Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 16

 

            Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Түвшинжаргал, Г.Очирбат нарт холбогдох 201601070262 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны  1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

              Нарийн бичгийн дарга:                         Ц.Баясай  

              Улсын яллагч:                                       Б.Буяндэлгэр

              Хохирогч                                                А.Нямханд

   Шүүгдэгч:                                                   Д.Түвшинжаргал,Г.Очирбат нар оролцов.

           

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ том оврын тээврийн хэрэгслээр тээвэр хийдэг байсан, ам бүл 4, эхнэр болон 11-17 насны 2 хүүхэд нарын хамт, Баянгол дүүргийн 3 дугаар хороо 4 дүгээр байрны 172 тоотод оршин суух ял шийтгэлгүй, Боржигон овгийн Дамбадаржаагийн Түвшинжаргал /РД:АЖ77082711/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1956 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ өндөр насны тэтгэвэрт байсан, ам бүл 2, эхнэр Цэрэнхандын хамт, Багануур дүүргийн 3 дугаар хороо 56 дугаар байрны 5 тоотод оршин суух ял шийтгэлгүй, Бор цохот овгийн Гомбын Очирбат /РД:ДЮ56072416/

 

Яллах дүгнэлтэд дурдсанаар

Шүүгдэгч: Д.Түвшинжаргал нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо үйлдвэрийн хэсгийн дэргэдэх асфальтан зам дээр 86-56 УНМ улсын дугаартай “Jinggong” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Г.Очирбатын биед хүндэвтэр гэмтэл, А.Нямхандын биед хүнд гэмтэл тус тус учруулсан

Шүүгдэгч: Г.Очирбат нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн хэсгийн дэргэдэх асфальтан зам дээр 31-05 БРА улсын дугаартай “Mitsubishi lancer” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас А.Нямхандын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт холбогдох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Түвшинжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй ба талуудын асуултад хариулахдаа “Би 86-56 УНМ дугаартай, Жингонг маркийн том оврын машиныг зээлээр авсан ба төлбөрийг дуусгаагүй төлж байгаа юм. Машины өөрийнх нь жин 16тн бөгөөд даац нь 20 тн учраас эвдрээд зогссон үед том машинаар чирүүлж зам чөлөөлөхөөс өөр арга байдаггүй. Иймд зам дээр нэг хэсэг зогсоод машин олдоогүй тул  нүүрс авахаар надтай ирсэн Хосбаярыг машин олоод замаас гаргаарай гэж хэлээд сэлбэгт явсан юм” гэв.

Шүүгдэгч Д.Түвшинжаргал мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:

“ 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 07 цагийн үед Улаанбаатар хотоос 86-56 УНМ дугаартай, Жингонг маркийн том оврын машинтай гарсан. Багануур дүүрэг рүү ороод 4 зам өнгөрөөд уурхай руу явж байтал машины араа орохоо болиод зам дээр зогссон ба хропны мүфт шарикны түгжээ тасарсан байсан тул хөдлөх боломжгүй байсан. Иймд хамт явж байсан Хосбаярт унаа олоод машинаа чирээд замаас холдуулаарай, би сэлбэг аваад ирье гэж хэлээд замын унаанд суугаад хот руу явсан. Хотоос сэлбэг аваад 19 цагийн үед Багануур луу хөдлөх гэж байтал Хосбаяр утсаар “уурхайгаас чирэх машин аваад иртэл машины араас машин мөргөсөн байна” гэсэн. Ослын тэмдэг тавиагүй, аваарын гэрлээ асаасан байсан” гэжээ /хх-16 /

Шүүгдэгч Г.Очирбатын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн

            “2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр таксинд явж байхдаа Хэрлэн худалдааны төвийн зогсоол дээрээс 19 цаг 40 минутын үед хохирогч болох эмэгтэйг уурхай руу хүргэхээр явж байгаад том машины араас мөргөсөн. Зөрж байгаа машины гэрэлд гялбаад байсан тул ойрын гэрэл дээр явж байгаад том машинд тулж тоормоз гишгэж амжаагүй. Том машины ард ослын тэмдэг байгаагүй. Үйлчлүүлэгч Нямханд арын суудалд суусан боловч бүсээ бүслээгүй байсан ба энэ нь илүү гэмтэл учрахад нөлөөлсөн байж магадгүй. Ослын улмаас  надад хүндэвтэр, А.Нямхандад хүнд гэмтэл учирсан. Д.Түвшинжаргал надад 1 000 000 төгрөг өгөхөөр гэрээ хийсэн, Түвшинжаргалд гомдол санал байхгүй, би А.Нямхандад эмчилгээний зардалд 7 000 000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэл/     

Хохирогч А.Нямхандын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн ээлжинд гарах гээд Хэрлэнгийн зогсоолоос саарал өнгийн буруу талдаа жолоотой настай жолоочийн машинд суугаад Багануурын уурхай руу хөдөлсөн.  4 зам өнгөрөөд явж байтал миний сууж явсан машины гэрэлд шар өнгийн том машин барагцаагаар 2-3 метрийн зайд байхаар нь би “урд машин байна” гэж хэлтэл жолооч уг машиныг мөргөсөн. Миний зүүн хөлний дунд чөмөг 3 хугарч хагалгаанд орсон. Эрүүл мэндэд учирсан хохирол болон эмчилгээний зардалд Д.Түвшинжаргалаас 3 000 000 төгрөг, Г.Очирбатаас 7 000 000 төгрөг нийт 10 000 000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч: Э.Хосбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт

            “Манай нүүрс дуусч хөрш Түвшинжаргал ахыг гуйгаад нүүр ачиж ирэхээр 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 7 цагийн үед Улаанбаатар хотоос Жингонг гэх том оврын машинтай гарсан. Багануур дүүрэгт очоод уурхай руу явж байтал Түвшинжаргалын машины араа орохоо больж 14 цагийн үед зам дээр зогссон. Машины мүфт шарик эвдэрсэн тул Түвшинжаргал замын унаанд суугаад сэлбэг авчрахаар Улаанбаатар хот руу явсан. Тэр надад “унаа олоод машинаа замын хажуу руу гаргаарай” гэж хэлсэн. Би 15 цагийн үед танил Готов ахтай таараад машин чирээд өгөөч гэхэд “ах нь нүүрсээ ачаад гараад ирье, удахгүй” гээд уурхай руу нүүрс ачихаар ороход нь би Готов ахтай хамт уурхай орсон. Бид хоёрыг уурхайгаас 19 цагийн үед гарч ирэхэд Түвшинжаргалын машины араас жижиг тэрэг мөргөсөн байсан. Түвшинжаргалын 86-56 УНМ дугаартай машины ард ослын тэмдэг тавиагүй байсан ба аваарын гэрлээ асаагаад орхисон байсан. Намайг буцаж ирэхэд аккумляторын цэнэг дуусаад гэрэл нь бараг мэдэгдэхгүй байсан” гэжээ. /хх26/

 

Гэрч: Х.Доржготовын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт

            “2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би Улаанбаатар хотоос 03 цагийн үед гараад Багануур дүүрэгт ирж уурхайн нүүрсэнд орох гэж дугаарласан. Барагцаагаар 15 цагийн үед байх танил Хосбаяр ирээд машин эвдэрчихлээ та чирээд өгөөч гэхээр нь нүүрсэндээ орчихоод чирээд өгье гэсэн. Уурхай руу ортол тог тасраад нэлээд удаж байгаад гарч ирээд чирэхээр очтол машиных нь араас машин орсон байсан гэжээ. /хх25/

 

Хэрэг гарсан газарт хийсэн  үзлэгийн тэмдэглэлд:

Хэрэг учрал болсон гэх газар нь Багануур 3 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Үйлдвэрийн хэсэг “ Хөх дөрвөлжин” ХХК-ны дэргэдэх автомашин зорчих замд байв. 7 метрийн өргөнтэй, зорчих хэсгийн шороон даланг оролцуулаад  нийт 12 м 60 см-ийн өргөнтэй зам байв.  Зорчих хэсгийн хойноосоо урагш чиглэсэн урсгалд шар өнгийн 86-56 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас саарал өнгөтэй 31-05 БРА улсын дугаартай мицүбиши маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байна. 86-56 УНМ зорчих хэсгийн баруун талаас 4.10 см, жолоочийн буруу талын дугуй зорчих хэсгийн зүүн ирмэгээс 45 см, хойд талын дугуй 45 см зайд байв. Ослын зогсолтын тэмдэг байхгүй байв.

 31-05 БРА дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүрд нь баруун гар талдаа буюу буруу талдаа, жолооч талын урд дугуй зорчих хэсгийн зүүн ирмэгнээс 50 см, хойд дугуй 50 см байв, 31-05 БРА дугаартай тээврийн хэрэгсэлд тоормозны мөргүй, зорчих хэсэг нь гулгаа хальтиргаагүй байв” гэжээ  /хх-н 4-12 дугаар хуудас/

Замын цагдаагийн газрын байцаагчийн тэмдэглэлд:

Зам орчны байдал нь асьфалтан, шулуун тэгш, хуурай, суурин газрын, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, 2 эгнээтэй, хашлага хайсгүй замд цаг агаар тогтуун байхад осол гарсны тэмдэглээд

            Жолооч Д.Түвшинжаргал нь МУ-ын ЗХД-ийн “11.1 Жолооч тээврийн хэрэгсэллийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлагад шахаж, хашлаггүй замд зорих хэсгийг чөлөөлөх боломжгүй хөвөөгүй бол түүний зах руу аль болох шахаж зогсооно. 6.3 Ослын зогсолтын тэмдэгийг бусад бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгсэллээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багаггүй  зайд байрлуулна гэх заалтыг зөрчиж

Жолооч Г.Очирбат нь  МУ-ын ЗХД-ийн “9.1 Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгон явна. 9.2 Жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гарсан байх магадлалтай байна” гэжээ  /хх-7 хуудас/

Шүүх эмнэлгийн 14624 тоот дүгнэлтэд

  1. А.Нямхандын биед баруун дунд чөмөг ясны зөрүүтэй ил хугарал, гуяны шарх, тархи доргилт,  баруун нүдний зовхи, баруун бугалганы цус хуралт, дээд уруулд шарх гэмтэл тогтоогджээ.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад  нөлөөлөхгүй. /хх-н 29-р хуудас /

Шүүх эмнэлгийн 14540 тоот дүгнэлтэд

  1. Г.Очирбатын биед баруун шаант болон тахилзуур ясны хугарал, зүүн 4,5,6-р хавирганы хугарал, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-н 34-р тал/

 

Шинжээчийн 6587 тоот дүгнэлтэд

  1. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн Jing Gong маркийн 86-56 УНМ улсын дугаартай өөрөө буулгагч автомашины шахагч муфт, холхивч ажиллахгүй, эвдрэлтэй тул автомашин өөрөө хөдлөх боломжгүй гэжээ. /хх41/

 

  Шинжээчийн 6586 тоот дүгнэлтэд

  1. Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг саарал өнгийн MMC Cedia маркийн CS2A-0407108 тоот арлын дугаартай, 31-05 БРА улсын дугаартай автомашины тоормос шингэн дамжуулгатай, энгийн ажиллагаатай, тоормосны систем ажиллаж байна.
  2. Уг автомашин нь капот байхгүй, зүүн урд хаалга хаагдахгүй гажсан, салхины шил хагарч цөмөрсөн, хоёр их гэрлүүд хагарсан, урд бамбай баруун доод хэсгээр хагарч, баруун талдаа нугарч, хоног түгжээнээс салсан, баруун урд далбаа нугарч, хойш чихэгдсэн, дээвэр баруун урд хонхойсон, аккумуляторын батерей байхгүй, шил арчигч хугарч, гулзайсан, хөргөлтийн радиатор гажсан, агаар шүүрийн гэр хагарсан, жолооны хүчлүүрийн шингэний сав хагарсан, урд хөндөл гулзайсан, агаар сэрүүцүүлэгчийн радиатор сэнсэрсэн, шил угаагчийн хуванцар сав хугарсан, жолоочийн болон урд зорчигчийн аюулгүй хийн дэр задарсан, урд самбар гулзайж гажсан, жолооны хүрдний бэхэлгээ салсан зэрэг эвдрэл гэмтлүүдтэй ба урдаас хойш чиглэлд хатуу зүйлтэй харилцан үйлчлэхэд буюу мөргөлдөхөд хэв гажилт шахалт доргилтийн нөлөөгөөр шууд болон дамжиж үүссэн байх үндэслэлтэй гэжээ. /хх-50/

Авто тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ тогтоосон баримтад:

31-05 БРА улсын дугаартай “Mitsubishi lancer” маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг засварлахад 21 төрлийн эд анги солиход 1 536 000 төгрөг ажлын хөлсөнд 450  000 төгрөг нийт 1 986 000 төгрөг болно” гэжээ /хх-95/

 

Шинжээчийн 667 дугаартай дүгнэлтэд

  1. Ланцэр маркийн 31-05 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормосны мөр байхгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй.
  2. Ланцэр маркийн 31-05 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг  жолоодож явсан жолооч Г.Очирбат нь  МУ-ын ЗХД-ийн 9.1-ийн “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэллийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгон явна” 9.2-ын  “жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.
  3. Жингонг маркийн 86-56 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Түвшинжаргал  нь МУ-ын ЗХД-ийн 11.1-ийн “жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлагад шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй, хөвөөгүй бол түүний зах руу аль болох шахаж зогсооно” 6.3-ын “ослын зогсолтын тэмдгийг бусад бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багаггүй  зайд байрлуулна” гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.  
  4. Жингонг маркийн 86-56 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам бүрэн чөлөөлж зогсоогүй байх үндэслэлтэй.
  5. Хөдөлгөөнд оролцогч 2 жолоочийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэжээ. /хх 62-63/  

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсний үндсэн дээр шүүхээс дараах дүгнэлтүүдийг хийж байна.

 

Хэргийн “болсон үйл явдал”-ын талаар хийсэн дүгнэлт

 

 Шүүгдэгч Д.Түвшинжаргал нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо үйлдвэрийн хэсгийн дэргэдэх асфальтан зам дээр 86-56 УНМ улсын дугаартай “Jinggong” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа МУ-ын ЗХД-ийн 11.1-ийн “жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлагад шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно,Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний зах руу аль болох шахаж зогсооно”, 6.3-ын “ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй  зайд байрлуулна” гэх заалтыг тус тус зөрчиж эвдрэл гарч хөдлөх боломжгүй болсон тээврийн хэрэгслээ зорчих хэсгээс чөлөөлөөгүй, ослын зогсолтын тэмдгийг тавиагүйн улмаас А.Нямхандын биед  баруун дунд чөмөг ясны зөрүүтэй ил хугарал, гуяны шарх, тархи доргилт,  баруун нүдний зовхи, баруун бугалганы цус хуралт зэрэг гэмтлүүд, Г.Очирбатын биед баруун шаант болон тахилзуур ясны хугарал, зүүн 4,5,6-р хавирганы хугарал, хуйханд шарх бүхий гэмтлүүд, тээврийн хэрэгсэлд нь 1 536 000 төгрөгийн эвдрэл бүхий хохирол тус тус учруулсан

Шүүгдэгч Г.Очирбат нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн хэсгийн дэргэдэх асфальтан зам дээр 31-05 БРА улсын дугаартай “Mitsubishi lancer” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа МУ-ын ЗХД-ийн 9.1-ийн “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-ын “жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчиж А.Нямхандын биед баруун дунд чөмөг ясны зөрүүтэй ил хугарал, гуяны шарх, тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун бугалганы цус хуралт, дээд уруулд шарх бүхий гэмтлүүд учруулжээ.

Эдгээр нь хэргийн газарт хийсэн үзлэгийн “Зорчих хэсгийн хойноосоо урагш чиглэсэн урсгалд шар өнгийн 86-56 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас саарал өнгөтэй 31-05 БРА улсын дугаартай мицүбиши маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн, Ослын зогсолтын тэмдэг байхгүй, 31-05 БРА дугаартай тээврийн хэрэгсэлд тоормозны мөргүй” гэсэн тэмдэглэл, үүнд хавсаргасан гэрэл зургууд, замын цагдаагийн газрын байцаагчийн “Зам орчны байдал нь асьфалтан, шулуун тэгш, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, 2 эгнээтэй, хашлага хайсгүй зам байсан” тухай ослын тэмдэглэл болон хавсаргасан схем зургийн үзүүлэлт, хохирогч А.Нямхандын  “миний сууж явсан машины гэрэлд шар өнгийн том машин барагцаагаар 2-3 метрийн зайд харагдахаар нь би урд талд машин байна гэж хэлтэл жолооч уг машиныг мөргөсөн” гэсэн мэдүүлэг, Замын цагдаагийн шинжээчдийн “жолооч  Д.Түвшинжаргал  нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 6.3-ын заалтуудыг жолооч Г.Очирбат нь  Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-ын заалтуудыг зөрчсөн” тухай дүгнэлт, шүүгдэгч Д.Түвшинжаргалын “миний машиныг чирэх машин олдоогүй тул  Хосбаярыг чирэх машин олоод замаас гаргаарай гэж хэлээд Улаанбаатар хот руу сэлбэгт явсан. Хосбаяр машин дотор байсан ослын тэмдгийг олоогүй тул гаргаж тавиагүй байсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Очирбатын өгсөн “Тухайн үед харанхуй байсан, машины хөдөлгөөн их учраас гэрэл гялбаад байхаар нь  ойрын гэрлээ асаагаад явж байсан, том машиныг тулж ирээд харсан тул тормоз гишгэж амжаагүй”  гэсэн мэдүүлэг, шинжээч эмч нарын А.Нямханд, Г.Очирбат нарын бие махбодид учирсан гэмтлийн талаарх дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Болсон үйл явдлыг нотолж байгаа баримтуудыг үнэлэх талаар:

Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна. Ослын шалтгааны талаарх дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэгтэй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий, шаардлагатай мэдлэгийг хангалттай хэмжээнд эзэмшсэн шинжээчдийн бүрэлдэхүүн гаргасан ба дүгнэлт нь мөрдөн байцаагчийн тавьсан асуулт тус бүрт хариулсан, хэрэг гарсан газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд тулгуурласан бөгөөд дүгнэлт үндэслэлтэй болох нь ослын газарт хийсэн автын мэргэжилтний тэмдэглэл, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг бусад баримтуудаар  нотлогджээ. Хохирогчийн болон шүүгдэгч Очирбатын биед учирсан гэмтлийн талаархи дүгнэлт, ослын шалтгааны талаархи шинжээчдийн дүгнэлтүүдэд шүүгдэгч нар маргаагүй болно. Шүүгдэгч  Д.Түвшинжаргал, Г.Очирбат нар нь яллагдагчаар байцаагдахдаа гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр давхар батлагдлаа. Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд  гэж дүгнэв.

Үйл явдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

     Шүүхээс хөдөлбөргүй тогтоогдсон үйл явдалд үндэслэн хууль зүйн дүгнэлтийг хийхэд прокурорын яллах дүгнэлтэд тогтоож ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж үзлээ. Тухайлбал:

 Ослын үед шүүгдэгч Д.Түвшинжаргал BC ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох 193204 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхээр өөрийн эзэмшлийн 86-56 УНМ улсын дугаартай “Jinggong” маркийн тээврийн хэрэгслийг, Г.Очирбат BC ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 37409 дугаартай үнэмлэхээр өөрийн өмчлөлийн 31-05 БРА улсын дугаартай “Mitsubishi lancer” маркийн тээврийн хэрэгслийг тус тус жолоодож явсан,  тус бүр хэрэг хариуцах чадвартай байгаа нь тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээх этгээд мөн болохыг тодорхойлж байна.

Жолооч нар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг мэдсээр байж зөрчсөн үйлдэлдээ болон учирсан хохиролд хайхрамжгүй хандсан гэм буруутай нь шүүгдэгч Д.Түвшинжаргалын  “машинаар чирүүлж зам чөлөөлөх гээд зам дээр нилээд зогссон ч машин олдоогүй, ослын тэмдэг машины кабинд байсан боловч машиндаа үлдсэн Хосбаяр олж тавиагүй байсан” гэсэн мэдүүлгээр, шүүгдэгч Г.Очирбатын “Зөрж байгаа машинуудын гэрэлд гялбаад байсан тул ойрын гэрэл дээр явж байгаад том машинд тулж ирсэн, тоормоз гишгэж амжаагүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон нь үйлдэлдээ анхаарал болгоомжтой хандах үүргээ биелүүлээгүй гэх тухайн хэргийн шинжийг бүрдүүлжээ.

А.Нямхандын бие махбодид учирсан гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл,  шүүгдэгч Г.Очирбатын бие махбодид учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 14624, 14540 тоот дүгнэлтүүдээр тодорхойлогдсон нь тухайн зүйл хэсэгт заасан хохирлын шинжийг агуулсан.

 Жолооч нарын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тус тусын гэм буруутай үйлдэл нь хохирогч А.Нямхандын бие махбодид хүнд гэмтэл учрах шалтгаан болжээ.  

Шүүгдэгч нарын хайхрамжгүй хандсан гэм буруутай үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх”ийг зөрчсөн болно.

 Иймд Д.Түвшинжаргалыг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд, болон хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

 Г.Очирбатыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй.

Ял шийтгэл, төлбөрийн талаарх дүгнэлт

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасны бичилтээр /хх83-85/ тогтоогдож байна.

Гэм буруутайд тооцогдсон Д.Түвшинжаргал, Г.Очирбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан торгох, баривчлах, хорих ялуудаас тохирох ялыг сонгон оногдуулахдаа дараах нөхцөл байдлуудыг харгалзав. Үүнд:

        Хохирогч А.Нямханд нь учирсан эрүүл мэндийг сэргээхэд зарцуулсан зардал, хохирлын талаар 1 494 167 төгрөгийн баримтыг /хх  / шүүхэд ирүүлсэн хэдий ч Д.Түвшинжаргал 3 сая төгрөг, Г.Очирбат 7 сая төгрөгийг тус тус эмчилгээ сувилгаа, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүд тооцон сайн дураараа хохирогчид нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Шүүгдэгч Д.Түвшинжаргал нь зээлийн гэрээгээр тухайн тээврийн хэрэгслийг авч хувиараа ачаа тээвэрлэн гэр бүлээ тэжээдэг, Г.Очирбат нь өндөр насны тэтгэвэрт байдаг, тэд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал тогтоогджээ. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт хорих ялыг Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын дундажаас доош хэмжээгээр оногдуулж оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж дүгнэв  Шүүгдэгч нарын үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэе.

Шүүгдэгч нарт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хуульд зааснаар зайлшгүй оногдуулна.

            Д.Түвшинжаргалын 193204 дугаартай, Г.Очирбатын 37409 дугаартай жолооны

үнэмлэхийг нэмэгдэл ялын биелэлтийг хангуулахаар гүйцэтгэх бичиг баримтад хавсарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлбэл зохино.

Хохирогч нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “шүүгдэгч нарт гомдолгүй, дахин нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2016 оны  12 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 12 дугаар сарын 23-ны тогтоолуудыг тус тус хүчингүй болговол зохино.

 Д.Түвшинжаргал, Г.Очирбат нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Дамбадаржаагийн Түвшинжаргал, Бор цохот овгийн Гомбын Очирбат нарыг жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Дамбадаржаагийн Түвшинжаргалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /1/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хасч  нэг /1/ жил зургаан  /6/ сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар  Бор цохот овгийн Гомбын Очирбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /1/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хасч  нэг /1/ жил зургаан  /6/ сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Түвшинжаргал, Г.Очирбат нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан Д.Түвшинжаргал, Г.Очирбат нарт тус тус оногдуулсан нэг /1/ жил зургаан /6/ сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг гүйцэтгүүлэхээр   Д.Түвшинжаргалын 193204 дугаартай, Г.Очирбатын 37409 дугаартай жолооны үнэмлэхийг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
  3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Түвшинжаргал, Г.Очирбат нарт урьд авсан гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт тус тус зааснаар  Д.Түвшинжаргал 3 000 000 /гурван сая/ төгрөг, Г.Очирбат 7 000 000 /долоон сая/  төгрөгийг тус тус хохирогч А.Нямхандад төлснийг дурдсугай.
  5. Г.Очирбатын өмчлөлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийн нуур 11 дүгээр гудамжны 17 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2208002049 дугаартай гэр бүлийн зориулалттай газар болох үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг, Д.Түвшинжаргалын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармаг 14 дүгээр гудамжны 1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040419 дугаартай хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
  6. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй зэргийг мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах болон эсэргүүцэл бичигдвэл биелэлтийг түдгэлзүүлж Д.Түвшинжаргал, Г.Очирбат нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Д.ОЮУНБАТ.