Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2020/01881

 

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2020/01881

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн регистр 0, Х ХХК,

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20-р хороо, өөрийн байр, регистр 000, Г ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байр, регистр 000, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э /үнэмлэх 0000/, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Х.Э, гэрч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1589 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2144 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 001/ХТ2018/00174 дүгээр тогтоолоор Хурх гол ХХК-иас 1.105.750.431 төгрөгийг гаргуулж, Г ХХК, Б ХХК, С ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Хэдийгээр тухайн үед хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоол хэт 1 талыг барьсан, манай компанийг дэндүү хохироосон буруу шийдвэр гаргасанд гомдолтой байдаг ч хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийн тулд шүүхийн шийдвэрт нэрлэгдсэн трактор, үрлэгч зэрэг техникүүд нь анх авсан байдлаараа битүү гараашид хадгалагдаж, бүрэн бүтэн, өөрчлөгдөж тоногдоогүй байсан учраас төлбөртөө тооцон Г ХХК-д эргүүлэн өгөх, улмаар нэмж зөрүү төлбөрийг ч төлөх хүсэлт гаргаж байсан. Манай компанийн хүсэлтийг хүлээн авч, нэрлэсэн техник, тоног төхөөрөмжүүд дээр тус компанийн өмчлөлийн өөр бусад тоног төхөөрөмжүүдийг нэмж, үнэлсэн үнэлгээг 30 хувиар бууруулж, 2019 оны 11 дүгээр сард дуудлага худалдаанд оруулсан. Гэвч дуудлага худалдаагаар тоног төхөөрөмжүүд борлуулагдаагүй гэдэг хариултыг өгсөн. Гэтэл 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Э нь манай ажилтны буруугаас тоног төхөөрөмжийн дуудлага худалдааг хуулийн хугацаанаас хоцроосон учир дуудлага худалдааг хүчингүй гэж үзсэн. Төлбөр авагч тоног төхөөрөмжийг авахгүй, тариалангийн газар, үндсэн хөрөнгийг албадан худалдах хүсэлт гаргасан тул шинээр үнэлгээчин томилсон, үнэлсний дараа дуудлага худалдаанд оруулна гэж мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээний М компанийн төлөөлөгчид 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Х ХХК-д нэг өдрийн хугацаатай ирж компанийн хөрөнгөтэй танилцсан. Н газраас 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 4/6305 дугаартай мэдэгдлээр Х ХХК-ийн өмчлөлийн 4200 м.кв талбайтай үр тарианы цогцолбор, 4х5 харьцаатай мэдлийн үл хөдлөх хөрөнгө, буудай цэвэрлэх байгууламж, 30 тн пүү, 2000 тариалангийн газар, 500 м.кв блокон хашаатай газар, 5х6 харьцаатай дүнзэн байшин, 7х9 харьцаатай канад байшин, 70м.кв талбайтай канад байшин, 403м.кв талбайтай төмөр каркацтай тоосгон байшин, үтрэмийн блокон хашаа, 1.5 га газар 840м.кв талбайтай үр тарианы агуулах зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, эзэмшлийн газрын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээчнээр зах зээлийн үнийг тогтоолгоход 10.607.400.000 төгрөгөөр үнэлснийг мэдэгдсэн. Улмаар 3 дугаар сарын 02-ны өдөр төлбөрийг төлж барагдуулахгүй бол тухайн үл хөдлөх хөрөнгө, газрыг дуудлага худалдаанд оруулна гэдгийг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгч 2 талыг хуулиар олгосон эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэгтэй. Шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсон бол төлбөр төлөгч болон төлбөр авагчид танилцуулах үүрэгтэй байсан. Гэтэл шинжээч томилсон тогтоолыг төлбөр төлөгчид огт танилцуулаагүй, хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.  Мэдэгдэлд хавсаргасан хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцахад үнэлгээний зорилго нь хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнийг аль болохоор бодитойгоор тогтооход оршино, улмаар үнэлгээг хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахад ашиглаж болох талаар дурдаад үнэлгээний үнэ цэнийн суурь гэдэгт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг дурдсан байна. Гэтэл үнэлгээ нь хөрөнгийн зах зээлийн бодит үнэ ханшийг тогтоож чадаагүй, учир нь төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ хийх талаар огт мэдэгдээгүй, энэ талаарх мэдээлэлтэй төлбөр төлөгчид танилцах боломжийг олгоогүй нь хууль зөрчиж шинжээчийг томилсон байна. Мөн түүнчлэн шинжээч үнэлгээ хийхдээ баримталсан хандлага нь зөвхөн Өртөгийн хандлага гэж тайландаа тусгасан байх бөгөөд үнэлгээнд ашигладаг гол аргууд болох зах зээлийн, орлогын хандлагыг хэрэглээгүй байна. Иймд шинжээчийн гаргасан үнэлгээ нь бодитой болж чадсан эсэхэд эргэлзээ төрж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан ба Үнэлгээний Олон Улсын Стандартын ҮОУС400 үл хөдлөх хөрөнгийн хувь оролцооны агуулгын Өртгийн хандлагын агуулгыг хэрэглэхдээ ҮОУС105 Үнэлгээний хандлагууд ба аргууд, догол мөр 70.1-70.14-д тусгагдсан удирдамжийг баримталсан эсэх, элэгдэл тооцсон борлуулалтын өртгийг үл хөдлөх хөрөнгө бүрээр нарийвчлан тогтоож чадаагүйгээс үнэлгээ бодитой байж чадаагүй байна. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 29-ны өдрийн 1589 тоот шийдвэрээр Х ХХК-иас 1 105 750 431 төгрөгийг гаргуулж, манай компанид болон Б ХХК,  С ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулан, уг компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1 дугаартай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, Хурх тосгонд байрлах 4 200 м.кв талбайтай үр тарианы цогцолбор, 4x5 харьцаатай дүнзэн байшин, Буудай цэвэрлэгч байгууламж, 30 тн пүү, 2000 га тариалангийн газар, 500 м.кв блокон хашаатай газар,5х6 харьцаатай дүнзэн байшин, 7x9 харьцаатай канад байшин, 70 м.кв канад байшин, 403 м.кв талбайтай төмөр каркацтай тоосгон байшин, Үтрэмийн блокон хашаа 1.5 га газар, 840 м.кв талбайтай үр тарианы агуулах зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, эзэмшлийн газрын хөрөнгийн үнэлгээг М ХХК-иар үнэлүүлэн үнэлгээ тогтоолгож, нийт 10 607 400 000 /арван тэрбум зургаан зуун долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр үнэлсэн байна. Энэхүү үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 02 сарын 28-ны өдөр мэдэгдлээ. Гэтэл газрын үнэлгээг хийхдээ шууд Суурь үнийн арга-аар тооцоолон, үндэслэлгүйгээр газрын үнийг зах зээлийн үнэ ханшнаас хэт өндрөөр үнэлэн, төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь газар тариалангийн бүс нутгийн зах зээлийн ханш, үнэлгээг харахад хамгийн хөрс сайтай, газрын үр өгөөж ихтэй газар буюу Сэлэнгэ аймагт 1 га газрын зах зээлийн дээд ханш 1 000 000 төгрөгийн үнэтэй байна. Гэтэл тус үнэлгээний газар нь Хэнтий аймгийн төвөөс 130 км газарт байрлах эдийн засгийн үр өгөөж муутай газрын 1 га талбайг 4 500 000 төгрөг буюу үндэслэлгүйгээр хэт хөөрөгдсөн үнийн дүнгээр үнэлсэн нь үнэлгээг үндэслэлтэй гараагүйг харуулж байгаа тул энэхүү үнэлгээг хэрхэвч зөвшөөрөх боломжгүй байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 2020 оны 02 сарын 28-ны өдөр мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2 дахь хэсэгт заасан иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана гэж заасны дагуу уг шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 02 сарын 28-ны өдрийн 4/6308 тоот үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1589 дүгээр шийдвэрээр Х ХХК-иас 1.105.750.431 төгрөгийг гаргуулж Г ХХК, Б ХХК, С ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэсэн, гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 681 дүгээр тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Х ХХК-нд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч биелүүлээгүй тул Х ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 4200 м.кв талбайтай үр тарианы цогцолбор, 4х5 харьцаатай мэдлийн үл хөдлөх хөрөнгө, буудай цэвэрлэх байгууламж, 30 тн пүү, 2000 тариалангийн газар, 500 м.кв блокон хашаатай газар, 5х6 харьцаатай дүнзэн байшин, 7х9 харьцаатай канад байшин, 70 м.кв талбайтай канад байшин, 403 м.кв талбайтай төмөр каркастай тоосгон байшин, үтрэмийн блокон хашаа, 1.5 га газар 840 м.кв талбайтай үр тарианы агуулах үл хөдлөх хөрөнгө, эзэмшлийн газрыг битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу санал авахад харилцан тохиролцоогүй тул 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 104 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор Мөнх-Оргил трейд компанийг томилоход дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ 10.607.400.000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Хурх гол компанид шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээний 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4/6305 дугаар мэдэгдлийг компанийн гүйцэтгэх байгууллага удирдлага Г.Батболдод гардуулан өгсөн. Төлбөр төлөгч Хурх гол компани нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Хурх гол ХХК болон төлбөр авагч Гацуурт компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК, Г ХХК нь Н газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

 

Нэхэмжлэгч Г ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б өмгөөлөгч С.Б нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч Х ХХК-ний төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5-р сарын 29-ний өдрийн 1589 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9-р сарын 29-ний өдрийн 2144 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 2-р сарын 2-ны өдрийн 001/ХТ2018/00174 дүгээр тогтоолоор Х ХХК-иас 1.105.750.431 төгрөг гаргуулж Г ХХК, Б ХХК, С ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчинтэй /хх 10-32, 105-127/ байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03-р сарын 27-ны өдрийн 00358 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, хариуцагчийн эд хөрөнгө, арилжааны банкны дансны талаарх лавлагаа гаргуулах, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн /хх 129-184/, улмаар төлбөр төлөгч хураагдсан хөрөнгүүдийг 15 тэрбум төгрөгөөр үнэлэх санал гаргасан /хх 194/, төлбөр авагч үнийн санал гаргаагүй, харин 2020 оны 2-р сарын 3-нд  шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлтийг /хх 193/ гаргажээ. 

 

Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02-р сарын 07-ны өдрийн 104 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр /хх 195/ томилжээ.

 

Шинжээчийн 2020 оны 2-р сарын 21-ний өдрийн дүгнэлтээр төлбөр төлөгч Х ХХК-ний аж ахуйн цоглцолбор, үр тарианы үтрэмийн цогцолбор, газар тариалангийн зориулалттай 2000 га газрийг нийт 10 607 359 300 төгрөгөөр үнэлсэн /хх 34-63, 78-93, 199-230/ байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлд хөрөнгийн үнэлгээг үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор заажээ.

Харин шинжээч үнэлгээ хийхдээ зөвхөн өртгийн хандлагын аргыг хэрэглэн дүгнэлтээ гаргасан нь үнэлгээний тайлан, гэрч Б.Э-ын ...үл хөдлөх эд хөрөнгийн орлоготой холбоотой харьцуулан жиших зах зээлийн бодитой мэдээллийн олдоц хомс байсан, зах зээлийн хандлагаар үнэлэхэд шаардлага хангахуйц зах зээлийн жиших баримт мэдээлэл олдохгүй байсан тул зөвхөн өртгийн хандлагын аргаар үнэлгээ хийсэн гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдсон байна.    

 

            Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар ...төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэх хуулийн шаардлагыг зөрчсөнөөс гадна шинжээч томилсон тогтоолдоо зах зээлийн үнэлгээ хийлгэхээр тогтоогоогүй нь буруу байна.

           

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлбөр төлөгч Х ХХК-ний үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлээгүй байх тул Мөнх-Оргил трейд ХХК-ний үнэлсэн  10 607 359 300 төгрөгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт өндөр, эсхүл хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 2-р сарын 28-ны өдрийн 4/6308 тоот мэдэгдлээр төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдсэн, төлбөр төлөгч Х ХХК-ний үл хөдлөх эд хөрөнгийг 10 607 400 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н газрын 2020 оны 2-р сарын 28-ны өдрийн 4/6308 тоот мэдэгдлээр мэдэгдсэн, төлбөр төлөгч Х ХХК-ний үл хөдлөх эд хөрөнгийг 10 607 400 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж Х ХХК-д, 70 200 төгрөг гаргуулж Г ХХК-д тус тус олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА