| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2024/0003/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/30 |
| Огноо | 2023-12-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Түмэнжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/30
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Д.Түмэнжаргал,
шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308021241963 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: **************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***********нь 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***********тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч ***********гутлаар зодож эрүүл мэндэд нь “хүзүүний 6-р нугалмын 2 талын ламина хугарал, дагзны хуйханд шарх, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуя, хоёр өвдөгт цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч байнга архи уудаг. Намайг гэрээс гарч байхад өөрөө хойшоо савж унаж байсан. Харин ч намайг цохиж зодсон. Шүрээ, Батсайхан, Батхуяг нар намайг нийлж гүтгэж, хэрэгт хийх гэж байна. Авсан мөнгө төгрөгөө өгөхгүй гэж л тэгэж байна. Би яагаа ч үгүй гараад явсан. Өөрийнхөө толгойг хагалсан, би хагалаагүй. Гутлаар цохиход тэгэж их цус гарахгүй. Би хүлээн зөвшөөрөхгүй, битгий хүн хэлмэгдүүлээрэй. Эрүүл мэндийн байдал болон зээлтэй байдлыг харгалзан үзнэ үү” гэв.
Эрүүгийн 2308021241963 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ***********ийн: “...2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хархорин зах дээр би хамт байдаг хүмүүсийн төрсөн өдөр болохоор жаахан архи уугаад харьсан. Гэртээ байж байгаад би ***********ыг “Чи намайг согтуу архичин гэж хэлж байсан, би чамайг юу ч үгүй байхад чинь өдий зэрэгтэй болгож амьдрал ахуйтай болгосон” гэж хэлэхэд *********** эрүүл байсан ба намайг өмсөж байсан хар хромон гутлын ар өсгий хэсгээр толгойн ар хэсэгт 3-4 удаа цохисон, толгой хагараад цус гарсан. Гэмтлийн эмнэлэгт очиж боолт хийлгээд ирсэн, миний нуруу хэсэг рүү бас гутлаар цохисон байх нуруу хөхөрсөн байна. *********** өнөөдөр гэрээс гараад явахад нь хүүхдэдээ хэлээд цагдаад хандсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 17 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023.06.22-ны өдрийн 7967 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ***********ийн биед хүзүүний 6-р нугалмын 2 талын ламина хугарал, дагзны хуйханд шарх, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуя, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 35-36 дахь тал),
Шинжээч О.Болороогийн: “Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр /олон удаагийн/ үүсгэгдэх бөгөөд нэг удаа унах үед үүсгэгдэх боломжгүй. ***********ийн биед учирсан хүзүүний 6-р нугалмын 2 талын ламина хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дагзны хуйханд шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дүгнэлтэд дурьдсанаар 2-3 хоногийн өмнө, хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл. Тухайн гэмтлийг авснаас хойш өвдөж болно, хэсэг газарт гараар дарахад хөндүүрлэнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29, 32 дахь тал),
Гэрч ***********ийн: “2023 оны 6 сард би гэртээ байж байтал манай гэрийн хаалгыг хүн нүдээд байсан. Гараад харсан *********** байсан. Толгойн баруун тал нь цус болсон, нэг шил архи барьсан байсан. “Та яасан юм” гэхэд “*********** намайг зодоод” гэж хэлсэн. Би ***********ийг цустай хүүхнийг гэртээ оруулахгүй, жаахан хүүхэд гэрт байна гээд явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
Гэрч ***********гийн: “...Тухайн хэрэг болдог өдөр ээж над руу залгаад “***********т зодуулчихлаа, ирээд аваадхаач” гэж хэлсэн. Явж байтал ээж зам дагуу зогсож байхаар нь очиж аваад эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед бие хэсэгт нь олон гэмтэл харагдаж байсан. Асуухад ***********т чинь зодуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
Гэрч ***********ийн: “*********** гэх Хархорин зах дээр кофе зардаг туранхай, бор царайтай эмэгтэй байдаг. 2023 оны 6 дугаар сарын дундуур ажилдаа ирэхгүй, харагдахгүй байсан. Захын хүмүүсээс кофе зардаг эмэгтэй яагаад ирэхгүй байна гэж сураг асуухад нөхөр нь зодоод эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа гэж ярьцгааж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),
Шүүгдэгч Ш.***********ын яллагдагчаар өгсөн: “2023 оны 6 дугаар сарын 16-нд 18 цаг болж байхад ажлаа тараад гэр лүүгээ явах гэхэд эхнэр *********** согтуу, архи уучихсан байсан. Гэртээ очоод эхнэр *********** ахиж архи уугаад агсам тавиад миний хоёр хромон гутлыг хоёр гартаа барьж миний хоёр өвдөг хэсэг рүү цохиж дайраад байсан. Би гэрээс гараад зугтаагаад хашааны үүдэнд байж байгаад жорлон орж бие засаад гэр лүү орох гэхэд *********** гэрийн гадаа үүд хэсэгт толгойн ар хэсгээ барьсан сууж байсан. Намайг дөхөж очиход толгойноос цус гараад байна гэж байсан. Би наад толгойгоо угаа гэж хэлэхэд угаахгүй гээд байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал),
Дуудлагын лавлагааны хуудас (хх-7), аюулын эрсдэлийн зэрэг хийсэн тэмдэглэл (хх-67-69), Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-72-73), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-74-82), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг, төлбөрийн мэдээлэл (хх-61-62),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-45), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-46), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-47) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн 1 хуудас мөнгөн шилжүүлгийн баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********нь Сонгинохайрхан дүүргийн ***********тоотод 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хамтран амьдрагч ***********гутлаар зодож “хүзүүний 6-р нугалмын 2 талын ламина хугарал, дагзны хуйханд шарх, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуя, хоёр өвдөгт цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Унах үед уг гэмтэл үүсэхгүй, мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ гэж шинжээч хэлсэн...” гэж,
шүүгдэгч “Мохоо зүйлээр цохиход тийм их цус яаж гарах юм бэ. Битгий хүн хэлмэгдүүлээрэй гэж хэлье” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********нь 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***********тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч ***********гутлаар зодож эрүүл мэндэд нь “хүзүүний 6-р нугалмын 2 талын ламина хугарал, дагзны хуйханд шарх, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуя, хоёр өвдөгт цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ***********ийн “...*********** архи уугаагүй эрүүл байсан. Намайг өмсөж байсан хар хромон гутлын ар өсгий хэсгээр толгойн ар хэсэгт 3-4 удаа цохиж толгой хагараад цус гарсан. Миний нуруу хэсэг рүү бас гутлаар цохисон байх хөхөрсөн байна...” гэх мэдүүлэг (хх-12-13), шүүх эмнэлгийн 7967 дугаар “1. ***********ийн биед хүзүүний 6-р нугалмын 2 талын ламина хугарал, дагзны хуйханд шарх, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуя, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-35-36), гэрч ***********гийн “...ээж над руу залгаад “***********т зодуулчихлаа, ирээд аваадхаач” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-21-22), гэрч ***********ийн “...***********ийн толгойн баруун тал нь цус болсон, нэг шил архи барьсан байсан. “Та яасан юм” гэхэд “*********** намайг зодоод” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-26) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хэдийгээр шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч өөрөө унаж толгойгоо хагалсан, би хагалаагүй, намайг гүтгэж байна...” гэж маргаж оролцсон ч шүүгдэгч мэдүүлгийнхээ эх сурвалжаа зааж чадаагүй, шүүгдэгчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдоогүй, харин хохирогчийн “...*********** архи уугаагүй эрүүл байсан. Намайг өмсөж байсан хар хромон гутлын ар өсгий хэсгээр толгойн ар хэсэгт 3-4 удаа цохисон, толгой хагараад цус гарсан...” гэх мэдүүлэг (хх-17-18) нь бусад эх сурвалжаар буюу гэрч ***********гийн “...над руу залгаад “***********т зодуулчихлаа, ирээд аваадхаач” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-21-22), гэрч ***********ийн “...***********ийн толгойн баруун тал нь цус болсон, нэг шил архи барьсан байсан. “Та яасан юм” гэхэд “*********** намайг зодоод” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-26), шинжээчийн “1. ***********ийн биед хүзүүний 6-р нугалмын 2 талын ламина хугарал, дагзны хуйханд шарх, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуя, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хх-35-36), шинжээч эмч О.Болороогийн “Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр /олон удаагийн/ үүсгэгдэх бөгөөд нэг удаа унах үед үүсгэгдэх боломжгүй...” гэх мэдүүлэг (хх-29, 32) зэрэг баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Түүнчлэн хохирогч шүүгдэгчид зодуулсан даруйдаа хөрш айл ***********ийнд очиж ***********т зодуулсан талаараа хэлсэн, мөн өөрийн охин гэрч ***********д утсаар хэлж, *********** очиж аваад гэмтлийн эмнэлэгт хүргэсэн, мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн, хохирогч өөрөө өөртөө буюу унах үед дээрх гэмтэл үүсэх боломжгүй талаар мэдүүлсэн зэргээр нотлогдож байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн “...би ***********ыг “чи намайг согтуу архичин гэж хэлж байсан, би чамайг юу ч үгүй байхад чинь өдий зэрэгтэй болгож амьдрал ахуйтай болгосон...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн “...*********** ахиж архи уугаад агсам тавиад дайраад байсан...” гэх мэдүүлгээр тухайн үед дээрх шалтгаанаар хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүй бус авирласны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсэж шүүгдэгч ***********хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд шүүгдэгч Ш.***********ын тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ***********хромон гутлаар цохиж зодон хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ***********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт (хх-94)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заажээ. Хохирогч *********** нь гэмт хэргийн улмаас 1 удаагийн үйлдлээр нийт 161,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан нь хэрэгт авагдсан баримт (хх-61-62)-аар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлж барагдуулсан тул төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэж,
шүүгдэгч “Лизингээр машин авсан, сар бүр 80,000 төгрөгийн эм авч уудаг, тэтгэврийн зээлтэйг харгалзаж үзнэ үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч хамтран амьдрагч болох хохирогчийг агсам тавьсан гэх шалтгаанаар хромон гутлаар цохиж зодон эрх, эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, эрхэлсэн ажилтай, орлоготой, ар гэрийн болон насны байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (Өндөр насны тэтгэвэрт байдаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч ***********500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт ***********гийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********500,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР