Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/02000

 

 

 

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/02000

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 204 тоот, регистр 0000000, Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 11-р хороонд оршин суух, ОА00000000 Е овогт Д-ын Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 776 174 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь манай байгууллагаас 2016 оны 4-р сарын 20-ны өдөр 380 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээл авснаас хойш 2019 оны 3-р сарын 14-нд 400 000 төгрөг төлсөн. Энэ төлбөрөөс 100 000 төгрөгийг үндсэн төлбөрт, хүүний төлбөрт 300 000 төгрөгийг төлсөн гэж үзэж байна. Үүнээс хойш төлбөр төгөөгүй бөгөөд одоогийн байдлаар зээлийн үлдэгдэл 280 000, хүү 363 478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132 696 төгрөг нийт 776 174 төгрөгийг Д.Б-оос нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б надад холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас доорх үндэслэлээр тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгчээс 776 174 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. 2016 оны 04 сарын 20-ны өдөр 380 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй зээлж авсан бөгөөд 2019 оны 04 сарын 14-ний өдөр 400 000 төгрөгийг төлснөөс үндсэн зээлд 300 000 төгрөг, зээлийн хүүнд 100 000 төгрөг төлж, өнөөдрийн байдлаар 280,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 280 000 төгрөгийн нэг сарын хүү (280,000*4/100)= 11,200 төгрөг бөгөөд 2019 оны 03 сарын 14-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 04 сарын 13-ний өдөр хүртэл 13 сарын хүү (13сар*11200 хүү)=145,600 төгрөгийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Иргэний хуульд заасны дагуу 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20%-с хэтрэхгүй бөгөөд нэмэгдүүлсэн хүүнд 29,120 төгрөг байна. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч талд үндсэн зээл 280,000 төгрөг, зээлийн хүү 145,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,120 төгрөг нийт 454,720 төгрөг төлөх тооцоо гарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 321 454 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч талаас шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй тул дээрх тайлбарыг үндэслэн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш ХХК нь Д.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 776 174 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Ш ХХК нь Д.Б-той 2016 оны 04-р сарын 20-ны өдөр ЗГ0300160003 тоот цалингийн зээлийнгэрээ байгуулж, 380 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр /хх 5-9/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлдүүлэгч нь 2016 оны 4-р сарын 20-нд 380 000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн /хх 11/ байх ба зээлдэгч гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 380 000 төгрөг, зээлийн хүү 60 800 төгрөг нийт 440 800 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.

 

Харин зээлдэгч гэрээний хугацаанд зээл, хүү төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2019 оны 3-р сарын 13-нд үндсэн зээлд 100 000 төгрөг, хүүнд 300 000 төгрөг төлсөн байна.

 

Иргэний хуулийн 452-р зүйлийн 452.2, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд зээлдүүлэгч нь Д.Б-оос үндсэн зээлийн үлдэгдэл 280 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 363 478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132 696 төгрөг нийт 776 174 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хариуцагчийн өмгөөлөгч В.Х нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан, хариуцагч болон өмгөөлөгч шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д-ын Б-оос 776 174 /долоон зуун далан зургаан мянга нэг зуун далан дөрөв/ төгрөг гаргуулж Ш ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1дэххэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 179 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-оос 23 179 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА