Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2020/ДШМ/22

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 19 өдөр                               2020/ДШМ/22                                                                Зуунмод

 

 

С.Ш-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Нэргүй,

              Шүүгдэгч С.Ш-,

Нарийн бичгийн дарга Э.Билгүүн нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолтой С.Ш-т холбогдох 1934008610471 дугаартай 1 хавтас, 193 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 02 сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1955 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 21-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Санжийн Ш-, _________________ регистрийн дугаартай,

Шүүгдэгч С.Ш- нь Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг буюу Богдхан уулын дархан цаазат газарт 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зөвшөөрөлгүйгээр, өөрийн эзэмшлийн ТОЗ-8-01 загварын буугаар 2 тарвага буудан агнаж, байгаль экологид 340 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овгийн Санжийн Ш-ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, галт зэвсэг хэрэглэх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, мөн шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж,

шүүгдэгч С.Ш- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн" 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч С.Ш-т олгохыг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гол төмрийн дугаар AAN11525, замагны дугаар 55720 дугаартай 1 ширхэг ТОЗ-8 маркийн бууг хэрэгцээний дагуу хүргүүлэхийг, 1 ширхэг хонгио, 2 ширхэг тарвагыг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, С.Ш-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5 878 600 /таван сая найман зуун далан найман мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргахыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Дуламжав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч ялтан С.Ш-т эрүүгийн хариуцлагыг нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй хэт яллах талыг барьсан өрөөсгөл дүгнэлт болсон байна.

С.Ш- нь Богдхан уулын дархан цаазат газарт 2019 оны 09 сарын 27-ны өдөр зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн ТОЗ-8-01 загварын буугаар 2 тарвага буудан алж, байгаль экологид 340 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн газраа өөрөө зааж өгч, хэргийг илрүүлэхэд тусалсан, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. “Дархан цаазат” газар гэдгийг сайн мэдээгүйгээсээ буруугаар төсөөлж андуурсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг ял хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл байдал байна.

Шүүх дээрх нөхцөл байдал болон хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан С.Ш-ын хувийн байдлыг нь харгалзан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна.

Хуульд ...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилсанаас биш тэнссэн хүнд тухайн бүлэгт заасан алдбадлагын арга хэмжээг давхардуулан хэрэглэх зохицуулалт байхгүй байна.

Нөгөө талаар өмгөөлөгч миний үйлчлүүлэгч ялтан С.Ш-ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь бага, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, учруулсан хор уршгийг арилгасан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт заасан тэнсэх албадлагын арга хэмжээний төрлүүдийг давхардуулан хэрэглэсэн нь гэм буруутай гэж үзэж байгаа С.Ш-ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байгаа болно.

Ялтан С.Ш- нь нас 65 хүрсэн, урьд өмнө ямар нэг хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, өндөр настай эхнэрийнхээ хамт өөрсдийн нэг сарын тэтгэврийн орлого болох 730 000 төгрөгөөр амьдардаг, өөрийн эзэмшлийн орон сууцгүй, хүүхдийнхээ орон сууцанд амьдардаг хүн гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй байх. Анхан шатны шүүх, эцэг Санжаас үе уламжлагдан ирсэн түүний эзэмшлийн 1 ширхэг ТОЗ-8-01 маркийн бууг хуулийн дагуу хураасныг ялтан С.Ш- хүлээн зөвшөөрч байгаа.

Харин амьдралаа залгуулдаг “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгосон атлаа түүний үнэ болох 5 878 600 төгрөгийг ялтан С.Ш-аас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь түүнд хуульд заасан торгуулийн ялын доод хэмжээнээс давсан ял хариуцлага хүлээлгэсэнтэй адил болсон байгааг дээд шатны шүүхэд хандаж өгөөч гэсэн ялтан С.Ш-ын хүсэлтийг уламжлах үүрэг надад ноогдсон тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байгааг минь хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь “...гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэснийг өмгөөлөгч би ойлгохдоо хохирол төлөгдсөн тохиодолд ...заавал хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг давхардуулан хэрэглэх шаардлагагүй, шүүгч дотоод итгэлээрээ ял хариуцлагыг тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэрт тохируулан хуулиа хэрэглэхэд буруудахгүй гэж үзэж байгаа тул Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ШЦТ/24 тоот шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож, ялтан С.Ш- болон түүний өмгөөлөгч Ш.Дуламжав нарын давж заалдах гомдлыг хангаж өгнө үү. С.Ш-ын хохирол төлсөн баримт хавтаст хэргийн хуудаст байгаа.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Д.Нэргүй гаргасан дүгнэлтдээ: Шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Ш- гаргасан тайлбартаа: Ял хөнгөрүүлж өгнө үү гэв.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч С.Ш- нь Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг  Богдхан уулын дархан цаазат газарт 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зөвшөөрөлгүйгээр, өөрийн эзэмшлийн ТОЗ-8-01 загварын буугаар 2 тарвага буудан агнаж, байгаль экологид 340 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7 /, ТОЗ-8-01 маркийн буунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8,9-12/, тээврийн хэрэгслийн гэрэл зураг /хх-33/, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын №19-04-015/04 дугаартай дүгнэлт /хх-42/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн № 5054 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-46-49/, иргэний нэхэмжлэгч Ц.Цэвэлсүрэнгийн мэдүүлэг /хх-91/, гэрч Б.Жаргалбаатарын мэдүүлэг /хх-23/, шүүгдэгч С.Ш-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Анхан шатны шүүх С.Ш-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, С.Ш-ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх шүүгдэгч С.Ш-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон  хувийн байдлыг харгалзан С.Ш-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, галт зэвсэг хэрэглэх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Дуламжав “шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож  өгнө үү“ гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болох ба энэ үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч С.Ш-т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, галт зэвсэг хэрэглэх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан нь хуульд нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар С.Ш- Богдхан уулын дархан цаазат газраас зөвшөөрөлгүйгээр 2 эр тарвага буудаж агнасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тарвага агнасан ТОЗ-8-01 маркийн буу болон  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 61-44 ТӨВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл шүүгдэгчийн өөрийнх нь өмчлөл, эзэмшилд байсан нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-72,75/ болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан ба “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэжээ. Өөрөөр хэлбэл  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор хуульд заасан байхад шүүх тээврийн хэрэгслийн үнийг гаргуулан шийдвэрлэсэн нь буруу байх тул зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

Түүнчлэн тогтоолд ТОЗ-8-01 маркийн бууг хэрэгцээний дагуу хүргүүлэхийг шүүхийн тамгын газарт даалгасан нь шүүхийн тамгын газар  бууг хаана, хэнд хүргэх,  “хэрэгцээний дагуу” гэдгийг юу гэж ойлгох нь ойлгомжгүй, хураан авсан бууг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй болжээ. Иймд Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-д зааснаар ТОЗ-8-01 маркийн бууг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхээр шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулав.

Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж,  шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

- 6 дахь заалтын “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гол төмрийн дугаар AAN11525, замагны дугаар 55720 дугаартай 1 ширхэг ТОЗ-8 маркийн бууг хэрэгцээний дагуу хүргүүлэхийг..” гэснийг “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гол төмрийн дугаар AAN11525, замагны дугаар 55720 дугаартай ТОЗ-8-01 маркийн буу 1 ширхэгийг Төв аймгийн Цагдаагийн  газарт хүргүүлж,..”  гэж,

- 7 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ш-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5 878 600 /таван сая найман зуун далан найман мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.” гэснийг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ш-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 61-44 ТӨВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

- 5 дахь заалтын “...Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч С.Ш-т олгохыг тус тус шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасугай.” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Дуламжавын “шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү“  гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

             4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

     ШҮҮГЧИД                                              Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                    Г.БОЛОРМАА