| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/01010/И |
| Дугаар | 102/ШШ2020/01914 |
| Огноо | 2020-06-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2020/01914
| 2020 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2020/01914 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 0тоотод оршин суух, регистр 000000000, Товогт Ч-ын Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 0 тоотод оршин суух, регистр
000000, Ц овогт М-н Г-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б
/үнэмлэх 0001/, хариуцагч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д /үнэмлэх 1УУУ/, шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд М.Г-тай танилцаж, 2008 оны 8-р сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Тухайн үед гэр бүл болохдоо би 1995 онд төрсөн хүү н.Б-гээ, М.Г нь 1999 онд төрсөн охин н.Б-ийн хамт буюу хоёр талаасаа нэг нэг дагавар хүүхэдтэй нийлсэн. Ингээд 2008 оны 5-р сарын 22-нд хүү Г.Х-ыг төрүүлсэн. Нөхөр М.Г нь 2015 оны 06 дугаар сараас гэр бүлээс гадуурх харилцаатай болсноор гэр бүл таагүй харилцаатай болсон. Энэ байдал удаан хугацаанд даамжирсан, согтууруулах ундаа байнга хэрэглэх, гэр бүлийн таагүй харилцаа улам гүнзгийрч харилцаанд сэв сууснаас болоод хүүхдүүд сэтгэл санааны дарамтад байх болсон. Сүүлдээ гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй болсон. Гэр бүлийн энэхүү таарамжгүй харилцааг том хүү Баярхүү маань ойлгож, эцгийгээ эрс үгүйсгэх, ээжийгээ өмөөрөх, зүгээр байж болдоггүй юм уу гэдэг байдлаар хандах болсон. Бага хүү Х-ын хувьд энэ байдлыг айж эмээсэн байдалтайгаар хүлээж авдаг. Бага хүүгийн сэтгэл зүйд илтээр сандрах, айх түгших байдал бий болсон. Хүү Х надтай илүү дотно, бүх юмыг надаар дамжуулж ааваасаа асуулгадаг байсан, гэр бүлийн энэхүү таагүй байдал нь хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байсан учраас би удаан бодсоны эцэст гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргасан. М.Г-ын хувьд хүүхдийн хажууд намайг хэл хэлэхгүй үгээр доромжлох, гэр бүлдээ дарамт үзүүлэх, цагдаад худал мэдүүлэг өгүүлэх гэх зэрэг ёс суртахууны доголдол маш ихээр үзүүлж хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна. Иймд М.Г-аас гэрлэлтээ цуцлуулж, хүү Хангалыг өөрийн асрамжид авч тэтгэвэр тогтоолгоно. Бид хамт амьдрахдаа Баянгол дүүргийн 7-р хороо, 0 тоот байрыг Төрийн банкны зээлээр авсан. Энэ зээлд 38 549 312 төгрөг төлж, одоо 30 560 877 төгрөг үлдсэн. М.Г нь өөрийн нэр дээрх Тоёота маркийн машиныг өөрийн найз Э-д шилжүүлсэн байдаг. Мөн 18 м.кв авто зогсоолыг 18.000.000 төгрөгөөр худалдаж авсан тул эдгээр дундын эд хөрөнгөөс байр 67 000 000 төгрөг, гараж 18 000 000 төгрөг, машиныг 49 500 000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн орон сууцны гэр бүлийн гишүүнээр Ч.Г, М.Г, Г.Х, н.Б нар байдаг. н.Б 2004 оноос хойш хамт амьдрахгүй байгаа. Дээр дурдсан 134 950 000 төгрөгийг 4 хүнд хуваагаад 33 737 500 төгрөг болж байна. Хүү Х-ыг асрамжиндаа авна, ингээд 3 хүнд ногдох 101 212 500 төгрөг болж байна. Ингээд орон сууц, гараж хоёрыг авна, зөрүү 16 000 000 төгрөгийг нэмж М.Г-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Г-тэй 2004 онд танилцаж гэр бүл болсон. Тухайн үед М.Г хүү Б-тэй, би охин Б-ийн хамт гэр бүл болж байсан. Ингээд 2008 онд хүү н.Х төрсөн. Миний охин н.Б 2 настайгаасаа надтай хамт байсан, 6 настай байхад ээжид нь өгсөн. Гэвч 2010 онд шүүхийн шийдвэрээр охиноо асрамжиндаа авсан. Би цагдаад ажилладаг байсан болохоор гэртээ байх нь ховор, намайг байхгүйд эхнэр, том хүү хоёр охиныг маань ад үзэж, цохиж биеийг нь хөхрүүлж, няцруулсан байдаг байсан. Ингээд миний охин 2014 онд гэрээсээ явсан. Гэр бүлийн маргаан бол үүнээс л үүдэлтэй. Тэрнээс
биш би гэр бүлээс гадуур харилцаатай болсон зүйлгүй, надад өөрийн гэсэн бодол, ухамсар байна. 2018 онд охин надаас 10 000 төгрөг өгөөч гэж гуйсан, Г-ийг 20 000 төгрөг шилжүүлчхээч гэхэд шөнийн 00 цаг хүртэл шилжүүлээгүй байсан. Үүнээс болж маргаад би Ч.Г-ийн нүүр рүү нь түлхсэн. Миний зүгээс гэр бүл цуцлуулахыг зөвшөөрч байгаа. Байрны хувьд зээлтэй тул хуваах боломжгүй. хүү Х-ыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Гаражаа өгөхгүй, машиныг 24 000 000 төгрөгөөр зарсан. Тухайн үед машиныг 49 500 000 төгрөгөөр авч байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Г нь М.Г-т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаруулахыг
хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
М.Г, Ч.Г нар нь 2004 онд гэр бүл болж, 2008 оны 8-р сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлжээ. Талууд гэр бүл болохдоо Ч.Г өөрийн дагавар хүү Г.Б, М.Г нь дагавар охин Г.Б-н хамт амьдарч, 2008 оны 5-р сарын 22-нд хүү Г.Х-ыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Түүнчлэн энэ хуулийн 21-р зүйлийн 21.3.Дагавар хүүхэд хойд эцэг, хойд эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ, 25-р зүйлийн 25.1.Хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ, 25.2....гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно, 25.3.Эцэг, эх нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална гэж тус тус заажээ.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа нөхөр М.Г нь архи ууж агсам тавьдаг, эхнэр Ч.Г-д хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хохирол учруулдаг, үг хэлээр дарамтлах, доромжлох, хардах зэргээр бие мах-бодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг нь хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /2-р хавтас 80-84/, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3-р сарын 12-ны өдрийн 333 тоот Шийтгэвэр зэрэг баримтаар тогтоогдсон, гэрлэгчид дагавар хүүхдүүдээ эрх тэгш хүмүүжүүлээгүй, эцэг, эх нь өөр өөрийн дагавар хүүхдүүдээ өмөөрдөг, эцэг эхийн харьцаа хандлагаас болж охин Г.Б гэр орноосоо явсан, эдгээр байдал нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэлээ.
Гэрлэгчийн зан харьцааны доголдол, таарамжгүй байдлын улмаас хэн аль нь цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Талууд хүү Г.Х-ын асрамжийн талаар маргаж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж Баянгол дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс шинжээчийн дүгнэлтээ гаргасан байна. Шинжээч нар дүгнэлт гаргахдаа Хүүхдийн эрхийн конвенц, Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн хэргийн оролцогч, тэдний гэр бүлийнхэнтэй ярилцах, ажиглах, нөхцөл байдалтай танилцах, хүүхдийн орчин нөхцөл, хүсэл зориг, сэтгэл зүйн сорилт хийх, эцэг, эхийн хайр халамж, тэдэнд дүгнэлт хийх замаар бодит байдалд тулгуурлан дүгнэлтээ гаргасан /1-р хавтас 175-231/, дүгнэлт үндэслэл бүхий байна.
Иймд хүү Г.Х-ыг эх Ч.Г-н асрамжид үлдээж, хуульд заасан журмаар хүүхдийн тэтгэлэг тогтоож эцэг М.Г-аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэ
ж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
Нэхэмжлэгч нь гэрлэлтээ цуцлуулахдаа гэрлэгчийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 7-р хороо, 0 тоот сууц, зоорийн давхрын 4 тоот 18 м.кв авто зогсоол,
Toyota Land cruiser Prado маркийн 00е00 УНИ дугаартай ногдох хэсгийг гаргуулахыг хүсжээ.
М.Г нь улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7-р хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 0 тоот 2 өрөө сууцны өмчлөгчөөр 2013 оны 3-р сарын 25-ны өдөр, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7-р хороо, 0-р байрны зоорийн давхарт байрлалтай 18 м.кв талбай бүхий авто зогсоол өмчлөгчөөр 2015 оны 1-р сарын 15-ны өдөр тус тус бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ /1-р хавтас 20-21/ олгогдсон, 00?00 УНИ дугаартай автомашиныг 2018 оны 04-р сарын 05-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгдэж тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгогдсон байна.
Ч.Г, М.Г нар нь 2004 онд гэр бүл болсон, үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгсэл нь хэдийгээр М.Г-ын өмчлөлд бүртгэгдсэн боловч гэрлэгчийн гэрлэснээс хойш бий болгосон эд хөрөнгө гэж дүгнэлээ.
Гэрлэгч дундаа хамтран өмчлөх эдгээр хөрөнгийг бий болгоход өөрсдийн цалин орлого, тэтгэвэрт гаргахад олгосон олговор, Ч.Г-ийн Голомт банктай байгуулсан 2017 оны 12-р сарын 01-ний өдрийн 9 749 000 төгрөгийн зээлийн гэрээ /1-р хавтас 75-82/, 2019 оны 11-р сарын 29-ний өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ /1-р хавтас 87-91/, Э ХХК-иас ажилтан Ч.Г-д олгосон 10 сая төгрөгийн зээлийн гэрээ /1-р хавтас 84-86/-ээр зээлсэн мөнгөн хөрөнгө зэрэг эх үүсвэрээр бий болгосон, энэ нь М.Г, Ч.Г нарын дансны зарлагын хөдөлгөөний лавлагаа /1-р хавтас 50-56, 92-168/ зэрэг баримтаар тогтоогджээ.
Хариуцагч нь дээрх эд хөрөнгөөс тээврийн хэрэгслийг 2020 оны 2-р сарын 29-ний өдөр Б.Э-ын өмчлөлд шилжүүлж, захиран зарцуулсан байх ба хариуцагч 24 000 000 төгрөгөөр зарсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгч нь дундаа хамтран өмчлөх эдгээр хөрөнгийг гэр бүлийн 4 гишүүн М.Г, Ч.Г, Г.Б, Г.Х нарт хуваана гэх боловч гэр бүлийн маргаан, таарамжгүй байдлын улмаас тусдаа байгаа Г.Б-г гэр бүлийн гишүүн гэж үзнэ.
Талууд дундаа хамтран өмчлөх орон сууцыг 67 000 000 төгрөгөөр, авто зогсоолыг 18 000 000 төгрөгөөр /1-р хавтас 83/, автомашиныг 49 500 000 төгрөгөөр /1-р хавтас 74/ тус тус худалдан авсан талаар маргаагүй байна.
Харин гэрлэгчдийн дундаа хамтран өмчлөх Баянгол дүүргийн 7-р хороо, 0 тоот сууц нь Төрийн банктай байгуулсан 2012 оны 9-р сарын 7-ны өдрийн 415 тоот зээлийн болон барьцааны гэрээний үндсэн дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ба зээлийн гэрээний хугацаа 2027 оны 8-р сарын 31-ний өдөр дуусгавар болох бөгөөд М.Г, Ч.Г нар нь хамтран үүрэг гүйцэтгэгч /1-р хавтас 35-46/ байна. Иймд дундын өмчлөлийн орон сууцны маргааныг гэрлэлт цуцлах хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй, зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсны дараа шийдвэрлүүлэхээр байна.
Дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс авто зогсоолыг хариуцагч М.Г-д үлдээж, түүний үнэ 18 000 000 төгрөг, автомашины үнэ 49 500 000 төгрөг нийт 67 500 000 төгрөгийг гэр бүлийн 5 гишүүнд хувааж Ч.Г, Г.Б, Г.Х нарт ногдох 40 500 000 төгрөгийг М.Г-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хэрэгт авагдсан гар утсанд байгаа фейсбүүк хаягаар хийгдсэн зурвас, хоорондоо бичсэн цахим зурвас /1-р хавтас 234-250, 2-р хавтас 1-58, 2-р хавтас 69-78, 85-161, 170-250, 3-р хавтас 1-12/, флаш зэрэгт талуудын хүсэлтээр үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн боловч үзлэг хийгдсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул энэ шийдвэрийн үндэслэл болоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан М-ийн Г, Ч-ын
Гэрэл нарын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 5-р сарын 22-нд төрсөн хүү Г.Х-ыг эх Ч.Г-ийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Г.Х-ыг 16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг М.Г-р тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хуулийн 130-р зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 7-р хороо, Дилав хутагт Жамсранжавын
гудамж, 0-р байрны зоорийн давхарт байрлалтай 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг М.Г-д үлдээж, М.Г-аас 40 500 000 /дөчин сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж Ч.Г-д олгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 698 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г-аас 430 650 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА