| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2020/02909/И |
| Дугаар | 102/ШШ2020/02954 |
| Огноо | 2020-10-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2020/02954
| 2020 оны 10 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2020/02954 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.С-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд Л.Стэй танилцан, 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд охин С.Сийлэн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр, охин С.Сондор 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн.
Нөхөр Л.С нь таван жилийн өмнө миний эрх чөлөөнд халдаж зодсон үүний улмаас миний эрүүл мэнд, биед гэмтэл учирч, улмаар би Дархан-Уул аймаг Шарын гол суманд аав, ээж хоёр дээр очиж түр амьдарч байгаад нөхөр Л.С дахин эрх чөлөөнд халдахгүй, хэл амаар доромжлохгүй гэж аав ээж хоёрт амлалт өгч, бид дахин өөрийн үр хүүхэд, амьдралаа бодож Л.Стэй дахин амьдрах болсон. Би нөхөр Л.Сд итгэж хоёр дахь хүүхдээ төрүүлж өгсөн боловч нөхөр Л.С нь өдөр ирэх тусам улам ааш авир нь өөрчлөгдөж, амьдрах нөхцөл боломжгүй байдлыг удаа дараа байнга гаргаж, амьдрах хугацаандаа ажил төрөл хийж гэр бүлийн орлого олох талаар хойш суудаг ба намайг бусадтай байнга хардаж сэрдэх энэ үйлдэл нь миний бусадтай хамтран ажиллах боломж олгодоггүй, сэтгэл зүйн дарамт учруулдаг.
Хардалтын улмаас 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө миний эрх чөлөөнд халдаж, зодож гэмтэл учруулсан үүний улмаас цагдаагийн 102 дугаар утсанд дуудлага өгч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж нөхөр болох Л.Сг гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн нотлох баримтаар тогтоогдсон тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 7 хоног баривчлах шийдвэр гаргасан болно. Би байнгын гэр бүлийн маргаантай, хүчирхийлэлд өртөж, сэтгэл зүйн болон эрүүл мэндээрээ удаа дараа хохирч байна. Тиймээс бид харилцан тохиролцож том охиноо аавынхан асрамжид, бага охиноо би өөр дээр авч, хүүхдийн тэтгэлэг авахгүйгээр ярилцсан. Мөн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө өөрт болон хоёр хүүхдэд ногдох өмч байхгүй. Иймд цаашид нөхөр гэх Л.Стэй хамтран амьдрах боломжгүй байх тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр танилцаж, 8 дахь жилдээ хамт амьдарч байна. Хамтран амьдрах хугацаандаа өмнө нэг удаа гар хүрсэн гэж байна. Энэ нь гадны нөлөөллөөс болдог байсан. Гар хүрсэн гэдэг нь Д.Т гэртээ хоноогүй байхад нь олж сэрээх зорилгоор биед нь хүрснийг гар хүрсэн гэж ойлгосон. Намайг 3 сар ажил хийсэн гэж байна. Манай эцэг, эх 3 өрөө байр, машин үлдсэн бөгөөд би уг байрны 1 өрөөнд нь жижиг студи байгуулж үүнээс дамжуулж студи өргөжиж том болсон. Хамтран амьдрах хугацаанд энэ хүний нэр хүнд, өсөж дэвшиж олны танил болсон. Энэ хугацаанд би 2 хүүхдээ харах, ар гэрийн асуудлыг зохицуулж байсан. Төрийн албан хаагчийн ажил өглөө 8 цаг 30 минутаас орой 6 цаг хүртэл ажиллаж цэцэрлэгт хүүхэд өгч авах тал дээр асуудал гарч эхэлсэн. Нэхэмжлэл дээр бичсэн шиг байнга дарамталдаг гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж байгаагүй. Харин ч эцэг хүний үүргээ сайн биелүүлж байсан. Бид хоёрын амьдрал энд хүрээд дуусаж байгаад харамсаж байна.
Би нэхэмжлэлд дурдсан шиг догшин харгис хэрцгий хүн биш. 2020 оны 7 дугаар сарын 25-ны шөнө гар хүрэх болсон шалтгаан нь манай эхнэр бүтэн жил тоглоом тоглож донтсон учраас гэр бүлийн байдал цалгардаж, бидний харилцаа муудсан юм. Иймд би эхнэр Д.Тийн гаргасан нэхэмжлэлийн дагуу том охиноо өөр дээрээ авч, бага охиноо Д.Тийн асрамжид үлдээх саналтай байна. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна гэв.
Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Л.Сд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Т болон хариуцагч Л.С нар нь 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр охин С.Сийлэн, 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр охин С.Сондор нар төрсөн нь 1107001672, 1107003564 дүгээр төрсний гэрчилгээ болон 1107000197 дугаар гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байхаас гадна талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.
Талууд хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2020 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байхаас гадна хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсан нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 981 дүгээр шийтгэврээр нотлогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдэд мөн зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно” гэж заасныг үндэслэн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин С.Сийлэнг эцэг Л.Сгийн, 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин С.Сондорыг эх Д.Тийн асрамжид тус тус үлдээв.
Гэрлэгчид шүүх хуралдаанд харилцан хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэж тайлбарлаж байх боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээ, хугацаагаар зохигчдоос тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хүүхдүүдийн эрх ашигт нийцэхээр байна.
Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охин С.Сийлэнг эцэг Л.Сгийн асрамжид, охин С.Сондорыг эх Д.Тийн асрамжид тус тус үлдээж, зохигчдоос тэтгэлэг гаргуулан хүүхдүүдэд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Аргай Ядам овогт Лхагвадоржийн Сүбээдэй, Боржигон овогт Дэлгэрдоржийн Төгөлдөр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин С.Сийлэнг эцэг Л.Сгийн, 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин С.Сондорыг эх Д.Тийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин С.Сийлэн, 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин С.Сондор нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Л.С болон эх Д.Т нараас тус тус гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН