Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2020/01727

 
     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26-р хороонд оршин суух,  регистр ДД88118811, Ж овогт Ё-ийн Б-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороонд оршин суух, регистр ЦЦ91919191, Э овогт П-ийн Б,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4-р хороо, 0 тоотод оршин суух, регистр НН69696969, Б овогт М-н Г-т холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгөөс өөрт ногдох 143 600 000 төгрөг гаргуулах, орон сууцны үнийн 57 500 000 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй,

 

Ё.Б-д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн П.Б-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г /үнэмлэх 0000/, Б.Д /үнэмлэх 0000/, хариуцагч П.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.А /үнэмлэх 0000/, хариуцагч М.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1991 онд Говь-Алтай аймагт төрсөн. Нөхөр болох П-ийн Б-тэй их сургуулийн оюутан болоод танилцаж, ангийн найз нөхдийн хүрээнд харилцаатай байсан. 2011 оны 07-р сарын 05-нд албан ёсоор үерхэж эхэлсэн. 2013 оны 7 сард Б-ийн аав П ээж М.Г, нагац эгч, авга ах нарийн хамт Говь-Алтай аймагт ирж бэр гуйж авсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байна. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй юм. 2014 оны 07-р сарын 04-нд том хүү Б.М төрсөн, одоо 5 настай. Бага охин Б.М 2016 оны 03-р сарын 03-нд төрсөн, одоо 3 настай. Нөхөр болох П.Б нь сүүлийн жилүүдэд зан аашны хувьд хувирч, уурлах болгондоо намайг гэрээсээ хөөдөг болсон. Миний хувьд 2 хүүхдээ, мөн нэгэнт босгосон амьдралаа бодоод маш их дарамтыг тэвчдэг байсан. Нөхөр байнга салъя, чамтай баймааргүй байна гэж ярих болсон. Байнгын хэрүүл болдог, хэрүүл болох тоолонд гэрээсээ хөөдөг. 2018 оны 01-р сарын 20-нд хадам ээжтэй маргалдаад намайг хөөгөөд нөхөр, би, 2 хүүхэдтэйгээ 4-үүлээ лагерийн байшиндаа дөрвөн есийн идэр хүйтэнд 7 хоног амьдарсан. 2018 оны 04-р сард мөн дахин маргалдаж, намайг зодож, гэрээсээ хөөж хүүхэд бид 3 гэрээсээ явж байсан. Үүний дараа ээж уулзъя гэнээ ярилцъя гэж байна гээд манай ээжийн эгч. би, нөхөр, хадам ээж бид 4 уулзаж ярилцаад эргээд эвлэрээд гэртээ очиж байсан. Амьдарч байх хугацаанд бид хоёрын дунд байнгын хэрүүл, зодоон болдог байсан ба хамгийн сүүлд 2019 оны 02-р сарын 24-ний шөнө дахин хэрүүл гарч, зодоон болсон, тэр үед би цагдаагийн газар дуудлага өгч шалгуулж байсан. Үүний дараагаар мөн 2019 оны 03-р сарын 07-нд мөн намайг зодож, би цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Дуудлагаар цагдаагийн газар хамт очин, сүүлдээ эвлэрэх бичиг үйлдээд гэртээ ирж асуудлыг шийдэхээр болсон. Би багаасаа аавгүй амьдралаар өссөн хун. Хоёр хүүхдэдээ ийм амьдрал үзүүлэхийг хүсэхгүй байсан. Тийм болохоор би нөхөртэйгөө эвлэрэх үүднээс ярилцаж үзэхийг олон удаа гуйсан боловч нэг ч удаа ярилцаж байгаагүй болно. Миний хувьд цаашид нөхөртэйгөө хамтран амьдрах ямар ч боломжгүйн зэрэгцээ миний аюулгүй байдал эргэлзээтэй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч том хүү Б.М, бага охин Б.М нарыг миний асрамжид үлдээж эцэг П.Б-ээс хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан журмын дагуу тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие П.Б-тэй хамтран амьдарсан цагаас хойш 6-н жил болсон. Энэ хугацаанд бид хүү, охин 2-той болсон. Үүнээс гадна бидний ахуй амьдрал мэдэгдэхүйц дээшлэн сайжирсаар ирсэн билээ. Намайг анх нөхөртэйгөө хамтран амьдрахад нөхрийнх маань Баянгол дүүрэг 10-р хороолол 14А байранд байдаг байсан. Бид нөхөр болон хадам аав, хадам ээжийн хамт 4-үүлээ амьдардаг байсан. 2013 онд хадам аав Ч.П маань зуурдаар нас барсан бөгөөд тэр цагаас хойш хадам ээж М.Г-тэй хамтдаа өнөөдрийг хүртэл ам бүл 5-уулаа амьдарсаар ирсэн. Нөхөр бид хоёр их сургуулиа төгсөөд 2012 онд Хадгаламж банканд программист мэргэжлээр хамтдаа ажилд орсон ба орлогын хэмжээ адилхан төгрөг байсан. Би 2014 оны 5 сар хүртэл ажиллаад жирэмсний амралтаа аван хүүхдүүдээ асарсаар ирсэн ба нөхөр маань 2015 онд гэр бүлийн бизнестээ бүх цаг заваа зарцуулахаар ажлаасаа өөрийн хүсэлтээр гарч байсан. Бидний хамтын амьдралын хугацаанд хэд хэдэн хөрөнгө үүссэн ба энэ бүхэнд би өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар ирсэн. Тухайлбал: 2014 онд Баянгол дүүргийн 3-р хороо Нарны хороололд 3 өрөө байр, 2016 онд Сүхбаатар дүүрэг 19-р хороо, Санзайд өвлийн зориулалттай зуслангийн байшин, 2016 онд Сүхбаатар дүүрэг 19-р хороо, Санзайд 2 айлын зориулалттай зуслангийн газар, 2018 онд LХ470 автомашин, 2018 онд Тоуоtа Наrriег автомашин гэх мэт хөрөнгө бий болсон. 2013-2016 онд Орон сууц болон зуслангийн байшингийн тохижилт тавилга, 2014-2016 онд 2 хүүхдийн нэр дээр хадгалсан Ирээдүйн эзэн хадгаламж, эдгээр хөрөнгөнүүдийг худалдан авах, барих, олж эзэмшихэд гэр бүлийн бүх гишүүдийн оролцоо чухал байсан. Эдгээр хөрөнгийг үүсгэх гол санхүүгийн эх үүсвэр нь манай гэр бүлийн эрхлэн ажиллуулдаг авто машины аккумулятор болон гоёл чимэглэл худалдаалдаг М нэрээр үйл ажиллагаа явуулдаг лангууны орлогоос бүрддэг. Тийм ч учраас бид бүгд энэхүү лангуундаа хамаг бүхнээ зориулж, үр шимийг нь хүртэж байсан учир бид бүхний дундын хөрөнгө билээ. Миний бие ажил хийдэг байхдаа амралтын өдрөөр, хүүхэд асрах чөлөөнд байгаа зуны цагаар, жирэмсэн байхдаа ихэнх цагаар лангуун дээрээ суух, шинэ содон бараа материал интернетээр судлах, санал болгох, онлайн захиалгаар бараа авчирч, бараа татаж авчрах, компанийн санхүүгийн болон татварын тайлан гаргах гэх мэт үйлдлүүдийг нөхрийн хамт хийдэг байсан. Эдгээр ажлыг хийхдээ огт цалин гэж авдаггүй байсан ба энэ нь зөвхөн гэр бүлийнхээ төлөө, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө хийдэг байсан үйлдлүүд юм. Би гэр бүлийнхээ төлөө өөрт байгаа бүхий л зүйлээ зориулж хоёргүй сэтгэлээр хандаж ирсэн ба үр хүүхдүүд маань сэргэлэн цовоо эрүүл саруул, байгаа нь миний үүрэг оролцооны нэг томоохон илрэл гэж бодож байна. Би хүүхдүүдээ тогтмол гадаа гаргаж салхилуулж өвөл зунгүй л байрныхаа гадаа тэргээ түрээд зогсдог, аль болох эрүүл агаарт гаргахыг эрмэлздэг ба мөн амин дэмтэй, шим тэжээлтэй хоол хүнсийг гэр бүлдээ зориулж хийдэг байсан. Нөхөр, хадам ээж. үр хүүхдүүд, манайд зочлон ирдэг хамаатан садан маань бүгд л үүнийг маань мэддэг, хийсэн дайлсан хоолыг маань амтархан иддэг байсан. Хэдийгээр миний хувьд 2014-2018 онд жирэмсэн байсан, хүүхэд асрах чөлөөтэй тогтмол ажил хийдэггүй байсан боловч зүгээр суухыг хүссэнгүй өөрийгөө хөгжүүлэх, гэр бүлдээ дэм болох боломжтой зүйлсийг эрж хайн, эрэлхийлж, хийсээр ирсэн билээ. Миний хувьд дараах үйлдлүүдийг хийсэн ба бүх мэдээлэл үнэн бөгөөд дансны хуулга, эд хөрөнгө шилжүүлсэн баримтаар, мөн гэрчийн мэдүүлгээр бүхэн нотлогдох боломжтой баримттай мэдээллүүд юм. Нөхөр П.Б бид хоёр 2012 онд хамт ажилд ороод ажил хийсэн цалингаа 2013 оноос хуримтлуулдаг байсан бөгөөд нөхөр П.Б-ийн нэр дээр цалинг нь хадгалж, миний цалинг хамтдаа зарцуулдаг байсан. Тухайн хадгалсан мөнгийг нөхөр П.Б бид 2 гэрийн тохижилтод болон үлдсэн мөнгийг лангуундаа бараа болгон оруулсан. Манай ээж Ж.Э шинэ байранд орсон гээд боломжоороо дэмжлэг үзүүлсэн ба түүнийг мөн лангууныхаа бараа худалдан авахад нөхөр маань зарцуулсан. Жирэмсний мөнгө, хүүхэд асарсны мөнгөө мөн нөхөр П.Б-д өгсөн. Уг мөнгөөр нөхөр маань мөн бараа аван лангуундаа нэмэрлэсэн мөн автомашинаа сайжруулахад, зуслангийн байшин барихдаа хэрэглэсэн. Жирэмсэн байхад олгодог хүүхдийн мөнгийг хадгаламждаа хийж байгаад нөхөр П.Б-д өгсөн. Уг мөнгөөр мөн лангуун бараа авахад зарцуулсан. Хүүхэд харах хугацаандаа мөн онлайнаар бараа захиалж авчран худалдаалж олсон мөнгөө хүүхдэдээ зарцуулдаг байсан. Мөн хүүхэд асрах хугацаандаа гар урлалын бүтээгдэхүүн хийж худалдаалж олсон мөнгөө гэртээ зарцуулж байсан. Хүүхэд харах хугацаанд төрөөс олгодог байсан мөнгөөр байрны хэрэглээний төлбөр төлдөг байсан. Ар гүнтэд байрлалтай 1 айлын эзэмшлийн зуслангийн газрыг 2016 онд худалдан нөхөр П.Б-д өгсөн. Уг мөнгийг зуслангийн байшин барихад зарцуулсан. 2018 оны 05 сард ажилдаа ороод түүнээс хойш авсан цалингаа гэр бүлдээ зарцуулсан. Хөрөнгийн үнэлгээний хувьд Баянгол дүүргийн 3-р хороо, Нарны хороололын байрыг 190 212 000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Санзайн зуслангийн байшин, 2 айлын газрын хамт 96 000 000 төгрөг, LХ 470 автомашин 40 000 000 төгрөг, хүүхдийн хадгаламж Б.М 3841.31$ буюу 10 252 456.39 төгрөг, Б.М 1127.1$ буюу 3 008 229.90 төгрөг, тохижилт ,тавилга 2 байр 10 000 000 төгрөг, лангууны бараа 50 000 000 төгрөг нийт 399 472 686.29 төгрөг болно. П.Б цаашид надтай хамтран амьдрах сонирхолгүй, гэр бүлээс гадуурх харилцаанд байдаг, саяхан л нэг бүлийн найзууд гээд хамтдаа нөхөрлөдөг байсан, найзаа гэж бодож явдаг байсан хүнтэй гэр бүл салган хамтран амьдрахаар явж байгаад, миний гэр бүлдээ оруулсан хувь нэмэр, гэр бүлийнхээ төлөө гаргасан сэтгэл, золиосыг үл тоон намайг зөвхөн хүүхэд асрагч гэрийн үйлчлэгч мэтээр бодож, өөрөө л зөвхөн амьдралаа үүсгэсэн мэтээр шүүхэд хүсэлт гарган худлаа мэдээлэл өгсөнд миний бие маш их гомдолтой байна. Мөн нөхөр маань хамт байх хугацаандаа ээжтэйгээ хуйвалдан надаас нууцаар өөрийн нэр дээрх хөрөнгүүдээ шилжүүлэх, худалдах ээждээ бэлэглэх, хуулийн зөвлөгөө авах, шүүхэд материал өгөхөөр бэлтгэж байсан гэх мэт үйлдлүүд гаргаж байсан нь санаатайгаар надаас хөрөнгө нуух үйлдэл гэж үзэж байна. Ийм учраас миний бие өөрийн 2 хүүхдээ өөр дээрээ аван асран халамжилж, хүмүүжүүлж, сурган хөгжүүлэх чин хүсэлтэй байна. Мөн нэгэнт гэр бүл маань дахин цаашид эвлэлдэн нэгдэх боломжгүй болсон тул бидний хамтын амьдралын явцад үүссэн дундын хөрөнгөнүүдийг хуваарилан Б надад оногдох хувь болох 143 106 000 төгрөгийг М.Г, П.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ё.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэг шаардлага нь хүү Б.М, охин Б.Э нарыг өөрийн асрамжинд авах юм. Үүнээс үүдэн гарах үүрэг хариуцлага, мөн үр хүүхдээ сайхан амьдралд авч явахын тулд өнгөрсөн хугацаанд, мөн одоо ч маш их хөдөлмөрлөж, хичээж байна. Миний бие хүүхдүүдээ өөрийн гэсэн орон байранд амьдруулахын Төрийн банк-ны ажилчдын орон сууцны зээлд хамрагдаж Баянзүрх дүүргийн 26-р хороо, 13312 Хүннү гудамж 0 тоот хаягт байршилтай 49.99 м.кв талбайтай орон сууцыг 6%-ийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж худалдаж авсан. Тус орон сууцны зах зээлийн үнэлгээ нь 115 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Тус орон сууцыг худалдаж авснаар хүү Б.М, охин Б.Э нар нь эрүүл аюулгүй орчинд, эрүүл чийрэг өсөн бойжиж байгаа одоогийн нөхцөл байдал нь улам сайжирна гэж үзэж байна. Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дугаар зүйл 26.2.1-т Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, мөн хуулийн 26.2.2.хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг эцэг, эх хоёр хоёулаа хүлээнэ гэж зааж өгсөн байна. Мөн Улсын Дээд шүүхийн 2013 оны 12-р сарын 23-ны өдрийн Гэр бүлийн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаарх зөвлөмжийн 1.5.1 дэх хэсэгт Хүүхдийг орон байраар хангах үүргийг эцэг, эхийн хэн алин нь хүлээдэг учир Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу хүн амьдрах шаардлага хангасан орон байраар хангахтай холбоотой нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ орон байрны үнийг хувааж төлүүлж болно гэж заасан. Иймд хүүхдүүдийн эцэг болох П.Б ч уг хуульд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй тул үр хүүхдүүдээ эрүүл аюулгүй орчинд, эрүүл чийрэг өсгөн бойжуулах зорилгоор худалдан авсан уг орон сууцны тавин хувь болох 57 500 000 төгрөгийг хариуцагч П.Б-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ё.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би П.Б-тэй их сургуулийн оюутан байхдаа танилцаж 2011 оны 07-р сараас үерхэж эхэлсэн. 2013 оны 7 сард Б-ийн аав, ээж нь Говь-Алтай аймагт ирж бэр гуйж авсан. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй юм. 2014 оны 07-р сарын 04-нд хүү Б.Мөнхсүлд, охин Б.М 2016 оны 03-р сарын 03-нд төрсөн. Бид сайхан харилцаатай амьдарч байсан боловч 2017 оноос П.Б-ийн зан ааш хувирч уурлах болгондоо гэрээсээ хөөдөг болсон, бидний амьдралд хөндлөнгөөс хүмүүс оролцдог. Өөрсдийн хүсэл зоригоор амьдрах боломжгүй болж харилцаа муудсан. Миний хувьд 2 хүүхдээ, нэгэнт босгосон амьдралаа бодоод тэвчдэг байсан. Байнгын хэрүүл маргаантай, намайг зоддог. Цагдаа дуудаж байсан боловч эвлэрч асуудлыг шийдэж байсан. Би багаасаа аавгүй амьдралаар өссөн болохоор хоёр хүүхдэдээ ийм амьдрал үзүүлэхийг хүсээгүй. Миний хувьд цаашид нөхөртэйгөө хамтран амьдрах ямар ч боломжгүй тул хүү Б.М, охин Б.М нарыг миний асрамжинд үлдээж эцэг П.Б-ээс хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан журмын дагуу тогтоож өгнө үү. 2019 оны 9-р сарын 5-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Миний бие П.Б-тэй 6 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд бидний ахуй амьдрал мэдэгдэхүйц дээшлэн сайжирсаар ирсэн билээ. Намайг Б-тэй амьдарч эхлэхэд хадам аав, ээжийнх Баянгол дүүргийн 10-р хороолол, 0 байранд амьдарч байсан. 2013 онд хадам аав Ч.П зуурдаар нас барсан, түүнээс хойш хадам ээж М.Г-тэй хамт 5-уулаа амьдарсаар ирсэн. Бид нар хамтдаа хөдөлмөрлөж, орлогын хэмжээ адилхан байсан. Иймд 2014 онд авсан Баянгол дүүргийн 3-р хороо, Нарны хороолол, 9-р байрны 0 өрөө байр, Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Санзай ҮҮ тоот зуслангийн байшингийн үнээс өөрт ногдох 143 106 000 төгрөгийг Г, Б нараас гаргуулж өгнө үү. Мөн 2020 оны 5-р сарын 6-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Бат-Эрдэнэ бид нар эвлэрэхээр ярьж байсан. Би Баянзүрх дүүргийн 26-р хороо, Олимп хотхоны ЦЦ тоот 49.99 м.кв талбайтай 2 өрөө байр авсан. Энэ байрны үнэ 57 500 000 төгрөгийг П.Б-ээс гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ё.Б-тай 2011 оноос үерхэж, 2012 оноос хойш хамтран амьдарсан. 2013 оны 11-р сард аав маань нас барсан. 2013 оны 7-р сарын 4-нд хүү, 2016 оны 3-р сарын 3-нд охин маань төрсөн. Энэ цагаас хойш миний ээж болон бид 5-уулаа хамт амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд зөрчлүүд гардаг байсан. Учир нь Ё.Б нь манай аав, ээжтэй маргалддаг байсан. 2012 оноос хойш бид хоёр сургуулиа төгсөөд ажиллаж эхэлсэн. Бид хоёр цаашдынхаа амьдралыг төлөвлөж, боловсролынхоо тал дээр хэн хэн нь анхаардаг байсан. Ажиллахын хажуугаар машин авчирч зардаг, санхүүгийн асуудлаа шийдэхийн тулд хичээж ирсэн. Хамтын амьдралтай байх хугацаанд би хүчирхийлэлд өртөж хэд хэдэн удаа Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн сэтгэл зүйчид хандаж, уулзаж байсан. Би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авна. Миний хоёр хүүхэд төрсөн цагаасаа хамт амьдарч байсан. Ё.Б-ийн ээж нь Говь-Алтай аймгийн төв дээр амьдардаг. Ажлын шаардлагаар жилд 1, 2 удаа ирдэг. Ингэхдээ хүүхдүүдтэй хамт 4,5 хоног байж байгаад явдаг. Хэрвээ би хүүхдүүдээ авбал тэтгэмж авахгүй. Би хүүхдүүдээ өөрөө өсгөөд явах бүрэн боломжтой. Бид хоёрын зөрчилдөөн улам хурцдах хэлбэрт орсноор үнэхээр тэвчихийн аргагүй болсон. Ё.Б ахдаа итгэмжлэл хийж өгөөд хоёр хүүхдээ Говь-Алтай аймаг руу явуулсан. Одоо миний хоёр хүүхэд онгоц харахаараа айдаг, ээж аавыгаа санасан гэдэг. Тухайн нөхцөл байдалд би хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авах гэж хүүхдийн 108 утсанд хандсан боловч энэ байгууллагууд надад шийдэж өгөөгүй. Ингээд би 2 удаа Говь Алтай аймаг руу явсан. Очиход гэр хүйтэн байсан болохоор хүүхдүүд даарсан, бас эцэг эхийгээ санаад бэтгэрчихсэн байсан. Би нэхэмжлэлийн шаардлага болох 143 106 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Ё.Б-тай суухаас өмнө манай гэр бүл өөрийн гэсэн бизнестэй, аав, ээж бид гурав 3-уулаа автомашинтай байсан. Мөн Баянгол дүүргийн 10 дугаар хороололд өөрсдийн гэсэн байртай байсан. Ё.Б намайг ирснээс хойш эдний амьдрал сайжирсан гэж байна, тийм зүйл байхгүй. Аав маань бурхан болохоос өмнө Нарны хорооллын 9 дүгээр байрны ЦЦ тоот дөнгөж баригдаж байхад ээж аав хоёр маань байрны захиалга өгсөн байсан. 2013 оны 11 дүгээр сард аав маань зүрхний өвчнөөр нас барсны дараа энэ орон сууц ашиглалтад орж бид нүүсэн. Энэ хөрөнгө бол ээж, аавын хөрөнгө. Энэ орон сууцыг авахад Ё.Б бид хоёр оролцоо ерөөсөө байхгүй. Санзайд байрлах зуслангийн байшингийн бүх төлбөр тооцоог миний ээж хийсэн. Орлогын эх үүсвэр бол Автоплаза дахь лангууны үйл ажиллагаанаас олсон орлого. Эдгээр хөрөнгөөс 143 106 000 төгрөгийг надаас нэхэмжилж байгаа нь үндэсгүй. Ё.Б бид хоёр өмнөх хурлууд дээр хэд хэдэн удаа уулзаж эвлэрэх гэж ярилцсан. Гэтэл Э.Г өмгөөлөгчөөс болж эвлэрэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Би орон сууцныхаа асуудлыг чи өөрөө даачих, би чамд хүүхдүүдээ зөөх машин авч өгье гэсэн. Би хүүхдүүдээ их сургууль төгсөх хүртэлх төлбөрийг төлнө гэж байсан ч одоо би энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч М.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт П.Б, М.Г гэсэн хоёр хариуцагч байна. М.Г нь нэхэмжлэгчийн өөрт ногдох 143 106 000 төгрөг гаргуулах шаардлагад хамааралтай гэж ойлгож байна. М.Г нь 2004 оны 4-р сараас Автоплаза төвд лангуу түрээсэлж машины сэлбэг хэрэгслийн худалдаа эрхэлсэн. 2014 онд М ХХК байгуулж тухайн компанийнхаа нэрээр аккумулятор худалдан борлуулах ажлыг хийдэг байсан. Ё.Б, П.Б нар нь тусдаа гэр бүл, М.Г гэдэг хүн бол тусдаа этгээд байна. М.Г-н 2004 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг Ё.Б миний хөрөнгө юм гэж маргаж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Тэр үед П.Б, Ё.Б нар хүүхэд байсан. Нэмэгдүүлсэн шаардлагадаа маш олон хөрөнгийн жагсаалт бичиж 143 106 000 төгрөгийг нэхэмжилсэн нь Баянгол дүүргийн 3-р хороо, Нарны хорооллын ФФ тоотыг 190 212 000 төгрөг, Сүхбаатар дүүргийн Санзай зуслангийн байшинг 96 000 000 төгрөгөөр үнэлж, энэ хоёрын нийлбэр нь 286 212 000 төгрөг болно, үүнийг хоёрт хуваавал 143 106 000 төгрөг болж байна. Энэ дүнгээ гаргаж байгаа аргачлал нь маш ойлгомжгүй, М.Г, Ё.Б хоёрын хөрөнгө юм уу, эсвэл Ё.Б, П.Бэ хоёрын хөрөнгө гэж байгаа юмуу. Баянгол дүүргийн 3-р хороо, 9-р байрны УУ тоот сууцыг М.Г орон сууц захиалгын гэрээ байгуулж бариулсан, 2014 оны 5-р сарын 16-нд М.Г өмчлөгчөөр бүртгүүлсэн, улмаар 2019 оны 7-р сарын 17-ны өдөр худалдан борлуулсан. 2014 нд авсан байрны үнийг Ё.Б гэдэг хүн хувь оролцсон, хамтран төлсөн зүйл байхгүй. Энэ бол М.Г болон түүний нөхрийн хөлс хөдөлмөрөөр бий болсон хөрөнгө юм. Дээр нь энэ хөрөнгийг 190 сая төгрөгөөр үнэлж байгаа нь ойлгомжгүй байна. Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Санзайн зуслангийн байшин нь М.Г-ийн М ХХК-ний үйл Автоплаза төвийн лангууны үйл ажиллагаанаас олсон орлогоор бий болгосон хөрөнгө. Магадгүй хадам ээжийнхээ өвчтэй үед нь 2, 3 өдөр очиж лангуун дээр нь зогсож байсан бол хууль зүйн үүднээс бол өөр ойлголт. М.Г-ийн 2 хөрөнгийн 50 хувиар тооцож 143 106 000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хүүхдийн асран хамгаалалттай холбоотой асуудалд Ё.Б, П.Б хоёр өөр өөрсдийн өнцгөөс тайлбарлаж байна. Хоёр хүүхэдтэй холбоотой асуудалд ээжийнх нь хувьд сэтгэл нь зовж байгаа. Хоёр хүүхдийн асрамжийн асуудлыг хэрэгт авагдсан баримтаар шүүх шийдвэрлэх байх гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ё.Б-тай 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч, хүү Б.М, охин Б.М болон миний ээж М.Г-ийн хамт ам бүл тавуул амьдарсан. Би 2008-2012 онд ШУТИС-ийн КТМС-ийн сургуулийг програм хангамжийн бакалавр, 2012- 2014 онд магистр зэрэгтэй, 2015-2017 онд Удирдлагын академийн Бизнессийн удирдлагын бакалавр зэрэгтэй тус тус төгссөн билээ. 2012-2015 оны хугацаанд Хадгаламж банкинд Мэдээлэл технологийн газрын Мэдээлэл технологийн хэлтэст програмистаар 3 жил ажиллаад 2015 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, хүүхдүүддээ анхаарал халамж тавьж, хувийн бизнесийг ээж М.Г-н хамт хийж эхэлсэн. Миний бие Ё.Б-ийн боловсролын тал дээр ч үргэлж дэмждэг байсан ба 2013-2015 онд ШУТИС-ийн КТМС-ийн програм хангамжийн магистр, 2017-2019 онд МУИС-ийн Бизнессийн сургуулийн Нягтлан бодох бакалавр зэрэгт суралцуулж, мэргэжил эзэмшүүлж, улмаар 2012 онд Хадгаламж банкинд Мэдээлэл технологийн газрын Мэдээлэл технологийн хэлтэст, одоо Төрийн банкинд тус тус программистаар ажиллаж байгаа. 2014-2018 онд хүүхэд асрах чөлөөтэй байсан. Гэвч бидний хооронд харилцааны хүнд асуудлууд үүсч, маргаан зөрчилдөөн их гарах болсон. Түүний хурц зан ааш, догшин ширүүн авир хардалт, эдийн засгийн дарамт шахалт зэрэг нь миний болон ээж, хүүхдүүдэд маань сэтгэл зүйн дарамт үүсгэж, хүүхдүүдэд сөрөг үр дагавруудыг үүсгэж байдаг. Ё Б нь маш түргэн ууртай, уурлах үедээ өөрийгөө хянах чадваргүй, юу ч хийхэд бэлэн болдог, маргалдах үедээ хутга авахыг завдаж байсан, үргэлж айдастай амьдарсаар ирсэн тул энэ байдлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдлууд бий болсоор байсан. Гэвч асуудлыг хурцатгахгүй байх арга хэмжээг авдаг байсан. Б өөрийнхөө цалин орлогоос гэр орондоо болон хүүхдүүдээ зарцуулдаггүй, зөвхөн өөртөө анхаарал тавьж, хоол, хүнс, байрны төлбөр тооцоо, ахуйн бүх асуудлыг ээж бид 2 хариуцаж, зохицуулж явдаг. Б хүүхдүүдээ аймшигтай харааж загнаж зоддог, намайг байнга хардаж, найз нөхөдтэй уулзуулахгүй, фитнест явуулахгүй хэрүүл маргаан хийдэг, найз нөхөд маш муухай мессеж бичих, намайг ална гэж ээжийг маань сүрдүүлэх, намайг маажих, юмаар цохих байдлаар шарх сорви үүсгэж, гадуур явахад хэцүү болгодог. Түүнийг сэтгэл зүйн хувьд тогтворгүй, эмэгтэй хүнээс гарахааргүй ааш авир гаргадаг байдалд нь санаа зовж, сэтгэл зүйчид хүртэл хандаж байсан. Манай гэр бүлд орилж хашгирч дур зоргоороо авирлаж, хэрүүл маргаан хийх, зодоон цохион хийх нөхцөл байдлыг үүсгэж, бид түүний хүчирхийлэлд байдаг. Ийм үйл явдлууд ч удаа дараа болж, холбогдох байгууллагуудад хандаж байсан. Тэрээр Америк явах хүсэлтэй, энэ хүслээ хэрэгжүүлэхийн тулд 10 000 доллар ямар нэг аргаар гаргаж өг, хөрөнгийн баталгаа гарга, эд хөрөнгөө худалд гэх мэт шаардлагыг тавьж байснаас их маргаан үүссэн, мөн виз гарсангүй гэж уурлаж, маргаан үүсгээд хүүхдүүдийг маань аваад явчихсан. Өмнө нь ч гэсэн хүүхдүүдийг маань маш хүнд нөхцөлд байлгаж хохироож байсан. Одоо хүүхдүүд маань надтай амьдарч байна. Миний бие хүүхдүүдээ өөрөө асарч хамгаалж, хүмүүжүүлж амьдрах хүсэлтэй байна гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би П.Б-тэй амьдралаа холбосноос хойш сайн эхнэр, үр хүүхдийн сайн эх нь байх үүднээс өөрийн зүгээс бүхий л боломж, хайр халамжаа гэр бүлдээ зориулж байсан. Харамсалтай нь жирэмсний амралттай болон хүүхдүүдээ харах хугацаанд энэ зориулж байсан хайр, халамжийг минь мөнгөөр үнэлж, ажилгүй, орлого олдоггүй гэдэг шалтгаанаар хадам ээж, нөхөр хоёр маань байнга дарамталдаг байсан. Би эх хүний үүргээ сайн биелүүлж эрүүл, саруул 2 хүүхэд төрүүлээд, өсгөөд явж байна. Энэ бүх хугацаанд би гэр бүлээ элэг бүтэн чигээр нь аваад үлдчихье, 2 хүүхдээ өнчрүүлээд яахав гэж бодсоны улмаас нөхөр, хадам ээж 2-ын байнгын дарамт, шахалтыг тэвчиж ирсэн. Эцэс сүүлдээ энэ асуудал, энэ их дарамтыг тэвчээд байна гэдэг үнэхээр хүнд байсан тул удаа дараа хөөгдсөний улмаас 2 хүүхдээ аваад гэрээсээ явсан. Хувь хүний хувьд би нөхрөөсөө боловсролын тал дээр ямар ч тусламж, дэмжлэг авч байгаагүй. 2012.07.02-нд Хадгаламж банкинд ажилд ороход нөхрийн туслалцаа аваагүй, ажилд орох шалгалт, ярилцлага өгч би өөрийн ур чадвараараа ажилд орсон билээ. Тухайн үед их сургуулийн 4-р курсээ төгсөж байсан нэг ангийн 15 хүүхэд хамт очин ярилцлага өгч, хийсэн бүтээсэн ажлаа шалгуулж тэнцэж орж байсан. Үүнийг тухайн үед ярилцлага авч байсан ажилтнууд, ярилцлагад орохыг санал болгосон багш Б.Б, мөн П.Б өөрөө, бид 2-с бусад ангийн 12 хүүхэд нотлож чадна. Би 2013-2015 онд ШУТИС-ийн КТМС-г прогррам хангамжийн магистр зэрэгтэй төгсөхөд П.Б яг яаж намайг суралцуулж эзэмшүүлсэн бэ? 2012.06.20-нд их сургуулийг прогррам хангамжийн бакалавр зэрэгтэй төгсөхөд КТМС-ээс амжилттай суралцсан тул тус сургуулийн захиргаанаас магистрын зэргээр цаашид үргэлжлүүлэн суралцах эрхийн бичиг өгч байсан. 2017 оны намар би МУИС-д суралцахын тулд суурь шалгалт өгч, тухайн үед шалгалт өгч байсан 100 орчин хүүхдээс шалгарч амжилттай тэнцэн суралцах эрхээ авч байсан. П.Б нь бидний хооронд харилцааны хүнд асуудал үүсч, маргаан зөрчилдөөн их гарах болсон гэсэн байна. Харин чухам яг яагаад маргаан гарах болсон бэ, яг яагаад харилцааны хүнд асуудал үүссэн бэ гэдгээ огтхон ч дурдаагүй байна. П. Б нь гэр бүлдээ цаг заваа гаргадаггүй, өглөө унтаж унтаж өдөр босоод гараад явдаг, тэгээд шөнө орой болохоор ирдэг. Хаана байна, ирж байна уу гээд залгахаар ихэнхдээ утсаа авдаггүй, утсаа авахаараа худлаа хэлдэг, нэг бол хардлаа гэж уурладаг. Гадуур явахаараа фитнессд байнга явдаг, найзуудтайгаа байнга уулдзаг, машинаа байнга угаалгадаг, бараа авна, лангуун дээр сууна, янз бүрийн эмэгтэйчүүдтэй их уулздаг, янз бүрийн эмэгтэй хүмүүстэй кино үзэж, хоолонд орж зугаацдаг байсан. Би гэр бүлийн харилцаагаа халуун дулаан байлгах үүднээс гэр бүлээрээ салхинд гаръя , кино үзье гэж олон удаа гуйж байсан. Үүний хариуд "Чи хүүхдүүдээ хар, чи бид 2 зугаалаад явчхаар энэ 2 хүүхдийг хэн харахын? гэдэг шалтаг тоочоод гэр бүлээ үл ойшоодог байсан. Намайг, маш түргэн ууртай, өөрийгөө хянах чадваргүй, хутга авахыг завдаж байсан гэж бичсэн байна. Энэ бол намайг 100 хувь гүтгэсэн миний нэр төрд санаатайгаар халдаж байна гэж үзэж байна.П.Б асуудлыг хурцатгахгүй байх арга хэмжээ авдаг байсан" гэж бичсэн байна. Б нь өөрөө зан байдлын хувьд доголдолтой, түргэн ууртай хүн. 2018.04 сард хадам ээжээс болж бид 2 маргалдахад хүүхдийн модон сандал толгой дээрээ өргөөд бид 3-луу шидэх гэж дайрч байсан тохиолдол байгаа. Тухайн үед би бас гэрээсээ хөөгдөж явж байсан ба хэрвээ яваагүй байсан бол би болон миний 2 хүүхдэд ямарваа нэгэн байдлаар гэмтэл учрахад бэлэн байсан. Мөн П.Б  нь намайг цалин орлогоосоо гэр орон болон хүүхдүүддээ зарцуулалт хийдэггүй гэсэн байна. Үүнтэй би огт санал нийлэхгүй байна. Би мэдээж гэр орондоо анхаарал тавьж, бүх л орлогоо гэр бүлийнхээ төлөө зарцуулж байсан. Үүнийг миний дансны хуулга, нөхрийн дансруу шилжүүлж байсан дансны хуулга гэж мэт мэдээллээс харах бүрэн боломжтой. Мэдээж би 2014-2018 онд декреттэй орлогогүй гэртээ суусан боловч орсон мөнгөнөөсөө, хүүхдийн мөнгөө бүгдийг нь нөхөртөө өгч, нөхөр маань түүнийг лангуугаа сайжруулах, гэр орноо сайжруулах, лагерын байшин барих, машинаа сайжруулах, хүүхдийн хадгаламж нээх гээд бүр л зүйлс ашиглаж байсан. 2012-2014 онд жирэмсний амралтаа авах хүртэл нөхөр бид 2 ирээдүйдээ зориулан хуримтлал үүсгэн хадгалж байсныг бид 2 хоёулаа мэдэж байгаа. Харин Б мөн хадам ээж хоёр намайг жирэмсний амралттай хүүхдээ харж байх үед ажил хийсэнгүй, орлого олсонгүй гэж байнга дарамталдаг байсан. Хүнийг мөнгө хөрөнгөөр нь ялгаж харьцдаг, хүйтэн хөндий хүмүүс. Намайг Америк явах хүсэлтэй гэсэн байна. Сүүлд хадам ээж, нөхөр бид 3 уулзаад эвлэрэх үедээ ярихдаа нөхөр болон хадам ээж аль аль нь ерөөсөө л та хэд гадаад яваа, энд байвал энэ гэр бүлийн ийм асуудал бүх юм байсаар л байна, одооны хүүхнүүд эвгүй та сайхан гадаад гарч амьдар, та нарт бүх юм байна, өөрсдөө л гарч чадвал ямар ч хамаагүй аргаар яв би дэмжье гэсэн утгатай юм ярьж байсан. Үүнийг П.Б бичихдээ виз гарсангүй гэж уурлаад хүүхдүүд аваад явсан гэсэн байна. Намайг гэрээсээ явдаг өдөр өөрөө надтай утсаар яриад удаа дараа хөөсөн, ажлаа тараад гэртээ очтол ээж нь намайг оруулахгүй гээд хаалгаа тайлаагүй. Арга буюу би цагдаа дуудаж, гэрт орж хүүхдүүдээ мөн өөрийн хүүхдүүдийн хувцсаа аваад явсан. Тухайн өдөр дуудсан цагдаагийн бичлэгт бүгд орсон байгаа. П.Б бичихдээ өмнө нь хүүхдүүдийг хүнд байдалд байлгасан, хүүхдүүдтэй уулзуулахгүй, цэцэрлэгч явуулахгүй байна, хөдөө аваачаад орхисон гэсэн байна. Говь-Алтай аймаг дахь миний гэр бол хүн амьдрахад хүнд нөхцөлтэй гэж би огтхон ч бодохгүй байна. Яг ямар шалтгаанаар хүнд гэж дүгнээд байгаа юм бэ? Хоёр хүүхдийн минь амьдарч байгаа орчин, оршин сууж байгаа гэр оронд би өөрөө хар нялхаасаа амьдарч өвчин зовлонгүй эрүүл аюулгүй өсөж торнисон. Иймд би Говь-Алтай аймагт байгаа 4 өрөө 80м2 байрыг холбогдох газраар шалгуулж дүгнэлт гаргуулах, тухай үед явж байсан Говь-Алтай дахь цэцэрлэгээс дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Надтай цаашид амьдрахгүй гэсэн шийдвэр гаргаж шүүхэд хандсан тул гэсэн байна. Би нэгэнт босгосон амьдралаа нураахгүй, үр хүүхдээ өнчрүүлэхгүй байх үүднээс П.Б-тэй маш олон удаа ярилцахыг оролдсон . Харин П.Б надад хэлэхдээ, надад амьдралаа авч үлдэх ямар ч санаа алгаа, харин 2уулаа одоо яаж салах вэ л гэдгээ ярилцъя гэдэг айсан. Энэ үгийг би бүхэл бүтэн залуу нас, амьдрал бүх юмаа зориулж, ирээдүйгээ хамтдаа төсөөлж ярьдаг байсан, хамгийн их итгэдэг байсан хүнээсээ сонсох надад маш хүнд байсан. Би энэ шийдвэрийг бол аргагүйн эрхэнд л гаргасан. Энэ шийдвэр гаргахад нөхрийн сүүлийн үеүдэд гаргасан үйлдэл, өөрийн болон хүүхдүүдийн аюулгүй байдал, мөн хадам ээжийн дарамт сүрдүүлгээс болж гаргасан. П.Б хадам ээжтэйгээ хамт амьдардаг ба хадам ээж нь гэр бүлийн болоод зан аашийн хувьд маш доголдолтой, өвлийн хүйтэнд өөрийн төрсөн хүү П.Б, бэр Ё.Б болон хүүхдүүдийг гэрээсээ хөөж гаргаж лагерийн байшиндаа хүртэл хонож байсан, архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг, мөн Б нь хүүхдүүдийн эрүүл хооллолтод огт анхаардаггүй байнга чихэр, чипс, ундаа авч өгдөг, түргэн хоол дандаа авч өгдөг зэрэг маш их шалтгаан байх тул хүүхдүүдийг эдгээр хүмүүсийн асрамжинд өгөх боломжгүй байна. Миний үр хүүхдийг над шиг хайрлаж, эхийн хайраар өсгөх ямар ч хүн байхгүй. Иймд хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авч, эрүүл саруул, ухаан төгс, хайр халамжаар дутаахгүй өсгөх боломж олгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.Б нь П.Б-д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг  П.Б, М.Г нараас өөрт ногдох хэсэг 143 106 000 төгрөг гаргуулах, П.Б-ээс өөрийн өмчлөлийн орон сууцны үнийн 50 хувь болох 57 500 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Хариуцагч П.Б хүүхдээ асрамжиндаа авахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

П.Б, Ё.Б нар нь 2012 оноос гэр бүл болох зорилгоор хамт амьдарч байгаад 2014 оны 07-р сарын 04-нд хүү Б.М, 2016 оны 03-р сарын 03-нд охин Б.М нарыг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Хэдийгээр талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.

 

Харин талууд хамт амьдарсан хугацаанд бие биедээ болон эцэг, эхдээ хүндэтгэлтэй ханддаггүй, зан харьцааны хувьд таарамжгүй, хэрүүл маргаан үүсгэдэг, бие биеэ харддаг, улмаар хэн аль нь хүчирхийлэл үйлдэж цагдаагийн байгууллага, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаж байсан, цаашид хэн аль нь хамт амьдрах боломжгүй болох нь зохигчийн тайлбар, мэдээлэл, 2019 оны 3-р сарын 1-ний 49 тоот албан бичиг, 2019.4.23-ны 112 тоот албан бичиг, фото зургууд зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд зохигч 2 хүүхдийн асрамжийн талаар маргаж, Нийслэлийн Хүүхэд хөгжлийн төвийн шинжээчдийн 2020 оны 03-р сарын 02-ны өдрийн 02/151 тоот дүгнэлт /2-р хавтас 41-52/-ээр хоёр хүүхэд эх Ё.Б-ийн асрамжинд байх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Шинжээч дүгнэлт гаргахдаа талууд болон хүүхдүүдийн сэтгэл зүй, амьдарч байгаа орчин нөхцөл, эцэг эхийн ёс зүй, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд тэдний оролцоо, халамж зэргийг нарийвчлан судалж, уулзалт, ярилцлага хийж бодит байдлыг судалж дүгнэлтээ гаргасан хэдий ч эцэг, эхийн хэн алиных нь хувийн байдал, зан харилцааны зөрчил нь хүүхдүүдийн хүмүүжил төлөвшил, эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй байх нь чухал.

 

Нөгөө талаас, П.Б, Ё.Б нарын хэн аль нь ажил хөдөлмөр эрхэлдэг, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран тэтгэх, хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөл, өөр өөрийн амьдрах орон байраар хангагдсан байна. Иймд хүү Б.М-ийг эцгийн, бага насны охин Б.М-ийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.

 

Харин хүүхдийн эцэг, эх нь тус тусын асрамжинд авсан хүүхдийн хамт амьдрахдаа хүүхдүүдийг хооронд болон эцэг, эхтэй нь уулзуулахгүй байх нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т заасан хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхийг зөрчихгүй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

Хэдийгээр 2 хүүхдийг эцэг, эхийн асрамжинд тус тусад нь үлдээсэн боловч охин Б.Мөнх-Энэрэлд хуульд заасан журмаар тэтгэлэг тогтоож тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Харин хариуцагч 2 хүүхдээ өөрийн асрамжинд авах сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба үүнийг сөрөг нэхэмжлэлийн хэмжээнд бус, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэл гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 3-р хороо, Нарны хороолол У-р байрны ЦЦтоот 84.46 м.кв талбай бүхий сууцны үнэ 190 212 000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Санзайн зуслангийн байшин, 2 айлын газрын үнэ 96 000 000 төгрөгийн үнээс өөрт ногдох хэсэг болох 143 106 000 төгрөгийг М.Г, П.Б нараас гаргуулахаар шаардсан байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... цалин орлого, хүч хөдөлмөрөө зарцуулсан, бидний хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө, хууль зүйн үндэслэлээ ...дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгө ... гэж тайлбарлажээ.

 

М.Г, П.Б нар нь Худалдаа хөгжлийн банктай 2013 оны 12-р сарын 9-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээ, Харилцан үүрэг хүлээх гурван талт гэрээг тус тус байгуулж, Баянгол дүүргийн 3-р хороо, үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж, Ц-р байрны УУ тоот сууцыг худалдан авсан, улмаар 2014 оны 5-р сарын 2-ны өдөр улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М.Г бүртгэгдсэн /1-р хавтас 159, 2-р хавтас 56/ байна.

Өмчлөгч өмчлөлийн зүйлээ 2019 оны 7-р сарын 1-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдсан, өмчлөгчөөр М.Т, О.М нар бүртгэгдсэн /2-р хавтас 34/ байна.

 

Энэ орон сууц шинээр баригдсан орон сууц бөгөөд өмчлөх эрхийг анх удаа М.Г бүртгүүлж байснаас гадна улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Санзай /14140/, УУУУ тоот хувийн орон сууцыг 2018 оны 11-р сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр өмчлөгчөөр бүртгэгдсэн, өмчлөгч /1-р хавтас 158, 2-р хавтас 34, 56/ байна.

 

Иргэний хуулийн 183-р зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн бүртгэсэн улсын бүртгэл үнэн зөв, өмчлөх эрхийн талаар маргаж байгаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Ё.Б нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр М.Г-тэй дундаа хэсгээр өмчилсөн өмчлөгчөөр бүртгэгдээгүй бөгөөд эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг бий болгоход аливаа хэлбэрээр хамтран үүрэг хүлээж, хэсгээр, эсхүл хамтран өмчлөхөөр тохироогүй тул өөрт ногдох хэсэг буюу 143 106 000 төгрөгийг М.Г болон өмчлөгч бус П.Б нараас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

 

Нөгөө талаас, М.Г нь эдгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэхээс өмнө Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хорооллын У байрны ЦЦ тоот сууцны өмчлөгчөөр 2007 оны 7-р сарын 27-ны өдөр бүртгэгдсэн, улмаар 2014 оны 12-р сарын 12-нд өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдсөн, 2018 оны 1-р сарын 10-ны өдөр худалдсан, өөрөөр хэлбэл, өмчлөгч өөр хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч /2-р хавтас 56/ байжээ.

 

Түүнчлэн М.Г, П.Б нар нь 2010 оноос эхлэн хэд хэдэн тээврийн хэрэгслийн өмчлөгч байсан нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /2-р хавтас 55-57-58/-аар тогтоогдсон, 2004 оноос гэр бүлийн хамтаар болон М ХХК-ний нэрээр Сүхбаатар дүүргийн 0-р хороо, Их тойруу, А төвийн  0 тоот лангууг түрээслэн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь талуудын тайлбар, А ХХК-ний тодорхойлолт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон, үйл ажиллагаа явуулж байгаа талаар хэн ч маргаагүй байна.

 

Эдгээрээс дүгнэвэл хариуцагч нар нь 2004 оноос хувиараа болон компанийн журмаар үйл ажиллагаа явуулж, олсон орлого, өөрсдийн хөдөлмөрийн үр шим, амьжиргааны эх үүсвэрээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг бий болгосон гэж дүгнэлээ.

 

Харин Ё.Б нь 2012 оноос хөдөлмөр эрхэлж авсан цалин хөлс, хүүхдээ асрахад зориулсан тэтгэмж, хадгаламж зэргийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бий болгоход зарцуулсан гэх боловч 2013 оны 1-р сарын 1-нээс 2018 оны 5-р сарын 31-нийг хүртэлх хугацааны дансны зарлагын хуулгаар гэр бүлийн өдөр тутмын ахуй хэрэглээ, төлбөр тооцоо хийхэд зарцуулсан /1-р хавтас 202-248/, өөрөөр хэлбэл, гэр бүл болох зорилгоор хамт амьдарч байхдаа гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, ахуй амьдралдаа хэрэглэж байсан гэж дүгнэлээ.

 

Ё.Б нь Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Ар гүнтэд зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байсан, тус дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн гэх ба түүнд тухайн газрыг өмчлүүлээгүй байжээ.

 

Газрын тухай хуулийн 5-р зүйлийн 5.1-д зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байна. Энэ тохиолдолд эзэмшүүлэхээр олгосон газрыг худалдсан нь хууль зөрчсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэл болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж П.Б-ээс 57 500 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хүүхдийг орон байраар хангах үүргийг эцэг, эхийн хэн алин нь хүлээнэ...Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.1 дэх хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 35-р зүйлийн 35.1-д зааснаар хүн амьдрах шаардлага хангасан орон байраар хангасан тул 57 500 000 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарлажээ.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль нь Монгол улсын 2016 оны 2-р сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болж, энэ өдрөөс Хүүхдийн эрхийн тухай хууль батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 3-т зааснаар Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй бөгөөд Ё.Б нь 2019 оны 12-р сарын 3-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 12-р сарын 18-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Олимп хотхоны 0-р байрны 0 тоот 49.99 м.кв талбай бүхий 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгч /2-р хавтас 110, 122-127/ болжээ.

 

Өмчлөгчийн эрх зөрчигдөөгүй, нөгөө талаас эрх зүйн чадамжгүй бага насны хүүхдийн эрх ашгийг хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх хамгаалах үүрэгтэй. Талуудын хэн аль нь өөр өөрийн амьдрах орон байртай байх ба өөрийн өмчлөлийн орон сууцны үнээс 57 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

 

Шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргасан CD бичлэгийг хуульд заасан журмаар цуглуулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул энэ шийдвэрийн үндэслэл болоогүйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 07-р сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.М-ийг эцэг П.Б-н, 2016 оны 03-р сарын 03-ны өдөр төрсөн охин Б.М-ийг эх Ё.Б-ийн асрамжинд тус тус үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.М-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг П.Б-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Иргэний хуулийн 108-р зүйлийн 108.3, 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан М.Г, П.Б нараас 143 106 000 /нэг зуун дөчин гурван сая нэг зуун зургаан мянга/ төгрөг гаргуулах, П.Б-ээс 57 500 000 /тавин долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Ё.Б-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 389 130 /нэг сая гурван зуун наян есөн мянга нэг зуун гуч/ төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА