| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 113/2026/0006/3 |
| Дугаар | 221/МА2026/0603 |
| Огноо | 2026-08-20 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2026/0603
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бямбажав
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Х” ХХК
Хариуцагч: “Шивээ овоо” ХК, “Шивээ овоо” ХК-ийн ШО/20260102004 дүгээр Тендерийн үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: “Б” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: ““Шивээ овоо” ХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 29- ний өдрийн 26/278, 26/279 дүгээр мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, "Шивээ овоо” ХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 26/282 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ШО/20260102004 дугаар Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Багц №1, Багц №2-ийн тус бүр тэмдэглэл, дүгнэлт, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, "Шивээ-Овоо” ХК-ийн ШО/20260102004 дугаар сонгон шалгаруулалтын Багц №1, Багц №2 тус бүрд “Х” ХХК-ийн ирүүлсэн материалыг дахин үнэлж зохих шийдвэр гаргахыг даалгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 113/ШШ2026/0008 дугаар шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 113/2026/0006/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 Нэхэмжлэгч нь анх ““Шивээ овоо” ХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 29- ний өдрийн 26/278, 26/279 дүгээр мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс "Шивээ овоо” ХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 26/282 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ШО/20260102004 дугаар Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Багц №1, Багц №2-ийн тус бүр тэмдэглэл, дүгнэлт, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, "Шивээ-Овоо” ХК-ийн ШО/20260102004 дугаар сонгон шалгаруулалтын Багц №1, Багц №2 тус бүрд “Х” ХХК-ийн ирүүлсэн материалыг дахин үнэлж зохих шийдвэр гаргахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.
2. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 113/ШШ2026/0008 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.4.4, 26.9, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.3, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Х" ХХК-ийн "Шивээ овоо" ХК болон тус компанийн тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Шивээ овоо" ХК-ийн 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 26/278, 26/279 дүгээр мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, "Шивээ овоо” ХК- ийн 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 26/282 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ШО/20260102004 дугаар Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Багц №1, Багц №2 тус бүрийн тэмдэглэл, дүгнэлт, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, "Шивээ-Овоо” ХК-ийн ШО/20260102004 дугаар сонгон шалгаруулалтын Багц №1, Багц №2 тус бүрд "Х” ХХК-ийн ирүүлсэн материалыг дахин үнэлж зохих шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1 “Шивээ овоо" ХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 26/278, 26/279 дүгээр мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухайд:
Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.3 дахь хэсэгт “...2024-2025 онд гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын мэдээллийг шалгах...,", "2024- 2025 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй Хүн тээврийн автобус нийлүүлсэн гэрээ доод тал нь 1 удаа гэж байгаа нь хоёр өөр утгыг илэрхийлж байгаа..., гэж тайлбарласныг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д заасан заалтаа доор нь тодруулан тайлбарласныг нэхэмжлэгч анхаарч үзээгүй...,", 5.8-д “...26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.1-т “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна." гэж тус тус дүгнэсэн. "Шивээ овоо" ХК-ийн зарласан ШО20260102004 дугаар тендерийн үнэлгээний 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, Хүн тээврийн автобус БАГЦ №1 техникийн тодорхойлолт, өгөгдлийн хүснэгтийг, 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, Хүн тээврийн автобус БАГЦ №2 техникийн тодорхойлолт, өгөгдлийн хүснэгтийг тус тус баталсан. Тус хурлуудаар техникийн тодорхойлолтын ижил төстэй ажил үйлчилгээ гүйцэтгэсэн туршлагын шалгуур үзүүлэлтийг “2024-2025 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй Хүн тээврийн автобус нийлүүлсэн гэрээ доод тал нь 1 удаа” гэж хэлэлцэн баталсан байна. Гэтэл ТШЗ-ын 18.1 дэх хэсэгт дээрх хэлэлцсэн асуудлаас гадна “2024-2025 онд гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын мэдээллийг шалгах” гэх хэсгийг нэмж оруулж ирснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд 2 жилийн туршлага шаардсан гэх байдлаар тайлбарласныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. ТШЗ- ШЗ-ын 18.1 дэх заалтын эхний хэсгийн “аль нэг жилд" гэх шаардлага нь нарийвчилсан шаардлага байх бөгөөд 2 оны туршлагыг шалгана гэх хэсэг нь дээр заасан аль нэг жилийн туршлагыг шалгана гэх агуулгаар орж ирснийг шүүгч анхаарч үзэлгүй хариуцагчийн тайлбарыг голчилж хэргийг шийдсэн. Мөн энэхүү тендерүүдийн үнэлгээний хороо техникийн тодорхойлолт, өгөгдлийн хүснэгтийг батлахдаа 2 оны туршлагыг шаардах талаар ямар ч шийдвэр гаргаагүй мөртлөө шүүхийн шатанд тайлбар гаргахдаа 2 оны туршлагыг шаардахаар шийдвэрлэсэн гэдэг нь үндэслэлгүй байна.
Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн зүгээс “Шивээ овоо" ХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 26/233, 26/235 дугаар мэдэгдлүүдийг эс зөвшөөрч ижил төстэй ажлын туршлагын шаардлага хангаагүй гэх хэсэгт гомдол гаргаж, Сангийн яамнаас гомдлыг хангаж шийдвэрлэхдээ тухайлсан онуудаас аль нэг жилд төсөвт өртгийг хангасан гэрээг ирүүлсэн гэж дүгнэсэн байдаг.
3.2 "Шивээ овоо" ХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2б/282 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон тухайд:
Захиалагчаас Хүн тээврийн автобус /28 хүний суудалтай/-ын тендерийн баримт бичгийн III бүлэг, Техникийн тодорхойлолтын 22-т Хурдны хайрцаг механик, урагшаа 5-6 араатай, ухрах 1 араатай гэж заасан бөгөөд "Б” ХХК-ийн хүргүүлсэн материалын техникийн тодорхойлолтын 22. Хурдны хайрцаг механик, урагшаа 5-6 шатлалт араатай, ухрах 1 араатай гэх байдлаар техникийн тодорхойлолтод урагшаа хэдэн араа болох талаар тодорхой мэдээлэл ирүүлээгүй.
"Б" ХХК-аас тендерт нийлүүлэхээр санал болгож буй "Foton Motor International" Co., Ltd үйлдвэрлэгчийн ВJ6730 загварын автобусны үзүүлэлт гэх баримт бичигт мөн урагшаа хэдэн араатай талаарх мэдээлэл байхгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй мөртөө захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй болсон.
Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 113/ШШ2026/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 113/ШШ2026/0008 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.4.4, 26.9, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.3, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Х" ХХК-ийн "Шивээ овоо" ХК болон тус компанийн тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Шивээ овоо" ХК-ийн 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 26/278, 26/279 дүгээр мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, "Шивээ овоо” ХК- ийн 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 26/282 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ШО/20260102004 дугаар Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Багц №1, Багц №2 тус бүрийн тэмдэглэл, дүгнэлт, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, "Шивээ-Овоо” ХК-ийн ШО/20260102004 дугаар сонгон шалгаруулалтын Багц №1, Багц №2 тус бүрд "Х” ХХК-ийн ирүүлсэн материалыг дахин үнэлж зохих шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэсэн үндэслэл бүхий байна.
3. Маргаан бүхий ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д заахдаа Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага: 2024-2025 он ... гэсэн байх бөгөөд уг хүснэгтийн доор тайлбар хэсэгт ... “2024 болон 2025 онд гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын мэдээллийг шалгах ба хуваарийн дагуу нийлүүлээгүй нь захиалагч байгууллагын нотлох баримтаар нотлогдвол энэ нь тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заажээ. Энэ хэсэгт “болон, эсхүл, мөн, түүнчлэн” зэрэг олон холбоос үгээс “болон” гэх үгийг хэрэглэсэн байна.
Болон (Ба / Мөн): Энэ нь холбох үүрэгтэй бөгөөд жагсаасан бүх зүйлсийг хамтад нь ойлгоход хэрэглэгддэг. Жишээ нь: "2024 болон 2025 он" гэвэл дурдсан хоёр оны аль аль нь хамрагдана (давхцаж эсвэл хоёулаа үйл явдалд оролцоно гэсэн утгатай).
Эсхүл (юм уу /аль эсвэл): Энэ нь сонгох утгыг илтгэдэг бөгөөд дурдсан зүйлсээс ганц л сонголт байхыг заана. Жишээ нь: "2024 эсхүл 2025 он" гэвэл хоёр оны зөвхөн аль нэг нь л сонгогдоно (аль нэг онд гэсэн утга илэрхийлнэ).
“Б” ХХК “болон” гэсэн холбоос үгийг нь зөв ойлгож 2 оны материал ирүүлсэн, харин нэхэмжлэгч нь явцуу утгаар ойлгож, зөвхөн 2024 оны материал ирүүлжээ.
Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр “... ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага 2024-2025 он гэдэг нь 2024-2025 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй “Хүн тээврийн автобус нийлүүлсэн гэрээ” доод тал нь 1 удаа гэж байгаа нь хоёр өөр утгыг илэрхийлж байгаа юм...” гэж тайлбарласныг буруутгах үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч тал өгөгдлийн хүснэгтэд заасан ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага тодорхойгүй байна гэж үзсэн бол тендер шалгаруулалтын үеэр тодруулга авах эрх нь нээлттэй байжээ.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, “Б” ХХК нь тендер шалгаруулалтад ирүүлсэн баримт бичигтээ[1] техникийн үзүүлэлт/хурдны хайрцаг/механик/-ийг механик урагшаа 5-6 шатлалтай, ухрах 1 араатай гэсэн байх бөгөөд энэ нь Техникийн тодорхойлолтын 22-т Хурдны хайрцаг механик, урагшаа 5-6 араатай, ухрах 1 араатай гэж заасанд нийцэж байна.
5. Нэхэмжлэгч талаас гаргасан гомдолд дурдагдсан автобусны дагалдах хэрэгслийн тухайд Монгол Улсын Сангийн яам нь 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 03/3041 дугаар гомдол хянасан тухай албан бичгээр ...автобусны дагалдах хэрэгсэл болох домкрат, галын хорыг захиалагчийн заасан доод хэмжээтэй гэж ирүүлснийг техникийн тодорхойлолтын 28-д “Домкрат 5 тн: 5 тн-с дээш даах чадалтай байна. 1 ширхэг Дүйцэхүйц гэж 30.Галын хор: 5 кг ихгүй 2 ширхэг галын хортой байна. Дүйцсэн гэсэнд нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна...” гэж дүгнэн хариу өгсөн нь үндэслэл бүхий байх тул энэхүү дагалдах хэрэгсэлд холбогдох гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 113/ШШ2026/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
[1] Тендерийн баримт бичиг /03/-98 дахь тал