Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2026/0532

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б С Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч М.Цэцэгмаа

Илтгэгч: шүүгч Б.Адъяасүрэн,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С

Нэхэмжлэгч: Б С Э ХХК

Хариуцагч: Гаалийн төв лаборатори

Нэхэмжлэлийн шаардлага: “Э ХХК-ийн гарал үүсэлтэй, Б С Э ХХК-ийн экспортолсон хүрэн нүүрсэнд хийгдсэн Гаалийн төв лабораторийн 2023 оны 05 дугаар сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны 65 удаагийн магадлан шинжилгээний дүгнэлтүүдийн чийг багатай хүрэн нүүрс ангилалд хамруулахаар чийгний хэмжээг тогтоосон хэсгийг утга агуулгын илэрхий алдаатай гэж илт хууль бус захиргааны актад тооцож, бодит чийгний хэмжээг нэр бүхий итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр дундаж чийг 35.83 хувь гэж тогтоосныг үндэслэн тухайн цаг хугацаанд экспортолсон нүүрсний чийгний хэмжээг 35.83 дундаж чийгтэй байснаар 2023 оны 05 дугаар сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны гаалийн мэдүүлэгт засвар оруулахыг Гаалийн төв лабораторид даалгах”

Давж заалдах гомдол гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 500 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

         Хэргийн индекс: 128/2026/0293/3

ТОДОРХОЙЛОХ нь:

           1. Нэхэмжлэгч Б С Э ХХК-иас Гаалийн төв лабораторид  холбогдуулан “Э ХХК-ийн гарал үүсэлтэй, Б С Э ХХК-ийн экспортолсон хүрэн нүүрсэнд хийгдсэн Гаалийн төв лабораторийн 2023 оны 05 дугаар сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны 65 удаагийн магадлан шинжилгээний дүгнэлтүүдийн чийг багатай хүрэн нүүрс ангилалд хамруулахаар чийгний хэмжээг тогтоосон хэсгийг утга агуулгын илэрхий алдаатай гэж илт хууль бус захиргааны актад тооцож, бодит чийгний хэмжээг нэр бүхий итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр дундаж чийг 35.83 хувь гэж тогтоосныг үндэслэн тухайн цаг хугацаанд экспортолсон нүүрсний чийгний хэмжээг 35.83 дундаж чийгтэй байснаар 2023 оны 05 дугаар сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны гаалийн мэдүүлэгт засвар оруулахыг Гаалийн төв лабораторид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 500 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1, 252.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б С Э” ХХК-аас Гаалийн төв лабораторид холбогдуулан гаргасан ““Э” ХХК-ийн гарал үүсэлтэй, “Б С Э” ХХК-ийн экспортолсон хүрэн нүүрсэнд хийгдсэн Гаалийн төв лабораторийн 2023 оны 05 дугаар сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны 65 удаагийн магадлан шинжилгээний дүгнэлтүүдийн чийг багатай хүрэн нүүрс ангилалд хамруулахаар чийгний хэмжээг тогтоосон хэсгийг утга агуулгын илэрхий алдаатай гэж илт хууль бус захиргааны актад тооцож, бодит чийгний хэмжээг нэр бүхий итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр дундаж чийг 35.83 хувь гэж тогтоосныг үндэслэн тухайн цаг хугацаанд экспортолсон нүүрсний чийгний хэмжээг 35.83 дундаж чийгтэй байснаар 2023 оны 05 дугаар сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны гаалийн мэдүүлэгт засвар оруулахыг Гаалийн төв лабораторид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын давж заалдах гомдлын агуулга:

Э ХХК-ийн гарал үүсэлтэй, Б С Э ХХК-ийн экспортолсон хүрэн нүүрсэнд хийгдсэн Гаалийн төв лабораторийн 2023 оны 05 дугаар сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэлх хугацааны 65 удаагийн магадлан шинжилгээний дүгнэлтүүдийн "чийг багатай хүрэн нүүрс” ангилалд хамруулсан чийгний хэмжээг тодорхойлсон /БТКУС-27021010/ хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан "утга агуулгын илэрхий алдаатай” үндэслэлээр илт хууль бусад тооцуулж, бодит чийгний хэмжээг эрх бүхий харьцуулагдахуйц 2 итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр дундаж чийг 35,83 хувь гэж тогтоосныг үндэслэн дээрх цаг хугацаанд экспортолсон нүүрсний чийгний хэмжээг 35,83 хувь дундаж чийгтэй /БТКУС-27021020/ байснаар гаалийн мэдүүлэгт засвар оруулах тухай. Нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Манай компани өнгөрсөн хугацаанд "Э" ХХК-иас "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-гээр хүрэн нүүрс худалдан авч, экспортлон борлуулах үйл ажиллагаа эрхэлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоолыг үндэслэн сар тутам Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг мэдээлэхдээ Хүрэн нүүрс /чийгний хэмжээ W <45%/ зөвхөн нэг ангилалд, нэг үнэ зарлагддаг байсан бол 2023 оны 5 дугаар сарын 01- ны өдрөөс эхлэн

  • Чийг багатай хүрэн нүүрс W ≤30.0% 51.56-62.36 ам/доллар/дундаж
  • Чийглэг хүрэн нүүрс W>30.0-40.0% 34.2-41.12 ам/доллар/дундаж
  • Чийг өндөртэй хүрэн нүүрс W >40.0% 31.57-37.96 ам/доллар/дундаж гэж чийглэгээс шалтгаалан 3-н өөрөөр ангилагдаж, 3-н өөр зах зээлийн үнэ зарлагдах болсон,

Ийнхүү хүрэн нүүрсний ангилал илүү нарийвчлагдсанаар манай экспортолсон нүүрсэнд 2023 оны 5 дугаар сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэлх хугацаанд хийгдсэн Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өндөр үнээс тооцогдож, төлөх татварын хэмжээ нэмэгдэж, бидний эрх ашиг ноцтой зөрчигдөх болсон. Гаалийн төв лабораторийн дүгнэлтийн чийгний хэмжээг тогтоосон хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай болох нь үндэслэлтэй гэдгийг бид дараах үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаар нотолно.

2.1. Гаалийн төв лаборатори бидэнд өгсөн хариу албан бичигтээ Гаалийн төв лаборатори нь магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа экспортын мэдээ, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, Техник эдийн засгийн үндэслэл-ийг харьцуулж гаргадаг гээд ТЭЗҮ дээр нүүрсний дундаж чийг 29,83 хувь байгаа нь чийг багатай хүрэн нүүрс ангилалд хамаарна. гэсэн байна.

Гаалийн тухай хууль болон ГЕГ-ын даргын 2023 оны А/315 дугаар тушаалаар батлагдсан "Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам"-ын аль алинд Гаалийн төв лаборатори магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа дээр дурдсан экспортын гэрээ, тусгай зөвшөөрлийн мэдээлэл болон уурхайн Техник эдийн засгийн үндэслэлд заасан мэдээллийг үндэслэл болгох талаар заасан заалт зохицуулалт байхгүй юм.

АМГТХЭГ-ын 2008 оны 09 угаар тушаалаар батлагдсан "Уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах заавар"-ын 1.3-д Төслийн техник, эдийн засгийн үндэслэл. -ийг "Уул уурхайн (ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулах) төслийн санхүүжилтийг шийдэхэд чиглэгдсэн ордын геологи, инженерийн шийдэл, эрх зүй, үйл ажиллагаа, эдийн засаг, нийгэм, байгаль орчин болон холбогдох бусад хүчин зүйлсийг нарийвчлан тооцсон судалгаа юм." гэж тодорхойлсон байна.

Өөрөөр хэлбэл ТЭЗҮ гэдэг нь боломжит байдлаар урьдчилан тооцоолсон төлөвлөгөө, судалгаа юм. Цаг хугацааны хувьд ч урьдчилж хийгдсэн гэдгийг анзаарах хэрэгтэй. Өнөөдөр бүх төсөл ТЭЗҮ-д зааснаар 100 хувь хэрэгжидэггүй. Гэтэл Гаалийн төв лаборатори ТЭЗҮ-г үндэслэсэн нь шууд утгаараа хууль бус үйлдэл юм.

Нөгөө талаар тус албан бичигт бичсэнээс харахад "Х ордын талбайн 1 болон 2 дугаар давхаргаас авсан дээж"..., гэж байгаа. 2017 онд олборлолт эхлээгүй байсан, энэ бүх ТЭЗҮ-гийн мэдээлэл хайгуулын ажлын хэмжээнд хийгдсэн. ТЭЗҮ гаргасан компани итгэмжлэгдсэн лабораторийн хэмжээнд шинжилгээ хийх эрхгүй, шинжилгээ хийх тоног төхөөрөмжтэй эсэх нь ч тодорхойгүй юм. Өөрөөр хэлбэл 6 жилийн Өмнөх хайгуулын ажлын хүрээнд хийгдсэн мэдээлэлд үндэслэн хийгдсэн ТЭЗҮ-д заасан Мэдээллийг Гаалийн төв лаборатори 2023 онд магадлан шинжилгээ хийж дүгнэлт Гаргахдаа үндэслэсэн гэж байгаа нь тухайн дүгнэлтүүд илтэд хууль бус болохыг нотолж байна. Өмнө буюу 2023 оны 5 сараас өмнө Хүрэн нүүрс /чийгний хэмжээ W <45%/ зөвхөн Нэг ангилалд, нэг үнэ зарлагддаг байхад Лабораторийн дүгнэлт чийгний хэмжээг хэд гэж гаргасан ч энэ нь бидний эрх ашгийг хөнддөггүй байсан. Харин нарийвчлан ангилснаар бид нүүрснийхээ чийгний хэмжээг бодитоор нь тогтоолгох гарцаагүй шаардлага үүссэн. Өнгөрсөн хугацааны Бодит байдал дээр манай нүүрс анхнаасаа чийглэг хүрэн нүүрс төрөлд хамаарах чанар үзүүлэлттэй байсан.

Гаалийн төв лабораторийн шинжээч нарын зүгээс манай нүүрсний бодит чийгний хэмжээг чийглэг хүрэн нүүрс ангилалд хамрагдахаар тоног төхөөрөмжийн үзүүлэлтээр гарсан ч ахлах болон даргын зүгээс ТЭЗҮ-д заасан чийгний хэмжээнээс хэтрүүлэхгүй гэсэн хязгаар тавьж, түүнд тохируулан чийгний хэмжээг тавьж дүгнэлтээ гаргадаг байсан талаар бидэнд хэлж байсан. Үүнийг нь Гаалийн төв лабораторийн 2026 оны 02-23/0051 дугаар албан бичиг хангалттай нотолж байна.

Нүүрсний салбар асар өндөр хөгжсөн БНХАУ дахь худалдан авагчид ч анхнаасаа манай экспортолсон нүүрсний чанарыг мэддэг тул Монголд хүрэн нүүрсний ангилал нарийвчлагдаж зарлагдахаас өмнө ч тэр хойно ч тэр, Монголын гаалийн лабораторийн дүгнэлт ангилалыг хэрхэн тогтоосноос үл хамааран тухайн зах зээлийн үнээр нь худалдан авч байсан, авсаар ч байгаа гэдгийг манай экспортын гэрээнүүд бас нотлох болно.

Бид нэхэмжлэлдээ маргаж буй цаг хугацаанд манай нүүрсэнд шинжилгээ хийсэн хөндлөнгийн гэж харьцуулж болохуйц Стандарт хэмжил зүйн газрын итгэмжлэгдсэн лаборатори болох “SGS IMME Mongolia" ХХК-ийн 5 удаагийн магадлан шинжилгээний дүгнэлт, "ALS Group" ХХК-ийн 3 удаагийн магадлан шинжилгээний дүгнэлтүүдийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж, хавсаргаж өгсөн.

Мөн Хятад талын нүүрс худалдан авагчид манайхаас хүлээн авсан нүүрсэнд шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахад 2024.01 capaac 2024.03 сар дуусталх хугацааны 29 удаагийн БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр манай экспортолсон нүүрсний чийгний дундаж 33,53 хувь гэж гаргасныг нотлох баримтаар гаргаж өгсөн. "SGS IMME Mongolia” XXK, "ALS Group" ХХК-ийн лабораторийн дүгнэлтүүдэд манай экспортолсон нүүрсний чийгний хэмжээг 33,28%-42,82%-ийн чийглэг буюу дундаж хэмжээг 35,83% байна гэж гаргахдаа Монгол улсын Стандартчилал хэмжил зүйн газраас гаргасан холбогдох стандартууд, Олон улсын стандартын дагуу шинжилгээг хийж яг тухайн авсан дээжнээс бодит үзүүлэлтийг үндэслэн дүгнэлт гаргасан байгаа нь эргэлзээгүй, илэрхий тодорхой харагдаж байхад Гаалийн төв лабораторийн дүгнэлтүүд ямар стандарт, ямар арга, аргачлал, үзүүлэлтыг үндэслэж энэхүү TOOH хэмжигдэхүүнүүдийг гаргаж, ангилалыг тогтоосон нь учир битүүлэг, тодорхойгүй харагддаг.

Эдгээр итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтүүд нь Нэгдүгээрт: Гаалийн төв лабораторийн дүгнэлтүүд Монгол Улсад болон Олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн, заавал баримтлах стандартыг баримтлаагүй, уул уурхайн төслийн урьдчилсан хайгуулын ажилд үндэслэж хийгдсэн судалгаа болох 6 жилийн өмнө хийгдсэн ТЭЗҮ дээрх чийгний хэмжээг үндэслэн гаргасан утга агуулгын илэрхий алдаатай дүгнэлт гаргажээ гэдгийг нотлохын зэрэгцээ Хоёрдугаарт: тэрхүү маргаж буй цаг хугацаанд экспортлон борлуулсан Нүүрсний бодит чийгний хэмжээг тогтоож өгсөн /хөндлөнгийн, харьцуулагдахуйц хүчин чадалтай, итгэмжлэгдсэн, стандартын дагуу хийгдсэн/ чухал ач холбогдолтой баримт болох юм.

Хүрэн нүүрсний ангилал нарийвчлагдахын хэрээр Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс 2024 онд олборлолтын үйл ажиллагааны Техник эдийн засгийн үндэслэлд тодотгол хийлгэх гарцаагүй шаардлага үүссэн байна.

Улмаар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Т/24-27- 02 тоот дүгнэлтээр Э ХХК-ийн МУ-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй "Хулман нуур" нэртэй хүрэн нүүрсний ордыг ил аргаар ашиглах "Техник эдийн засгийн үндэслэл-2" -ыг хэлэлцүүлсэн гаргасан дүгнэлтийн 13-д экспортод борлуулах нүүрсний үнийг СЯ-аас зарласан жишиг үнээр тооцож, нийт нүүрсний 80 хувь нь чийглэг хүрэн нүүрс буюу 29.59 ам.доллар/тн-оор борлуулагдана гэсэн тооцоо гаргаснаас үзэхэд манай экспортолсон нүүрсний бодит чанар, үнэлгээ илүү тодорхой болж баталгаажсан байна. Эдгээр бүх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхэд шүүх бидний гаргаж өгсөн үндэслэлийг үл харгалзан, нотлох баримтуудыг дутуу үнэлж шийдвэр гаргасан нь буруу юм.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Э ХХК-ийн гарал үүсэлтэй, Б С Э ХХК-ийн экспортолсон хүрэн нүүрсэнд хийгдсэн Гаалийн төв лабораторийн 2023 оны 05 дугаар сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэлх хугацааны 65 удаагийн магадлан шинжилгээний дүгнэлтүүдийн "чийг багатай хүрэн нүүрс" ангилалд хамруулахаар чийгний хэмжээг тогтоосон хэсгийг утга агуулгын илэрхий алдаатай гэж илтэд хууль бусад тооцож, бодит чийгний хэмжээг нэр бүхий итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр дундаж чийг 35,83 хувь гэж тогтоосныг үндэслэн тухайн цаг хугацаанд экспортолсон нүүрсний чийгний хэмжээг 35,83 хувь дундаж чийгтэй байснаар 2023 оны 05 дугаар сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэлх хугацааны гаалийн мэдүүлэгт засвар оруулахыг Гаалийн төв лабораторид даалгах манай Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б С Э ХХК-иас Гаалийн төв лабораторид  холбогдуулан “Э ХХК-ийн гарал үүсэлтэй, Б С Э ХХК-ийн экспортолсон хүрэн нүүрсэнд хийгдсэн Гаалийн төв лабораторийн 2023 оны 05 дугаар сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны 65 удаагийн магадлан шинжилгээний дүгнэлтүүдийн чийг багатай хүрэн нүүрс ангилалд хамруулахаар чийгний хэмжээг тогтоосон хэсгийг утга агуулгын илэрхий алдаатай гэж илт хууль бус захиргааны актад тооцож, бодит чийгний хэмжээг нэр бүхий итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр дундаж чийг 35.83 хувь гэж тогтоосныг үндэслэн тухайн цаг хугацаанд экспортолсон нүүрсний чийгний хэмжээг 35.83 дундаж чийгтэй байснаар 2023 оны 05 дугаар сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны гаалийн мэдүүлэгт засвар оруулахыг Гаалийн төв лабораторид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй үйл баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгч Б С Э ХХК нь С аймгийн Э сумын нутагт орших Э ХХК-ийн MV-****** тоот тусгай зөвшөөрөл бүхий Х уурхайгаас олборлосон нүүрсийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 22/Г-055 дугаар Нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авч экспортолдог байна.

3.2. Дээрх гэрээний дагуу экспортолж байгаа хүрэн нүүрсний чийгний хэмжээг тогтоохоор Гаалийн төв лабораторид нүүрсний дээжид хийсэн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нийт 71 магадлан шинжилгээний 6 дүгнэлтээр чийглэг, 65 дүгнэлтээр чийг багатай хүрэн нүүрсний ангилалд хамааруулсан болох нь Гаалийн төв лабораторийн дүгнэлтийн жагсаалт, Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

3.3. Нэхэмжлэгч Б С Э ХХК-иас 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 25/82 тоот албан бичгээр “...дээрх Гаалийн төв лабораторийн 65 удаагийн магадлан шинжилгээний дүгнэлтийг хууль бусад тооцуулах” хүсэлт гаргасанд Гаалийн төв лабораторийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02-2.3/0051 тоот албан бичгээр “... тус компани нь Гаалийн төв лабораторийн шинжилгээнд 65 удаа хамрагдсанаас ажлын чийгийн үзүүлэлт нь 11,7%-29,9% гарсныг MNS6457:2023 стандартын дагуу чийг багатай хүрэн нүүрсэнд хамааруулан ангилсан нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн зөвлөлөөс 2017 онд баталсан ТЭЗҮ-тэй тохирч байна. Э ХХК нь 2024 оны 12 сард MV-****** тоот зөвшөөрөлд хамаарах С аймгийн Э сумын нутагт орших Х хүрэн нүүрсний ордын ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлд тодотгол-3 оруулж, 2025 оны 01 сараас мөрдөж эхэлсэн. Уг тодотгол нь 2023 оны Гаалийн төв лабораторийн дүгнэлтүүдэд хамаарахгүй тул дээрх 2023 оны 65 дүгнэлтийг хүчингүй болгох боломжгүй” гэх хариуг өгсөн.

3.4. Нэхэмжлэгч Б С Э ХХК-иас дээрх дүгнэлтүүдийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...Гаалийн төв лабораторийн дүгнэлтийн чийгний хэмжээг тогтоосон хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай болсон. Гаалийн төв лаборатори нь магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа экспортын мэдээ, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, Техник эдийн засгийн үндэслэлийг харьцуулж гаргадаг гээд ТЭЗҮ дээр нүүрсний дундаж чийг 29,83 хувь байгаа нь чийг багатай хүрэн нүүрс ангилалд хамаарна гэсэн байна.” гэж тайлбарласан.

3.5. Хариуцагч захиргааны байгууллагаас “Гаалийн төв лаборатори нь 2021 оноос хойш нүүрсний шинжилгээний чиглэлээр Монгол Улсын Үндэсний итгэмжлэлд хамрагдаж, сорилт шинжилгээ хийх эрх бүхий итгэмжлэгдсэн лаборатори болсон. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан аргачлалд заасны дагуу экспортод гаргаж буй нүүрснээс дээж авч, магадлан шинжилгээнд хамруулж, дүгнэлт гарган, түүнийг гаалийн бүрдүүлэлтэд ашигладаг” гэж тайлбарлан маргасан.

4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” байвал илт хууль бус захиргааны акт гэж үзэх бөгөөд утга агуулгын илэрхий алдаа гэх ойлголт нь тухайн актын үндэслэсэн бодит нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримт болон эрх зүйн үнэлгээний хооронд ноцтой бөгөөд илэрхий зөрүү үүссэн байхыг ойлгох бөгөөд энэ нь зөвхөн тухайн актыг эс зөвшөөрөх, эсхүл уг актын үр дагавар иргэн, хуулийн этгээдийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэх субьектив үнэлэмжээр тогтоогдохгүй. Харин актын агуулга бодит байдалтай нийцэх боломжгүй, эсхүл захиргааны байгууллага тогтоогдсон үйл баримтыг илт гуйвуулсан, бодитойгоор үгүйсгэгдсэн нөхцөлд л илэрхий алдаа тогтоогдох учиртай.

5. Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ,” 252.2-т “Магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ”, 252.3-т “Магадлан шинжилгээ хийх, шинжээч томилох тухай гаалийн байгууллагын шийдвэрийг өмчийн аль ч хэлбэрийн байгууллага хүлээн авч хэрэгжүүлнэ” гэж заасан.

          6. Үүнээс үзэхэд Гаалийн төв лаборатори нь гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлохын тулд магадлан шинжилгээ хийдэг бөгөөд Үндэсний итгэмжлэлийн төвийн MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлага хангасан сорилтын лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээтэй байгууллага болох нь тогтоогдож байна.

          7. Мөн Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн С/28 дугаар тушаалаар “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал” MNS 6457:2023 стандарттай нийцүүлэн “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-ын нэмэлт өөрчлөлтүүдийг оруулан шинэчлэн Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаар тушаалаар баталсан ба энэхүү стандартаар нүүрсний 38 ангилалтай болж өөрчлөгдөж, тус стандартад “Хүрэн нүүрсний чийгний хэмжээ 30 хувиас доош “чийг багатай”, 30-40 хувь “чийглэг”, 40 хувиас дээш “чийг өндөртэй” гэж тус тус ангилсан.

8. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын 1.2-т “ашигт малтмалын бүтээгдэхүүний ангиллыг тодорхойлоход Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнг үндэслэнэ” гэж заасны дагуу Гаалийн төв лаборатори шинжилгээний дүгнэлтээ хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд стандарт, ангиллын жагсаалтад нийцүүлэн гаргасан байна.

9. Энэ талаарх анхан шатны шүүхийн “...SGS IMME Mongolia ХХК болон ALS Group ХХК-ийн нийт 8 удаагийн магадлан шинжилгээний дүгнэлтүүд нь 2024 онд хилээр гарсан нүүрсэнд хийсэн шинжилгээний үр дүн болох нь тогтоогдож байх бөгөөд тэдгээрийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл экспортолсон нүүрсний чанарын үзүүлэлтийг эргэлзээгүй тодорхойлсон баримт гэж шууд үнэлэх боломжгүй, нийт 8 шинжилгээ нь маргаан бүхий 65 дүгнэлтийн 12.3 хувийг л хамарч байгаа...” гэх дүгнэлт үндэслэлтэй.

10. Түүнчлэн, Гаалийн төв лаборатори нь тухайн бараанаас сорьц, дээж авч холбогдох стандартын дагуу шинжилгээ хийж, үр дүнг “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал” MNS 6457:2023 стандарттай тулган ангиллын код тодорхойлсон нь тогтоогдсон тул нэхэмжлэгч компанийн “...уурхайн техник, эдийн засгийн үндэслэлд заасан үзүүлэлтийг шууд ашиглаж, түүнд нийцүүлэн чийгийн хэмжээг зориудаар тогтоосон..” гэж маргасан нь үндэслэлгүй.

11. Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны А/315 дугаар тушаалаар батлагдсан “Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ын 6.4-т магадлан шинжилгээний дүгнэлт болон шинжилгээний үр дүнг мэдүүлэгч эс зөвшөөрсөн тохиолдолд давтан шинжилгээ хийлгэж болохоор заасны дагуу нэхэмжлэгч Б С Э ХХК нь Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлтийн талаар давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй нь шинжилгээний үр дүнг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

12. Дээрхээс үзэхэд Э ХХК-ийн гарал үүсэлтэй, Б С Э ХХК-ийн экспортолсон хүрэн нүүрсэнд хийгдсэн Гаалийн төв лабораторийн 2023 оны 05 дугаар сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны 65 удаагийн магадлан шинжилгээний дүгнэлтүүдийн чийг багатай хүрэн нүүрс ангилалд хамруулахаар чийгний хэмжээг тогтоосон хэсгийг утга агуулгын илэрхий алдаатай гэж илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

13. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Э.ЛХАГВАСҮРЭН 

   

 

          ШҮҮГЧ                                       М.ЦЭЦЭГМАА

 

 

         ШҮҮГЧ                                      Б.АДЪЯАСҮРЭН