| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 163/2023/0227/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/04 |
| Огноо | 2023-12-25 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/04
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.Гантулга,
иргэний нэхэмжлэгч С.*******,
шүүгдэгч Д.*******, Г.*******,
шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******, Г.******* нарт холбогдох эрүүгийн 2315000000248 дугаартай, индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Булган аймгийн Сайхан суманд 1972 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 51 настай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Булган аймгийн Сайхан сумын Хульж 3 дугаар баг Урд цохио гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, Сайхан сумын Хульж 3 дугаар багийн Засаг дарга ажилтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар:*******.
Монгол Улсын иргэн,******* адуучин овогт *******ийн *******, Булган аймгийн Сайхан суманд 1971 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 52 настай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар баг, Саадагтын өвөр гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, боловсролгүй, мэргэжилгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ГЗ 71073016.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Д.*******, Г.******* нар нь бүлэглэн Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн нутаг “Нандын ам” гэх газрын ойгоос 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 44 ширхэг буюу нийт 3.79 м3 нойтон шинэс төрлийн модыг тайрч бэлтгэн Г.*******ы эзэмшлийн цэнхэр өнгийн 08-13 ОРБ улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслээр хууль бусаар бэлтгэсэн модыг зөөвөрлөсний улмаас байгаль экологид 1,826,294 төгрөгийн шууд хохирол/Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 5,478,882 төгрөг/ хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.*******, Г.******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн нутаг “Нандын ам” гэх газар ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 44 ширхэг буюу 3.79 м3 нойтон шинэс төрлийн модыг тайрч бэлтгэн Г.*******ы эзэмшлийн 08-13 ОРБ улсын дугаартай “портер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологид 1,826,294 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу ойн санд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлэн тооцсоноор 5.478.882 төгрөгийн хохирол учруулсан, Д.******* нь төрийн хаагч буюу Булган аймгийн Сайхан сумын Хульж 3 дугаар багийн засаг даргаар ажиллаж байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Иргэний нэхэмжлэгч С.*******ын: “....Байгаль экологид учирсан хохирлыг дээрх 2 буруутай этгээдээс нэхэмжилж байна. Манай сумын 6 дугаар багийн иргэн Г.*******ы хууль бусаар бэлтгэн тээвэрлэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,011,931 төгрөг, харин Д.*******гийн экологи эдийн засгийн үнэлгээ нь 814,363 төгрөг гарсан байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
-Гэрч Л.*******ын “...2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 6 дугаар багийн “Нандын ам” гэх газарт хууль бусаар мод бэлтгэсэн байна гэж мэдээлэл ирээд иргэдийн хурлын төлөөлөгч Олзбаяр, орлогч дарга Батжаргал, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Ичинхоролоо, иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга ******* нарын хамтаар бид нар явсан. Тухайн газарт очиход иргэд хууль бусаар босоо мод бэлтгэсэн байсан... Дээрх иргэд надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
-Гэрч С.гийн “...2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Мягмардаваагийн хамт Сайхан сумын төвд ирчихсэн байх үед Мягмардаваагийн эхнэр Ариунсайхан нөхөр рүүгээ залгаад ойн цэвэрлэгээ гараад эхэлчхэж байгаа юм биш үү хүмүүс модонд гараад байна чи тэнгэр гайгүй дээр модтой болж авахгүй юм уу гэж хэлэхээр нь идэвхтэн байгаль хамгаалагч Батням руу залгаад наагуур чинь хүмүүс модонд яваад байна гээд хүмүүс утасдаад байна чамд мэдсэн зүйл байна уу гэхэд харин би бас “Нандын ам” руу очиж явна очоод тань руу ярих уу гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/,
-Гэрч Ө. “...Манай нөхөр Буянхишигийн найз Улаанбаатар хотоос ирчихсэн байсан. Тэгээд бид нар 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 19 цагийн үед мод орж зургаа даруулах гээд “Нандын ам” руу явсан. Тэгсэн “Нандын ам” гэх газарт 2 хүн мод бэлтгэж байсан. Тэгээд бид нар дээшээ өгсөөд зургаа даруулчхаад буцсан юм... ******* нэг танихгүй хүний хамт байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-13 дахь тал/,
-Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-23 дахь тал/,
-Шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №3484 дугаартай “...Булган аймгийн Сайхан сумын Сайхан овоо 6 дугаар багийн “Нандын ам” гэх газраас бэлтгэсэн моднууд Ойн мужлалын үзүүлэлтээрээ гуравдугаар мужид хамаарч байна. Моднууд нь Нарсны овгийн Сибирь шинэс болох нь тогтоогдов. Шинжлэгдэж буй моднууд 25.3 хувийн чийгтэй байх тул нойтон мод байна. Мод тайрагдах үеийн чийгшлийг тодорхойлох боломжгүй. 17 модыг 1 метр 90 см-ээс 1 метр 20 см урттайгаар тайрч бэлтгэсэн байгаа нь хэрэглээний бөөрөнхий мод байна. Хожуулын чийгшлийг тодорхойлох боломжгүй байна. Мөрдөгчийн илгээсэн гэрэл зургийн үзүүлэлтийг харахад үхжилд орсон байдал ажиглагдаагүй, тайрч бэлтгээгүй тохиолдолд цаашид амьдрах боломжтой байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу экологи‘эдийн засгийн үнэлгээг тооцоход 1.011.931 төгрөг байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 76-80 дахь тал/ ,
-Шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №3485 дугаартай “...Булган аймгийн Сайхан сумын Сайхан овоо 6 дугаар багийн “Нандын ам” гэх газраас бэлтгэсэн моднууд Ойн мужлалын үзүүлэлтээрээ гуравдугаар мужид хамаарч байна. Моднууд нь Нарсны овгийн Сибирь шинэс болох нь тогтоогдов. Шинжлэгдэж буй моднууд 25.3 хувийн чийгтэй байх тул нойтон мод байна. Мод тайрагдах үеийн чийгшлийг тодорхойлох боломжгүй. 27 модыг 1 метр 75 см-ээс 1 метр 50 см урттайгаар тайрч бэлтгэсэн байгаа нь хэрэглээний бөөрөнхий мод байна. Хожуулын чийгшлийг тодорхойлох боломжгүй байна. Мөрдөгчийн илгээсэн гэрэл зургийн үзүүлэлтийг харахад үхжилд орсон байдал ажиглагдаагүй, тайрч бэлтгээгүй тохиолдолд цаашид амьдрах боломжтой байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу экологи‘эдийн засгийн үнэлгээг тооцоход 814.363 төгрөг байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 84-88 дахь тал/ ,
-Шүүгдэгч Д.*******гийн :
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэртэй байж байсан чинь манай 6 дугаар багийн засаг дарга нь өөрийн фэйсбүүк дээр 2023 оны 09 дүгээр сарын 20-23-ны хооронд “Нандын ам” гэх газарт мод олгож модны гоожинг нь газар дээр нь бичиж өгнө гээд зар тавьсан байхаар нь мод өгөх газар дээр нь найз Г.******* хамт яваад очтол хүн байхгүй байсан. Тухайн модны гоожин өгөх хугацаа нь хойшлогдсон байсныг бид 2 мэдээгүй ээ. Тэгээд мод бэлтгэх газраа нэгэнт ирсэн юм чинь найз Г.*******ы хамт модоо бэлдчихээд дараа нь гоожингоо авчихъя гэж бодоод найз бид хоёр унасан унанги мод бэлтгэх явцдаа би нэг босоо мод манай найз Г.******* 2 босоо мод унагаагаад машинд ачихаар тааруулж хөрөөдөөд Г.*******ы 08-13 ОРБ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад Сайхан сумын Хульж 3 дугаар баг “Урд цохио” гэх газар байх өөрийн өвөлжөөндөө аваачиж буулгасан. Дараа нь бас Сайхан сумын 6 дугаар багийн нутагт байх “Саадагтын өвөр” гэх газарт найз Г.*******ы өвөлжөөнд мөн адил ачиж аваачиж буулгасан. Тэгээд нутгийн хүмүүс бид хоёрыг зөвшөөрөлгүй мод бэлтгээд байна гэж сумын ойн байцаагчид мэдэгдсэн юм шиг байна лээ. Тэгээд манай сумын ойн байцаагч мэргэжлийн хүмүүст мэдэгдэж бид хоёрын ачиж аваачсан мод болон тээврийн хэрэгслийг маань битүүмжилсэн...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 135 дахь тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн тул өөр нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.*******ы:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр найз Д.*******гийн хамт “Нандын ам” гэх газраас өөрийн гэртэй 2 ширхэг босоо мод, найз Д.******* гэртэй 1 ширхэг босоо болон унанги моднууд хөрөөдөж бэлдээд миний 08-13 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад бид 2 өөрсдийн өвөлжөөндөө аваачиж буулгасан. Тэгсэн чинь 7 хоногийн дараа санагдаж байна манайд цагдаа болон манай сумын тамгын газрын хүмүүс ирээд бид хоёрыг зөвшөөрөлгүй босоо мод унагаасан байна гээд моднуудыг болон тээврийн хэрэгслийг маань битүүмжилсэн...” гэх мэдүүлэг
-Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн тул өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг
зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.*******, Г.******* нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн байх тул шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн...” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн түүнчлэн төрийн албан хаагч үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Д.*******, Г.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “бүлэглэж” үйлдсэн, Д.******* нь Булган аймгийн Сайхан сумын Хульж 3 дугаар багийн засаг даргаар буюу Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.9 дэх заалтад зааснаар төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн тээвэрлэсэн” гэмт хэргийг бүлэглэж , төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
1.5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Шүүгдэгч Д.*******, Г.******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1.826.294 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3484, 3485 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу ойн санд учирсан экологи- эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлэн тооцсоноор 5.478.882 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч нар нь байгаль экологид учруулсан хохирол болох 5.478.882 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн байх тул Д.*******, Г.******* нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдлаа.
Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Талуудын санал:
-Улсын яллагч: “...шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж, мөн төрийн албан хаагчаар ажиллах байхдаа үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч Г.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 08-13 ОРБ улсын дугаартай Портер загварын шүүгдэгч Г.*******ы эзэмшлийн тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 44 ширхэг мод зэргийг улсын төсөвт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөг устгах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нар хохирол төлбөрийг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна. Энэ хэрэг шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурдуулах саналтай байна...” гэв.
-Шүүгдэгч нарын өмгөөлөгч: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр оролцож байна.Гэм буруу дээр маргаагүй. Тодорхой нөхцөл байдлыг ярьсан тул прокурорын ялын саналыг дэмжиж байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Булган аймгийн Сайхан сумын Засаг даргын тодорхойлолт /хавтас хэргийн 149 тал/, иргэний үнэмлэхийн мэдээлэл /хавтас хэргийн 150 дахь тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтас хэргийн .151 дэх тал/, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хавтас хэргийн 152-153 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 155 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтас хэргийн 156 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 157 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.*******гийн хувийн байдлыг тодорхойлов.
Булган аймгийн Сайхан сумын Сайхан-Овоо багийн Засаг даргын тодорхойлолт /хавтас хэргийн 159 дэх тал/, иргэний үнэмлэхийн мэдээлэл /хавтас хэргийн 160 дахь тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтас хэргийн 161 дэх тал/, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хавтас хэргийн 162-164 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 166 дахь тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтас хэргийн 158 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтас хэргийн 167 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 168 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.*******ы хувийн байдлыг тодорхойллоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.*******, Г.******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.*******, Г.******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.*******ыг 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, шүүгдэгч Д.*******г хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дэх зааснаар “оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.
Хэрэв шүүгдэгч Д.*******, Г.******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах хууль зүйн үр дагавартайг тогтоох нь хэсэгт тусгайлан сануулав.
2.3. Бусад асуудал
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 48 ширхэг буюу 2.97 метр куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.*******ы өмчлөлийн 08-13 ОРБ улсын дугаартай Пронтер загварын 2.236.177.07 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөг устгаж, энэ хэрэгт шүүгдэгч Д.*******, Г.******* нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.4, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан адуучин овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэргийг бүлэглэж, төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.*******ыг 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.*******г 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.*******, Д.******* нарт “оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Д.*******, Г.******* нарт сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох олсон 44 ширхэг буюу 3.79 метр куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.*******ы өмчлөлийн 08-13 ОРБ улсын дугаартай “Портер” загварын 2.236.177.07 /хоёр сая хоёр зуун гучин зургаан мянга нэг зуун далан долоо/ төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хасваргахыг шүүгчийн туслах Ж.Ариунжаргалд тус тус даалгасугай.
6. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу 17 ширхэг, 27 ширхэг шинэс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугааргүй тогтоол, Г.*******ы өмчлөлийн 08-13 ОРБ улсын дугаартай “Пронтер” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугааргүй тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7.Шүүгдэгч Д.*******, Г.******* нар нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.*******, Г.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ