Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2020/02524

 

2020 09 09

102/ШШ2020/02524

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, , К банк ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 21-р хороо, 0 тоотод оршин суух, , эрхэлсэн ажилгүй, Т овогт П-н Ш,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 21-р хороо, 0 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, С овогт Д-ын Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8 136 625.46 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, С.Н, Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч П.Ш, Д.Э нар нь К банктай 2015 оны 6-р сарын 18-ны өдөр "Жижиг дунд бизнесийн зээлийн гэрээ-г байгуулж 6 000 000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр, 2018 оны 6-р сарын 18-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлсэн. К банк 2015 оны 6-р сарын 18-ны өдөр П.Ш-н 2033001706 тоот данс руу 6 000 000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Барьцааны гэрээгээр Ховд аймаг, Буянт суманд байрлалтай 8409500068 нэгж талбарын дугаартай төмс, хүнсний ногоо тарих зориулалттай 2 га газар, Ховд аймаг, Жаргалант суманд байрлалтай 6 ханатай бариа гэр, зургийн аппарат, Ховд аймаг, Жаргалант сум, Хан орд хүнсний захад байрлалтай контейнер, бараа материал тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нар үндсэн зээлээс 1 872 051.01 төгрөг, зээлийн хүүнд 1 372 137.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15 362.63 төгрөг, бүгд 3 259 551.37 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар К банктай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2020 оны 5-р сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4 127 948.99 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 3 505 275.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 494,400.51 төгрөг, нотариатын хөлс 9 000.00 төгрөг нийт 8 136 625.46 төгрөгийг П.Ш, Д.Э нараас гаргуулах, үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Д.Э-ын өмчлөлийн Ховд аймаг, Буянт суманд байрлалтай 8409500068 нэгж талбарын дугаартай төмс, хүнсний ногоо тарих зориулалттай 2 га газар, Ховд аймаг, Жаргалант суманд байрлалтай 6 ханатай бариа гэр, Ховд аймаг, Жаргалант сум, Хан орд хүнсний захад байрлалтай контейнер зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 онд К банкнаас авсан зээлийн үлдэгдлийг цаашид бэлэн мөнгөөр төлөх боломжгүй тул энэ байдлыг харгалзан үзэж барьцаа хөрөнгө болох Ховд аймгийн Буянт суманд байрлалтай 8409500068 нэгж талбарын дугаартай хүнсний ногоо тарих зоориулалттай 2 га газрыг төлбөрт авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Д.Э, П.Ш нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8 136 625.46 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

К банк нь П.Ш, Д.Э нартай 2015 оны 6-р сарын 18-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 6 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 1.90 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, Ховд аймаг, Буянт суманд байрлалтай 8409500068 нэгж талбарын дугаартай төмс, хүнсний ногоо тарих зориулалттай 2 га газар, Ховд аймаг, Жаргалант суманд байрлалтай 6 ханатай бариа гэр, зургийн аппарат, Ховд аймаг, Жаргалант сум, Хан орд хүнсний захад байрлалтай контейнер, бараа материал зэргийг тус тус барьцаалахаар /хх 11-22/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нар үндсэн зээлээс 1 872 051.01 төгрөг, зээлийн хүүнд 1 372 137.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15 362.63 төгрөг, бүгд 3 259 551.37 төгрөгийг төлж, бусад зээлийг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Хариуцагч нар нэхэмжилсэн үнийн дүнгийн талаар маргаагүй байх ба харин бэлэн мөнгөөр төлөх боломжгүй тул барьцааны зүйл болох 2 га газрыг төлбөрт тооцож өгөхөөр тайлбарласан байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлага 8 136 625.46 төгрөгийг хариуцагч П.Ш, Д.Э нараас гаргуулж, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Ховд аймаг, Буянт суманд байрлалтай 8409500068 нэгж талбарын дугаартай төмс, хүнсний ногоо тарих зориулалттай 2 га газар, 6 ханатай гэр, контейнер зэрэг эд зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 21-р хороо, Горькийн 18-р гудамж, 483 тоот хаягт хариуцагч П.Ш бүртгэлтэй боловч амьдардаггүй, хариуцагч Д.Э тухайн хаягт бүртгэлгүй болох нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, тухайн хаягаар хүргүүлсэн мэдэгдлийг дүү гэх хүн гарын үсэг зурж хүлээн авсан байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж нэхэмжлэгч нарын хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1 дэх хэсэг, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д-ийн Э, П-ийн Ш нараас 8 136 625.46 /найман сая нэг зуун гучин зургаан мянга зургаан зуун хорин таван төгрөг, дөчин зургаан мөнгө/ төгрөг гаргуулж К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Д.Э, П.Ш нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Ховд аймаг, Буянт суманд байрлалтай 8409500068 нэгж талбарын дугаартай төмс, хүнсний ногоо тарих зориулалттай 2 га газар, Ховд аймаг, Жаргалант суманд байрлалтай 6 ханатай гэр, зургийн аппарат, Ховд аймаг, Жаргалант сум, Хан орд хүнсний захад байрлалтай контейнер, бараа материал зэргийг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 145 136 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, хариуцагч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА