| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0963/З |
| Дугаар | 221/МА2026/0579 |
| Огноо | 2026-08-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2026/0579
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Х” ХХК
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд “И” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/**** дугаар захирамжийн “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0494 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч, өмгөөлөгч С.Я
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л
Гуравдагч этгээд “И” ХХК-ийн захирал П.Б
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х
Хэргийн индекс: 128/2025/0963/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/**** дугаар захирамжийн “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 494 дүгээр шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-д заасныг тус тус баримтлан “Х” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/**** дугаар захирамжийн “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/*** дүгээр захирамжаар “И” ХХК-ийн эзэмших эрхтэй газрын “И” ХХК болон “Т” ХХК-д хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Засаг Даргын А/**** дугаартай захирамжаар “Т” ХХК-ийн зүгээс өөрийн эзэмшлийг “И” ХХК руу шилжүүлж, улмаар 2023 оноос эхлэн тус компанийн зүгээс уг газрыг дангаараа эзэмших эрхтэй болсон байдаг. Гэтэл шүүхийн зүгээс юуг үндэслэж уг газар анхнаасаа зөвхөн “И” ХХК дангаараа эзэмших эрхтэй гэж үзэж, улмаар Нийслэлийн Засаг дарга өөрийн гаргасан алдааг зассан мэт эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэж байгааг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/*** дүгээр захирамж хүчин төгөлдөр байна. Үүнээс үзэхэд 2023 онд гаргасан А/**** дугаартай захирамж нь “Т” ХХК-ийн эзэмших эрхийг түүний гаргасан хүсэлт, гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу “И” ХХК-д шилжүүлж байгаа болохоос өмнөх эзэмших эрхийг сэргээсэн, буцаасан эрх зүйн акт биш юм. Уг асуудлаар хийсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн эрх зүйн дүгнэлт буруу байна.
3.2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу, уг хуулийн 13 дугаар зүйлд заасан маргааныг хянан шийдвэрлэх эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн хуульд заасан эрх, хэмжээний хүрээнд явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг хууль ёсны эсэх, хууль бус эсэх, хүчин төгөлдөр эсэх асуудлыг уг шүүх дүгнэх боломжгүй юм. Нөгөөтээгүүр хэрэгт авагдсан баримтаар “И” ХХК-ийн зүгээс уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгохоор Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа бөгөөд уг хэргийг шийдвэрлэх өдөр буюу 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дээр дурдсан иргэний хэрэг шийдэгдээгүй байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тухайн өдөр хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байсан гэсэн утгыг илэрхийлнэ. Гэтэл шүүгчийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагаанд эрх зүйн дүгнэлт өгч, түүнийг хууль бус байсан мэтээр дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй байна.
3.3 Хэрэгт авагдсан баримтуудаас харахад “Т” ХХК болон “И” ХХК аль аль нь хүсэлт гаргаж, улмаар “Т” ХХК нь өөрийн хамтран эзэмшлийг “И” ХХК-нд шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл гаргасан байхад өөр эрх зүйн үндэслэлээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн зорилгодоо хүрсэн, хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна. “Т” ХХК нь маргаан бүхий актад дурдсан газрын эзэмших эрх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулагдсан дуудлага худалдаанд орж, улмаар уг газрын эзэмших эрх нь нэхэмжлэгч “Х” ХХК-д шилжих эрх зүйн үндэслэл бүрдэж улмаар “Т” ХХК болон “Ш” ХХК аль аль нь уг ажиллагаатай холбоотой иргэний шүүхэд өгсөн нэхэмжлэл нь бүгд хэрэгсэхгүй болсон учир уг газрын өөрсдийн эзэмшлээс татгалзаж, улмаар газрын эзэмших эрхийг “И” ХХК-нд шилжүүлэх ажлыг санаатайгаар зохион байгуулсан гэж үзэх хардалт маш их байна.
3.4 “И” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан нотариатаар гэрчлүүлж, баталгаажуулсан гэрээ хэрэгт огт байхгүй. Өөрөөр хэлбэл дээр дурдсан хууль болон журамд заасан бүрдлийг хангаагүй байхад Нийслэлийн Засаг даргын зүгээс хамтран эзэмшигчийг хасах бүртгэлийг хэрэгжүүлж, улмаар захирамж гаргаж газрын эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль болон журмыг зөрчсөн байна. Мөн “Т” ХХК нь анхнаасаа өөрийн эзэмшлийг бусдад шилжүүлэх эрх байгаагүй бөгөөд үүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдсан. Тодруулбал, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17*******/** тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Д.М-ийн тогтоолоор Х дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж тапбарын 1780******* дугаартай, 1749 м.кв талбай бүхий газрын эрхийн битүүмжилсэн байдаг. Уг тогтоол нь “Ш” ХХК болон “Т” ХХК-д үүрэг болгож байгаа бөгөөд уг газрын эрхийг бусдад аливаа хэлбэрээр шилжүүлэхийг хуулиар хязгаарлаж байгаа шийдвэр байна. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс уг асуудалд эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр, талууд уг асуудлаар шүүх хуралд мэтгэлцэж байхад ямар ч дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.
3.5 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. Анх Нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах, эзэмших эрхийг шинэчлэн тогтоох тухай” А/*** дугаар захирамжийн Хавсралтын 192-д Х дүүргийн * дүгээр хороонд үйлдвэрлэл, худалдааны зориулалтаар “М” ББХК-д маргаан бүхий газрыг ашиглах эрх олгож, 1996 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших гэрээг байгуулж, уг гэрээнд 1496 м2 газрыг 4 жилийн хугацаатай ашиглуулахаар “М” ХХК-тай (одоогийн “И” ХХК) байгуулжээ.
4. “И” ХХК (одоогийн “И” ХХК) нь 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/** дугаар албан бичгээр “…оноосон нэр давхардсан тул 1997 онд компанийн нэрээ “И” ХХК болгон өөрчилж үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компанийн газар ашиглах гэрээний хугацаа дууссан тул гэрээг “И” ХХК-ийн нэр дээр болгон сунгаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” *** дугаар захирамжаар Х дүүргийн * дугаар хороонд худалдааны зориулалтаар 1496 м2 газрыг 4 жилийн хугацаатай ашиглуулахаар “И” ХХК-д нэр шилжүүлж, Аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрчилгээ олгосон.
5. Улмаар 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Т” ХХК нь 01/** дугаар, “И” ХХК нь ** дугаар албан бичгээр тус тус “...“Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Т нь “И” ХХК-ийн хувьцааг мөн эзэмшдэг тул Х дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин 1496 м2 газрыг хамтран эзэмшигчээр бүртгэн гэрчилгээ олгож өгнө үү” гэж Нийслэлийн Газрын албанд хүсэлт гаргажээ.
6. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/*** дүгээр захирамжийн Хавсралтын 15-д “И” ХХК болон “Т” ХХК-д Х дүүргийн * дүгээр хороонд Конторын зориулалтаар 1749 м2 газрыг 15 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэн, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээ”-г “И” ХХК, “Т” ХХК-тай байгуулж, “Т” ХХК-д 000****** дугаартай Газар ашиглах эрхийн гэрчилгээ олгожээ.
7. “И” ХХК-иас 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/** дугаар албан бичгээр “...газар ашиглах гэрээний хугацаа дуусаж байгаа тул гэрээг шинээр сунгуулахад “Т” ХХК-ийг хамтран эзэмшигчээс хасаж өгнө үү” гэх хүсэлтийг, “Т” ХХК-иас 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/** дугаар албан бичгээр “...хоёр компанийн хамтран ажиллах гэрээ 2020 онд дуусгавар болсон тул манай компанийг хамтран эзэмшигчээс хасаж 1749 м2 газрыг “И” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж өгнө үү” гэх, 01/** дүгээр албан бичгээр “...газар ашиглах эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн тул шинээр олгож өгнө үү” гэх хүсэлтийг тус тус Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан.
8. Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/**** дугаар захирамжийн Хавсралтын 12-т “И” ХХК-д Х дүүргийн, * дүгээр хороонд конторын зориулалтаар 1747 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.
9. Түүнээс гадна Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” *** дугаар захирамжаар “Л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 340,304,100 төгрөгийг “Ш” ХХК нь төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
10. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 11-222/**** дугаар “Мэдэгдэл”-ээр дээрх шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө төлөхийг “Ш” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Т” ХХК-д хүргүүлжээ.
11. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 17*******/** дүгээр тогтоолоор нэгж талбарын 18*************** дугаарт бүртгэлтэй Х дүүргийн * дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжинд байрлан 1749 м2 талбайтай “Т” ХХК-ийн эзэмшлийн газрыг битүүмжилсэн.
12. Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Б 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” 6/** дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг хоёр дахь албадан дуудлага худалдааны ялагчаар тодорсон “Х” ХХК-д шилжүүлжээ.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
13. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.4-д “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараах эрхтэй”, 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” гэж заасан.
14. Дээрх хуулиас үзэхэд, газар эзэмшигч нь хууль болон гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр хугацаа сунгуулах эрхтэй байна. Харин Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг холбогдох газар зохион байгуулалт, хот хөгжлийн төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн шийдвэрлэх бүрэн эрхтэй байна.
15. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4/**** дугаар албан бичгээр “Төлбөр төлөгч “Ш” ХХК болон ерөнхий захирал Л.Т-ын эзэмшлийн газрыг тус тус тодруулж, бүртгэлтэй тохиолдолд захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлнэ үү” хэмээн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлжээ.
16. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14/*** дугаар албан бичгээр “...“Ш” ХХК болон ерөнхий захирал Л.Т-ын нэр дээр өмчлөл, эзэмшил, ашиглалтын газрын мэдээлэл байхгүй” гэх хариуг өгсөн байдаг.
17. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4-221/2***** дүгээр “Мэдэгдэл”-ээр “Төлбөр төлөгч “Ш” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Т” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг гэх Х дүүргийн * дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Шинэ зууны байрны газрын эзэмшигчийн талаарх лавлагаа, гэрчилгээний хуулбарын хамт ирүүлнэ үү” хэмээн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд мэдэгддэг.
18. Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 03-06/**** дүгээр албан бичгээр “Төлбөр төлөгч “Ш” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Т” ХХК-ийн нэр дээр Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/*** дүгээр захирамжаар газар ашиглуулсан эрхийн бүртгэлийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сангийн “Ланд менежер” программын бүртгэлээс гарган” Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.
19. Дээрх үйл баримтаас үзэхэд, Шийдвэр гүйцэтгэгч Д.М нь иргэний шүүхийн шийдвэрийг биелүүлэх, “Ш” ХХК-ийн бусдад төлөх 340,304,100 төгрөгийг өр төлбөрийг барагдуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа “Ш” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Т” ХХК (“И” ХХК-ийн эзэмших эрх бүхий газар) нь хамтран эзэмшигчээр бүртгэлтэй Х дүүргийн * дүгээр хороонд байрлах 1749 м2 газрыг битүүмжилж, дуудлага худалдаанд оруулж, улмаар “Х” ХХК дуудлага худалдааны ялагчаар тодорч, 1,463,500,000 төгрөгийг бүрэн төлснөөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 6/** дугар “”Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол” гарсан байна.
20. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно”, 44 дүгээр зүйлийн 44.2-т “Энэ хуулийн 44.1-д заасан арга хэмжээнд дараах үйл ажиллагаа хамаарна”, 44.2.2-т “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдээс гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт гаргуулан авах” гэж тус тус заажээ.
21. Шийдвэр гүйцэтгэгч Д.М нь Х дүүргийн * дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжинд байрлах 1749 м2 газрыг битүүмжлэн, дуудлага худалдаанд оруулахаас өмнө тухайн 1749 м2 газар болон уг газар дээрх 972 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч этгээд нь хэн болох, “Т” ХХК дангаар 100% өмчлөх эрхтэй этгээд мөн эсэх, өр төлбөр барагдуулахаар дуудлага худалдаанд оруулах эрх зүйн үндэслэлтэй эсэх зэрэг холбогдох нөхцөл байдлыг бүрэн тодруулж, хянан үзээгүй ажээ.
22. Тухайлбал, дуудлага худалдаанд оруулах гэж буй газартай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/*** дугаар, 2002 оны *** дугаар, 2018 оны А/*** дүгээр захирамжууд болон тухайн газрын хууль ёсны эзэмшигчийн талаарх, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, холбогдох бусад баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулж, нягтлан шалгаагүй байна.
23. Өөрөөр хэлбэл, уг газар нь анхнаасаа хэний өмчлөл, эзэмшилд байсан, ямар эрхийн үндсэн дээр “Т” ХХК хамтран эзэмшиж байгаа, мөн төлбөр төлөгчийн эд хөрөнгө мөн эсэх зэргийг судалж, тодруулаагүй зэрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.2-т заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
24. Ийнхүү тухайн газрын өмчлөх, эзэмших эрхийн үндэслэл, эрх бүхий этгээд болон төлбөр төлөгчид хамаарах эсэх зэрэг зайлшгүй тогтоох нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй атлаа уг газрыг битүүмжилж, дуудлага худалдаанд оруулж худалдсаны улмаас гуравдагч этгээд “И” ХХК-ийн газар болон үл хөдлөх хөрөнгө эзэмших, өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
25. Анхнаасаа 1996 оноос улбаатай уг газрын хууль ёсны эзэмшигч нь “И” ХХК (“М” ББХК) байсан бөгөөд “Т” ХХК нь “И” ХХК-д хөрөнгө оруулалт оруулж, хамтран ажиллахаар тохиролцож, улмаар “Т” ХХК-ийг маргаан бүхий газрын хамтран эзэмшигчээр нэмж бүртгүүлсэн байх ба хөрөнгө оруулалт шийдэгдээгүйн учраас “Т” ХХК-иас газрын хамтран эзэмших эрхээс татгалзаж, гуравдагч этгээд “И” ХХК-д буцааж шилжүүлэх хүсэл зоригийг хэн аль нь илэрхийлсэн байдаг.
26. Гуравдагч этгээд “И” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт болон “Т” ХХК-ийн хамтран газар эзэмших эрхээ буцаан шилжүүлэх хүсэлтийг тус тус үндэслэж Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд 2023 оны А/**** дугаар захирамжаар “И” ХХК-д газар эзэмших эрхийг баталгаажуулсан нь хууль зөрчөөгүй тул уг захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
27. Харин нэхэмжлэгч “Х” ХХК нь бусдын буруутай үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо зохих этгээдээс нэхэмжлэх эрхийг энэхүү шүүхийн шийдвэрээр хязгаарлаагүй болохыг дурдав.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 494 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА