Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2020/02586/И |
Дугаар | 102/ШШ2020/03156 |
Огноо | 2020-10-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2020/03156
2020 10 21 | 102/ШШ2020/03156 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Б-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ү-д холбогдох,
33 485 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гэрч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2015 оны 7 дугаар сард А.Батманлайгаас 20 000 000 төгрөг, дараа нь 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг зээлсэн ба бидний хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй. 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А.Батманлай нь өмнөх 30 000 000 төгрөг дээр хүү, алданги хэмээн 6 000 000 төгрөг нэмж тооцох байдлаар 36 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлж буйгаар бид зээлийн гэрээг бичгээр хийж, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 1 сараар сунгасан ба миний бие А.Батманлай нь “...зээлсэн мөнгийг буцаан төлөхдөө эхнэр Б.Ү-гийнданс руу шилжүүлээрэй” гэж надад хэлсний дагуу би Б.Ү-гийнХААН банкны 5063221012 дугаар дансанд мөнгө шилжүүлж ирсэн.
Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд А.Батманлай нь надаас 36 000 000 төгрөгийн зээл, түүний хүү, алданги, нийт 94 640 000 төгрөгийг гаргуулахаар өргөдөл гаргасан ба тэрээр 50 000 000 төгрөгөөс татгалзаж, шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулж, гүйцэтгэх хуудас бичигдсэн боловч миний бие зээлийн төлбөрийг түүний эхнэр Б.Ү-гийнданс руу үргэлжлүүлэн хийж байсан. Өөрөөр хэлбэл, миний бие А.Батманлайтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд нийт 54 950 000 төгрөгийг түүний эхнэр Б.Ү-гийнХаан банкны 5063221012 дугаар данс шилжүүлсэн. Үүнээс үзвэл, хариуцагч Б.Ү болон нэхэмжлэгч нарын хооронд үүрэг үүсээгүй байхад нэхэмжлэгч нь түүнд 54 950 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Иймд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.
Төлбөр авагч А.Батманлай нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад намайг “...21 465 000 төгрөгийг төлсөн” гэж тайлбарласан тул уг 21 465 000 төгрөгийг болон миний тэтгэврийн данснаас суутгасан 2 000 000 төгрөгийг шүүхийн шийдвэрт заасан төлөх төлбөр 50 125 000 төгрөгөөс хасаж, үлдэх 33 485 000 төгрөгийн хэмжээнд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үзэх тул хариуцагчаас 33 485 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ү шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Бнь А.Батманлайгаас 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөнгө зээлсэн бөгөөд тухайн зээлээ төлж барагдуулалгүй удсан, хүү, алданги нь нийлээд 94 640 000 төгрөг болсон. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал дээр хүү, алдангийг нь хасаад Ж.Бнь үлдэх 50 000 00 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн. Албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарснаас хойш нэхэмжлэгч нь 21 465 000 төгрөг төлсөн байгаа. Нэхэмжлэгч нь шүүхээр шийдүүлсэн асуудлаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийг хариуцагчийн дансаар А.Батманлай нь авч байсан тэрээр үүнийг зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн төлж байсан мөнгө нь зээлийн гэрээний үүрэг бөгөөд үлдэх төлбөр дээр нь эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхээр баталгаажсан тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Иймд нэгэнт шүүхээр шийдэгдсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Бнь хариуцагч Б.Үд холбогдуулан 54 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагын хэмжээгээ 33 485 000 төгрөг болгон багасгасан бөгөөд хариуцагч шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “А.Батманлайтай 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн болон гэрээний хугацааг сунгасан гэрээний дагуу 54 950 000 төгрөг илүү төлсөн” гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь нийт 54 950 000 төгрөгөөс 48 200 000 төгрөгийг хариуцагчид төлсөн талаар талууд маргаагүй.
Өргөдөл гаргагч А.Батманлай нь уригдах тал Ж.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг гаргуулах тухай өргөдлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид гаргажээ. Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 329 дугаар гэрээгээр Ж.Бнь дээрх төлбөрийг төлөхийг зөвшөөрснийг шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2017/15947 дугаар захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулсан байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Улмаар шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 195 дугаар гүйцэтгэх хуудсаар төлбөр төлөгч Ж.Б-аас 50 000 000 төгрөг гаргуулан төлбөр авагч А.Батманлайд олгохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
Дээрх эвлэрлийн гэрээ болон гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж, эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны уулзалтын тэмдэглэл зэргээс үзвэл өргөдөл гаргагч А.Батманлай нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэг, хүү, алданги нийт 94 640 000 төгрөг гаргуулахаар биш, харин гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг гаргуулахаар өргөдөл гаргасан ба нэхэмжлэгч Ж.Бүүнийг зөвшөөрсөн байна.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх бөгөөд мөн зүйлийн 211.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь А.Батманлайтай байгуулсан дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагчид 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд нийт 48 200 000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байна. Үүнээс 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлсэн 41 200 000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан нь түүнийг уг үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд гэж үзэх боломжгүй байна. Учир нь, талуудын шүүхэд гаргасан тайлбараар А.Батманлайн зөвшөөрлөөр нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг хүлээн авсан байна. Иймд хариуцагчийг 41 200 000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй. Гэтэл дээрх байдлаар нэхэмжлэгч нь А.Батманлайн зөвшөөрлөөр, түүнтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагчид 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 41 200 000 төгрөгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2017/15947 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 10 000 000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 20 000 000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 20 000 000 төгрөгийг А.Батманлайд төлөхөөр талууд эвлэрснийг баталгаажуулсан байгаагаас үзвэл Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид дээрх төлбөрийг төлөх үүрэг үүссэн байх бөгөөд мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрт заасан 50 000 000 төгрөг төлөх үүргийг А.Батманлайн өмнө хүлээнэ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 16 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх бөгөөд энэ нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу талуудын хооронд үүссэн үүрэг гэж үзэх, мөн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар А.Батманлайн зөвшөөрлөөр шилжүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгчээс шилжүүлсэн 16 000 000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь мөн зүйлийн 492.1.1-д заасны дагуу 16 000 000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хариуцагчийн эзэмшлийн 5063221012 дугаар дансанд 5022610175 дугаар данснаас 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Баттуяагаас” 6 750 000 төгрөг шилжүүлснийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн мөнгө гэж үзэх үндэслэлгүй. Учир нь, дээрх мөнгийг шилжүүлсэн Хаан банк дахь 5022610175 дугаар данс нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Д.Батжаргалын эзэмшлийн данс болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна нэхэмжлэгч нь гэрчээр дамжуулж хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийг 6 750 000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь дээрх мөнгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас 16 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 485 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Үгаас 16 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгож, үлдэх 17 485 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 237 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН