Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2020/01632/И |
Дугаар | 102/ШШ2020/01697 |
Огноо | 2020-05-27 |
Маргааны төрөл | Аялал жуучлал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2020/01697
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 10-р хороонд оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр УУ00000000, Т овогт Б-ын Н-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороо, 0 тоот, регистр 0000000, О санд холбогдох 24 163 729 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 06-р сарын 17-ны өдөр О сангаар зуучлуулан Австрали улс руу хэлний бэлтгэлд суралцахаар гэрээ байгуулсан. Тус сангийн зуучлалын хөлс нь 20 000 000 төгрөг бөгөөд үүнд зуучлалын төлбөр, сургалтын төлбөр гэх мэт холбогдох бүх зардлууд багтсан. Ингээд би 2019 оны 06-р сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөгийг тус сангийн 9 тоот дансанд шилжүүлсэн. Хэрэв визний хариу татгалзсан тохиолдолд зуучлалын хөлс 20 000 000 төгрөгийг ямар нэгэн шимтгэл суутгалгүйгээр 30 хоногт, мөн нөхөн олговор болгож 5 000 000 төгрөгийг 60 хоногт багтаан буцааж олгохоор гэрээний 2.4-р заалтад заасан. Гэтэл 2020 оны 01-р сарын 13-ны өдөр элчингээс татгалзсан хариу ирсэн, тус сан 2020 оны 02-р сарын 13-нд 500 000 төгрөг, 2020 оны 03-р сарын 30-нд 1 500 000 төгрөг шилжүүлснээс өөрөөр төлбөрийг буцааж өгөхгүй байгаа. Тус төв нь гэрээ байгуулсны маргааш буюу 2019 оны 06-р сарын 18-ны өдөр банкны түүх үүсгэх зорилгоор намайг банкны баталгаа гаргадаг хүн рүү явуулж, өөрийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж, уг дансаа барьцаалан зээл авах заавар өгсөн. Үүний дагуу 2019 оны 06-р сарын 18-ны өдрөөс 12-р сарын 18-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай хадгаламжийн данс нээлгэж, дансаа барьцаалан зээл авсан. Зээлийн хүүг хэн төлөх талаар лавлахад манайхаас сард хэд хэдэн шилжүүлэг хийж түүх үүсгэнэ, энэ шилжүүлсэн мөнгө нь уг зээлийн хүү гэж тайлбарласан. Гэтэл төвийн хариуцлагагүйгээс болж 2 сар гаруй цаг алдаж төлөвлөсөн хугацаандаа визээ мэдүүлж чадаагүй. Үүний улмаас дээрх зээлийн дансыг 2 сараар сунгах шаардлагатай болж, өмнө авсан зээлийн хүү 5 313 718 төгрөгийг аргагүй байдалд орон өөрөөсөө төлж гэрээг сунгасан. Мөн сунгасан зээлийн гэрээг хаахдаа ахин 2020 оны 01-р сарын 20-ны өдөр 758 584 төгрөгийн хүү төлсөн. Ийнхүү нийт 6 072 302 төгрөгийн хүү төлснөөс надаас 1 163 729 төгрөгийн зардал гарсан. Мөн гэрээний 2.4-т заасан нөхөн олговор 5 000 000 төгрөг нь тус төвийн зуучлах үйл ажиллагааны нэгээхэн хэсэг бөгөөд зөвхөн виз гараагүй тохиолдолд олгохоор заасан байдаг. Тухайн үед олон нийтийн сүлжээгээр анхны хариуцлагын тогтолцоотой, хариуцлагатайгаа баталж нөхөн олговор өгдөг зуучлалын цорын ганц төв хэмээн мэдээлэл цацсаар байсан, хэд хэдэн хүн энэ рекламанд итгэн гэрээ байгуулсаар байсан. Харин дээрх данстай холбоотой 5 000 000 төгрөгийн зардал нь визний хариу татгалзсан, зөвшөөрсөн эсэхээс үл хамаарч заавал гарах зардал бөгөөд үүнийг тооцон үзэж уг төв нь зуучлалын хөлсийг маш өндөр буюу 20 000 000 төгрөгөөр тогтоосон байдаг. Үүнээс харахад нөхөн олговорын 5 000 000 төгрөг болон банктай холбогдох нөхөн олговорын 5 000 000 төгрөг нь хоорондоо цаг хугацааны хувьд ч, зорилго утга санааны хувьд ч, зориулалтын хувьд ч огт холбоогүй нь нотлогдож байгаа юм. Миний бие тус төвийн захирал Н.М-тэй анх уулзахад зуучлалын төлбөр болох 20 000 000 төгрөгийг гэрээний хугацаандаа буюу 2020.02.13-ны өдөр шилжүүлье, харин нөхөн олговор болох 5 000 000 төгрөгийг 4 юмуу 5 сар гэхэд төлж дуусгая гэдэг санал тавихад нь хүлээцтэй хандаж зөвшөөрсөн. Ингээд 2020.03.30-ны өдөр 10 000 000 төгрөгийг 2020 оны 05-р сарын 30-ны дотор 9 500 000 сая төгрөгийг шилжүүлж өр төлбөрийг дуусгана гэж амласан. Гэвч 2020 оны 03-р сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөгийг л шилжүүлсэн. Иймд О сангаас үлдэгдэл зуучлалын төлбөр болох 18 000 000 төгрөг, нөхөн олговор 5 000 000 төгрөг, миний банкинд төлсөн зээлийн дансны хүү болох 1 163 729 төгрөг нийт 24 163 729 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.М шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 06-р сарын 17-нд Б.Н-тэй Австралид суралцуулах гэрээ хийж 20 000 000 төгрөгийн төлбөр авсан. 2019 оны 06-р сарын 18-нд Б.Н-т өөрт нь 3 115 000 төгрөг, 2019 оны 12-р сарын 17-ны өдөр хүртэл Голомт банкны 00000 тоот данс руу манай сангаас 1 885 000 төгрөгийг олгосон. Мөн 2019 оны 12-р сарын 04-ний өдөр Австралийн коллежид 8 795 200 төгрөг, 2019 оны 12-р сарын 10-нд эрүүл мэндийн даатгалын төлбөр 1 007 191 төгрөг, 2019 оны 12-р сарын 10-ны өдөр визний төлбөрт Австрали улсын дотоод хэргийн яаманд 1 205 211 төгрөг нийтдээ 16 007 206 төгрөгийг өөрт нь болон холбогдох байгууллагуудад төлсөн. Гэтэл Б.Н-т 2020 оны 1-р сарын 10-ны өдөр виз олгохоос татгалзсан. Манай байгууллагаас Б.Н-т 2 000 000 төгрөгийн буцаан олголтыг өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь гэрээний 2.4-т хэрэв суралцагч 2.5-д зааснаас бусад шалтгаанаар визээ авч чадаагүй бол зөвлөх үйлчилгээний төлбөрийг ямар нэгэн суутгал шимтгэлгүйгээр буцаан олгоно, мөн 5 сая төгрөгийн буцаан олголтыг визний хариу гарснаас хойш 2 сарын дотор суралцагчид олгоно гэж заасан. Суралцагч хуурамч материал бүрдүүлэн өгснөөс болж визээ авч чадаагүй. Иймд 2.5-д зааснаар бид нар ямар нэгэн зөвлөх үйлчилгээний төлбөр буцаан олгох боломжгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь О санд холбогдох Австрали улсад суралцуулах гэрээний улмаас учирсан хохирол 24 163 729 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 16 794 789 төгрөгийг гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
О сан нь Б.Н-тэй 2019 оны 6-р сарын 17-ны өдөр Австрали улсад суралцуулах гэрээ байгуулж, тус улсад хэлний бэлтгэлд 1 жилийн хугацаатай суралцуулах, зөвлөх үйлчилгээний төлбөрт 20 000 000 төгрөг төлөхөөр /хх 6-7/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 410-р зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Австрали улсын Дотоод хэргийн яам 2020 оны 01-р сарын 10-ны өдөр Б.Н-т оюутны виз олгохоос татгалзсан хариу өгсний улмаас нэхэмжлэгч хохирсон гэж маргасан, харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...хуурамч баримт бүрдүүлсэн учраас виз олгохоос татгалзсан гэж тайлбарлажээ.
Виз олгохоос татгалзсан үндэслэлийг эрх бүхий байгууллага... Б.Н-ийн эх орондоо байгаа нөхцөл байдал, Австрали улсад байх нөхцөл байдал, хөтөлбөрийн ирээдүйд оруулах үнэ цэнэ, цагаачлалын түүх, бусад хамааралтай нөхцөл байдлуудыг судалж, Цагаачлалын хуулийн 500.212 заалтын шаардлага, оюутны визний өргөдөл гаргагчийн шаардлагыг хангаагүй гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл, виз хүсэгт нь ...2014 оноос жимс ногооны бизнес эрхэлж байгаа, бизнесийн ашиг, үүнээс олдог орлого хангалттай нотлогдоогүй, эх орондоо эдийн засгийн хязгаарлагдмал нөхцөл байдалд байна...гэж дүгнэсэн нь виз мэдүүлэхдээ хавсаргасан 2019.3.20-ны өдрийн болон 2019.2.19-ний өдрийн жимс ногоо худалдах, худалдан авах гэрээг /хх 83-88/ хуурамч баримт бүрдүүлсэн, хуурамч гэрээ гэх үндэслэл болоогүй байна.
Гэрээний хавсралт 1-т виз мэдүүлэгч 60 сая төгрөгийг 6 сарын дансанд байршуулах шаардлага тавигдсан байх ба Б.Н нь виз мэдүүлэх үед энэ шаардлагыг хангах эх үүсвэр байгаагүй, харин зуучлагч үүнийг бүрдүүлэх зорилгоор бусдын мөнгөөр Голомт банкинд 2019 оны 6-р сарын 18-нд 58 100 000 төгрөгийн хадгаламж нээлгэх, хадгаламж барьцаалж 55 200 000 төгрөгийн зээл авах зэрэг нөхцөлийг бүрдүүлсэн нь гэрээний 3-р зүйлийн 3.2-т заасан зөвлөхийн үүрэг, 4-р зүйлийн 4.1-т заасан суралцагчийн үүргийг тус тус зөрчсөн буруутай.
Өөрөөр хэлбэл, эдгээр баримт нь бизнесийн ашиг, орлого нь хангалттай нотлогдоогүй гэх үндэслэл болсон гэж дүгнэлээ.
Нөгөө талаас, виз олгохоос татгалзсан үндэслэлд Австрали улсад байх нөхцөл байдал, хөтөлбөрийн ирээдүйд оруулах үнэ цэнэ, цагаачлалын түүх, бусад хамааралтай нөхцөл байдлууд багтсан байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нөхөн олговор 5 000 000 төгрөг шаардсан нь бодит байдалтай нийцээгүй байна.
Б.Н нь Голомт банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд зээлийн хүүнд төлсөн 1 163 729 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй, түүнчлэн хариуцагч нь зээлдэгчийн Голомт банк дахь дансанд мөнгө шилжүүлсэн нь талуудын бүрдүүлсэн банкны баталгаа буюу виз мэдүүлэхтэй холбоотой байх тул зөвлөх үйлчилгээний хөлсөнд төлсөн 20 000 000 төгрөгөөс хасч тооцох боломжгүй.
Түүнчлэн зөвлөх үйлчилгээний төлбөрт сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, визний хураамж, ном сурах бичгийн зардал, онгоцний тийзний үнэ зэрэг зардлууд багтсан байх ба 20 000 000 төгрөгөөс визний төлбөрт төлсөн 1 205 211 төгрөг, хариуцагчаас буцааж төлсөн 2 000 000 төгрөгийг хасч 16 794 789 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
1.Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1, 227-р зүйлийн 227.1, 410-р зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан О сангаас 16 794 789 /арван зургаан сая долоон зуун ерэн дөрвөн мянга долоон зуун наян ес/ төгрөг гаргуулж Б.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 7 368 940 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 769 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч О сангаас 245 719 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.