Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2026/0604

 

                                         “О” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

          Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

          Хэргийн оролцогчид:

          Гомдол гаргагч: “О” ХХК

          Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ч.О

          Гомдлын шаардлага: "Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ч.Оын 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0133926 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах" тухай  

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2026/0671 

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

          Хариуцагч Ч.О

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр  

          Хэргийн индекс: 128/2026/0504/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Гомдол гаргагч “О” ХХК нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ч.Од холбогдуулан "Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ч.Оын 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0133926 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах" тухай гомдлын шаардлага гаргажээ.            

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 671 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 4, 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2-т заасныг баримтлан гомдол гаргагч "О” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ч.Од холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ч.Оын 2026 оны 04 дүгээр сарын 27- ны өдрийн 0133926 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

              3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цгоос гаргасан давж заалдах гомдлын агуулга:   

              3.1 Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Оын 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0133926 дугаартай шийтгэлийн хуудас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, эрх бүхий албан тушаалтан эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, нотлох баримтаар үнэлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан бий эсэхэд дүгнэлт хийгээгүй, тодруулбал ажилтны цалин хөлсийг олгоогүй, саатуулсан үйлдэл нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй байх” обьектив шинжийг тогтоогоогүй атал “хүндэтгэн үзэх шалтгаангүй цалин хөлсийг олгоогүй” зөрчилд шийтгэл хүлээлгэсэн нь “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх” шударга ёсны, "бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөнөөс шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлгүй шийтгэл ногдуулсан.

Гэтэл анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй шийтгэл ногдуулсныг анхаарч үзэлгүй шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь цалин хөлс гэх ойлголтыг хөдөлмөрлөх суурь харилцааг зохицуулдаг. Хөдөлмөрийн тухай хуульд 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгоно, 42 дугаар зүйлийн 42.1.3-т ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй, 43 дугаар зүйлийн 43.2.1-д Ажил олгогч гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох үүрэгтэй болохыг заасан.

Өөрөөр хэлбэл "цалин хөлс гүйцэтгэсэн ажил үүрэгт тохирсон байх"-ыг Хөдөлмөрийн тухай хуулиар нөхцөл болгосон, “гүйцэтгэсэн” гэдэг үг нь монгол хэлэнд “дутуу дулимгүй, бүрэн төгс, гүйцэд биелүүлсэн, болгосон” гэсэн утгатай. Зөрчлийн хэрэгт холбогдогчийн мэдүүлэгт ажлаа хаяж явснаас хойш 9 хоногийн дараа буюу 2026 оны 02 дугаар сарын 11-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 01 дүгээр сард ажил үүргийн дагуу гүйцэтгэх ёстой ажил буюу Улаан дэвтэр хөтлөх, бараа материал хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэх, хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтны үүргээ биелүүлэхийг шаардсан, компанийн нэр хүндэд халдсан мэдээлэл тараасан гэх мэт маргаан талуудын хооронд байсан талаарх нотлох баримт байдаг. Тус компанийн ажилтан Б.Н нь 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажиллаад ажил олгогчид мэдэгдэлгүй, шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, 2026 оны 02 дугаар сарын 11-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, компани Хөдөлмөрийн хууль бусад холбогдох журмын дагуу ажил хүлээлцэхийг шаардсан, ажилтан Б.Н нь хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгохтой холбоотой маргаан талуудын хооронд үүссэн. Компанийн зүгээс 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б.Нтай биечлэн уулзаж ажлаа хүлээлцэхийг хүссэн боловч хүлээлгэж өгөхгүй байсан тул 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/19 дугаартай албан бичгээр дахин ажил хүлээлцэх шаардлага хүргүүлсэн. Ажил олгогчийн зүгээс 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 02 сар дуусталх хугацаанд цалин хөлсийг олгож байсан нь Б.Нын цалингийн тооцооны хүснэгтээр нотлогдоно. 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/19 дугаартай албан бичгээр ажил хүлээлцэх шаардлагаар Барилгын ажлын өдөр тутмын үйл явцыг үйл ажиллагааг тэмдэглэх буюу Барилга байгууламжийн хувийн хэргийг хөтлөх үйл ажиллагаа буюу инженерийн өдөр тутмын хийх ёстой үйл ажиллагааг БХБ сайдын 2016 оны 11 сарын 10- ны өдрийн 180 дугаар тушаалаар батлагдсан журмаар тогтоосон. Улаан дэвтрийн хөтлөлтийг зөвхөн Н бичиж баталгаажуулж өгөх боломжтой. Өөр хүн нөхөн бичилт хийх боломжгүй юм. /Барилга ашиглалтад орсны дараа улсын комисс болон эрх бүхий байгууллагын архив үлддэг/ Мөн “О” ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл гарын үсэгтэй бичмэл хувь болон мөн өдрийн тэмдэглэлийг баталгаажуулж шивж гаргасан-7 хуудас баримтаар нотлогдоно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-д "Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй” бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно", 83 дугаар зүйлийн 83.2. Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. гэсэн заалтыг зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ажил үүргээ гүйцэтгээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаарх нөхцөл байдал үүссэн баримтууд авагдсан байхад “ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин ажилтны цалин хөлсийг олгоогүй" гэх зөрчил тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх уг маргаантай нөхцөл байдал нь ажил олгогч ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олгоогүй, саатуулсан зөрчил үү, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаанд дүгнэлт хийлгүй, цалин олгогдоогүй л бол хэмээн хэт өрөөсгөл дүгнэлт хийснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй юм.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2026/0671 дугаартай шийдвэрт шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цгийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.     

          2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, “О” ХХК-ийн захирлын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/30 дугаартай тушаалаар Б.Ныг Ерөнхий инженерээр ажилд авсан байх бөгөөд талууд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ХГ-25/56 дугаартай хөдөлмөрийн   гэрээ байгуулжээ. Мөн компанийн захирлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай тушаалаар Б.Ныг ахлах инженер болгон тушаал бууруулж үндсэн цалинг *** төгрөг байхаар сахилгын шийтгэл ногдуулжээ. 

3. Талуудын тайлбараар Б.Н нь 2026 оны 02 дугаар 03-ны өдөр ажиллаад ажлаа орхин явсан гэх бөгөөд 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “... өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа учир үлдэгдэл цалин хөлсийг шийдвэрлэж өгнө үү” гэх өргөдлийг гаргасан байна.

4. Улмаар цалин хөлс олгоогүй зөрчлийг шалган шийдвэрлүүлэх тухай гомдлыг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “О” ХХК-иас тус компанид ахлах инженерээр ажиллаж байсан Б.Нын 2026 оны 01 дүгээр сарын сүүл, мөн оны 2 дугаар сарын ажилласан хоногт ногдох цалинг ажилтны гарт олгоогүй гэх зөрчил илэрч Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0133926 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсгийг баримтлан 5000 нэгжээр торгожээ.

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 671 дүгээр шийдвэрээр гомдол гаргагч "О” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ч.Од холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ч.Оын 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0133926 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.

6. Гомдол гаргагч талаас “ ... цалин хөлс нь гүйцэтгэсэн ажил үүрэгт тохирсон байх ёстой. Б.Н нь барилга байгууламжийн хувийн хэргийг хөтлөөгүй, ажил хүлээлцээгүй, ... анхан шатны шүүх уг маргаантай нөхцөл байдал нь ажил олгогч ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олгоогүй, саатуулсан зөрчил үү, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаан уу гэдэгт дүгнэлт хийлгүй, цалин олгогдоогүй л бол хэмээн хэт өрөөсгөл дүгнэлт хийснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй” гэж маргаж буйг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.

7. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:” гээд 43.2.1 дэх хэсэгт “гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр тогтоогоогүй бол хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх;”, 104 дүгээр зүйлийн 104.1-д “Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана.”, 104.7-д “хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, 128 дугаар зүйлийн 128.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.” гэж тус тус зохицуулсан.

Үүнээс үзвэл ажил олгогч нь ажилтанд тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгох үүрэгтэй, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон эсэх нь энэ үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь Зөрчлийн тухай хуульд “Ажил олгогч ажилтанд хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй ... бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” заасан хариуцлага хүлээх үндэслэл болохоор байна.

Энэ талаар анхан шатны шүүх “ ... цалин хөлс нь ажил үүрэг гүйцэтгэсэн бол олгогдох агуулгатай бөгөөд ажил үүрэг гүйцэтгэсэн ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгохгүй байх, саатуулахгүй байх үүргийг ажил олгогч хуулиар хүлээсэн” гэж тайлбарлаж буй нь үндэслэлтэй.

8. Нөгөөтээгүүр, ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчилд Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах, мөн хууль болон Хөдөлмөрийн гэрээгээр тохирсон эд хөрөнгийн бүрэн бүрэн ба хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирол нэхэмжлэх зэрэг хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломж нь нээлттэй байхад олговол зохих цалин хөлсийг саатуулсан нь хуульд нийцэхгүй.

            Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд гомдол гаргагчийн гомдолд дурдагдсан үндэслэлээр шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох нөхцөл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 671 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                  ШҮҮГЧ                                          Ц.ОДМАА  

 

                                  ШҮҮГЧ                                          Г.БИЛГҮҮН

 

                                 ШҮҮГЧ                                           Э.ЗОРИГТБААТАР