Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2020/01855

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2020/01855

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8-р хороо, 0 тоотод оршин суух, регистр ИИУУУУУУУУ, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Б овогт Т-ын О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол, 0 тоотод оршин суух, регистр ОЮИМЙЦӨОА, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, С овогт Б-н Г-д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. Би Б.Г-тай 2009 оны 12 дугаар сарын 24-нд танилцаад, 2010 оноос хойш хамтран амьдарсан. 2011 оны 04 дүгээр сарын 27-нд хүү Г.М төрсөн. 2012 онд гэр бүлээ батлуулсан. 2016 оны 03 дугаар сарын 23-нд охин Г.Г-ыг төрүүлсэн. Бидний амьдралд хандаж байгаа хандлага, үзэл бодол зөрчилдөөнтэй, хоорондоо ойлголцохгүй байгаа учраас ярилцаж байгаад салах шийдвэр гаргасан. Хоёр хүүхдээ би өөрийн асран хамгаалалтандаа авна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Б.Г-с хүүхдийн тэтгэмж авахгүй. Иймд гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Т.О-тэй 2009 онд танилцаад, 2010 оноос хойш хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд хүү Г.М, охин Г.Г  төрсөн. Сүүлийн 1,2 жил үзэл бодол таарахгүй байсан учраас бид хоёр ярилцаад гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэр гаргасан гэв.

Нэхэмжлэгч Т.О шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие Т О нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Ингээд шүүх үйл ажиллагаа явагдаж эвлэрүүлэн зуучлах хугацаа олгосон ч энэ хугацаанд бидний шийдвэр өөрчлөгдөөгүй юм. Иймээс товлосон хугацаанд бидний гэрлэлтийг цуцлуулж өгнө үү. Би Өмнөговь аймагт явж байгаа бөгөөд өөрийн биеэр шүүх хуралдаанд очиж амжихгүй байгааг хүндэтгэн үзнэ үү гэжээ.

Хариуцагч Б.Ганбат шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Г.О-тэй гэр бүл цуцлах шүүх хуралд оролцсон. Шүүхийн заасан хугацаанд эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаанд оролцсон боловч бидний шийдвэр өөрчлөгдөөгүй болно. Одоогоор би Увс аймагт явж байгаа тул өөрийн биеэр шүүх хуралдаанд очиж амжихгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Б.Г-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг гаргаж шүүхэд гаргажээ.

Т.О, Б.Г нар нь 2009 онд танилцаж 2012 оны 10-р сарын 26-нд гэрлэлтээ батлуулсан, хамт амьдрах хугацаандаа 2010 оны 04 дүгээр сарын 27-нд хүү Г.М, 2016 оны 03 дугаар сарын 23-нд охин Г.Г нарыг төрүүлж өсгөжээ.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

 

 

Гэрлэгчдийн дунд амьдралд хандаж байгаа хандлага, үзэл бодол зөрчилдөөнтэй, хоорондоо ойлголцохгүй, зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна.

Шүүгчийн 2020 оны 03-р сарын 18-ны өдрийн 04284 тоот захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч эвлэрээгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна. Иймд гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

Зохигч 2 хүүхдийг эхийн асрамжинд үлдээхээр тохирсон байх ба хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаангүй байна.

 

Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2020 оны 04-р сарын 16-ны өдөр дуусгавар болгожээ.

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Т-ын О, Б-ын Г нарын гэрлэлтийг цуцалж, 2010 оны 04 дүгээр сарын 27-нд хүү Г.М, 2016 оны 03 дугаар сарын 23-нд охин Г.Г нарыг эх Т.О-ийн асрамжинд үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА