Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2020/ДШМ/23

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 25 өдөр                               2020/ДШМ/23                                                                Зуунмод

 

 

Д.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Билгүүн,

Хохирогч О.Нямбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Шүүгдэгч Д.А-,

Нарийн бичгийн дарга  Ж.Эрдэнэсувд нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн, 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолтой Д.А-д холбогдох 1834000000108 дугаартай 3 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 02 сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Голомт овгийн Дамбын А-, Төв аймгийн Зуунмод суманд 1981 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг “Төв цогт өлзий” ХХК-нд жолооч ажилтай байсан, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт  хамт Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, 8б гудамж, 6 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Төв аймаг, Зуунмод сум, Нацагдорж 5 дугаар баг, Усны аж ахуйн В-4-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ____________,

Шүүгдэгч Д.А- нь үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн в-4-1 тоотод байрлах өөрийн гэртээ болон Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Манзушир хийдийн замд, цэвэрлэх байгууламжийн ойролцоо газар машин дотроо гэр бүлийн хамаарал бүхий өөрийн дагавар охин, О.Нямбаярыг 10 настайгаас нь буюу бага наснаас эхлэн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн,

-2012 оны 04 дүгээр сараас 2015 оныг хүртлэх хугацаанд О.Нямбаярын “хувцсыг нь тайлж, нүцгэлэн биеийг нь харах, тэврэх, үнсэж, улмаар өөрийнхөө хувцсыг тайлан, өөртөө гар хангалга хийж дур тавьдаг,

-мөн 2015 оноос 2018 оны 04 дүгээр сарын 03-ыг хүртэлх хугацаанд О.Нямбаярын “хувцсыг тайлан нүцгэлж, хоёр гуяных нь завсар өөрийн бэлэг эрхтнээ хийж, мөн үтрээний амсар болон өгзөг, нурууны гол хэсгээр нь бэлэг эрхтнээрээ үрж, улмаар О.Нямбаярын дээр гарч хэвтэн хөдөлж байгаад өөртөө гар хангалга хийж дур тавьдаг зэрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолоор:

            Шүүгдэгч Голомт овгийн Дамбын А-г үргэлжилсэн үйлдлээр бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 19 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 19 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.А-гийн цагдан хоригдсон 361 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн 1834000000108 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч О.Нямбаяр нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц бичгийн нотлох баримтаар шүүгдэгчийн өгсөн түүний эцэг Н.Дамбын амбулаториор эмчлүүлэгчдийн карт 2 ширхэг дэвтэр, түүний эх Ж.Буянхишигийн эрүүл мэндийн 1 ширхэг дэвтрүүдийг түүнд буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүгдэгч Д.А-д холбогдох эрүүгийн 1834000000108 дугаартай хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.06-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 2020/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн ХХШТХуулийг ноцтой зөрчсөн дараах үндэслэл байна. Үүнд:

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

1. МУ-ын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол" гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Мөн хууль тогтоогч дээрх зүйл хэсгийг тайлбарлахдаа "Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл" гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно" гэж тодорхой хуульчилсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нь хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсан ямар ч үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх таамаглалаар, хэрэгт цугларсан баримтуудыг илтэд гуйвуулж уг хуулийг хэрэглэсэн нь шүүх ЭХХШТХуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “....хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” нөхцөл байдал байна. Үүнээс үүдээд ЭХХШТХуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ".../гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ тогтоогдоогүй, тогтоогдох боломжгүй байна.

2. Яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн тогтоолд шүүгдэгчийг 2012 оны 04 дүгээр сараас эхлэн 2015 оныг хүртэл, 2015 оноос 2018 оны 04 сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэжээ. Дээрх дүгнэлт нь нотлох баримтад тулгуурласан бус зөвхөн таамаглал магадлалын шинжтэй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад прокурор "цаг хугацааг тогтоох ямар ч боломжгүй" гэж хэлсэн бөгөөд ЭХХШТХуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн” болон гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа тодорхойгүй, мөн Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна" гэж заасан бөгөөд гэмт хэрэг гэж дүгнэсэн бол эхэлсэн болон дууссан, үргэлжилсэн хугацаагаа нь тогтоогдоогүй байна.

3. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй" гэж заасан байдаг бөгөөд Д.А-д холбогдох хэргийн үйлдлийг шүүх, прокуророос 2012 оны 04 дүгээр сараас эхэлсэн гэх таамаг дэвшүүлдэг бөгөөд тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт "Хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, түүнчлэн хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол" гэмт хэрэгт тооцдог байсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуульд "бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл" гэж шинэ үйлдлийг гэмт хэрэгт тооцон эрүүжүүлж хуульд тусгасан. Гэтэл анхан шатны шүүхээс Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

1. 2018.11.23-ний өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлээд 58 дугаартай хэргийг Прокурорт буцаах тухай тогтоол гаргасан. Уг тогтоолыг Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019.03.13-ны 2019/ДШМ/20 дугаартай магадлалаар баталгаажуулсан. Анхан шатны шүүхийн тогтоолд ЭХХШХуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй байна. Тухайлбал гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн хэргийн сэдэл зорилго насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байна гэж заасан. Гэтэл хэрэг прокурорт буцаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч анхан шатны шүүхийн тогтоолоос нэг ч заалт биелэгдээгүй, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байгаа боловч гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааг тогтоогоогүй, яллаж байгаа нотлох баримт нь насанд хүрээгүй хохирогчийн зөрүүтэй мэдүүлгүүдэд үндэслэгддэг. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чаддаггүй.

2. ЭХХШТХуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт "...нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл" зэргийг тусгахаар хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хууль хэрэглээний талаарх болон мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар гаргасан санал, түүнд холбогдуулан гаргасан баримтыг шүүх няцаасан үндэслэлээ огт тусгаж бичээгүй хуулийг ноцтой зөрчиж байна.

3. ЭХХШТХуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө" гэж заасаар байтал анхан шатны шүүх хуралдаан 2020.01.06-ний өдөр болсноос хойш 28 хоногийн дараа оролцогчдод гардуулж өгсөн нь хууль зөрчиж байна.

4. ЭХХШТХуулийн 16.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт "эмчилгээ хийж байх явцад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар мэдэх болсон сэтгэл зүйч"-ээс гэрчийн мэдүүлэг авч болохгүй талаар хуульчилсан байхад хэргийн прокурорт буцаасны дараа сэтгэлзүйн эмч, сэтгэл зүйчдээс их хэмжээний мэдүүлэг авч хэрэгт хавсаргасан байдаг.

5. ЭХХШТХуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ" гэж заасан бөгөөд тухайн хэрэгт гэрчээр тооцсон этгээдүүд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэхгүй, дамжмал байдлаар сонссон гэх, зэрэг мэдүүлэг өгдөг ба эх сурвалж нь тодорхойгүй, хохирогчийн мэдүүлгийг эх сурвалжаар тооцдог боловч хохирогч урьд өгсөн мэдүүлгийг яагаад тэгж өгөх болсноо тайлбарлаад үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн байдаг.

6. Анхан шатны шүүхээс насанд хүрээгүй хүний хохирогчоор өгсөн мэдүүлгийг үнэлсэн атлаа насанд хүрсэн хохирогчийн хууль сануулж өгсөн мэдүүлгийг хэрхэн үнэлээгүй талаараа шийдвэртээ тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг нотолгооны хэрэгсэл болохын тулд аль мэдүүлэг нь хууль зүйн үр дагавар үүсгэх, нотолгооны хувьд илүүд үнэлэгдэх талаар дүгнэлт хийсэнгүй.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.06-ны өдрийн 2020/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Хохирогч О.Нямбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “О.Нямбаяр миний бие Д.А-д холбогдох хэргийн шүүхийн гаргасан шийдвэрт гомдолтой байна. Учир нь анх надаас мэдүүлэг авахдаа ор тас танихгүй хүмүүс авсан /ичиж айсан байсан учир худал мэдүүлсэн/. Дараагийн мэдүүлэг дээр прокурор анхны мэдүүлгээ давтаж өг гэж хэлсэн тул давтаж өгсөн. Миний бие насанд хүрсэн үнэн зөв мэдүүлсэн ч шүүх хүлээж аваагүй тул гомдол гаргав.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Билгүүн гаргасан дүгнэлтдээ: Хэргийн зүйлчлэл тохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан саналдаа: Өмнө нь хэрэг прокурорт буцсан боловч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан нэг ч ажиллагаа хийгдээгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа тодорхойгүй. Өмнө нь хэргийн талаар мэдэх болсон хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч, анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тэдгээрийн мэдүүлгийг үнэлсэн. Гэрчүүдийн мэдүүлэг эх сурвалжгүй байдаг. Хохирогчийн аль мэдүүлэг нь нотолгооны ач холбогдолтой талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх материаллаг хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн. Хохирогч өнөөдөр огт өөр юм яриад байгааг яаж шийдвэрлэх вэ. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч О.Нямбаяр гаргасан тайлбартаа: Би одоо 18 нас хүрээд өөрөө үнэн зөв мэдүүлж байгааг яагаад анхаарч үзэхгүй байна вэ. Одоо 18 нас хүрээд шүүхэд үнэн зөвөөр мэдүүлж байгааг минь хүлээн авч хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.А- гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.А-д холбогдох эрүүгийн 1834000000108 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 433 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар Д.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал, бүрэлдэхүүнд шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Т.Батжаргал нарыг томилсон шийдвэрийг албажуулжээ. Шүүх хуралдаан даргалагч ерөнхий шүүгч Ц.Отгонжаргалын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүх бүрэлдэхүүнд оролцож болохгүй үндэслэлээр нэг шүүгч бүрэлдэхүүнд томилуулахаар хүсэлт гаргасны дагуу Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч оролцуулахаар томилжээ. Гэтэл Д.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, даргалагчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилолгүй хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн нь шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан гэж үзэх үндэслэл болно.

Мөн 2019 оны 10 сарын 28-ны өдрийн 2019/ШЗ/775 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагчийг шүүхэд шилжүүлжээ. Уг захирамж гарсан өдөр хийгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны тэмдэглэл хэрэгт алга байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар удирдан явуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж, прокурор, оролцогчид танилцуулна.” гэсэн шаардлагад нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар 1.1, 1.7, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 06-ны өдрийн ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Шүүгдэгч Д.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА

 

 

  ШҮҮГЧИД                                                       Т.ЭНХМАА

 

 

                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ