Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2020/03659

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 1,611,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, хариуцагчийн төлөөлөгч А.Баярсайхан, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Х Х”  ХХК  нь “Т”  ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 08-ний өдөр 16-100 тоот Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн холбогдох заалтыг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан.

“Т”  ХХК нь барилгын туслах материал түрээслэх гэрээгээр труба, залгаа, хомуд гэх нийт 716 ширхэг туслах материалыг түрээслэн нийт 2,610,980 төгрөгийг төлөхөөс 1,605,000 төгрөгийг төлсөн. Хүлээн авсан 716 ширхэг материалыг гэрээ дуусахад буцаан төлөх ёстой байтал материалаас 1 ширхэг 4 метрийн цагаан труба, 14 ширхэг турбаны залгаа  төмөр нийт 15 ширхэг материалыг алга болгож,  түрээсийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар 68,200 төгрөгийн хохирол учруулсан. Алга болгосон  мөтериалуудын үнэ болох 68,200 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

  Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт /түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө/ гэж заасан. Алдангийг 2016 оны 07 сарын 08-ний өдрөөс 2020 оны 08 сарын 04-ний өдрийг хүртэл тооцоход Иргэний хуулийн 232 зүйлийн 232.4 дахь хэсэгт заасанд нийцэхгүй нэхэмжилж буй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул үнийн дүнгийн 50 хувиар буюу 537,090.00 /таван зуун гучин долоон мянга ерэн/ төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж өгнө үү  гэв.

Хариуцагч “Т”  ХХК-ийн захирал А.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Х Х”  ХХК-иас барилгын туслах материал түрээслэн авсан. Түрээсийн төлбөрөөс нэг сая гаран төгрөг төлөөгүй үлдэгдэлтэй байсан.Барилгын талбай дээр барилгын жижиг материал алга болдог тохиолдол зөндөө гардаг тул 15 ширхэг материалыг алга болгосныг хүлээн зөвшөөрч байна.  Цар тахалтай холбоотой компанийн үйл ажиллагаа доголдож ажил эрхлээгүй. Нэхэмжлэлд байгаа мөнгийг 3 хувааж төлөхөд бэлэн, алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х Х”  ХХК нь хариуцагч “Т”  ХХК-д холбогдуулан  түрээсийн гэрээний үүрэгт 1,611,270 төгрөгийг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч “Т”  ХХК-ийн захирал үндсэн төлбөр 1,047,180 төгрөгийг 3 хувааж төлнө, алданги 537,090 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын  шүүхэд гаргасан тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Зохигчдын хооронд 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр  Барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулж 716 нэр төрлийн туслах материалыг 30 хоногийн хугацаатай 2,610,980 төгрөгт тооцон түрээслэх, түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан “Түрээсийн гэрээ”-ний харилцаа үүсэж, тус гэрээний харилцаа дуусгавар болсон болох нь тогтоогдож, гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар маргаагүй.

Улмаар зохигчид түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д  “энэхүү гэрээгээр тохирсон хугацаанд тохиролцсон нөхцөл журмын дагуу түрээсийн төлбөрийг төлөх”, 7 дугаар зүйлийн 7.2-т “түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоногийн 0.5 %-ийн алданги төлнө”, 8 дугаар зүйлийн 8.2-т “түрээсийн гэрээний нийт төлбөрийг Хавсралт 2-т заасан авах бөгөөд уг төлбөрийг гэрээнд талууд гарын үсэг зурсан өдөр түрээслэгч тал нь түрээслүүлэгч талд дансаар, бэлнээр шилжүүлэх ба үүнд НӨАТ–ийн үнэ ороогүй болно”,  гэж тохиролцжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу түрээслүүлэгч “Х Х”  ХХК нь түрээсийн төлбөрийн үлдэгдлийг  түрээслэгч “Т”  ХХК-иас  шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д заасны дагуу түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, 289 дүгээр зүйлийн   289.1.2-т “Эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх” гэж заасан.

Хариуцагч “Т”  ХХК нь түрээсийн гэрээний хугацаа дуусахад хүлээн авсан 716 нэр төрлийн материалаас 701 төрлийн эд материалыг хүлээлгэн өгч, түрээсийн төлбөрт 1,605,000 төгрөгийг төлж, 1,005,980 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, 15 нэр төрлийн эд материалыг устгаж алга болгосон нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д  гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.

Хэрэгт Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2018/10079 “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Хан–Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01496  дугаар шийдвэрээр  хариуцагч “Т”  ХХК-ийг  эрэн сурвалжилсан байна./хх-ийн 12-15 дугаар тал/

Хуулийн дээрх зохицуулалт, талуудын гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу нэхэмжлэлд дурдсан хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагч төлөхөөс татгалзах үндэслэлгүй.

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т “түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоногийн 0.5 %-ийн алданги төлнө” гэж хариуцагчаас алданги 537,090 төгрөгийг нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т “... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй“, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж тус тус хуульчилсан.

Хариуцагч гэрээний үүргийг хугацаанд биелүүлээгүй тул хуульд заасан алдангиас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Иймд хариуцагч түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үлдэгдэл төлбөр 1,005,980 төгрөг, алданги 502,990 төгрөг, нийт 1,508,970 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Талууд түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-д “Түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойших эвдрэлийг гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд хэрвээ эд зүйлийг бүрэн устгасан эсхүл ашиглагдахааргүйгээр эвдэж, гэмтээсэн бол тухайн түрээсийн зүйлийн зах зээлийн үнээр бодож нөхөн 100 хувиар тооцон бодож төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлсийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө” гэж  тохирсон байна.

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д “Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй” гэж, 326.2-д “Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно” гэж тус тус зохицуулсан

Нэхэмжлэгч түрээсийн гэрээгээр хүлээн авсан 15 нэр төрлийн туслах материал болох эд хөрөнгийг хариуцагч дутааж 68,000 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжилснийг хариуцагч  зөвшөөрч, энэ талаар талууд маргаагүй.

Харин нэхэмжлэгч дээрх 15 нэр төрлийн хохирлыг 68,000 төгрөгөөр үнэлж, тухайн төлбөрийг түрээсийн гэрээнд тооцон,  түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар алданги  нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул тухайн төлбөрөөс алданги нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд хариуцагч “Т”  ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 1,005,980 төгрөг, алданги 502,990 төгрөг, хохирол 68,000 төгрөг нийт 1,576,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,310 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Т”  ХХК/рд: /-иас 1,576,960 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х Х”  ХХК/рд: /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,310 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,730.32 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 40,181.36 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ГАНЧИМЭГ