Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2020/03864

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн 0000регистрийн дугаартай, Сүхбаатар аймаг, Баруун-урт сум, 0-р баг00 айл 00 тоотод оршин суух Ө овогт Н Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн 000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, чулуут амины орон сууц 0 гудамж, 00 тоотод оршин суух, Б овогт Лн Бд холбогдох,

  Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.                

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б миний бие 2017 онд Л.Бтай танилцаж хамтын амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2018 оны 4 сарын 3-нд охин Б.Н төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2019 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үес хойш охин маань миний асрамжид амьдарч өсөж торнисон. Одоо  бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон  тул Л.Бгаас охинд тэтгэлэг гаргуулж өгнө үү  гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Б******* миний бие 2017 онд Н.Бтай танилцаж бид хамтран амьдрах болсон. 2018 оны 4 сарын 3-нд бидний дундаас охин болох Б.Н төрсөн. Бид зан харилцааны хувьд таарамжгүй болж, үл ойлголцол гарч, үзэл бодол нийлэхгүйн улмаас 2020 оны 5 дугаар сараас эхлэн салж тус тусдаа амьдрах болсон. Л.Б миний бие өөрийн охин болох Б.Нг ээж Бгийн асрамжид  үлдээж, сар бүр охин Б.Нд хүүхдийн тэтгэлэг өгөх болно  гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар хариуцагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Л.Бд холбогдуулан хүүхдийн асрамж,  тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

          Зохигчид 2017 онд танилцаж, гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч, тэдний дундаас 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр охин Б.Н төрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 4 дэх талд/

          Одоо охин 2 нас, 6 сартай эх Н.Бгийн асрамжид эрүүл өсөж бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан “Тэмүүлэн” өрхийн эмнэлгийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /х.х-ийн 5 дахь талд/

Зохигчид албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч охин Нд төрсний гэрчилгээг олгохдоо эцэг Л.Бгаар овоглож бүртгэсэн байх ба хариуцагч нь охин Нгийн эцэг мөн эсэх талаар маргаагүй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж тус тус зохицуулсан тул охин Нг эцэг, эхийн хэн аль аль нь тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр охин Б.Нд тэтгэлэг тогтоон эцэг Л.Бгаар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх,… эрхтэй” гэж зохицуулснаар хүүхдийн хувьд эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг дурдах нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан эх Н.Бгийн асрамжид байгаа 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Нг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Л.Бгаар тэжээн тэтгүүлсүгэй. 

2. Охин Б.Н эхийн асрамжид байгаа нь эцэг Л.Бгийн эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхэдтэйгээ уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Н.Б нь саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бгаас 107,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгосугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.ЭНХЖАРГАЛ