| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/03170/и |
| Дугаар | 183/ШШ2020/02489 |
| Огноо | 2020-09-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2020/02489
2020 9 18 183/ШШ2020/02489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, хаягт оршин суух, М.ийн М /РД:../-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, хаягт оршин суух, Б.ын А /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 13 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.М нь Б.Атай 2017 оны 01 сарын 07-нд зээлийн гэрээ байгуулж 13 000 000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 01 сарын 10-ны өдөр 500 000 төгрөгийг дансаар шилжүүлж, тус тус зээлүүлсэн. Энэхүү зээлийн гэрээнд хүү, алданги авахаар тооцоогүй боловч 2017 оны 01 сарын 09-ны өдөр дээрх 13 000 000 төгрөгийг 5 хувийн хүү, 0.5 хувийн алданги тооцохоор тохирч, гэрээг шинэчлэн байгуулж, нотариатаар батлуулсан. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 сарын 09-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 13 000 000 төгрөгийн хүү алдангийн хамт бодож, 20 475 000 төгрөг, 2017 оны 01 сарын 10-ны өдөр шилжүүлсэн 500 000 төгрөгийг нэмж, 20 975 000 төгрөгийг хариуцагч Б.Ааас шаардсан нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2020 оны 06 сарын 29-ны өдрийн шийдвэрээр Б.Ааас 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүх 01 сарын 09-ний өдрийн бичгээр байгуулсан гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 01 сарын 07-ны өдөр бэлнээр өгсөн 13 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч, нэхэмжлэгч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Иргэний хуулийн 282.4-д зээлдэгч нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж байгаа. А нь 13 000 000 төгрөгийг аваагүй. 2020 оны 03 сарын 06-ны өдөр Хан-уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад энэ нь дээр зээлийн гэрээг нөхөж байгуулсан. Зээл 13 000 000 төгрөг, хүү алдангитай нийлээд 20 975 000 төгрөгийг нэхэмжилж байсан.Тухайн шүүхэд Б.А нь 500 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч, үүнийг хангаж шийдсэн. Үлдэгдэл нь тогтоогдохгүй байгаа тул хангахгүй орхиж шийдсэн. Зээлийн гэрээг бичгээр хийх ёстой, мөн 13 000 000 төгрөгийг өгсөн бол дансаар эсвэл ямар нэгэн баримттай өгөх ёстой байсан. 13 000 000 төгрөгийг аваагүй тул баримт байхгүй, нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээ мөн эсэх нь тодорхой бус байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, мөнгө хүлээн аваагүй гэж маргав.
Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Б.Ад 2017 оны 01 сарын 07-ны өдөр 13 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгөөд 01 сарын 09-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, хүү, алданги тооцох нөхцөлийг тохирсон. Бичгээр байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардаж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх 01 сарын 09-ний өдрийн бичгээр байгуулсан гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 01 сарын 07-ны өдөр бэлнээр өгсөн 13 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.” гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.А нь 2017 оны 01 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч М.Маас 13 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болох нь зээлийн гэрээ гэх баримтаар тогтоогдож байна. /хх-16/
Хариуцагч дээрх баримтыг няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба нэхэмжлэгчээс мөнгө хүлээн аваагүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэжээ.
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв. Нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
Дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч М.М нь 13 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь тогтоогдож байгаа тул гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Талууд зээлийн гэрээндээ зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх хугацааг тогтоогоогүй байх ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч нь шилжүүлэн авсан 13 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас улсын тэмдэгтийн хураамж 222 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Мд олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А /РД:/-аас зээлийн гэрээний үүрэг 13 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.М /РД:../-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас улсын тэмдэгтийн хураамж 222 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Мд олгосугай.
3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ