Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/161

 

         

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал,

Улсын яллагч Э.Мөнх-Оргил,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.*******д холбогдох 2323000000192 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн *******суманд төрсөн, 42 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Завхан аймгийн *******сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,******* овогт *******ийн *******, регистрийн дугаар: *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Прокуророос шүүгдэгч Т.*******г  гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг  мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:

 Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн *******сумын нутаг дэвсгэрт хохирогч С.ын гээгдүүлсэн хар хөх өнгийн “Самсунг М-12” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 499.000 /дөрвөн зуун ерэн есөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хохирогч С.ын “...2023 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр *******сумд адуучин тэмцээн болно гэхээр нь би хөдөөгөөс орж ирээд сумын төв дээр байж байсан чинь манай найз надаас зээлсэн мөнгөө өгмөөр байна. Би сумын төвийн хойд талд байрлах самбарын хажууд сууж байна. Чи хүрээд ир гэхээр нь би явж очоод мөнгөө данс руугаа шилжүүлж авчхаад дансны мэдээлэл утсанд ирэнгүүт нь сумын төв дээр ажилтай байсан болохоор буцаад явсан. Тэгээд сумын төв дээр орж ирээд утсаар ярих гэсэн чинь миний утас алга болчихсон байхаар нь сая байсан газраа унгаачихлаа гэж бодоод буцаад давхиад очсон чинь байхгүй байсан. Тэгээд хэсэг харж байвал олдчих байх гэж бодож байсан боловч одоог хүртэл олдохгүй байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Тухайн үед тэнд *******, , зэрэг хүмүүс байсан. Миний утсанд банкны орлого зарлагын мессеж ирдэг учраас мөнгө хийхээр нь би утсаа гаргаж ирж үзсэн. Надад утас байсныг тэнд байсан хүмүүс бүгд мэднэ. Би самбарын тэндээс мотоциклтойгоо шууд сумын төв рүү орж ирээд гэрийн гадаа зогсоод утсаа үзсэн чинь байхгүй байхаар нь эргээд сууж байсан газраа очсон. ...Самсунг Галакси М-12 маркийн 4 жижиг камертай, хар хөх юм шиг өнгөтэй өнгө үзэмж нь дунд зэрэг гар утас байсан. Би 1 жилийн өмнө 570.000 мянган төгрөгөөр сумын төвөөс худалдаж авч байсан.” гэх мэдүүлэг /хх-н 8-9-р хуудас/,

- Гэрч Н.гийн “...2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр манай нөхөр С. *******сумын төв орж адуучин тэмцээнд орно гээд явсан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 17-ны орой гэртээ ирэхдээ сумын төв дээр байхдаа гар утсаа хулгайд алдчихлаа хайгаад олсонгүй гэж хэлсэн. Тэгээд би 1 их юм бодолгүй тухайн өдрөө хаячихсан юм. Тэгээд манай гэр 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн үед хөдөөгөөс сумын төв рүү нүүж орж ирээд байж байсан чинь хамар хашаанд байсан ******* гэдэг айлын гэрийн үүднээс Жи мобайл, Юнителийн 2 сим карт олоод барьж байсан гар утсандаа хийгээд үзсэн чинь тэр олсон 2 сим карт шууд ажиллаад утас нээгдэж байхаар нь хүний утас руу залгаж үзсэн чинь миний барьдаг ,дугаарууд мөн байхаар нь би ******* ахын гэр рүү ороод хулгайд алдсан гар утсан дотор байсан 2 ширхэг сим картаа танай гэрийн үүднээс оллоо. Та манай гар утсыг харсан уу гэж асуусан чинь би танай гар утсыг хараагүй, цагдаадаа өгөөд шалгуул гэсэн болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Манай нөхөр С. Самсунг Галакси М-12 маркийн гар утастай явж байсан. Тухайн гар утсаа сумын төвийн хойд талд хүмүүстэй сууж байгаад алдчихсан гэж надад хэлсэн. Тухайн гар утас босоо өнгийн цэнхэр зураастай хар хөх өнгөтэй өнгө үзэмж дунд зэрэг, дэлгэцийн зүүн доод өнцөгт 2-3 см хагарсан зураасан сэвтэй, ямар 1 код түгжээ байхгүй байсан. Би гар утсаа одоо харвал шууд дэлгэц дээр байгаа хагарсан зураасаар нь танина.” гэх мэдүүлэг /хх-н 12-13-р хуудас/,

- Гэрч Д.ын “...2023 оны 09 дүгээр сарын 20-ний үед гэртээ байж байсан чинь *******сумын иргэн Т.******* над руу утсаар залгаад би чам руу 1 утас өгөөд явуулчихлаа чи надад оронд нь хүүхэд барих утас өгөөд явуулчих гэсэн. Тэгээд 2 хоногийн дараа *******гээс жижиг цаасан хайрцагт Самсунг Галакси М-12 маркийн хар хөх өнгийн гар утас өгөөд явуулчихсан байхаар нь тухайн утсанд дугаартай сим карт хийгээд хүүхдэдээ бариулсан. ...Тухайн гар утсыг нээж үзэхэд цоожгүй шууд нээгдэж байсан бөгөөд дэлгэц дээр нь болон дотор талд нь ямар нэгэн зураг байгаагүй. Тухайн гар утас хар хөх өнгийн дэлгэцийн зүүн доод буланд нь жаахан газар хагараад цуурчихсан өнгө үзэмж дунд зэрэг Самсунг Галакси М-12 маркийн гар утас байсан. ******* надад тухайн утсыг хэний эзэмшлийн утас гэдгийг нь хэлээгүй, би ч асуугаагүй. Би тухайн гар утасны оронд 1 утас өгч явуулсан чинь ******* энэ утсыг чинь ашиглаж чадахгүй байна гээд буцаагаад өгөөд явуулсан байсан.” гэх мэдүүлэг /хх-н 16-17-р хуудас/,

- Гэрч Д.гийн “...2023 оны 09 дүгээр сарын дундуур манай нөхөр руу *******сумын ******* утсаар залгаад би танайх руу гар утас өгч явууллаа наадхаа аваад оронд нь хүүхдэд өгчихөөр гар утас өгч явуулаарай гэж хэлсэн. Тэгээд утсаар ярьснаас хойш 2 хоногийн дараа *******оос жижиг хайрцаг дотор хийсэн хар хөх өнгийн Самсунг Галакси М-12 маркийн гар утас машинаар ирсэн. Тэгээд тухайн гар утсыг асааж үзсэн чинь ямар нэг цоожгүй байсан болохоор зургаадугаар ангийн охиндоо сим карт хийж өгөөд бариулсан. Тэгээд *******д тухайн утасны оронд Самсунг Галакси Жи-7 маркийн гар утас өгч явуулсан боловч ашиглаж чадахгүй байна гээд буцаагаад өгөөд явуулсан байсан. Тухайн гар утас хар хөх өнгийн дэлгэцийн зүүн доод буланд 1-2 см орчим газар хагараад цуурчихсан өнгө үзэмж дунд зэрэг ард талдаа 4 ширхэг жижиг камертай гар утас байсан.” гэх мэдүүлэг /хх-н 20-21-р хуудас/,

- Гэрч Д.ын “...2023 оны 09 дүгээр сарын дундуур байхаа он, сарыг нь сайн санахгүй байна. Манай нөхөр ******* хөдөөгөөс орж ирээд сумын төвд гэртээ байж байсан чинь дуудаж байна би очиж уулзчихаад хүрээд ирье гээд яваад өгсөн. Тэгээд манай нөхөр ******* тухайн өдрийн орой гэртээ ирээд унтаж байсан чинь өвөр дотор нь утас дугараад байхаар нь би хэний утас юм бэ? чи чинь утасгүй явсан биз дээ гэж асуусан чинь би ийм утас олсон юм гэж хэлсэн. Тэгээд тэр утсан дотор байсан 2 ширхэг сим картыг нь гаргаад гэрийнхээ гадаа шидээд хоёр, гурав хоногийн дараа сум руу ах руу сүү, зөөхийн дотор хайрцагт хийгээд өгөөд явуулсан. Тэгээд руу утсаар залгаад ******* 1 утас олсон ашиглаж чадахгүй байна. Танайх ав оронд нь хүүхэд барьчих 1 утас өгөөд явуулчих гэж хэлсэн. Тэгсэн чинь манайх руу оронд нь бас 1 өөр жижиг гар утас өгөөд явуулсан байхаар нь тэрийг нь бас ажиллуулж чадахгүй байсан болохоор буцаагаад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 24-25-р хуудас/,

- 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 31-34-р хуудас/

- Шүүгдэгч Т.*******гийн“...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид гар утсыг нь буцаан хүлээлгэн өгсөн.” гэх  мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй тухайгаа шүүгчийн туслахад мэдэгдсэн байх тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, уг мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд тухайн гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг  мэдсэн байх нөхцөлийг шаарддаг бөгөөд хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн өмчлөх эрхэд халдсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 300,000 төгрөгөөс дээш хохирол учруулсан байх материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь өгөхгүйгээр, шунахайн сэдэлтээр, өөрийн өмчийн адил хууль бусаар эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулснаар төгсдөг. 

Шүүгдэгч Т.******* нь иргэн С.ын эзэмшлийн Самсунг Галакси М-12 маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш буюу 499,000 төгрөгийн хохирол учруулсан нь дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол учрахыг мэдсээр байж, хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшлийнх  гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.д 499,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн үнэлгээчин Х.гийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 78 дугаартай “...Самсунг Галакси М-12 маркийн гар утасны үнэлгээг 499.000 /дөрвөн зуун ерэн есөн мянга/ төгрөг гэж тогтоолоо.” гэх дүгнэлт /хх-н 40-42-р хуудас/-ээр тогтоогдсон байна.

Хохирогч С. гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох Самсунг Галакси М-12 маркийн гар утсаа биет байдлаар буцаан авсан болох нь түүний тайлбар, хүсэлт болон мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч Т.*******гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол бүрэн төлөгдсөн байна. Иймд шүүгдэгч Т.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.  

Шүүгдэгчид прокурорын сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.         

 Шүүгдэгчид хүлээлгэх прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000  /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ