Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2020/01961

 

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2020/01961

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 25-р хороо, 0 тооотод оршин суух,  регистр УХ00000000, Б овогт Б-ын Т-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, 0 тоотод оршин суух, регистр ЦЖ00000000, Ш овогт Л-ийн Б-т холбогдох 6 641 100 төгрөг гаргуулахыг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Б-т итгэж Америкийн нэгдсэн улс руу аялахаар 2018 оны 12-р сарын 11-нд 4 000 000 төгрөгийг түүний данс руу хийсэн. 2018 оны 12-р сарын 12-нд аялалд явах хүмүүс бүгдээрээ цугларна гээд урилга явуулсан. Тэгээд урилгын дагуу очиход олны танил хүмүүс ирж аяллын талаар ярьж байсан тул үнэхээр итгэсэн. 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Л.Б элчинд форм бөглөх хэрэгтэй гээд 160 доллар буюу монгол мөнгөөр 427 400 төгрөгийг нэмж авсан. Ингээд нийт 4 427 400 төгрөгийг Л.Б-гийн данс руу 2 удаа хувааж хийсэн. Үүнээс хойш Л.Б-ээс аялалын талаар асуухад 7 хоногийн дараа, сарын дараа гэж хэлж цаг хугацааг хойшлуулсаар нэг өдөр аялал цуцлагдсан гэсэн. Иймд мөнгийг буцааж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй, утсаа авахгүй алга болсон. Өнөөдрийн байдлаар ямар ч мөнгө өгөөгүй байгаа. Иймд Л.Б-ээс 4 427 400 төгрөг, алданги 2 213 700 төгрөг нийт 6 641 100 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь Л.Б-т холбогдох аялал жуулчлалын гэрээний улмаас учирсан хохирол 6 641 100 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4 427 400 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

 

Б.Т нь АНУ-д аялахаар Л.Б-тэй тохирч, 2018 оны 12-р сарын 11-нд 4 000 000 төгрөг, 2019 оны 1-р сарын 24-нд 427 400 төгрөг нийт 4 427 400 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн /хх 6, 35/ байх ба ингэхдээ Н ХХК болон Л.Б нартай гэрээ хийгээгүй байна.

 

Талуудын хооронд АНУ-д аялах аялал цуцлагдсанаас маргаан гарч, 2019 оны 5-р сарын 28-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ хийж Н ХХК-нь 5 457 605 төгрөгийг 2019 оны 6-р сарын 15-ны дотор төлөхөөр тохирч /хх 5/ байжээ.

 

Гагцхүү нэхэмжлэгч нь Л.Б-ийн хувийн дансанд мөнгөө шилжүүлсэн үндэслэлээр түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан, Н ХХК-иас мөнгө гаргуулахаар шаардаагүй байх тул алданги төлөхөөр тохирсон гэж үзэхгүй.

 

Аялал жуулчлал зохион байгуулагч нь аяллыг доголдолгүй зохион байгуулах үүрэгтэй бөгөөд гарсан доголдлыг арилгаагүй, доголдлын улмаас жуулчинд хохирол учирсан, учирсан хохирлыг арилгах үүрэгтэй байна.

 

Хариуцагч Л.Б нь 2020 оны 5-р сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч 14 хоногийн дотор тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан, хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Хэргийн 7-23 дахь талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх ба энэ шийдвэрийн үндэслэл болоогүйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 370-р зүйлийн 370.1, 374-р зүйлийн 374.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л-ийн Б-ээс 4 427 400 /дөрвөн сая дөрвөн зуун хорин долоон мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж Б-ын Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 2 213 700 /хоёр сая хоёр зуун арван гурван мянга долоон зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 208 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-ээс 85 788 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА