| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 163/2024/0004/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/02 |
| Огноо | 2023-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/02
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.*******д холбогдох эрүүгийн 2315000000274 дугаартай, 163/2024/0004/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ын *******, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1993 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, *******,*******од оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *******.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.******* нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *******, Сансар хорооллын 3-319 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн дагавар хүү *******ыг гадуур тэнэсэн гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүгдэгч Д С.******* нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *******, “Сансар” хорооллын 3-319 тоотод байрлах гэртээ өөрийн дагавар хүү болох 5 настай *******ыг “гадуур тэнээд байна” гэх зүйлээр шалтаглан түүний хацар, хүзүүг тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Дээрх хэргийн нөхцөл байдал нь яллагдагч С.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч *******ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дахь тал/, гэрч *******гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-29 дэх тал/, гэрч Б.Оюунцэцэгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 584 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-38 дахь тал зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.2.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд бөгөөд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцсон болохыг дурдах нь зүйтэй.
1.3.Эрх зүйн дүгнэлт
С.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бага насны хүүхэд болох *******ын биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 584 дугаартай шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч С.*******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.4. Хохирол, хор уршиг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Энхбаяр нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч С.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгосон бөгөөд яллагдагч С.*******ын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэн, тус ялыг 4 сарын хугацаанд биелүүлэхээр тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Хэрэв шүүгдэгч С.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт тусгайлан сануулав.
2.2.Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч С.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан дөрвөн зуун тавин мянга төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******д сануулсугай.
5.Шүүгдэгч С.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ