Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/01703

 
     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6-р хороонд оршин суух, регистр ЕЕ0000000, Еү овогт Г-ийн А-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 7-р хороо,  регистр КК88881111, Б овогт М-ийн Б-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг тус хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, хариуцагч М.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оноос М.Б-той үерхсэн, 2013 оны 05-р сарын 16-нд хүү Б.У төрсөн. Хүүхэд төрснөөс хойш сар гаруй хугацаанд бид хамт амьдарч байгаад М.Б сургуульдаа явсан. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд надтай холбоо бариагүй, хүүхдээ ч асууж байгаагүй. Манай хүүхэд ирэх жил 3 дугаар ангид орно. Цаашид эцэг хүнийхээ үүргийг хайр халамжаараа үзүүлдэггүй юмаа гэхэд хуулийн хүрээнд биелүүлээсэй гэсэндээ хүүхэддээ тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч: Би тухайн үед Эрхүүд сурч байсан. Одоогийнх шиг холбоо барих боломж байгаагүй. Би хүүхдийн тэтгэлэг төлнө. Би эцэг, эхээрээ дамжуулаад хүүхэдтэйгээ холбоотой байдаг гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А нь М.Б-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Г.А, М.Б нар нь 2012 оноос үерхэж байгаад 2013 оны 5-р сарын 13-ны өдөр хүү Б.У-г төрүүлжээ.

 

Тэд гэрлэлт бүртгүүлээгүй бөгөөд хүүхдийн эцгээр М.Б бүртгэгдэж, төрсний гэрчилгээ олгосон байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Харин М.Б Эрхүүд сурч байсны улмаас талууд тусдаа амьдарсан, өнгөрсөн хугацаанд хүү Б.У эхийн асрамжинд өсч байгаа, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Иймд хуульд заасан журмаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж эцэг М.Б-оор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 5-р сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.У-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг М.Б-оор тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч М.Б-оос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА