| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2024/0024/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/32 |
| Огноо | 2023-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/32
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Р.Очирсүрэн, шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 02890 2240 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн Ц.С, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Архангай аймгийн ** суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл ганцаараа, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар **, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ц.С нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны ** байрлах гэртээ Н.Б-г согтуу унтаж байхад нь түүний цээж хэсгийг индүүгээр түлсэн, 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөн гэртээ Н.Б-ийн зүүн гарыг гэрийн унь хэсгээс хүлж байгаад хоёр гарын бугуй, дух, баруун хөлийн өвдөг, гэдэсний бэлхүүс хэсэгт тамхи татаж байгаад тамхины цогийг нааж унтраах зэргээр биед нь “цээж, зүүн хөх, баруун мөр, бүсэлхий нуруу, ууц, баруун ташаанд 2-р зэргийн түлэгдэлт, хоёр өвдөгт зулгаралт, зүүн дээд зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, хэвлий, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүгдэгч, Б овгийн Ц.С нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны ** байрлах гэртээ хохирогч Н.Б-г согтуу унтаж байхад нь түүний цээж хэсгийг индүүгээр түлсэн, 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөн гэртээ түүний зүүн гарыг гэрийн унинд хүлж байгаад хоёр гарын бугуй, дух, баруун хөлийн өвдөг, гэдэсний бэлхүүс хэсэгт тамхины цогийг нааж унтраах зэргээр догшин авирлаж, бие махбодод нь “цээж, зүүн хөх, баруун мөр, бүсэлхий нуруу, ууц, баруун ташаанд 2-р зэргийн түлэгдэлт, хоёр өвдөгт зулгаралт, зүүн дээд зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, хэвлий, зүүн бугалга, шуунд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл (хавтаст хэргийн 4 дэх тал), хохирогч Н.Б-ийн мэдүүлэг (9-13 дахь тал), гэрч Ц.Х-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), гэрч Э.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал), Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11608 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал) гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал) зэрэг яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Түүнчлэн, шүүгдэгч Ц.С шүүх хуралдаанд “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ямар нэгэн гаднын нөлөө, дарамт шахалт байгаагүй, хэргийн материалтай бүрэн уншиж танилцсан, маргах зүйл байхгүй, прокурортой эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохиролцсон, хууль зүйн үр дагаврыг ойлгож мэдсэн, цаашид давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг хүлээн зөвшөөрсөн...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
1.2. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.С нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд тэрээр өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.3. Эрх зүйн дүгнэлт
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11608 дугаар дүгнэлтээр хохирогчийн бие махбодод эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.С-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Н.Б-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч Ц.С-ийн хохирогчийн цээж хэсгийг индүүгээр түлсэн, гарыг гэрийн унинаас хүлж байгаад хоёр гарын бугуй, дух, баруун хөлийн өвдөг, гэдэсний бэлхүүс хэсэгт тамхины цогийг нааж унтраасан зэрэг үйлдлийн улмаас хохирогч Н.Баярмаагийн биед 14 тооны гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч болон гэрч нарын мэдүүлгээр эргэлзээгүй тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад “....онц харгис хэрцгийгээр…” гэж хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болжээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.С-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.4. Хохирол, хор уршиг
Хохирогч Н.Б нь хохиролд 7,000,000 төгрөг авсан, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.С-г бусдад төлөх төлбөргүй талаар тогтоолд тусгах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.С нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгосон ба яллагдагч Ц.С-ийн хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд заасан хүрээ хязгаарын дотор байх тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагын асуудлыг хянан шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Ц.С нь шүүхээс тогтоосон таван сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт тусгайлан санууллаа.
2.2. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б овгийн Ц.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д прокурорын саналын хүрээнд нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.С-д сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА