| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2019/0007/З |
| Дугаар | 118/ШШ2019/0009 |
| Огноо | 2019-05-28 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 118/ШШ2019/0009
Эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн Засаг даргад холбогдох 2019 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн Солонгыг ажлаас халах тухай Б/16 захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дээрх даатгалын дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх шаардлагууд бүхий иргэн Б.Солонгын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан Б.Солонго миний бие 1966 онд төрсөн, 53 настай. Хөдөө аж ахуйн дээд сургууль, Монгол улсын Их сургуулийг малын их эмч, нягтлан бодогч, бизнесийн удирдлагын бакалавр мэргэжлээр төгссөн. Улсад 30 жил ажилласан. Аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар 2016 оны 10-р сарын 24-нд томилогдсон. Зарлагдсан ажлын байрны шалгалтанд орж тэнцэн ажлын байраар хангагдсан болно. Томилогдсон хугацаанаас хойш төрийн ажлыг үнэнч шударгаар хийж ирсэн. Аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар 1989 онд намайг Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөж ирэхэд байсан тэр чигээрээ өөрчлөгдсөн зүйлгүй барилга байгууламж муутай, засвар үйлчилгээ хийгдээгүй, ажилтан албан хаагчид ажлын бүтээмж муутай, тухайн байгууллагыг хоёр малын эмч ээлжлэн олон жил удирдаж ирсэн, ажиллах нөхцөл хүнд байсан. Ажилдаа томилогдож барилга байгууламж, халаалтын системд засвар үйлчилгээ хийлгэх асуудлыг шийдвэрлүүлж төрийн бага хэмжээний мөнгийг үр дүнтэй зарцуулан ажилласан. Мөн байгууллагын төсвийг 2017, 2018 онд үр дүнтэй зарцуулан аудитын дүгнэлтээр зөрчилгүй дүгнэлттэй төсвийн өр авлага үүсгэлгүй сахилга хариуцлагатай 2,5 жил ажилласан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирсэн санхүүжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэн ажилласан. Ажиллах хугацаандаа буюу 2017 онд ХХААХҮ-ийн Яамны хэмжээнд 2-р байранд, аймгийн хэмжээнд 1-р байранд орж олон жилийн хугацаанд давтагдаагүй амжилтыг гарган ажилласан юм. Мөн 2018 онд ХХААХҮ-ийн сайдтай, аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг 90-ээс дээш хувьтай биелүүлэн ажилласан.
Улсын хэмжээнд мал амьтдын гоц халдварт өвчнүүд гарч улс, аймаг, малчдын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Энэ хугацаанд мэргэжлийн давуу тал, удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд сэтгэлгээтэй хандан зохион байгуулан ажилласнаар аймагтаа малын гоц халдварт өвчин гаргалгүй тайван байдлыг хадгалан ажиллаж ирсэн. Үүний үр дүнд аймгийн хэмжээнд мал сүргээ бүртгэлжүүлэн малын гаралтай мах, сүү болон бусад мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгон мал эмнэлгийн мөшгөх тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэн Эрүүл хүнс-эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэх томоохон ажлыг үр дүнтэй зохион байгуулах ажилд хамтран ажиллах зорилт тавин ажиллаж байсан. Мөн хөдөө орон нутагт ажиллаж байхад аймгийн ХХААГ-ын үйл ажиллагааны талаар малчид, иргэд мэдээлэл багатай байдаг тул тухайн байгууллагыг сурталчлах нээлттэй хаалганы өдрийг сум бүрт зохион байгуулах, малчид иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийж иргэдийн санал дээр үндэслэн төрийн үйлчилгээг төлөвлөн хамтарч ажиллах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байсан....Хийж бүтээх ажлаа хийж чадалгүй ажлаасаа чөлөөлөгдсөнд сэтгэл их дундуур байна. ... Халагдсан шалтгаан нь: ...Нөхөр Энхболд Хөдөө аж ахуйн дээд сургуульд урилгаар орж суралцаж малын их эмчээр төгсөж 30 жил малын эмчээр ажилласан. Хадам эцэг малын эмч удам дагасан малын эмч нар Завхан аймгийн мал сүргийг эмчлэн эрүүлжүүлэх ажилд мэргэжил мэдлэг чадвараа дайчлан ажиллаж ирсэн. Би төрд 30 жил ажиллахдаа эд хөрөнгөө нуун дарагдуулж төрийн мөнгийг хувийн эрх ашгийн төлөө зарцуулаагүй, цалингаас өөр орлогогүй өнөөдөр 5 ханатай эсгий гэрт айлын хашаанд амьдарч байна. 2016 оны 10-р сарын 24-нд анх тухайн албан тушаалд ажиллах болж эрх ашгийн зөрчил хянуулахад зөрчилгүй гэсэн дүгнэлт ирсэн болохоор тухайн албан тушаалд ажиллах болсон. 2014 онд зарагдсан УАЗ 469 авто машин хасагдаагүй байсан. 1998 онд мал эмнэлэг хувьчлагдахад олгогдсон ашиглах боломжгүй болсон мал эмнэлгийн багаж төхөөрөмж зэрэг хөрөнгө нуусан, 2 аж ахуйн нэгжтэй, эрх ашгийн зөрчилтэй гэсэн асуудлаар ажлаас халагдсан. ХХААГ-ын мал эмнэлгийн албаны дарга хувийн мал эмнэлгүүдэд хяналт тавьж, гэрээ байгуулах нөхцөл шаардлагыг судлан гэрээг байгуулан батлуулдаг. Гэтэл намайг Завхан аймгийн Засаг дарга сонсох ажиллагаа хийгээгүй байж, ямар учир шалтгаантайг тодруулаагүй байж шууд ажлаас халсанд гомдолтой байна. Би улсад тасралтгүй 30 жил төрийн албанд 22 жил ажилласан, төрд олон жил ажилласан нэг удаагийн тэтгэмжээ авах бүх болзол хангагдсан байхад давхар намайг 36 сарын тэтгэмжээр хохироож байна. Мөн намайг ажлаас халахдаа Төрийн албаны хуулийн нэг зүйл, заалт, үг үсэг байхгүй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтай зөвшилцөөгүй шууд халсанд гомдолтой байна. Би тэтгэмжээ улсын төсөвт суулгаж авах хүсэлтээ тавьж байсан ч миний хүсэлтийг шийдвэрлээгүй. Иймд миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага: Тус аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дээрх даатгалын дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх гэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар бичгээр үйлдсэн эвлэрлийн гэрээндээ: Б.Солонгын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргад холбогдох Засаг даргын 2019 оны 04 сарын 02-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай захиргааны хэрэгт захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч нар дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: Нэхэмжлэгч Б.Солонго нь урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан Тэтгэвэр тогтоолгох насан хүрсэн үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөх хүсэлт өгөх,
Хариуцагч нь Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 04 сарын 02-ны өдрийн Б/16 тоот захирамжийг хүчингүй болгох, мөн 05 сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 24-ны өдрийг хүртэлх мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, Б.Солонгыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан нөхцөлөөр чөлөөлөх захиргааны акт гаргах гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Солонго нь Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Солонгыг ажлаас халах тухай Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дээрх даатгалын дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагаасаа татгалзаж, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөх хүсэлт өгөх, хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгох, 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, Б.Солонгыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсэгт заасан нөхцөлөөр чөлөөлөх захиргааны акт гаргахаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ. Энэ нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1, 21.1.1, 68 дүгээр зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан гэж үзэж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Солонго нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөх хүсэлт өгөх, хариуцагч аймгийн Засаг дарга нь өмнөх 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Солонгыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсэгт заасан нөхцөлөөр чөлөөлөх захиргааны акт гаргах, нэхэмжлэгчийн 2019 оны 05 сарын 01-нээс 05 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх гэсэн нөхцөлөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийн оролцогчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА