвлөгөө гаргаж ажиллаагүй гэдэг нь бүрхэг, энэ нь Тамгын газрын даргын ямар чиг үүрэгт хамаарч байгаа болох, энэ талаар шалгаж тогтоосон баримтгүй, хариуцагчаас энэ талаар холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул Э.*******ийг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Иргэн Ш.*******ын гомдлын мөрөөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 06/8945 дугаар албан бичгийг[6] ирүүлсэн байх бөгөөд Э.*******ийг бусдаас авлига авсан эсэхийг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, Ш.*******ын гаргасан гомдол эргэлзээтэй байхад нэхэмжлэгчийг Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 7.1.7-г зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоохоор байна. Бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд мөн хуулийн 24.2, 25 дугаар зүйлд заасны дагуу ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаануудыг хийх. Үүнд: ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах, баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлан авах, шаардлагатай бол туршилт хийх, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах, үнэлэх ажиллагааг хийх үүрэгтэй байна. Гэтэл хариуцагчаас дээрх ажиллагааг хийгээгүй, Э.*******ийг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдгийг, бусдаас авлига авсан гэх үйлдлийг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй мөртлөө түүнийг ажлаас халсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байх тул ******* сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 дугаар захирамжийг хүчингүй болгож түүнийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Э.*******ийг төрийн албанаас үндэслэлгүйгээр халсан, түүнчлэн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-ыг дуусталх хугацаанд ажил, албан тушаал эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх ажлын 85 хоногоор тооцож олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан Э.*******ийн нийгмийн даатгалын дэвтэр[7] дэх бичилтийг үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2018 оны 4, 5, 6 дугаар саруудын дундаж цалин хөлс 888908 төгрөгнөөс нэг өдрийн ажлын хөлсийг 41153 төгрөгөөр тооцон, 85 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 3498019 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу Э.*******ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нөхөн төлөлт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 29 дүгээр зүйлийн 29.2.4, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 13 дугаар зүйлийн 13.8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 дугаар захирамжийг хүчингүй болгон, Э.*******ийг Завхан аймгийн ******* сумын засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Э.*******ийн ажилгүй байсан 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 85 хоногийн цалин, хөлс 3498019 төгрөгийг Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон нөхөн төлөлт хийж олгохыг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 

 

 


[1] Хавтаст хэргийн 6-р хуудас

[2] Хавтаст хэргийн 94-р хуудас

[3] Хавтаст хэргийн 107-р хуудас

[4] Хавтаст хэргийн 7-р хуудас

[5] Хавтаст хэргийн 8-9-р хуудас

[6] Хавтаст хэргийн 62-р хуудас

[7] Хавтаст хэргийн 10-13-р хуудас