Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 17

 

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баяр-Энхэд холбогдох 201601070272 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

               Нарийн бичгийн дарга:                           З.Ганцоож  

               Улсын яллагч:                                           Б.Буяндэлгэр            

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                                     Д.Цолмон

     Шүүгдэгч:                                                             Б.Баяр-Энх нар оролцов.

          

            Монгол улсын иргэн, 1971 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн, эрэгтэй, 46 настай, дээд боловсролтой, зураг технологийн багш мэргэжилтэй, Хэнтий аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын сургуульд зураг технологийн багш ажилтай, ам бүл 2, эхнэр Б.Нөхөрлөлийн хамт, Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг, Ноён 8-1 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, СО71022433 дугаарын регистертэй, Халбин овгийн Бадамсадын Баяр-Энх

 

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

           Шүүгдэгч Б.Баяр-Энх нь 2016 оны 11 сарын 05-ны оройн 21 цаг 20 минутын үед  Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Багануур зоог” үйлчилгээний төвийн харалдаа асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 55-08 ХЭҮ улсын дугаартай, “Тоёота Филдер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигч М.Чулуунбатыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Баяр-Энх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2016 оны 11 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн үед Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Багануур Зоог” зоогийн газрын өмнүүр Нарны зам дагуу явж байх үед өөдөөс хурц гэрэлтэй машин зөрж, хурц гэрэлд нүдээ дасгах үед замын зүүн гар талаас гэнэт хүн гүйж миний машины урд гарч ирсэн. Тухайн үед  тодорхой хэмжээний хурдтай явж байсан бөгөөд тэр хүн машинд тулсан байсан учраас чигээрээ очоод мөргөчих байх гэж бодоод тормозлоод жолоогоо баруун гар тийшээ дарахад машины зүүн урд хэсэгт түс хийх чимээ гарсан. Замын баруун хэсэгт машинаа зогсоогоод буугаад очиход талийгаач замын голын цагаан зураасны хажууд доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Би “та яасан бэ?” гэж асуухад талийгаач янцаглаад  бага зэрэг хөдөлсөн. Тэгээд шууд эмнэлэг, цагдаа дуудсан. Би 1992 оноос хойш жолоо барьж байгаа” гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Өлзийбаярын мэдүүлсэн: “Би 2016 оны 11 сарын 04-ний өдөр талийгаач нөхөр Чулуунбатыг Багануур явах жижиг машинд суулгаж өгсөн бөгөөд 2016 оны 11 сарын 06-ны өдөр Эрээн хотоос Замын Үүдэд ирээд нөхрөө нас барсан гэдгийг мэдсэн. Талийгаач миний төрсөн Цогтбаатартай цуг мужааны ажил хийхээр тэднийд ирсэн. Өмнө нь Багануурт ирж ажиллаж байгаад буцдаг байсан. Талийгаачийн баруун чих жаахан хатуу, группд байдаг. Өөр өвчин зовиур байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Ариунаагийн мэдүүлсэн: “ Би 2016 оны 11 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Мөрөн сум орохоор Баяр-Энх өөрийнхөө эзэмшлийн 55-08 ХЭҮ улсын дугаартай машинаа жолоодож, Багануур дүүргийн нутаг дэвсгэрээр 21-22 цагийн хооронд дайран өнгөрөх үед “Багануур зоог” цайны газрын урьд асфальтан зам дээр явж байтал өөдөөс хурц гэрэлтэй машин өнгөрөх үед машины урдуур явган хүн гүйж гарч ирээд мөргүүлсэн. Жолооч тормоз гишгээд баруун гар тал руугаа дарж замын хажуу тал руу бууж зогссон. Баяр-Энх би хүн мөргөчихлөө гээд буугаад гүйгээд явсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 81/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Ганхуягийн мэдүүлсэн: “Гэнэт түс хийх чимээ гарсан, яасан юу болов гэсэн чинь төд удалгүй  машин замаас гарч замын далан руу орж зогссон. Яасан бэ гэж асуухад би хүн шүргэчих шиг боллоо гээд өөрөө буугаад түрүүлээд гүйсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 82/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Цогтбаатарын мэдүүлсэн: “Тухайн орой 20-21 цагийн үед талийгаач Чулуунбат ах бид нар хоорондоо жаахан юм ярьж сууж байгаад би унтахаар хэвтсэн. Тэр үед ах гараад явсан байсан. Тэгэхээр нь тамхи татах гэж байгаа юм байх гээд 10 орчим минут болсон. Хаалгаар шагайж ахаа гээд дуудсан. Ямар нэг чимээ гараагүй. Хувцасаа өмсөөд гэрээс гарч хашааны баруун талын хаалгаар дуудахад таг чиг байсан. Зоогийн газрын тийшээ харсан чинь  аваарын гэрэл асаасан машин  зогсож байхаар нь  дэлгүүр, зоогийн газар руу явж байгаад янз бүр болсон юм биш биз дээ гэж бодоод гүйгээд очиход талийгаач Чулуунбат машинд дайруулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 78/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Цэцэгнямын мэдүүлсэн: “2016 оны 11 сарын 04-ний өдөр талийгаач Өвөрхангай аймгаас Багануурт модоор мужаан хийхээр ирсэн. Өнөөдөр үдээс өмнө унтаж байгаад босоод хүүхдүүдтэйгээ утсаар ярьсан. Тэгээд нуруу чиллээ гээд гэрт алхаж байгаад 20 цаг 40 минутын үед гэрээс гарсан. Манай нөхөр гараад Чулуунбатын нэрийг дуудсан чинь байхгүй байсан гэсэн. Тэгээд зам руу харахад Багануур зоогийн үүдэнд машин зогссон, хүмүүс бөөгнөрөөд байхаар нь очсон чинь хүн дайрагдсан гээд эмнэлэг ирсэн байсан гэсэн. Тэгээд  буцаад гэртээ орж ирэхдээ ах маань машинд дайруулсан байна гээд орж ирсэн. Өчигдөр орой талийгаач манай нөхөртэй жаахан уусан, өөрөө ярихдаа Өвөрхангайд жаахан уусан гэж байсан. Тэгээд манай нөхөр Цогтбаатар, талийгаач хоёр 0.33 граммын нэг шил архи хувааж уусан” гэх мэдүүлэг /хх-ийн  75/

 

Мөрдөн байцаалтад гэрч З.Хүрэлбаатарын мэдүүлсэн: “Би талийгаач Чулуунбатын төрсөн дүүгийн нөхөр байгаа юм. Талийгаач нь эхнэртэйгээ хувиараа юм хийгээд байдаг, барааны лангуу ажиллуулдаг. Архи хааяа хааяа хэрэглэдэг”  гэх мэдүүлэг /хх-ийн 73/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Пагмасүрэнгийн мэдүүлсэн: “Би талийгаач Чулуунбатын төрсөн охин. Талийгаачид ямар нэгэн хүнд хууч өвчин байхгүй. Нэг чих нь муу сонсдог байсан. Төлөв даруу, хүмүүстэй хэрүүл, маргаан хийгээд байдаггүй, архи дарс их уугаад байдаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 74/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Гансэрээтэрийн мэдүүлсэн: “Аав Чулуунбат Багануур дүүрэгт ах Цогтбаатартай хамт мужааны ажил хийх гэж ирээд нэг хоноод маргааш шөнө нь дэлгүүр орох гэж яваад машинд мөргүүлсэн байсан. Талийгаач тамхи татдаг, хааяа архи хэрэглэдэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 76/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Нөхөрлөлийн мэдүүлсэн: “Манай нөхөр 2016 оны 11 сарын 05-ны өглөө хувийн ажлаар Улаанбаатар хотруу яваад орой нь хүн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн  77/

 

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 09 шэ/027 тоот дүгнэлтэд: “Талийгаач М.Чулуунбат нь уушигны уг урагдал, дотуур цус алдалт хуйханд цус хуралт, хавирганы хугарал, баруун гарын бугалга ясны хугарал, баруун хацар, баруун гарын сарвуу баруун тохойн үе, зүүн гарын сарвуу, зүүн дал, баруун ташаа, цээжний баруун хэсэг, баруун өвдөг, зүүн хөлний шагайн үе зулгаралтуудтай. Зүүн шилбэний булчинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайлбал автомашинд мөргөгдөх, цохигдох, унах үед үүсэх боломжтой. Эмнэлгийн анхны тусламжаар амь нас аврах боломж муутай байна. М.Чулуунбат нь шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. Талийгаач нь шинжилгээгээр цусанд 3.5 промилли, ходоодны шингэнд 5.8 промилли спиртийн агууламж илэрсэн /хүнд зэргийн согтолт/. Талийгаач нь шинжилгээгээр В/III/ бүлгийн цустай байна. Талийгаач нь авто ослын улмаас учирсан дээрхи хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 93/

 

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн №661 дугаартай дүгнэлт:

         1. 2016 оны 11 сарын 05-ны өдрийн Багануур дүүргийн Замын цагдаагийн газрын зохицуулагч цагдаагийн дэслэгч Н.Ариунболдын гаргасан зам тээврийн осол дээр тогтоосон акт үндэслэлтэй байна.

         2. Тоёота Филдер маркийн 55-08 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Баяр-Энх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.  

         3. Явган зорчигч талийгаач М.Чулуунбат Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. 3.9-ийн “г”-д заасан “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй.

         4. Тоёота Филдер маркийн 55-08 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн явсан хурдыг тогтоох боломжгүй байна. Хэргийн материалд бэхжүүлж авснаас үзэхэд тормозны мөр гэх хэмжээс хоёр өөр хэмжээстэй анх осол гэх А цэгийн дараа үүссэн мөр байна.

         5. Тоёота Филдер маркийн 55-08 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Баяр-Энх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөнөөс явган зорчигч М.Чулуунбатыг мөргөсөн гэх дүгнэлт /хх-ийн 98/

 

Мөрдөн байцаалтад шинжээч Д.Алтайбаатарын мэдүүлсэн“...55-08 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Тормозны мөр нь осол болсны дараа үүссэн мөр байгаа. Явган зорчигчийг мөргөх үед тээврийн хэрэгслийн хурд нь хасагдана. Хэмжээс өөр гэдэг нь тээврийн хэрэгслийн баруун урд дугуй зорчих хэсгээс гараад дараа нь зүүн урд дугуй гарч байгаа учраас тормозны мөр зөрүүтэй гарсан. Явж байсан тээврийн хэрэгсэл баруун гар тийш дарж замын зорчих хэсгээс гарсан байна. Иймд тормозны мөр зөрүүтэй гарсан байна. Энэ хэмжилт болон үзлэгт ямар алдаа буруу, дутуу хэмжсэн гэж үзэхгүй.  Мөр нь А цэг буюу явган зорчигчийг мөргөсний дараа тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан гэх үндэслэлтэй байна. Тээврийн хэрэгслийн тормозны мөр зөрүүтэй байгаа нь асфальтан зам, шороон зам хоёрын үрэлт ялгаатай тул тормозны мөр зөрүүтэй харагдаж байна. Энэ тээврийн хэрэгслийг бүрэн бус гэж үзэх үндэслэл болохгүй. /хх-ийн  84-85/

 

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн  шинжилгээний хэлтсийн автотехникийн  шинжээчийн 6812 дугаартай дүгнэлт: 

1. Шинжилгээнд ирүүлсэн “Тоёота Филдер” маркийн 55-08 ХЭҮ улсын дугаартай суудлын автомашины зүүн урд далбаа, урд бамбай, зүүн гадна толь, урд салхины шил, зүүн урд дугуйн шаврын хаалт, зүүн урд хаалганы дээр байрлах бороо, усны хуванцар хаалт, зүүн урд багана зэрэг эд ангиуд эвдрэлтэй, дугаарын баруун талын гэрэл асахгүй байна.

2. Осол хэргийн материал ирүүлээгүй тул дээрх эвдрэл, гэмтлүүд нь ослын өмнө болон хойно үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

3. Уг суудлын автомашины зүүн урд далбаа, урд бамбай, зүүн гадна толь, урд салхины шил, зүүн урд дугуйн шаврын хаалт, зүүн урд хаалганы дээр  байрлах бороо, усны хуванцар хаалт, зүүн урд багана зэрэг эд ангиудын эвдрэл гэмтлүүд урдаас хойш чиглэлд хатуу зүйлтэй харилцан үйлчлэхэд үүссэн байх үндэслэлтэй.

4. Автомашин огцом тормозлоход бетон, хальтиргаатай зам дээр тормозны чирэгдсэн мөр үүснэ. Зориулалтын багажгүй тул тормосны хүч, идэвхижилтийн үзүүлэлтийг тодорхойлох боломжгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 101-103/

 

Мөрдөн байцаалтад шинжээч Г.Цэндсүрэнгийн мэдүүлсэн: “Гэмтлийн шинэ хуучин гэдгийг тогтоох боломжтой. Уг тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл нь шинэвтэр гэмтэл байна. Үүнд зүүн урд багана хонхойж зэвэрсэн гэмтэл нь зэврэлтийн байдлаас үндэслээд цаг хугацааны хувьд удсан байх боломжтой, баруун хойд дугаарын гэрэл ашиглалтын явцад үүснэ. Бусад эвдрэл гэмтэл нь бохирлогдоогүй байх тул шинэвтэр гэмтлүүд байна” гэх дүгнэлт /хх-ийн 89/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криманилистикийн шинжилгээний хэлтсийн Авто техникийн лабораторийн шинжээчийн 6813  дугаартай дүгнэлт:      

1. Шинжилгээнд ирүүлсэн “Тоёота Филдер” маркийн 55-08 ХЭҮ улсын дугаартай автомашины зүүн урд далбаа 93х35 см, урд бамбайн зүүн ирмэг хэсэг 38х33 см, зүүн урд хаалганы бороо усны хаалт 68х10 см, зүүн хажуугийн толь байхгүй, урд бамбайн зүүн дунд хэсэг 6х5 см, урд бамбайн баруун тал 70х22 см, зүүн урд дугуйны шаврын хаалт хугарч унасан, урд салхины шил хагарсан,  зүүн урд багана 40х10 см хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэх үед гарсан гэмтлүүд байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн 2, 3, 5, 9 гэж дугаарласан хуванцарууд  болон 8,7 гэж дугаарласан хуванцарууд зах ирмэг хэсгүүд, зураасан мөр зэргээрээ өөр хоорондоо нэг бүхлийг үүсгэж байна. Харин бусад хуванцарууд нэг бүхэл үүсгэхгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан хуванцар “Тоёота Филдер” маркийн 55-08 ХЭҮ улсын дугаартай автомашины зүүн урд шаврын хаалттай, 6 гэж дугаарласан хуванцар урд бамбайн зүүн ирмэг хэсэгтэй, 14 гэж дугаарласан хуванцар зүүн урд хаалганы бороо, усны хаалттай зах ирмэг хэсгүүдээрээ болон сэв, зураасан мөр зэргээрээ тус тус нэг бүхлийг үүсгэж байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн нэг бүхэл үүсгэсэн 2, 3, 5, 9 гэж дугаарласан хуванцарууд “Тоёота Филдер маркийн автомашины хажуугийн толь байна” гэсэн дүгнэлт  /хх-ийн 115/

 

Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-н 3/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэнБ.Баяр-Энхээр анх хүн мөргөсөн цэгийг заалгахад асфальтан замын баруунаас зүүн тийш явах хэсгийн баруун ирмэгт зүүн талын дугуйны мөрний хэсэгт анх мөргөсөн гэснийг А, хүн мөргүүлж унасан гэх цэгийг Б үсгээр тэмдэглэв. Асфальтан зам дээр тээврийн хэрэгслийн толь 3 хэсэг хагарсан байдалтай замын зорчих хэсгийн баруун талд тээврийн хэрэгслийн под карлон, 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ш, 100 төгрөгийн дэвсгэрт  1 ш байв. А цэгээс Б цэг 4.60 см байв.  Б цэгийн ойролцоо асфальтан зам дээр улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр хэсэг газарт бохирлогдсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Тээврийн хэрэгслийн зүүн талын карлон хонхойж будаг нь халцарсан, копудны зүүн дээд хэсэгт арчигдсан мэт мөр байсныг гэрэл зургаар бэхжүүлэвгэсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-н 5-15/

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн55-08 ХЭҮ улсын дугаартай Тоёота Филдер маркийн тээврийн хэрэгслийн гадна талын арьс төмөр нь харахад нэлээн хуучивтар, зүүн урд талын урд карлон 70*34 см хонхойж орсон, гуфер зүүн урьд хэсгээрээ ангайж салсан, зүүн толь сууриараа хугарсан, зүүн талын урд хаалганы шилэн дээр хар мөр үүссэн, борооны хамгаалалт хугарсан байдалтай, урд салхины шил гол хэсэгтээ цуурч хагарсан, урд копуд урд талын зүүн хэсгийн ирмэгт хуруу дарам газарт хонхойсон, зүүн талын шил арчигчийн гадна талын гурвалжин резиний тал нь хугарсангэсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-н 8-15/

 

Тээврийн хэрэгслийн лавлагаагаар “Tоёота Филдер” маркийн 55-08 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Бадамсад овогтой Баяр-Энх” гэжээ. /хх-ийн 168/

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай “Бадамсад овогтой Баяр-Энхийн эзэмшлийн  “Tоёота Филдер” маркийн 55-08 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэхээр тогтоосугай” гэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 28-29/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 35/

 

Б.Баяр-Энх нь “Цагдаагийн ерөнхий газрын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 166/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 09 шэ/027 тоот дугаартай шинжээчийн дүгнэлт болон техникийн шинжээчдийн 661, 6812, 6813 дугаартай дүгнэлтүүдийн үндэслэл нь ойлгомжтой, эргэлзээгүй, шинжээчид нь дүгнэлтийнхээ үндэслэлийг тайлбарласан, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

 

Шүүгдэгч Б.Баяр-Энх нь Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Мөрөн сумын чиглэлд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Багануур зоог” үйлчилгээний төвийн өмнөх асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 55-08 ХЭҮ улсын дугаартай, “Tоёота Филдер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг заасныг зөрчсөний улмаас уг замаар зорчиж явсан явган зорчигч М.Чулуунбатыг мөргөж, амь насыг нь хохироосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баяр-Энхийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...өөдөөс хурц гэрэлтэй машин зөрж өнгөрөнгүүт зүүн гар талаас гэнэт хүн гүйж гарч ирээд машины зүүн урд талд түс хийх чимээ гарсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч М.Ариунаагийн “Баяр-Энх машин жолоодож явсан машины урдуур явган хүн гүйж гарч ирээд мөргүүлсэн”  гэх мэдүүлэг /хх-ийн 81/, гэрч Ч.Ганхуягийн “гэнэт түс хийх чимээ гарсан бөгөөд жолоочоос яасан бэ? гэж асуухад хүн шүргэчихлээ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82/, гэрч Д.Цогтбаатарын “орой 21 цагийн үед талийгаач гарч яваад 10 орчим минут болчихоод байхад буцаж орж ирэхгүй болохоор нь дуудахад ямар нэг чимээ өгөөгүй. Тэгээд зоогийн газрын чигт харахад аваарын гэрлээ асаасан машин зогсож байхаар нь гүйгээд очиход талийгаач Чулуунбат машинд дайруулсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78/,  гэрч Ө.Цэцэгнямын “талийгаач нуруу чиллээ гээд гэрт алхаж байгаад 20 цаг 40 минутын үед гэрээс гарсан. Манай нөхөр талийгаачийн араас гарсан бөгөөд буцаж орж ирэхдээ ах маань машинд дайруулсан байна гээд орж ирсэн”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 75/, М.Чулуунбат нь авто осолд орж, учирсан хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсныг тогтоосон шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 09 шэ/027 тоот дүгнэлт /хх-н 93/, шүүгдэгч Б.Баяр-Энх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөнөөс явган зорчигч М.Чулуунбатыг мөргөснийг тогтоосон Замын цагдаагийн албаны шинжээчийн №661 дугаартай дүгнэлт /хх-ийн 98/, шүүгдэгч Б.Баяр-Энхийн тухайн үед жолоодож явсан “Тоёота Филдер” маркийн 55-08 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тогтооосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн  шинжилгээний хэлтсийн автотехникийн шинжээчийн 6812, 6813 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 101-103, 115/,

осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-н 3/, хэрэг учралын газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 5-15/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

     Жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг мэдсээр байж дүрэм зөрчсөн үйлдэл болон үр дагавартаа  хөнгөмсгөөр найдсан байдлаар болгоомжгүй хандсан үйлдэл нь шүүгдэгчийн “би 1992 онд жолооч болсон, тухайн үед тодорхой хэмжээний хурдтай явж байсан бөгөөд тэр хүн машинд тулсан байсан учраас чигээрээ очоод мөргөчих байх гэж бодоод тормозлоод жолоогоо баруун гар тийшээ дарахад машины зүүн урд хэсэгт түс хийх чимээ гарсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Б.Баяр-Энхийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан материаллаг хохирлын тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Өлзийбаяр нь анх 20.668.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хоорондоо харилцан тохиролцож, гэм хорын хохиролд нийт 13.950.000 төгрөг авч, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаарх баримтыг бичгээр үйлдэж, нотариатаар баталгаажуулан шүүхэд ирүүлсэн байна. /хх-ийн 225-227/ Иймд шүүгдэгчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

        Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 166/ тогтоогдсон болно.   

           Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 09 шэ/027 тоот дүгнэлтээр М.Чулуунбат нь хүнд зэргийн согтолттой байсан болох нь тогтоогдсон бөгөөд Замын цагдаагийн албаны шинжээчийн 661 дугаартай дүгнэлтэд “явган зорчигч талийгаач М.Чулуунбат нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.9-ийн “г”-д заасан “явган зорчигчид өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байх тул хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.

     Шүүхээс Б.Баяр-Энхэд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг төлсөн, хохирогчийн хэт хайхрамжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд Б.Баяр-Энхэд хуульд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Б.Баяр-Энх нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, шүүгдэгч нь тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг, хамт олны итгэл хүлээсэн, хөдөлмөрч зантай зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 55-08 ХЭҮ улсын дугаартай “Тоёота Филдер” маркийн тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар Б.Баяр-Энхийн эзэмшлийнх болох нь тогтоогдсон. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байх тул уг автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг гэрчилгээ, түлхүүрийн хамт Б.Баяр-Энхэд буцаан олгож, харин түүний жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн тээврийн хэрэгслийн эд ангийн хуванцар хэлтэрхийнүүд болон талийгаачийн тухайн үед өмсөж явсан хувцас зэргийг устгах нь зүйтэй байна. /хх-н 35/ Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эд мөрийн баримтаар хураагдсан талийгаачийн хувцасыг буцаан авах талаар санал хүсэлт ирүүлээгүйг тэмдэглэе.

          Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Халбин овгийн Бадамсадын Баяр-Энхийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Халбин овгийн Бадамсадын Баяр-Энхийн тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрвөн/ жилийн  хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Баяр-Энхэд оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Баяр-Энх нь оршуулгын зардал болон гэм хорын хохиролд нийт 13.950.000 /арван гурван сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Өлзийбаярт төлснийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, 55-08 ХЭҮ улсын дугаартай “Тоёота Филдер” маркийн тээврийн хэрэгслийг бичиг баримт 2 ширхэг түлхүүрийн хамт эзэмшигч Б.Баяр-Энхэд буцаан олгосугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн АS35128738, AP8183156 серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, АН3750322, АL3516540 серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, хар өнгийн хуванцар 9 ширхэг, хүрэн өнгийн хуванцар 4 ширхэг, автомашины толь, толины мотор, зүүн талын урд талын усны хамгаалалт тус бүр 1 ширхэг, талийгаачийн өмсөж явсан ногоон хүрэм, саарал цамц, бараан цэнхэр өнгийн цамц, хөх хагас ханцуйтай цамц, хар хөх өмд, хар дотуур өмд, саарал дотуур өмд, хар саарал дотоож, хар бүс, бор шаргал оймс, хар урт түрийтэй гутал 1 хос, хөх өнгийн асаагуур зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Баяр-Энхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллага хяналт тавихыг мэдэгдсүгэй.
  8. Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд  гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд оногдуулах ялд тэнссэн ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүх шийдвэрлэх журамтайг тус тус мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Баяр-Энхэд оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  10. Б.Баяр-Энхэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг гүйцэтгүүлэхээр 097067 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
  11. Шүүгдэгч Б.Баяр-Энхэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Баяр-Энхэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  14. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Баяр-Энхэд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА