Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | С.Ёндонсамбуу |
Хэргийн индекс | 163/2023/0220/Э |
Дугаар | 2023/ШЦТ/223 |
Огноо | 2023-12-11 |
Зүйл хэсэг | 20.17.1., |
Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/223
2023 12 11 2023/ШЦТ/223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч M.Пүрэвбаяр, Д.Мижиддорж
нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн M.Пүрэвбаяр, Д.Мижиддорж нарт холбогдох эрүүгийн 2315000000252 дугаартай, 163/2023/0220/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Анжиг овогт Даваагийн Мижиддорж, Булган аймгийн Булган суманд 2000 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, ам бүл 6, аав, ээж, 3 дүү нарын хамт, Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар баг, Хулст бүрд гудамжны 506 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, регистрийн дугаар ГГ00271118,
Монгол Улсын иргэн, Гал овогт Мандахын Пүрэвбаяр, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1999 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 24 настай, ам бүл 3, аав, ээжийн хамт, Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр баг, Дундатын голд оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФБ99050111.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч М.Пүрэвбаяр, Д.Мижиддорж нар нь Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт байхдаа 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн “Pokerrrr 2” нэртэй онлайн покер сайтад омогшил, чандмань, хатан, пүүл гэх нэртэй клуб байгуулж мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор гар утсаараа хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Пүрэвбаяр, Д.Мижиддорж нар нь Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт байхдаа 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн “Pokerrrr 2” нэртэй онлайн покер сайтад “омогшил, чандмань, хатан, пүүл” гэх нэртэй клуб байгуулж мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор гар утсан дахь цахим хөзөр ашиглан тоглогчдыг төвлөрүүлэн зохион байгуулалтад оруулж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглуулан өөрийн болон бусдын дансаар мөнгө шилжүүлэн авч ашиг олсон гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-Мөрдөн шалгах ажиллагаанд: Яллагдагч М.Пүрэвбаяр, Д.Мижиддорж нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 54-55, 60 дахь тал/, гэрч Т.Ганхуягийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-43 дахь тал/, Н.Дэлгэрмөрөнгийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал/, Т.Ганхуягийн эзэмшлийн 245614354 дугаарын дансны хуулга, Н.Дэлгэрмөрөнгийн 3405131142 дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 191-195, 197-201/, Хаан банкны 5275271674, 5168377527 дугаарын данс эзэмшигчийн талаарх лавлагаа /1 дүгээр хавтас хэргийн 241 дэх тал/, Хаан банк дахь Д.Мижиддоржийн эзэмшлийн 5275271674, М.Пүрэвбаярын эзэмшлийн 5168377527 дугаарын дансны 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 15-21, 143-160 дахь тал/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 15-21, 143-160 дахь тал/, “Pokerrrr-2” гэх нэртэй онлайн покер хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 12-14, 136-137/, шүүгдэгч нарын иргэний бичиг баримтын лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 64-66, 185-187/, Цагдаагийн Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 8а/9860 дугаартай албан бичиг, хавсралтууд /хавтаст хэргийн 2-4, 129-131/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ТХҮ-ОРХ/8406 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 205-210 дахь тал/, Дансны хуулгад үзлэг хийж гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон ашиг орлогыг тодорхойлж тооцсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 213-235 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон байна.
зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Мижиддорж, М.Пүрэвбаяр нар нь бүрэн дунд боловсролтой байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрсдийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт:
Мөрийтэй тоглоом гэж хоёр буюу түүнээс дээш тооны этгээдийн хооронд буюу эсхүл тоглоомын газрын зохион байгуулагчаас тогтоосон журмын дагуу түүнтэй байгуулсан бөгөөд эрсдэлд үндэслэсэн хонжворын тухай хэлэлцээр ба мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэж интернэт, веб хуудас, фейсбүүк, пейж аккаунт, аппликейшн зэрэг сүлжээний технологи болон компьютер, гар утас, бусад хэрэгсэл ашиглан мөрийтэй тоглоом тоглуулах үйлчилгээг ашиг олох зорилгоор зохион байгуулсан идэвхтэй санаатай үйлдлийг ойлгоно.
Д.Мижиддорж, М.Пүрэвбаяр нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэдгээр нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олсон байх тул шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.Мижиддорж, М.Пүрэвбаяр нарыг “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор гар утсан дахь цахим хөзөр ашиглан үр дүнг нь төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Д.Мижиддорж, М.Пүрэвбаяр нар нь гэмт хэрэг үйлдэж 694.276 төгрөгийн ашиг олсон байгааг гэмт хэргийн үйлдэж учруулсан хор уршигт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 694,276 төгрөгийг хувь тэнцүүлэх зарчмаар буюу шүүгдэгч Д.Мижиддоржоос 347,138 төгрөг, шүүгдэгч М.Пүрэвбаяраас 347,138 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Д.Мижиддорж, М.Пүрэвбаяр нар нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгосон бөгөөд яллагдагч Д.Мижиддорж, М.Пүрэвбаяр нарын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Мижиддорж, М.Пүрэвбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэн, тус ялыг 4 сарын хугацаанд биелүүлэхээр тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Хэрэв шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох нь хэсэгт тусгайлан сануулав.
2.2. Бусад асуудал
Шүүгдэгч М.Пүрэвбаяр, Д.Мижиддорж нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Айфоне-6” маркийн гар утас 1 ширхэг, “Саммунг Галакси Эс-9” маркийн гар утас 1 ширхгийг тус тус улсын орлого болгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Мижиддорж, М.Пүрэвбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Анжиг овогт Даваагийн Мижиддорж, Гал овогт Мандахын Пүрэвбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор гар утсан дахь цахим хөзөр ашиглан үр дүнг нь төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мижиддорж, М.Пүрэвбаяр нарыг тус бүр 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мижиддорж, М.Пүрэвбаяр нарт оногдуулсан 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Мижиддорж, М.Пүрэвбаяр нарт сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 694,276 төгрөгийг хувь тэнцүүлэх зарчмаар буюу шүүгдэгч Д.Мижиддоржоос 347,138 төгрөг, шүүгдэгч М.Пүрэвбаяраас 347,138 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Мижиддоржийн өмчлөлийн “Айфоне-6” маркийн гар утас 1 ширхэг, М.Пүрэвбаярын өмчлөлийн “Самсунг Галакси Эс-9” маркийн гар утас 1 ширхгийг тус тус улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Д.Мижиддоржийн эзэмшдэг ХААН банкин дахь 5275271674 дугаарын данс /үлдэгдэл 551.352.32 төгрөг/, М.Пүрэвбаярын эзэмшдэг ХААН банкин дахь 5168377527 дугаарын данс /үлдэгдэл 99.277.27 төгрөг/, Т.Ганхуягийн эзэмшдэг Голомт банкин дахь 245614354 дугаарын данс /үлдэгдэл 21.381.,90 төгрөг/ -ны гарах гүйлгээг хязгаарласан шийдвэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7.Шүүгдэгч Д.Мижиддорж, М.Пүрэвбаяр нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мижиддорж, М.Пүрэвбаяр нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ