Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Х.Гүнжидмаа,

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч И овогт Д-ийн Д-д холбогдох 2316000000180 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д**** регистрийн дугаартай, И овогт Д-ийн Д,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Д- 2023 оны 9 дүгээр сарын 23-25-ны өдрийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвөөс 50 км зайд байх *** сумын нутаг *** гэх газарт 3х4,5 метр хэмжээтэй мэдээллийн самбарыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 450,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Д.Д- 2023 оны 09 дүгээр сарын 23-25-ны өдрийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвөөс 50 км зайд байх **** сумын нутаг ***** гэх газарт 3х4,5 метр хэмжээтэй мэдээллийн самбарыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 450,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

1.Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

 

2.Хохирогч П.Б-Ө-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед манай аав П Говь-Алтай аймгийн төвөөс Хово маркийн тээврийн хэрэгслээр мэдээлэл байршуулах самбарын рамыг *** сумын *** гэх аймгийн төвөөс 50 километр газарт засмал замын хойд талд буулгасан. 2023 оны 09 сарын 30-ны өдөр буулгасан самбар алга болсон байсан. Тухайн самбар нь байгаль орчны эсрэг мэдээлэл байршуулах зорилготой самбар байсан юм. Тухайн самбарыг манай аав 2 хүнтэй цуг аваачиж буулгасан. Самбарын рамын хоёр хөл 4,5 метр, өргөн нь 3 метр, мэдээлэл байршуулах хэсэг нь 6 метр 2 хэмжээтэй байсан. Самбарыг 1,000,000 төгрөгөөр хийлгэсэн байсан. 200 килограмм жинтэй том самбар байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17-р хуудас/,

 

          3.Гэрч З.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Шарга сумын **** гэх газарт өөрийнхөө Хово маркийн тээврийн хэрэгслээр мэдээлэл байршуулах самбар буулгасан. Тус самбар нь нэг талдаа байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл байршуулах, нөгөө талдаа цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл байршуулах зорилготой том хэмжээний самбар байсан. 2023 оны 09 сарын 23-ны өдөр байсан. 09 сарын 30-ны өдөр алга болсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21-р хуудас/,

          4.2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 921/4690 дугаартай Ашид билгүүн ХХК-ны дүгнэлтэд “...мэдээллийн самбарын рам нь 3х4,5 м 450,00 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/ зэрэг улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Иймд шүүгдэгч Д.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

 

          2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

          Шүүгдэгч Д.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/ нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Д-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 (Таван зуу тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 (Таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ид оногдуулсан 550 (Таван зуу тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 (Таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Д-ид мэдэгдлээ.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Б-Ө-д шинжээчийн дүгнэлтээр 450,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь эд зүйлийг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Д.Д-ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

         

          4.Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч И овогт Д-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ид 550 (Таван зуу тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 (Таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ид оногдуулсан 550 (Таван зуу тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 (Таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Д-ид мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ЭНХБААТАР