Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2020/01698

 
     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14-р хороо, Жуковын өргөн чөлөө, өөрийн байр, регистр 0000000, У ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороо, Г өөрийн байр, регистр 000004, Н ТӨХК-д холбогдох 57 299 699 төгрөг гаргуулахыг хүссэн, У ОНӨААТҮГазарт холбогдох 55 650 000 төгрөг гаргуулахыг хүссэн Н ТӨХК-ний сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У ОНӨААТҮГ-тай Н ТӨХК нь 2019 оны 06-р сарын 10-ны өдөр 190610/Г020 тоот Авто замын тэмдэглэгээний ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан. Уг гэрээний 1.3-д тэмдэглэгээний ажлын материал болон термопластик, цацруулагч, цавууг манайх нийлүүлэхээр тохирсон бөгөөд энэ заалтын дагуу 2019 оны 06-р сарын 14-нд цацруулагч 200 кг, термопластик /цагаан/ 2 400 кг, термолластикийн цавуу 90 кг нийт 9 295 000 төгрөгийн материалыг Н ТӨХК-д нийлүүлсэн. Гэтэл Н ТӨХК нь гэрээт ажлаа хийгээгүй, авсан материалаа буцааж өгөөгүй. Гэрээний 7.5, 7.6 заалтыг үндэслэн 929 500 төгрөгийн алданги тооцож нийт 10 224 500 төгрөг, 2017-2018 оны үлдэгдэл тооцоо 3 809 799 төгрөг нийт 14 034 299 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Н ТӨХК нь 2015 оны 07-р сарын 28-ны өдөр ХХАГ-15-59 тоот гэрээ байгуулж 1 тонн асфальт бетоныг 180 000 төгрөгөөр бодож 600 тонн буюу нийт 144 000 000 төгрөгөөр зээлээр худалдаж авахаар гэрээ хийсэн. Төлбөрийг 2015 оны 09-р сарын 25-ны дотор төлөхөөр 2015 оны 07-р сарын 28-ны өдрийн 1/92 тоот албан бичгээр мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Худалдан авсан асфальт бетоны үнийн оронд 2017,2018 онд машин механизм түрээслэх гэрээг Н ТӨХК-тай байгуулж, төлбөрөөсөө хассан боловч өнөөдрийг хүртэл төлж дуусаагүй байна. Иймд гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тул 38 094 899 төгрөгийн алдангийг үндсэн нэхэмжлэлийн дүн дээр нэмж нийт 57 299 699 төгрөгийг Н ТӨХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани У ОНӨААТҮГ-тай 2019 оны 06-р сарын 10-ны өдөр 190610/Г020 тоот Авто замын тэмдэглэгээний ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан боловч тухайн үед манай зам засвар арчлалтын ажил давхацсан, цаг агаарын нөхцөл байдлаас болоод ажлаа гүйцэтгэж чадаагүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ТӨХК нь У ОНӨААТҮГ-тай 2017 оны 06-р сарын 12-ны өдөр ТҮГ-17-194 дугаартай Автогудернатор түрээсийн гэрээ , ТҮГ-17-195 дугаартай Эксковатор түрээсийн гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ТГ-2018-12 дугаартай Машин ,механизмын түрээсийн гэрээ-г тус тус дараах нөхцөлтэйгөөр байгуулсан. Үүнд: Эксковаторыг түрээсийн гэрээний 4.1-д нэг сарын төлбөрийг 5.000.000 төгрөг, өдрөөр тооцож төлөх бол нэг өдрийг нь 300.000 төгрөгөөр тооцох, гэрээний 4.2-д Түрээсийн төлбөрийг 1 сараар урьдчилан төлөх, гэрээний 4.3-д төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох, автогудернаторыг түрээсийн гэрээний 4.1-д автогудернаторын 1 сарын төлбөрийг 16 000 000 төгрөг,өдрөөр тооцож төлбөл нэг өдрийн 800 000 төгрөгөөр тооцох 2017:05:28-наас 2017.06.08-ны өдөр хүртэл өдрөөр тооцох гэрээний 4.2-д түрээсийн төлбөрийг 3 сараар урьдчилж төлөх, гэрээний 4.3-д төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох, Битум цацагчийг 1 өдрийн 800 000 төгрөгөөр, экскаваторыг нэг өдрийн 500 000 төгрөгөөр, индүүг 1 өдрийн 400 000 төгрөгөөр тооцох, ачигчийг 1 өдрийн 500 000 төгрөгөөр тооцох нөхцөлтэйгөөр тус тус байгуулсан. Гэрээнд заасан хугацаанд экскаватор, автогудернаторыг түрээслэгчид хүлээлгэн өгсөн. 2018 оны 04-р сарын 18-ны өдөр ТГ-2018-12 дугаартай Машин механизмын түрээсийн гэрээнд заасны дагуу машин, механизмыг ажиллуулсан. Гэтэл У ОНӨӨААТҮГ нь түрээсийн төлбөрийг бүрэн гүйцэд төлөхгүй өнөөдрийг хүртэл хохироосоор байна. Тооцоо нийлсэн актаар төлбөрийн үлдэгдэл 37 100 000 төгрөг болсон, гэрээний 4.3 дахь заалтыг үндэслэн алдангийг 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 18 550 000 төгрөгөөр тооцож, нийт 55 650 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд У ОНӨААТҮГ-аас 55 650 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: У ОНӨААТҮГ, Н ТӨХК-тай 2015 оны 7-р сарын 28-ны өдөр Асфальт бетон зээлээр худалдах-худалдан авах ХХАГ- 15-59 тоот гэрээ байгуулж, төлбөрийг 2015 оны 9-р сарын 25-ны өдөр төлж барагдуулах байсан. Уг гэрээний зүйл болох 600 тонн асфальтыг 1 тонныг 180 000 төгрөгөөр бодож нийт 144 000 000 төгрөгөөр авсан. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 8-р сарын 30-ны өдрийн 14 тоот тогтоолоор Нийтийн үйлчилгээний У ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, Х ОНӨААТҮГ, У ОНӨААТҮГ, Г ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулсан. Нийслэлийн Засаг даргын А/638 тоот захирамж 2016 оны 9-р сарын 05-ны өдөр гарч 14 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдаж данс тооцоо өглөг авлагыг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн. Авлагын товчоо тайланд Н ТӨХК-аас 76 189 799 төгрөгийн авлагатайгаар манай байгууллагад шилжин ирсэн. Уг гэрээний дагуу гэрээний алданги 38 094 899,97 төгрөг нийт 114 284 699 төгрөгийн авлагатай болно. Н АЗЗА ТӨХК-тай 2017 оны 06-р сарын 12-ны өдөр ТҮГ-17-194 дугаартай Автогудернатор түрээсийн гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ТҮГ-17- 195 дугаартай Экскаватор түрээсийн гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ТГ-2018- 12 дугаартай Машин механизмын түрээсийн гэрээнүүдийг байгуулан ажилласан. 2017 онд 22 880 000 төгрөг, 2018 онд 37 100 000 төгрөгийн машин механизм түрээслэн авлага барагдуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 54 304 699 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ үлдэгдэл төлбөр дээр 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 190610/Г020 дугаартай Тэмдэглэгээний ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан 9 295 000 төгрөгийн термопластикийн үнэ болон уг гэрээний 7.6-д заасны дагуу алданги болох 929 500 төгрөг нийт 10 224 500 төгрөгийг нэмээд нийт 64 529 199 төгрөгийн үлдэгдэлтэй үлдэж байгаа юм. Н ТӨХК нь нэхэмжлэлдээ түрээсэлсэн техникийн төлбөрт алданги бодсон байгаа нь огт үндэслэлгүй байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У ОНӨААТҮГазар нь Н ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх болон худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 57 299 699 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч Н ТӨХК нь УОНӨААТҮГазарт холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 55 650 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

 

У ОНӨААТҮГазар нь Н ТӨХК-тай 2019 оны 06-р сарын 10-ны өдөр 190610/Г020 тоот Авто замын тэмдэглэгээний ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэглэгээний ажлыг 2019 оны 7-р сарын 1-ний дотор гүйцэтгүүлэх, гэрээний 1.3-т зааснаар 9 295 000 төгрөгийн материалыг нийлүүлэхээр /хх 9-20/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 343-р зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

Захиалагч гэрээгээр тохирсон материалыг нийлүүлсэн боловч ажил гүйцэтгэгч Н ТӨХК нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгээгүй, энэ талаар хариуцагч маргаагүй байна.

 

Гэрээний 7.5, 7.6-д зааснаар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцохоор тохирсон байх ба 9 295 000 төгрөгт 929 500 төгрөгийн алданги тооцож нийт 10 224 500 төгрөгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч 2017-2018 оны үлдэгдэл тооцоо 3 809 799 төгрөг гаргуулахаар шаардсан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шаардлага тодорхойгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

У ОНӨААТҮГазар нь Н ТӨХК-тай 2015 оны 07-р сарын 28-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 600 тонн асфальт бетон хольцыг 144 000 000 төгрөгөөр худалдахаар /хх 117-119/ тохирчээ.

 

Худалдан авагч худалдан авсан бүтээгдэхүүний үнийг төлөөгүйтэй холбоотой, төлбөр тооцог харилцан тооцохоор Н ТӨХК нь У ОНӨААТҮГ-тай 2017 оны 06-р сарын 12-ны өдөр ТҮГ-17-194 тоот Автогудернатор түрээсийн гэрээ , ТҮГ-17-195 тоот Экскаватор түрээсийн гэрээ, 2018 оны 04-р сарын 18-ны өдөр ТГ-2018-12 тоот Машин ,механизмын түрээсийн гэрээ-г тус тус байгуулсан, улмаар түрээсийн төлбөрөөр худалдан авсан бүтээгдэхүүний үнийг төлөхөөр /хх 78-86/ тохирчээ.

 

Харин 2018 оны 9-р сарын 30-ны өдөр талууд хоорондоо тооцоо нийлж, акт үйлдсэн байх ба актаар /хх 85/ У ОНӨААТҮГазар 37 100 000 төгрөгийн өглөгтэй гарсан байна.

 

Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах болон түрээсийн гэрээний үүргийг харилцан тооцсон тооцоо гэж үзнэ. Хэдийгээр үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд худалдах, худалдан авах гэрээгээр алданги төлүүлэхээр тохирсон боловч талуудын тооцоогоор алданги тооцохгүйгээр үлдэгдлийг баталгаажуулсан гэж дүгнэлээ.

 

Нийтийн үйлчилгээний У ОНӨААТҮГазрын үйл ажиллагааг 2016 онд зогсоож, У ОНӨААТҮГ болгон өөрчилсөн байх ба тухайн үед Н ТӨХК-иас 76 189 799 төгрөгийн авлагатай байжээ.

 

Нэхэмжлэгч нь энэ үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги нэхэмжилсэн боловч 2018 оны 9-р сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 2 тал бүх өр төлбөрийг тооцсон гэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн хариуцагч нь тооцоо нийлсэн актаар тогтоосон 37 100 000 төгрөгийг 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 18 550 000 төгрөг нийт 55 650 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба талууд үндсэн болон бусад үүргийг бүхэлд нь тооцсон гэж үзнэ. Иймд сөрөг нэхэмжлэлээс 37 100 000 төгрөгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Хэргийн 135-184 дэх талд авагдсан техник тоног төхөөрөмж ажиллуулсан болон жолооч нарын тодорхойлолт зэрэг баримтууд нь бүхэлдээ гүйцэтгэсэн ажил, тооцоо нийлсэн актад орсон ажил үйлчилгээний талаарх баримтууд байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н ТӨХК-иас 10 224 500 /арван сая хоёр зуун хорин дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулж У ОНӨААТҮГазарт, Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан У ОНӨААТҮГазраас 37 100 000 /гучин долоон сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулж Н ТӨХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 47 075 199 /дөчин долоон сая далан таван мянга нэг зуун ерэн ес/ төгрөгийн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 18 550 000 /арван найман сая таван зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 576 546 төгрөг, хариуцагчаас төлсөн 436 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Н ТӨХК-иас 178 542 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, У ОНӨААТҮГазраас 343 450 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гард ан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА