| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/02161/И |
| Дугаар | 102/ШШ2020/02080 |
| Огноо | 2020-06-30 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2020/02080
| 2020 06 30 | 102/ШШ2020/02080
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамж 0 тоот, регистр 0000000, С ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороо, 0 тоот, регистр 0000000, Л ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 73 330 872 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М /үнэмлэх 0000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь Л ХХК-тай 2015 оны 4-р сарын 1-ний өдрөөс 2016 оны 4-р сарын 1-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан тойруу, 27-1 дугаар хаягт байрлах Зайсан центр 5 давхрын 55 м.кв талбайг ажлын байр үйлчилгээний зориулалтаар, сарын 1.512.500 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон. Гэтэл түрээслэгч 2016 оны 7-р сараас хойш өнөөдрийг хүртэлх түрээсийн төлбөр, ашиглалтын зардлаа төлөөгүй. Хариуцагч түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаа шалтгаанаа Дархан-Уул аймагт 140 айлын орон сууц барьж байгаа, энэхүү байраа ашиглалтанд орохоор түрээсийн төлбөрөө төлнө гэж хэлж байсан. Ингээд талууд харилцан тохиролцож гэрээг 2016, 2017 онуудад сунгаж байсан. Сунгалт нь 2018 оны 4 дүгээр сарын 1-нд дуусч байгаа. Хэдий гэрээний хугацаа дууссан ч оффист үйл ажиллагаа явуулж байсан. Гэрээний хугацаа хэдий сунгахгүй байсан ч гэрээнд зааснаар оффисыг ашигласаар байх юм бол автоматаар гэрээний хугацаа сунгагдсан. 2018 оны 11 дүгээр сарын 22-ноос Л ХХК-тай холбогдож чадахгүй болсон. Хэдий тухайн оффист эд хөрөнгө нь байгаа, харин өөрсдөө үйл ажиллагаа явуулахгүй байсан. Иймд 2019 оны 1 дүгээр сард бид тухайн оффисын талбайг өөр хүмүүст түрээслүүлэх зорилготойгоор чөлөөлж, дотор байсан эд хөрөнгийг манай байгууллага өөрсдийнхөө оффист хадгалж байсан. Түрээслэгч Л ХХК нь түрээсийн төлбөрөө төлөөгүйгээс 73.330.872 төгрөг нэхэмжилсэн. Гэхдээ тооцоогоор 31 сарын түрээсийн төлбөр 46.877.500 төгрөг, түүний алданги 23.443.750 төгрөг, цахилгааны төлбөр 112.112 төгрөг нийт 70.443.362 төгрөг болно. Л ХХК-иас 70.331.250 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь Л ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 73 330 872 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд тооцооллоо зөвтгөж 70 443 362 төгрөг гаргуулахаар шаарджээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
С ХХК нь Л ХХК-тай 2015 оны 4-р сарын 1-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан тойруу, 27-1 дугаар хаягт байрлах Зайсан центр 5 давхрын 55 м.кв талбайг ажлын байрыг 1 жилийн хугацаатай, сарын 1 512 500 төгрөгөөр түрээслүүлэхээр /хх 6-10/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 318-р зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна.
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад оффисийн талбайг шилжүүлэх, түрээслэгч нь тохирсон хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй.
Түрээслэгч 2016 оны 7-р сарын 1-нээс 2019 оны 1-р сарын 1-нийг хүртэлх хугацааны 31 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй гэх ба түрээсийн төлбөр 46 877 500 төгрөг, түүний алданги 23 443 750 төгрөг, цахилгааны төлбөр 112 112 төгрөг нийт 70 443 362 төгрөгийг төлөөгүй гэж маргажээ.
Хариуцагч Л ХХК-ний захирал Т.Ч нь нэхэмжлэлийн хувийг 2020 оны 5-р сарын 28-ны өдөр гардаж авчээ.
Харин хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч ирээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л ХХК-ниас 70 443 362 /далан сая дөрвөн зуун дөчин гурван мянга гурван зуун жаран хоёр/ төгрөг гаргуулж Си Си Эс Эм Жи Эл ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэг, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 524 605 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-ниас 509 606 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА