Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/232

 

 

 

 

 

 

2023           12           19                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

өсвөр насны шүүгдэгч Б.Болор-Эрдэнэ,

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний хариуцагч А.Пүрэвсүрэн нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны холбогдогч Б.Болор-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2315003800272 дугаартай, 163/2023/0225/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Батлайн Болор-Эрдэнэ, Булган аймгийн Гурванбулаг суманд 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, Булган аймаг, Гурванбулаг сумын 3 дугаар багийн нутагт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Гурванбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12А ангийн сурагч, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, эрэгтэй, 17 настай, регистрийн дугаар: ГГ06311415.

Холбогдсон хэргийн талаар  яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Болор-Эрдэнэ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 01 цагийн орчим Булган аймгийн Гурванбулаг сумын Хулст баг, сумын төвийн баруун урд талд улсын дугааргүй “Хаожуе” загварын мотоцикл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в, 3.7.а, 12.2, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж “Зараагийн шуудуу” гэх нэршилтэй нарийн голын эрэг мөргөж унан зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчигч Ш.Энхтулгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд өсвөр насны шүүгдэгч Б.Болор-Эрдэнэ нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Булган аймгийн Гурванбулаг сумын Хулст баг, сумын төвийн баруун урд талд “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хаожуе” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “жолооч дараах үүргийг хүлээнэ.” в/ мотоцикл, ...жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно:а/... согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2 “  Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчиж “Зараагийн шуудуу” гэх нэршилтэй голын эрэг мөргөж, жолоочийн арын суудалд зорчиж явсан зорчигч Ш.Энхтулгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

       1.2.Нотлох баримтын үнэлгээ:

       Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

       -Насанд хүрээгүй хохирогч Ш.Энхтулгын: 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Булган аймгийн Гурванбулаг сумын төвд хороолол дунд найз Болор-Эрдэнэ, Тэмүүлэн нартай уулзсан. Тухайн үед Болор-Эрдэнэ нь мотоциклтойгоо явсан бөгөөд уулзаж ярилцаж гар утсаараа нийлж тоглож байгаад тухайн газраас харьцгаахаар болж Болор-Эрдэнийн мотоциклыг Болор-Эрдэнэ жолоодож Тэмүүлэн бид хоёр ард нь сууж явсан. Тэр үед араас нэг машин дагаад гэрлээ тусгаад байхаар нь айсандаа зугтаасан бөгөөд улмаар зугтааж яваад “Зараагийн горхи” гэх газар луу мотоциклтойгоо харайж улмаар онхолдсон. Улмаар эмнэлэгт хүргэгдэн очсон. ... Тухайн үед бид нар хамгаалах малгай өмсөөгүй байсан. Миний баруун мөрний эгэм хугарсан. Миний хувьд гомдол, санал болон нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17, 45-47 дахь тал/,

      -Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нарангэрэлийн: “...Тухайн шөнө Булган аймгийн Гурванбулаг сумын төвд байх гэртээ байхад сумын эмнэлгээс намайг дуудсаны дагуу очиход манай хүү Энхтулга нь биедээ гэмтэл авсан байдалтай байсан. Тэгээд би Энхтулгаас юу болсон талаар асуухад Болор-Эрдэнийн  мотоциклтой Тэмүүлэн бид гурав суугаад явж байгаад онхолдсон. Тухайн үед хэн жолоо барьж байсан бэ гэж асуухад Болор-Эрдэнэ гэж хэлсэн. Харанхуй шөнө харих гээд явж байхад нь машинтай хүмүүс дагаад байхаар нь зугтааж байгаад улмаар горхийг харалгүй харайлгасан байсан. Миний хувьд нэг нутгийн хүмүүс учир гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дахь тал/,

       -Насанд хүрээгүй гэрч Э.Тэмүүлэнгийн: “...шөнийн 01 цагийн үед манайд хүрээд ир гэртээ ганцаараа байна гэхээр нь Болор-Эрдэнийн мотоциклтой гурвуулаа нийлээд цуг тоглохоор гудамжнаас гараад явж байсан чинь гэнэт нэг танихгүй машин нөгөө гудамжнаас гарч ирээд хөөгөөд байсан, бид гурав цэргээс ирсэн ах нар зодох гэж байна гэж ойлгоод зугтааж яваад Зараагийн шуудуу руу ороод онхолдсон юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

      -Гэрч Н.Саранцэцэгийн : “Би 2023 он 10 дугаар сарын 17-ны өдөр хуваарийн дагуу ээлжийн сувилагчийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 01 цаг 30 минутын үед баруун гараа бүсээр уячихсан 17 настай Энхтулга гэх хүүхэд ганцаараа ороод ирсэн. Би юу болсон талаар асуухад мотоциклтой явж байгаад уначихлаа гэсэн. Тэгээд би ар гэрээсээ хүн дууд гэж хэлсэн ба удаагүй ээж гэх Нарангэрэл орж ирээд би дээл бүсийг нь тайлаад хартал баруун гарын эгэм хугарсан байдалтай байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

            -Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13887 дугаартай шинжээчийн:

      1.Ш.Энхтулгын биед баруун эгэм ясны зөрөөтэй хугарал /2023 оны 10 дугаар сарын 20-нд баруун эгэм хугарал ил аргаар эвлүүлж ясны дээр бэхэлгээ тавих мэс засал/ гэмтлүүд тогтоогдлоо.

      2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.

      3.Дээрх гэмтлүүд нь хэрэг гарах үед үүссэн байх боломжтой.

      4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.

      5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоолоо гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

     -Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дугаартай магадалгаанд “Жолооч Б.Болор-Эрдэнэ нь цагдаагийн хайлт мэдээллийн санд жолоодох эрхгүй байна. Жолооч Б.Болор-Эрдэнэ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн.

            Уг дүрмийн 12.2  “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна,” гэх заалтыг зөрчсөн. 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно” а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн  хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох; 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.4. Жолоочид дараах зүйлсийг хориглоно: -в/мотоцикл, мопид жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;

        Уг зам тээврийн осол болон үндсэн шалтгаан нь Батлайн Болор-Эрдэнэ үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжгүй хурдыг сонгож яваагүйн улмаас болж осол гарсан байна” гэх /хавтаст хэргийн 64 дэх тал/,

        -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-13 дахь тал/,

        -Өсвөр насны шүүгдэгч Б.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: ... “2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шөнө Гурванбулаг сумын төвд найз Энхтулга, Тэмүүлэн нартай уулзаж гар утсаараа тоглоом тоглосон. Улмаар тухайн гудамжнаас гэр лүүгээ харих гээд би мотоцикл унаж, миний ард Энхтулга, Тэмүүлэн нар суусан. Улмаар хөдлөөд явж байх үед өөдөөс нэг машин гэрлээ асаахаар нь цагдаа байна эсвэл цэргээс халагдсан ах нар байна гээд зугтаасан. Тэгээд сумын төвийн баруун талд байх Зараагийн шуудуу гэх газар луу явж байсан бөгөөд тухайн үед шуудуу харахгүй явж байгаад тулж ирээд харсан боловч мотоцикл маань зогсож амжилгүй тухайн шуудуу руу орж онхолдсон. Энхтулга нь хохирол нэхээгүй бөгөөд манай гэрээс сэтгэлээрээ 1 сая төгрөг өгсөн. Би мотоцикл жолоодох эрхийн үнэмлэхгүй учир цагдаад баригдахаас айж зугтаасан. Мөн цэргээс халагдсан ах нар байвал зодох байх гэж бодоод тухайн үед зугтааж байгаад осол гаргасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

         -Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Болор-Эрдэнэ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлгээ өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

         -Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нарангэрэл: Тайлбаргүй гэв.

                                                                                           зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн эцэслэн шийдвэрлэх хангалттай байна.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт:

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Эрх зүйн дүгнэлт:

Өсвөр насны шүүгдэгч Б.Болор-Эрдэнийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох нь замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч өсвөр насны хохирогч Ш.Энхтулгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13887 дугаартай дүгнэлтээр Ш.Энхтулгын эрүүл  мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад  заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Болор-Эрдэнийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Болор-Эрдэнийн зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Энхтулгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирчээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Болор-Эрдэнийн зүгээс эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг сайн дураараа төлсөн, хохирогч Ш.Энхтулга, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Болор-Эрдэнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал, дүгнэлт

-Улсын яллагч: ...өсвөр насны шүүгдэгч Б.Болор-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлд зорчигч Ш.Энхтулгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас оролцож, санал дүгнэлт гаргасан.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч: Зүйлчлэл, гэмт буруу дээр маргадаггүй. Мөрдөн шалгах ажиллагаанаас оролцож байгаа тул хавтаст хэрэгтэй бүрэн танилцсан. Аав, ээжийн хариуцлагагүй үйлдэл байна. Хөдөөгийн хүмүүсийн хэнэггүй байдал гэм буруугийн байдалд нөлөөлөөд байдаг. Ямар нэгэн байдлаар хүний эрх зөрчигдөөгүй гэдгийг өмгөөлөгчөөр орж байгаагийн хувьд хэлж байна. Прокурорын хэлсэн ялын саналыг хувьд шүүх хурлын өмнө тодорхой тайлбарлаж хэлсэн. Өсвөр насны шүүгдэгч тул түүнийг ялаас чөлөөлж өгнө үү гэх хууль зүйн дүгнэлт тус тус гаргасан болно.

 2.2.Эрүүгийн хариуцлага:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 88 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 85 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 86 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 87 дахь тал/, Б.Болор-Эрдэнийн иргэний мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 89 дэх тал/, сурагчийн хувийн хэрэг /хавтаст хэргийн 92-101 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн өсвөр насны шүүгдэгч Б.Болор-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлов.

Өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэх нь зүйтэй.

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай арга хэмжээг хэрэглэн,  “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх  нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Болор-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

2.3.Бусад асуудал:

Өсвөр насны шүүгдэгч Б.Болор-Эрдэнэ нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусад төлөх төлбөргүй,  түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол уншиж танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Болор-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 зүйлийн 1, хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Батлайн Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Болор-Эрдэнэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай арга хэмжээ хэрэглэж, тус албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Булган аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2,  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Болор-Эрдэнэд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Болор-Эрдэнэд сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болор-Эрдэнэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Болор-Эрдэнэ нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Болор-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ