Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/159

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Б.Төрболд,

Хохирогч Ж.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б. *******,

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч О.*******д холбогдох 2323000000172 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, *******засварын ажил хийдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* хот, ******* дүүрэг ******* хороо тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, овогт ийн *******, регистрийн дугаар .

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  О.******* нь 2023 оны 10 дугаар сарын 10-16-ны өдрийн хооронд Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэр хэсгийн тоот хашаанд байрлах хохирогч М.ын эзэмшлийн монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч “Сундуй” гэх нэртэй бор жанчтай судрыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэр тоотод хашаанд байрлах хохирогч Ж.*******ийн гэрээс нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө бурхан шашны эд зүйл болох хонх, очир, дунд гарын мөнгөн аяга, бэлнээр 20,000 /хорин мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 620,000 /зургаан зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Прокуророос түүний уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хамаарч байна гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч О.******* нь 2023 оны 10 дугаар сарын 10-16-ны өдрийн хооронд Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэр хэсгийн тоот хашаанд байрлах хохирогч М.ын эзэмшлийн монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч “Сундуй” гэх нэртэй бор жанчтай судрыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

- Хохирогч М.ын “...2023 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн үед гэртээ тоосоо арчиж байгаад бурхан шашны зүйл байдаг тавилгын дээр байдаг үе дамжиж ирсэн судрынхаа дээр нь дараад үзтэл зөөлхөн боож тавьсан байдал нь өөр байхаар нь жанчийг нь задлаад үзтэл дотор талд нь кордонон цаас хийчихсэн судар нь алга болчихсон байсан. Тэгээд би судраа алдсанаа мэдээд цагдаад дуудлага өгсөн. Манайх сумын багт хөдөө байж байгаад 10 дугаар сарын 01-ний өдөр сумын төвд буюу багт нүүж ирээд хэсэг тоотод байх хашаандаа буусан. Хашаанд манай хүү эхнэр хүүхдийн хамт буучихсан байсан. 10 дугаар сарын 01-ний өдөр нүүх үедээ хүргэн ын Портер маркийн машинд гэрээ ачаад судраа кабинд хийгээд сумын төвд ирээд хүү ийн гэрт оруулсан. Тухайн үед судар бүрэн бүтэн байсан. Би өөрөө машинаас авч хүүгийндээ оруулсан. 10 сарын 01-ний өдөр нүүж ирээд хуримд суучхаад орой гэрээ бариад гэртээ хоносон. Маргааш нь гэрийнхээ юмыг янзалж хүү ийн гэрээс судраа гэртээ оруулсан. Манай охин манай гэрт оруулж ирээд бурхан дээр тавьсан. Тухайн үед би задалж үзээгүй гэхдээ алга болсон байсан бол их хөнгөн байх байсан учир энэ талаар манай охин мэдэх байсан. Тэгэхээр тухайн үед буюу 10 дугаар сарын 02-ны өдөр манай гэрт оруулахад байсан гэж бодож байна. Тэрнээс хойш би судраа анзаарч хараагүй байж байгаад өнөөдөр тоосыг арчих гэж байгаад мэдсэн. 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш өдөр нь хааяа хүүгийндээ орох үедээ гэрээ эзгүй орхисон үе байгаа оройдоо бол гэртээ хонодог байсан. 10 дугаар сарын 13-ны орой санагдаж байна нэг удаа л хүүгийнхээ гэрт орж хоносон. Өдөр нь хүүгийндээ орж хааяа хүүхдийг нь харж гэртээ орж гараад л байдаг байсан. Гадагшаа гарах үедээ байнга гэрээ түгжээд явдаг байсан. Гэрийн хаалга цоожийг ямар нэгэн байдлаар эвдэж гэмтээсэн зүйл байхгүй. Алдагдсан судар маань Сундуй нэртэй судар байсан. Уг судар нь манай өвөг эцгээс үе дамжиж ирсэн. Манай өвөө том нэртэй лам хүн байсан гэдэг. Өвөөгөөс аавд уламжлагдан дараа нь манайд ирсэн юм. Манайхан үе удмаараа уг судрыг дээдэлж мөргөж залбирч ирсэн шүтээн байсан. Үнэлгээний талаар би мэдэхгүй байна. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед гэртээ байж байтал манай хашааны гадаа нэг хүн ирээд хаалга цохихоор нь би гараад хэн бэ гэж асуухад хашаан дотор орж ирээд эгчээ судалгаа аваадахъя гэхээр нь юун судалгаа гэж асуухад би танайд орж байгаад тайлбарлаад өгье гэхээр нь гэртээ оруулсан. Би тухайн үед гэртээ ганцаараа байсан. Тухайн хүн өмнө харж байгаагүй танихгүй манай сумын хүн биш байсан. Манай гэрт орж ирээд эгч би ******* хотод эртний эдлэл зардаг хүн байгаа юм гэж хэлээд дээр үеийн сувд, шүр, зоосон мөнгө авч явна танд байна уу гээд өөрөө цүнхнээсээ шүр, сувд, зоос гаргаж ирж харуулж байсан. Би байхгүй надад тийм зарах зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгтэл надаас танай судар ямар үсэгтэй вэ хар үсэгтэй байна уу гэхээр нь би мэдэхгүй чи яах гэж байгаа юм гэхэд би хуучны эдлэл авдаг хүн болохоороо сонирхож байгаа юм гэж хэлээд удалгүй гараад явсан. Би араас нь гараад харахад хашаагаар гараад нэг цагаан өнгийн машинд суугаад явах шиг болсон машиныг нь сайн харж чадаагүй. Тэр хүн яагаад манайд орж ирж эртний эдлэл авч байгаа талаар хэлэх болсныг мэдэхгүй учир судраа алдсаны дараа их сэжигтэй санагдсан. Өөр ямар нэг сэжиглэж байгаа хүн байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-136-р хуудас/,

- Гэрч С.гийн “...Б. нь манай хадам дүү. Би ын эгчтэй гэрлэж 1984 онд хүргэн болоход хадам аав ынд “Сундуй” нэртэй судар байсан юм. Хадам аав 1996 онд бурхан болсноос хойш үе залгамжлан хадам дүү болох ынд байж байгаад ынд ирсэн дээр үеийн судар байгаа юм. Би Судар хулгайд алдагдсан талаар 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрөө надад хэлж мэдсэн. Би яг гэрт нь очиж үзээгүй. Өөрөө утсаар ярьж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140-141-р хуудас/,  

- Гэрч Д.гийн “...Би эгчийг танина. Манай хадам ээжийн төрсөн дүү нь байгаа юм. эгчийнд “Сундуй” нэртэй судар байдаг юм. Манай хадам ээжийн ааваас өвлөгдөж ирсэн судар байгаа юм. Манай хадмууд цагаан сараар судартаа очиж мөргөж золгодог юм. Мөн хол замд явах, ямар нэгэн ажил төрөл бүтээх үедээ судартаа очиж мөргөдөг. эгчийн зүүн талын орны дээд талд авдар дээр бурхны торх байдаг бөгөөд торхны дээд талд шар баринтагтай байдаг байсан. Судрын шар өнгийн баринтгийг манай ээж оёж байсан. эгчийнх манайхтай ойрхон байдаг байнга орж гардаг учраас ойрын хугацаанд байсан гэдгийг харсан. 2023 оны 10 дугаар сарын эхээр байсан. Манайх хүүхдийн үс авах гээд нааш цааш явах үед байсан. Манайх 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүүхдийн үсний найр хийх өдөр эгч судар алга боллоо гээд манайхны дунд бөөн дуулиан болж цагдаад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143-р хуудас/,

- Гэрч Г.ын “...2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр над руу цагдаагаас яриад манай нөхрийг надаас сураад байхаар нь би хүн тоглоод байгаа юм байна даа гэж бодоод салгасан чинь дахиж залгаад би цагдаагийн газраас ярьж байна гээд О.*******ийн утсыг асуухаар нь утсыг нь өгөөд манай нөхөр яасан юм бол гэж асуухад тэр асуудлыг та нөхрөөсөө асуугаарай гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр манай нөхөр над руу залгаад би цагдаа руу явж байна. Цагдаагийн газар руу орж байна гэж хэлээд утсаа унтраачихсан. Тэгээд нэлээд орой нь над руу залгаад би хэрэг хийчихлээ намайг уучлаарай, чи хүрээд ир, ах, дүү нарт битгий хэлээрэй. Чи өөрөө л хүрээд ир гэхээр нь би охин хүүхдээ яах юм бэ гэж асуухад охиноо аваад хүрээд ирэхгүй юу? гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгэхээр нь би өдөр залгаад байсан цагдаа руу залгаад энэ цагдаагийн дугаар мөн юм уу? өдөр над руу залгаад байсан. Манай нөхрийг асуугаад байсан гэж хэлсэн. Танд аль цагдаагаас ярьж байна гэж хэлсэн бэ?,  таны нөхөр хаана байна гэж танд хэлсэн юм гэхээр нь би Завханд байна гэж надад хэлж байсан гэхэд тиймээ Завхан аймгийн Цагдаагийн газраас ярьж байна гэж хэлэхээр нь би юу болсон юм бол гэж асуухад та мэдэж байгаа юм биш үү? нөхөр чинь танд хэлэх байлгүй дээ гэж надад хэлсэн. Тэгээд би 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өглөө Завхан аймгийн сум руу явах унаа хайж байгаад үдээс хойш 13 цагийн үед над руу дугаарын утаснаас 2 удаа дуудлага хийсэн байхаар нь би буцаагаад залгаад хэн бэ гэж асуухад ******* залгасан юм байлгүй гэж хэлээд утсаа салгасан. Би ******* хотоос замын унаанд суух гээд гэрээс гараад ирэхэд над руу дугаарын утаснаас залгаад та гарсан юм уу? хаана явж байгаа юм. Танай нөхөр хэрэгт холбогдсон нь тодорхой болсон. Та ******* хотоос гарч байна уу? гэж асуухаар нь би одоо гарч байна гэж хэлсэн. Тэгээд над руу замын унаа залгахаар нь би өөр унаагаар явахаар боллоо гэж хэлээд дүү нартайгаа холбоо бариад О.******* ах чинь өчигдөр нэг утсаар холбогдсон цуг явъя гэж хэлээд ******* хотоос Завхан аймгийн чиглэлд яваад эмээлт өнгөрөөд явж байхад над руу манай хадам талын хамаатны гэдэг нэртэй залуу залгаад ******* ах судар аваачаад өгөөч гэж хэлсэн юм гэхээр нь би юун судар вэ гэж асуухад нэг судар 300,000 /гурван зуу мянга/ төгрөгөөр зарчихсан байсан. Тэр судар нь энэ байна таныг аваад яв гэж хэлсэн. Тэгээд би тэр судрыг нь аваад Завхан аймаг руу гарсан юм Манай нөхөр О.******* 2023 оны 10 дугаар сарын дундуур санагдаж байна. Тухайн өдрийг би сайн санахгүй байна. Эрдэнэт хот руу хүнтэй уулзахаар явлаа гэж надад хэлсэн. Манай нөхөр О.******* гэрээс гараад 10 орчим хонож байна. Над руу цагдаагаас залгаад манай нөхрийн утсыг асуусны дараа манай нөхөр О.******* над руу залгаад намайг Завхан аймгийн Цагдаагийн газраас дуудаж байна. Нэг хонх, очир хоёр авчихсан юм аа. Намайг уучлаарай гэж хэлж ярьж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-146-р хуудас/,

 - 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 03-10-р хуудас/,

- 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 119-120-р хуудас/,

- Шүүгдэгч О.*******ийн “...Би 2023 оны ******* хотоос 10 дугаар сарын 09, 10-ны үеэр эхнэр болон хамаатнууд хүүхдүүдтэйгээ хадам аав ээжийн нутаг болох аймаг орчхоод буцахдаа манай баазын нутаг болох Завхан аймгийн сумын орсон. ...Нэгэнт хөдөө ирсэн учраас эхнэртэйгээ ******* буцах замдаа Завхан аймгийн , сумдаар зоосон мөнгө авч явж байгаад хөдөөний айлуудад хуучны зоосон мөнгө авахаар явсан. Тэгээд сумд ганц нэг айлаар явж байгаад нэг айлд ороход нэг эгч байсан ба бурхан дээр судар харагдаж байсан. ...Тэгээд идэр сумд явж байгаад хотод хүүхэд харах хүнгүй, лангуу эзгүй хоосон түрээсийн мөнгө гараад байхаар нь эхнэрээ ******* хот руу явуулахаар Их-Уул сум орж унаанд суулгаж явуулаад өөрөө үлдээд буцаад зоос худалдаж авах зорилгоор сум орсон. Би яг хэдний өдөр сум руу очсоноо санахгүй байна. 10 дугаар сарын 10-д гарчихсан орой болчихсон яг шөнө болоогүй байсан. сумд очоод орой болж байсан учир өглөө айлуудаар орж зоос суръя гэж бодож байгаад гэнэт өмнө нь зоос сурж орж байсан нөгөө эгчийн судрыг авъя гэж бодсон. Тэгээд сударны оронд хийх кардонон цаасыг давхарлаж скочдож бэлдээд машинаа хашааных нь арагшаа байх хөрөө рамны ойролцоо орхичхоод явган явж очоод хашааных нь урдуур явахад хашааны том хаалга нь онгорхой дотор 2 гэр хоёулаа гэрэлтэй байсан. Тэгэхээр нь хашааны хаалгаар ороод судар байсан гэрийн баруун хаяанд сууж байсан. Тэгтэл гэрийн эгч гараад хажуу талын айл руугаа орсон. Тэгэхээр орой болсон байсан учир тэр эгчийг зурагт үзэх гэж байна гэж бодоод гэрийнх нь хаалгаар орж судрыг нь гадна талынх ороолтыг задалж дотор нь кардонон цаасаа хийж тавьсан. Гарахдаа хажуу талынх  нь хашаанд том машинаас хүмүүс юм буулгаж байсан болохоор харчиж магадгүй гэж бодоод гэрийн зуухан дээр зогсож байгаад судрыг тооноор нь гаргаж доош гулсуулчхаад дараа нь гэрээс гараад судраа авалгүй орхичхоод явсан. Би гэрээс судар авах үед яг хэдний өдөр хэдэн цаг байсан талаар санахгүй байна. Гэрээс өөр авсан эд зүйл байхгүй. Намайг ороход гэрийн хаалга цоожгүй байсан. Гэрээс гараад хашааны хойд талаар нь давж гараад машин руугаа очихоор гүйж явж байгаад гэнэт малгайгаа хаяснаа мэдээд буцаад замаараа  явж малгайгаа хайсан боловч малгай олдохгүй байсан учир гэрт үлдээчхэж гэж бодсон. Тэгээд машин дээрээ очоод малгайгаа авахгүй бол баригдчих байх гэж бодоод буцаад хашааных нь гадаа очиход нөгөө эгчийн гэр цоожтой судар газар унасан байдалтай байсан. Тэгэхээр нь би тооноор нь ороод малгайгаа хайхад зуухны хажууд байсан пиавар савтай айраг аарц гэмээр зүйл дотор уначихсан байсан. Тэгээд малгайгаа аваад буцаад тооноор гараад явсан. Тухайн үед би өөрийн малгайгаа авсан өөр тэр айлаас ямар нэгэн эд зүйл аваагүй. Тэгээд машин дээрээ очоод ******* хот руу гарсан. Маргааш нь хот ороод гэртээ 1 хоночхоод зах дээгүүр зарах гээд явахад 200,000-300,000 төгрөгөөр авна гээд байхаар нь өгөөгүй. Байлгаж байя гэж бодоод гэртээ аваачих гэхээр эхнэр мэдчих гээд байсан учир хамаатны гэх хүнтэй уулзаж би энэ судрыг хүнээс худалдаж авсан юм зарах гэсэн чинь хямдхан авах гээд байна чамд үлдээгээд чамаас 2-3 хоногийн дараа авъя гэж хэлээд үлээгээд явсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 189-191-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэр тоотод хашаанд байрлах хохирогч Ж.*******ийн гэрээс нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө бурхан шашны эд зүйл болох хонх, очир, дунд гарын мөнгөн аяга, бэлнээр 20,000 /хорин мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 620,000 /зургаан зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Ж.*******ийн “...2023 оны 10 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө би өөрийн нөхөр болох Б. болон ач хүү нарын хамт гэртээ унтаж байсан чинь гэр дотор хүн яваад байх шиг байсан. Би нөхөр болох Б.ийг гэр дотор явж байгаа юм байх гэж бодоод орон дээрээ буруу хараад хэвтэж байсан чинь миний орны дээд талд байдаг бурхан гүнгэрвааны доторх эд зүйлсийг оролдох шиг болсон. Тэгээд би юу болоод байгааг мэдэх гэж гэрийнхээ гэрлийг нь асаасан чинь гэр дотор явж байсан үл таних хүн гэрээс гүйгээд гараад явчихсан. Тэгээд манай ач хүү болон нөхөр Б. нар сэрсэн. Би босоод бурхныхаа гүнгэрвааг үзсэн чинь бурхан шашинд хэрэглэдэг цайвар өнгөтэй хонх, шаргал өнгийн очир, мөн бурхан дотор байсан 20,000 төгрөг, миний өөрийн эдэлж хэрэглэдэг дунд гарын мөнгөн аяга зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан. Би энэ талаар хүүхдүүддээ утсаар ярьж хэлээд өнөөдөр цагдаагийн байгууллагад хандсан. Хонх болон очир нь бурхан шашны эд зүйлс байгаа юм. Дээр үеийн эд зүйлс бөгөөд миний нөхөр болох Б.ийн ааваас нь уламжлан өв дамжигдаж ирсэн эд зүйлс. Тэгэхээр 1900 оны үед л эдэлж хэрэглэж байсан эд зүйл юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 209-210-р хуудас/,

- Гэрч Б.ийн “...Манайх Завхан аймгийн сумын багт байдаг 1 дүгээр сургуулийн ард тоотод сүүлийн 30 гаран жил амьдарч байгаа юм. 2023 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал манай самган *******, манайд байдаг ач хүү хоёр хүүе гээд орилолдоод байхаар нь сэрээд юу болсон талаар асуухад ******* бурхны торхон дотор байсан очир, хонх хоёрыг мөн миний урд байсан мөнгөн аягыг аваад явчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 213-214-р хуудас/,

- 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 199-201-р хуудас/,

    - Шүүгдэгч О.*******ийн “...Тэгээд сумд байх нэг сургуулийн ойролцоо машин дотроо хонох гээд байж байтал бие засмаар болоод сургуулийн хашаанд нойл олдохгүй байхаар нэг айлын хашааны хаалга онгорхой байхаар нь нойлд орохоор хашаа руу нь орж нойлд ороод гарч ирсэн. Нойлд орж хүндэрчхээд гартал хашаанд байсан гэрийн хаалга нь бага зэрэг онгорхой байхаар нь очоод асаагуурын гэрэл тусгаад үзэхэд хүмүүс нь унтаж байсан. Тэгэхээр нь гэрийнх нь хоймор луу тусгахад бурхан шашны зүйл болох хонх, очир харагдахаар нь авчихъя гэсэн бодол төрөөд хонх, очир болон мөнгөн аяга, бэлэн 20.000 төгрөг байсныг автал хүн сэрээд гэрлээ асаахаар нь авсан юмнуудаа бариад гэрээс нь гүйж гарсан. Хашааны хаалгаар гүйж гараад урд талын айлын хашааг даваад цааш гарч машин дээрээ очсон. Тэгээд ******* хот руу шууд гарсан. Тухайн үед араас хүн хөөж магадгүй гэж бодоод хашаа давсан. Хашаа давах үедээ би мөнгөн аягаа унагаачхаад тэр чигээр нь орхичхоод яваад өгсөн. Намайг тухайн айлд орох үед 01 цаг орчим болж байсан байх яг цаг нарийн хараагүй. Тэгээд шууд ******* хот руу гараад Их-уул сум өнгөрөөд явж байтал эхнэр над руу залгаад цагдаа залгаад байна юу болоод байгаа юм бэ гэхээр нь би эхнэрээсээ цагдаагийн дугаарыг нь аваад ярихад Тосонцэнгэл сумын цагдаа дээр хүрээд ир гэхээр нь би буцаад өөрөө очсон. Тэгээд Их-уул сум орохоосоо өмнө нэг газар зогсоод очир, хонх хоёроо замын үерийн далангийн доор чулуун дор хийчхээд Тосонцэнгэл сум орсон. Тосонцэнгэлийн цагдаа дээр очиход надаас сумаас айлаас Судар алга болсон талаар мэдэх зүйл байна уу гэхээр нь би сумаас айлаас Судар авснаа хэлсэн. Мөн өөр хийсэн хэрэг байгаа эсэх талаар асуухаар нь сумаас хонх, очир, мөнгөн аяга, бэлэн 20.000 төгрөг авснаа хэлж хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Би мөнгөн аяганы үнэ 300.000 төгрөг болон бэлэн 20000 төгрөг нийт 320.000 хохирогчид бүрэн төлсөн. Харин хонх, очир хоёрыг би Тосонцэнгэл сумын цагдаад байгаа газрыг нь зааж өгч хүлээлгэн өгсөн. ...Хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө авсан байсан. Тухайн мөнгөө төлж чадахаа байсан тул энэ хэргийг үйлдсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 242-244-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар, өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд зүйлээ эзэмшилдээ авч өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчдөг. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна. Шүүгдэгч О.*******ийн хувьд хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн байна.

Шүүгдэгч О.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж хохиролд зориуд хүргэж амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байх тул Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

  • Хохирлын талаар:

Шүүгдэгч О.*******ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч М.т  600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “” ХХК-ийн шинжээч Ж.гийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 649 дугаартай дүгнэлтээр /1-р хх-ийн 156-166-р хуудас/,

Хохирогч Ж.*******д 620,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаартай дүгнэлтээр /1-р хх-ийн 230-232-р хуудас/ тус тус  тогтоогдож байна.

Шүүгдэгч О.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь бурхан шашны эд зүйл болох судар, очир, хонх зэргийг нь биет байдлаар хохирогч нарт хүлээлгэн өгсөн тухай “эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл” болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 124-126, 206-р хуудас/-ээр тогтоогдож байна. Мөн хохирогч Ж.*******ийн гэрээс хулгайлсан дунд дунд гарын мөнгөн аяганы үнэ 300,000 төгрөг болон 20,000 төгрөгийн хохирол нийт 320,000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийг хохирогчид шилжүүлсэн болох ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон хохирогч Ж.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч О.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос шүүгдэгч О.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна.

Мөн шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 Шүүгдэгчид хүлээлгэх прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч О.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 5. Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 51 см урт, 17.5 см өргөн кордон цаасыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ДОРЖБАЛ