| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/01344/И |
| Дугаар | 102/ШШ2020/01805 |
| Огноо | 2020-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2020/01805
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26-р хороо, регистр УУ0000000 Б овогт Х-ийн А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороо, регистр ЦЦРРБОЙЁ, Е овогтой Д-ийн Э,
Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороо, регистр ИЭ99999999, Б овогтой Г-ын Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, гэрч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Б, Д.Э нартай багын найзууд бөгөөд 10 жилд нэг ангид сурч байсан найзууд юм. Д.Э 2015 онд ходоодны хагалгаанд орсон, бие тааруу ажлаасайн явуулж болохгүй байна гээд Г.Б, Д.Э нар 12 000 000 төгрөг зээлээч, удахгүй төлье гэсэн. 2017 оны 5-р сарын 31-ний өдөр өөрсдийн танил Г.Э гэдэг хүний ХААН банкны 50 тоот дансаар авсан. Үүнээс хойш тус мөнгийг өгөх тухай Г.Б, Д.Э нартай ярихад удаахгүй төлнө гэсэн боловч тул 2019 оны 9-р сарын 6-ны өдөр Д.Э-ийн 100 айлд хийж байгаа замын ажил дээр нь очиж уулзахад ажил гайгүй явагдаж байна, улсын ажил болохоор мөнгө шууд орж ирэх боломжгүй байна, мөнгийг чинь удаасан тул 0000 УБм дугаартай Приус 30 маркийн машиныг 12 000 000 төгрөгт өгье, 2018 онд худалдаж авсан шинэ машин гэсэн тул зөвшөөрч, машиныг авч дүүдээ өгөхөөр тохирсон. Үүний дараахан буюу 2019 оны 10 сард Б над руу ярьж 12 сая төгрөгөө Э-ээс олж аваарай, би өгч чадахгүй, бид 2 салж байгаа гэсэн. Ингээд автомашиныг дүүгийнхээ нэр дээр шилжүүлэхээр Д.Э рүү 2030 оны 2 сард ярихад Б надаас сална гээд нөгөө машин дээр шүүхийн асуудал үүсчихлээ гээд ямар шалтгаантай нь мэдэгдэхгүй хэлсэн ярьснаасаа буцах болсон. Гэтэл дээрх 97-28 УБМ дугаартай, Приус 30 маркийн автомашин нь Г.Б-ийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд 2019.10 сард Г.Б, Д.Э нар гэрлэлтээ цуцлуулахдаа машиныг Б-т өгөхөөр шийдэж, шийдвэр нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгааг мэдлээ. Манай дүү тус Приус 30 маркийн автомашиныг авснаас хойш 4 дугуй шинээр авч, өндгөн тулгуур, шарнер, босоо тэнцүүлэгч, мотор хропны тос масло, 4 амортизатор зэргийг сольж тавьсан засвар үйлчилгээний зардал 1 500 000 орчим төгрөг болсон. Гэтэл одоо тус автомашин хураагдахад хүрч миний эрх ашиг хохироод байгаа тул 97-28 УБМ дугаартай Приус 30 маркийн автомашины өмчлөгчөөр Х.А намайг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагаа өөчрлөхдөө: Миний бие Г.Б, Д.Э нарт холбогдуулан 0000 УБМ улсын дугаартай, Приус 30 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 03-р сард гаргасан. Гэтэл тус автомашин нь эвдрэл гэмтэл ихтэй батарейнууд нурсан, гэрэл чийдэн, цахилгаан моторт гэмтэл учирсныг засварлана гэсэн боловч засаагүй, мөн хариуцагч нар тус автомашиныг өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, мөн тус автомашинд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа зэргийг үндэслэн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд өөрчилж тодруулж байна. Үүнд: 2017 оны 05-р сарын 31-ний өдөр Д.Э, Г.Б нарт Х.А миний бие 12.000.000 төгрөгийг зээлсэн. Ингэхдээ Г.Э гэх хүний дансаар шилжүүлэн авсан. Энэ тухай Г.Б, Д.Э нар өөрсдөө мэдэж байгаа бөгөөд хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл тус төлбөрийг төлнө гэсээр өнөөдрийг хүрч, энэ хугацаанд гэрлэлтээ цуцлуулснаар зээлсэн 12 сая төгрөгийг төлөхгүй намайг хохироосоор ирлээ. Иймд 2017 оны 05 сарын 31-ний өдөр Г.Б, Д.Э нар Х.А надаас 12.000.000 төгрөг зээлсэн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг үндэслэн тус 12.000.000 төгрөгийг хариуцагч Д.Э, Г.Б нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, тодруулсныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх 2019 оны 10 сарын 16-ны өдөр Д.Э, Г.Б нарын гэрлэлтийг шүүх цуцалж, шүүхээс Приус 30 маркийн 000 УБМ улсын дугаартай автомашиныг Г.Б-т өгөхөөр шийдвэрлэсэн байсан. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг автомашиныг 12 000 000 төгрөгт тооцож өгөхөөр бичгээр хэлцэл хийсэн байдаг. 2017 оны 05-р сарын 31-ний өдөр Х.А-аас 12 000 000 төгрөг зээлсэн, тухайн үед Г.Б, Д.Э нар нь хууль ёсны гэрлэлтийн баталгаатай байсан. Г.Э нь Х.А-аас мөнгө зээлэх үед өөрийнх нь данс болон карт болохгүй байсан учир өөрийн танил болох Х.Э-ын дансаар дамжуулж авсан. Мөнгө зээлсний маргааш нь хүүхдийн баяр байсан тул хүүхдүүддээ бэлэг авч, 2017 оны байрны төлбөр төлөгдөөгүй байсан тул төлсөн, үлдсэн мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан. Мөнгө зээлсэн, Х.Э-ын дансаар авсан зэрэг бүх асуудлыг Г.Б мэдэж байгаа. Харин гэрлэлтээ цуцлуулсны дараа Г.Б нь ...би мэдэхгүй, мөнгө зээлээгүй... гэсэн тайлбар гаргадаг. Г.Б шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2019 оны 09 сард Х.А руу залгаад ...мөнгөө Д.Э-ээс олж аваарай, бид 2 гэрлэлтээ цуцлуулж байгаа... гэж хэлсэн байдаг. Түүнээс хойш Х.А-тай 1-2 удаа ярьсан байдаг. Ингээд ямар нэг шийдэлд хүрээгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан байна лээ. Х.А-аас мөнгө зээлсэн нь үнэн, төлбөрийг Г.Б адил хэмжээгээр хариуцах ёстой гэж үзэж байна гэв.
Хариуцагч Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 05-р сарын 31-ний өдөр мөнгө зээлсэн гэдгийг Д.Э бүхэлд нь хүлээн зөвшөөрдөг. Г.Б-ийн хувьд хариуцагч биш юм. Нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 281-р зүйлээр шаардсан, зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх шаардлагатай. Г.Б болон Х.А нарын хооронд ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй, өөрөөр хэлбэл, хариуцлага хүлээхгүй гэж үзэж байгаа. Г.Б, Д.Э нар нь гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд үүнээс хойш 4 дэх нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар шүүхэд ирж байна. Нэхэмжлэгч Х.А нь шүүхэд ирдэггүй онцлогтой, бусдын ярианаас сонсохоор Д.Э намайг шүүхэд нэхэмжлэл гаргаад өгчих гэсэн, тэгж бичээд өгчих, ингээд бичээд өгчих гээд байдаг, шүүх дуудаад хэцүү юм гэсэн яриа байдаг. Хэрэв өөрийн хүсэл зоригийн дагуу нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлээ дэмжиж, нотлох байсан. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд 1 удаа ч ирж байгаагүй. Иймд Х.А нь Д.Э-ийн ятгалагаар нэхэмжлэл гаргасан байх гэдгийг үгүйсгэхгүй. Х.А нь Х.Э гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Иймд Г.Б нь мөнгө зээлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болон гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.А нь Д.Э, Г.Б нарт холбогдох Приус-30 маркийн 00-00 УБМ дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг 12 000 000 төгрөг гаргуулахыг хүсчээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг Д.Э-ээс гаргуулахаар хангаж, Г.Б-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Х.А нь 2017 оны 05-р сарын 31-ний өдөр Д.Э, Г.Б нарт 12 000 000 төгрөг зээлүүлсэн гэх ба мөнгийг Х.Э ХААН банкны 00000000 тоот дансаар шилжүүлжээ. Мөнгийг шилжүүлж авсан талаар нэхэмжлэгч, хариуцагч Д.Э нар маргаагүй байна.
Харин хариуцагч Д.Э нь зээлийг Г.Б-тэй хувааж төлнө, мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд, байрны мөнгө төлөхөд зарцуулсан гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч Г.Б нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...Х.А-аас мөнгө зээлээгүй гэжээ.
Гэрч Х.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ... 2017 оны 3-р сард Драгон бридж компаний захирал Э-надтай уулзаад хамтарч ажиллаач гэж гуйсан. Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур, Шаамар сум дамнасан ургацын авто зам барина гээд ерөнхий инженерээр ажиллуулсан. Тэрнээс хойш хамтарч ажилласан, 2017 оны 4-р сараас Зам арчлалтын ассоциаци мөнгөө нэхэж эхэлсэн, тэгээд Приус 30 машинаа өгсөн, зөрүү мөнгийг нь чиний дансаар авъя гээд 12 сая төгрөг шилжүүлж авсан. А гэдэг хүнээс миний дансанд орж, мөнгийг аваад Э захиралд өгсөн. Ажилдаа хэрэглэнэ гээд мөнгө нэхэгдээд авч байсан. Мөнгөнөөс хүүхдэд бэлэг авна, байрны мөнгөнд өгнө гэж байсан, эхнэртэй нь холбоотой үгүйг мэдэхгүй...гэжээ.
Гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч Д.Э-н тайлбараар зээлийг ажлын хэрэгцээндээ хэрэглэх зорилгоор зээлсэн, гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид байхаар заажээ.
Харин Г.Б нь зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэхээр тохироогүй байх ба гэрээгээр үүрэг үүссэн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч Х.А нь удаа дараа өөрийнхөө эзгүйд шийдвэрлэхийг хүссэн хүсэлтийг гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д-ийн Э-ээс 12 000 000 /арван хоёр сая/ төгрөг гаргуулж Х-ийн А-д олгож, Гаравчойжилын Батцэцэгт холбогдох Х.А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-ээс 206 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА