Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/21

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Ж.Отгончимэг, хохирогч Д.А, шүүгдэгч Л.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00000 2015 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М овгийн Л.Ө, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл тав, эгч, хүргэн ах, дүүгийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: **, урьд:

- Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, эдэлж дууссан байна.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Л.Ө нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 29-ээс 30-нд шөнө шилжих архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж улмаар гараараа нүүр хэсэгт цохиж зодож газар унагаад чирч биед нь доод уруулын салстад шарх, баруун дээд зовхи хамрын нуруу, нуруунд зулгаралт баруун дээд зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Мөн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 29-ээс 30-нд шилжих архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж улмаар түүний унаж явсан ** Т улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалганы шил, урд салхины шил зэргийг санаатайгаар хууль бусаар устгаж гэмтээсний улмаас хохирогч Б.Б-д 340,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, М овгийн Л.Ө нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 29-ээс 30-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ хамтран амьдрагч Д.А-ийг “согтуугаар машин барьж явах гэлээ” гэсэн шалтгаанаар маргаж, улмаар гараараа нүүр лүү нь цохиж, газар унаган чирч бие махбодод нь “доод уруулын салстад шарх, баруун дээд зовхи, хамрын нуруу, нуруунд зулгаралт баруун дээд зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байх бөгөөд мөн энэ хэргийг үйлдэх үедээ хамтран амьдрагч Д.А-ийн унаж явсан ** улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийн баруун талын урд хаалганы шил болон салхины шилийг хагалж, тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.Б /Д.Аийн эх/-д 340,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Шүүгдэгч Л.Ө шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр гадаа хүйтэн байсан. Гэртээ ороод шөлтэй хоол идмээр байсан боловч А надад гуляш хийж өгөх гэж байсан. Тэгээд шөлтэй хоол хийчихгүй дээ гээд маргаан болсон бөгөөд би гараад явсан. Тэгэхэд нь би гарч явахдаа “архи уулаа” гэж  хэлээд, архи уух гээд байж байгаад буцаж ирээд А бид хоёр “хоёулаа зуслан явъя” гэж ярилцаад, зуслан дээр очоод архи уусан юм. Тэгээд А “машинаа жолоодож явна” гээд байхаар нь явуулахгүйн тулд тээврийн хэрэгслийнх нь цонхыг хагалсан юм. Харин би түүнийг гараараа цохиж зодсон зүйл байхгүй. Тээврийн хэрэгслийн цонхоор орохдоо мөрөөрөө цохиж А-т гэмтэл учруулсан байж магадгүй. Би урьд өмнө түүнийг цохиж зодож байгаагүй. Тэр үед машиныг нь унтраагаад, түлхүүрийг нь өөртөө байлгаж байгаад, аав, ээж, цагдаа дуудна гэхэд нь тээврийн хэрэгслийнх нь арын дугуйн хэсэгт түлхүүрийг нь үлдээгээд түрүүлээд явсан. Би түлхүүрийг нь өгөхгүй байх үед надтай түлхүүр булаацалдаж байхдаа А биедээ гэмтэл учруулсан байх...” гэж мэдүүлэв.

Хохирогч Д.А шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр бид хоёр хоолноос болж маргалдаад, Ө бид хоёр хамт согтууруулах ундаа хэрэглэсэн. Ө-ыг бие засах хооронд манай найз ирсэн байсан тул уулзах гээд гарсан. Тээврийн хэрэгсэл дотор сууж байхад Ө намайг явуулахгүй гээд жолооч талын шилийг хагалаад түлхүүр аваад явсан. Би түлхүүрээ авах гэж араас нь зүүгдэж байгаад зам дагуу чирэгдсэн. Намайг Ө цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн өдөр би согтуу байсан. Дуудлагаар цагдаа ирэхэд аав, ээж, дүү нар ирсэн байсан бөгөөд биднийг тээврийн хэрэгсэлдээ суулгаад, цагдаагийн газарт ирсэн. Тэр оройдоо надаас мэдүүлэг авсан. Би согтуу байсан учраас зарим мэдүүлгээ сайн санахгүй байгаа, зарим мэдүүлгээ санаж байна. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй...” гэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн дараах нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2023 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод байсан. Орой болоод цуйван хийх гэж байсан чинь Ө ажлаасаа орж ирээд “ажил ихтэй ядраад байхад шөлтэй хоол хийсэнгүй пизда чинь” гээд над руу уурлаад байхаар нь би “өөрөө амархан, хурдан болдон хоолоо хийгээд ид” гэж хэлсэн. Тэгсэн Ө өрөө рүү ороод хэвтээд байхаар нь би ... “гэр лүүгээ явлаа” гээд машины түлхүүрээ аваад гэрээс гарахад Ө араас гарч ирээд “хайраа уучлаарай гээд байсан. Тэгэхээр нь би гэртээ буцаж ороод “чи яагаад над руу уурлаад намайг хэл амаар доромжлоод байгаа юм бэ, намайг явуулчхаад хуучин эхнэр лүүгээ явах гээд байгаа юм уу” гэж асуусан чинь “надад хэн ч хэрэггүй, би архи ууна” гээд уурлаад гэрээс гарсан. Би араас нь гараад өөрийн автомашинаа унаад модны 2 гэх газрын ойролцоо явж байхад Ө над руу утсаар яриад “чи ямар залуутай ... явж байгаа юм бэ, хэн чамайг дуудаад ийм хурдан яваад өгсөн юм бэ, би архи уулаа” гэхээр нь би буцаж очоод авсан.  Энэ үед Ө нэг шил архи авчихсан машинд орж ирж суусан. Тэгэхээр нь би архи уух гээд байвал хамт ууя гээд бид хоёр Баруун салаа Бумбатын ам гэх газар байх зуны байшиндаа очих зорилгоор машинтай явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутагт ирээд дэлгүүрээс 2 шил жижиг пиво аваад би уусан. Пиво уучхаад Өлзийтогтоход “би пиво уусан, одоо машин барьж болохгүй, хамт машиндаа унтъя” гэж хэлсэн чинь уурлаад машинаас буугаад янхан гичий гэх мэтээр доромжлоод чулуугаар машины урд талын болон баруун урд талын салхины шилийг хагалаад, намайг машинаас татаж буулгаад миний нүүр хэсэгт гараараа цохиж зодоод газар унагаад чирээд байсан. Тэгээд намайг цагдаа дуудлаа гэж хэлсэн чинь зугтаагаад явсан. Миний нуруу, баруун хөмсөг хэсэгт улайсан, өвдөөд байна шүүх эмнэлэгт үзүүлнэ. Ө өмнө буюу 2023 оны 05 дугаар сард намайг баруун салаа гэх газар байхад цохиж зодож байсан. Ер нь бол их хартай, найз нөхөд бол бусад хүмүүстэй хардаад гар утас зэргийг шалгаад байдаг. Машины урд талын салхины шил хагарсан баруун урд талын шил хагарсан гупер эвдэрсэн...”гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал);

2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...А нь миний төрсөн охин, Ө нь А-ийн хамтран амьдрагч байгаа юм. Тухайн ** улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх, би 2022 оны 07 дугаар сарын үеэр банк бус санхүүгийн байгууллагаас 18,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. 2023 оны 10 дугаар сарын 29-ээс 30-нд шилжих шөнө байх төрсөн охин А маань хамтран амьдрагч Ө-той хамт явж байхдаа зодуулаад машины урд салхины шил, жолооч буюу баруун талын цонхыг хагалуулсан юм байна лээ. Энэ талаараа надад 10 дугаар сарын 30-ны өдөр хэлэхээр нь би Налайх дүүргээс ирээд машинаа болон охиноо авч явсан. Миний харснаар охины баруун талын нүдний дээд зовхи бага зэрэг хавдчихсан, нуруу нь, 2 өвдөг нь зулгарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал);

3. Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 383 дугаартай: “Д.А-ийн биед доод уруулын салстад шарх, баруун дээд зовхи, хамрын нуруу, нуруунд зулгаралт баруун дээд зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх нидрэх үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал);

4. “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн: “...Тоёота Приус 30 загварын автомашины баруун урд хаалганы шил 60,000 төгрөг, урд салхины шил 280,000 төгрөг, нийт 340,000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт (хавтаст хэргийн 36 дахь тал);

5. Тээврийн хэрэгслийн гэрэл зураг (хавтаст хэргийн 45 дахь тал), хохирогч Д.А-ийн гэрэл зураг (хавтаст хэргийн 44 дэх тал), гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал);

6. Шүүгдэгч Л.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ** дугаар байр ** тоот гэртээ хамтран амьдрагч Д.А-тэй хамт цуг байхдаа ямар хоол хийхээс болж бага зэрэг маргалдсан юм...Тэгээд бид хоёр Баруун салаанд байрлах зуслангийн байшин руу явахаар болоод замдаа явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны орчимд гудамжинд зогсож дэлгүүрээс авсан архиа хувааж уусан. Энэ үед би машинаас буугаад бие засаж байхад Д.А машин дотор хүнтэй яриад байгаа бололтой байснаа цонхоо хаагаад “би явлаа” гэхээр нь би явуулахгүй гээд жолоочийн талын хаалганы цонхыг чулуу шидээд хагалсан, мөн урд талын салхины шилийг гараараа цохиод хагалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дэх тал) зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хэдийгээр хохирогч Д.А нь шүүх хуралдаанд “...Ө намайг цохисон зодсон зүйл байхгүй, би тухайн өдөр согтуу байсан бөгөөд зарим зүйлийг санахгүй байна. Би түүнтэй түлхүүр булаацалдаж байхдаа биедээ гэмтэл учруулсан байх” гэж мэдүүлсэн боловч түүний шүүхэд гаргасан шинэчилсэн мэдүүлэг нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бөгөөд хууль заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтаар няцаан үгүйсгэгдэж байна.

Хохирогч Д.А нь хэрэг гарсны маргааш нь, ухаан санаа эрүүл болсон үедээ өөрийн төрсөн эх Б.Б-д “...Ө-д зодуулсан цохиулсан...” талаараа хэлсэн байх бөгөөд Д.А-ийн биед учирсан гэмтлүүдийг түүний эх Б.Б харсан байна. Тэрээр энэ талаараа мөрдөгчид мэдүүлсэн, Д.А-ийн биед дээрх гэмтлүүд учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, гэрэл зургаар баталгаажсан, мөн анх гэмт хэргийн талаар хохирогч дуудлага өгөхдөө “...манай найз залуу согтуу намайг зодоод, машины салхины шил хагалаад, машины түлхүүр аваад явсан...” гэсэн болох нь гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллийн лавлагааны хуудаст тэмдэглэгдсэн байна.

Түүнчлэн, шүүгдэгч Л.Ө, хохирогч Д.А нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтэд тусгасан гэмтлүүдийн байрлал, шинж байдал, хэлбэр хэмжээтэй илтэд тохирохгүй байх бөгөөд шүүх тэдний мэдүүлгийг дотоод итгэл болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон бодит үнэнд нийцэхгүй байна хэмээн дүгнэв.

Жишээлбэл, хохирогч Д.А “...би явуулахгүй гээд хөлөөс нь зуурч дээш чирэгдэх үед миний нуруу зулгарсан...” гэх агуулгаар мэдүүлсэн боловч бодит байдал дээр хөлөөс доош урвуу чирэх үед цамц гэх мэт гадуур хувцас дээш сөхөгдөн нуруу ил гарснаар газарт чирэгдэн зулгарах боломжтой байдаг. Харин шүүгдэгч Л.Ө нь “...машины хаалганы цонхоор үсэрч орон голын хэсэгт байсан түлхүүрийг авах үедээ тохой юм уу, мөрөөрөө хохирогчийн нүүр лүү цохиж гэмтээсэн байх...” гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн боловч хохирогчийн нүүрний баруун хэсгээс гадна зүүн талд учирсан гэмтлийг дээрх үйлдлээр учруулсан байх боломжгүй юм. Мөн шинжээч “хохирогчийн нүүрэнд учирсан гэмтлийг хэд хэдэн удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой” хэмээн мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Ө-ын дээрх мэдүүлэг нь бодит байдалд нийцэхгүй байна.

Иймд шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйн хэрэг. Хохирогч Д.А шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгсөн гэж үзвэл эрүүгийн журмаар шалгах эрх хэмжээ нь прокурорын хяналтад хадгалагдана. Хэрэв шүүхийн шийдвэрийн яллах үндэслэл болсон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогчийн мэдүүлэг нь худал гэж үзвэл шүүгдэгч Л.Ө цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулах эрхтэй болно.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Ө нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч Д.А нь шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх заалтаар баталгаажсан гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхээс сайн дураар татгалзаад үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйгээр оролцов.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Шүүх шинжилгээний ерөнхий газрын налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 383 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Түүнчлэн, шүүгдэгч Л.Ө, хохирогч Д.А нар албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “...хамтран амьдрагч...” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүст хамаарна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ. хэмээн тодорхойлсон, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Л.Ө-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болжээ.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй байгууллагаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийг засварлах, солих зардлыг нийт 340,000 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар тооцсон тул энэ гэмт хэргийн улмаас 340,000 төгрөгийн буюу хууль зүйн хувьд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Л.Ө-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.А-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн түүний унаж явсан тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжийг тус бүр бүрэн хангаж байх тул шүүгдэгч Л.Ө-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.А шүүх хуралдаанд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийг засуулж өгсөн байх тул шүүгдэгч Л.Ө-ыг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Л.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн нийт 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна...” гэв.

Хохирогч: “...Торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч: “...Миний ажлын цаг тогтмол биш. Зарын дагуу гэнэтийн ажил гардаг тул нийтэд тустай ажил хийх боломжгүй байна, торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв. 

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Л.Ө нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), үл хөдлөх хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 51 дэх тал), жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 52 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 53 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), шүүгдэгчийн орлогыг тодорхойлсон Хаан банкны депозит дансны хуулбар (хавтаст хэргийн 56-64 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 56-78 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 80-84 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон болно.

Шүүх хавтаст хэргийн 56-78 дахь талд авагдсан цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаагаар тогтоогдсон хувийн байдал, хүний биед хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангаж чадна гэж үзэв.

Шүүгдэгч Л.Ө-д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн үндсэн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлсон газарт өдөрт наймаас дээшгүй цагаар тус тусад нь эдлүүлэхээр тогтлоо.

    1. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Ө нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.М овгийн Л.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Л.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Л.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ө-д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ө-д оногдуулсан гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлсон газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр заасугай.

6.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус шүүгдэгч Л.Ө-д сануулсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Ө нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА