Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 118/ШШ2019/0002

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Б/43 дугаар Б.*******г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ******* сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий иргэн Б.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* би анх Завхан аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ******* сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад жирэмсэний амралтаа авч, Хөдөлмөр, Халамж 2 байгууллага нэгдсэний дараа ажилдаа орж, Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар ******* сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Ийнхүү ажлаа хийж байтал Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дэд дарга Э.******* 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн над руу утсаар ярьж чи ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичээд өгчих, үгүй бол чамайг өмнөх сахилгын шийтгэлээр чинь төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах тушаалыг чинь гаргасан байна, тэтгэмж ч олгохгүй, өргөдлөө бичээд ажлаа хүлээлгэж өгөхгүй бол ажлаас чинь хөөж гаргана гэх мэтчилэн 7 хоног орчим намайг дарамталсан. Надад энэ нь дарамттай байсан учраас өөрийн хүсэл зориггүйгээр, албан хүчээр 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хүний нөөцийн мэргэжилтэн С.*******гийн facebook хаяг руу явуулсан. Тэгээд ажлаа хийж байтал 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр багийн даргаар надад Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Б/43 дугаар Б.*******г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг явуулсан байсан. Энэхүү тушаалаар намайг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 11.6 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх заалтыг тус тус үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн байсан. Эдгээр нь хуулийн ерөнхий заалтууд болон тэтгэмжтэй холбоотой зохицуулалт байна. Энэхүү тушаалыг би үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд учир нь төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж, халах ёстой. Гэтэл намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн бөгөөд өөрийн хүсэлтийг маань миний хүсэл зориггүйгээр дарамталж бичүүлж авсан. Тэгсэн ч дарамталж авсан хүсэлтээ үндэслээд зөв чөлөөлж чадаагүй байна. Сумын хөдөлмөр, халамж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн нь төрийн захиргааны албан хаагчийн зэрэглэлтэй бөгөөд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга болон сумын Засаг даргатай гурвалсан үр дүнгийн гэрээ байгуулдаг. Иймээс би ажлаас чөлөөлөгдсөнөө үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдлоо гаргасан. Гэтэл яамны дэргэдэх салбар зөвлөлөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл гомдол шийдвэрлэсэн хариу ирүүлээгүй бөгөөд гомдол шийдвэрлэх хугацааг сунгасан талаар надад мэдэгдээгүй учраас дараагийн ажлын өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргаж байна. Иймд хууль зүйн үндэслэлгүй тушаал болох Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Б/43 дугаар Б.*******г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, намайг ******* сумын Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, мөн хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ******* сумын Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Уг хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас тус шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 359 дүгээр албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, биелүүлсэн талаар дурдаж тус газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/54 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.*******г ******* сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаалыг ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй байна. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.

Хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Б/43 дугаар Б.*******г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ******* сумын Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулахыг шүүгчийн туслах П.Янжмаад даалгасугай

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР