| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2024/0013/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/33 |
| Огноо | 2023-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/33
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Ж.Отгончимэг,
шүүгдэгч ***********, өмгөөлөгч Л.Намнансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001322 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ****************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********** согтуурсан үедээ 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт засмал зам дээр хохирогч ***********той маргаж уруул хэсэг рүү гараараа нэг удаа, нүүр, уруул орчимд мөргөж эрүүл мэндэд “1 шүдний эмтрэл, уруулд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 6 дугаар сарын 15-нд зам хаагаад машин зогсож байхад нь би сигналдсан. Настай хүн бууж ирээд хэл амаар доромжилсон. Хүү нь гарч ирээд хэрүүл хийж намайг цохихоор нь би мөргөсөн. Ийм л зүйл болсон. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Шүдний эмтрэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хувийн байдлыг харгалзан торгох ял шийтгэж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2208000001322 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ***********ын: “2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр лагериас гараад гэр бүлийнхэнтэйгээ хоёр машинтай яваад засмал зам дээр зогсоод аавын машинаас хүүхдүүд буулгаад миний машинд суух хооронд нэг машин аавын машиныг сигналдах шиг болсон. Аав цочсондоо “пизда” гээд хэлсэн чинь нөгөө машины залуу ууртай бууж ирснээ аав руу очиж хэрүүл хийгээд байсан. Би очоод “юу болсон юм бэ” гэсэн чинь нөгөө залуу “пизда чинь зам хааж зогсоод” гэхээр нь би “хүүхэд буулгаж суулгахын хооронд юун сүртэй юм бэ” гэсэн чинь нөгөө залуу аав бид хоёрыг “хоёр пизда минь” гээд хэрүүл хийгээд байсан. Тэр залуу архи уучихсан, халамцуу байсан. Бид хоёр түлхэлцэж байсан чинь нөгөө залуу миний уруул руу цохисон. Би зөрүүлж цохиод бид хоёр барилцаад авсан чинь нөгөө залуу дахиад миний уруул хэсэг рүү мөргөсөн. Бид хоёр нэлээн муудалцаж барилцаж байгаад салаад явцгаасан. Тухайн үед миний уруул дотор язарсан, шүдэн дотор хийлгэсэн шаазан бүрээсний паалан хагарч унасан байсан.
...2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр миний биед 1 шаазан бүрээстэй шүд эмтэрч, хагарч доторх ясан шүд нь эмтэрсэн. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Төгс шигтгээ” шүдний эмнэлэгт үүдэн 6 шүдэндээ шаазан бүрээс хийлгэсэн. Ясан шүдний гадна пааланг засаж бэлдсэний дараа шаазан бүрээсийг углаж хийдэг юм байна лээ. Би 1 шаазан бүрээстэй шүд эмтэрснийг хэдэн төгрөгөөр засах талаар мэдэхгүй байсан. 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Төгс шигтгээ” шүдний эмнэлэг дээр очиж 1 шаазан бүрээстэй эмтэрсэн шүд янзалж засахад хэдэн төгрөг болох талаар тодорхойлолт гаргуулж тус хэрэгт хавсаргуулсан. Шүдээ янзлуулахад 750,000 төгрөг болох тул барагдуулаад авчихбал надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 8-9, 103 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.07.19-ний өдрийн 10031 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “Хэсэг газрын үзлэгт: ...зүүн 3-р шаазан бүрээсний шүдний дотор паалан ховхорсон. Дүгнэлтэд: 1. ***********ын биед 1 шүдний эмтрэл, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 21-22 дахь тал),
Шинжээч эмч Н.Туяагийн: “...Би тус дүгнэлтэд 2022.07.17 гэхийг 2022.01.17 гэж андуурч бичсэн байна. Дээрх гэмтлүүдийн 1 шүдний эмтрэл гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Яагаад гэвэл шаазан бүрээстэй шүдний бүрээс нь эмтэрсэн байх тул гэмтлийн зэрэгт хамаахгүй. Харин уруулд зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 156 дахь тал),
Хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн 2023.04.04-ний өдрийн 352 дугаар дүгнэлтэд: “1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 10031 тоот дүгнэлтийн Дүрслэл оношлогооны эмчийн хариунд 2022.07.17-ны өдөр гэж бичсэнийг 2022.01.17 гэж андуурагдаж бичсэн байна. ***********ын гэх 1 ширхэг СД зураг нь 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр авgхуулсан эрүүний дэлгэмэл рентген зураг байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 167-168 дахь тал),
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн давтан 2023.05.19-ний өдрийн 506 дугаар дүгнэлтэд: “1. ***********ын биед үзлэг хийсэн 2022.07.19-ний 10031 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 4. ***********од зүүн дээд 3-р шүдний эмтрэл үүссэн нь 2022.07.17-ны эрүүний дэлгэмэл рентген зургаар батлагдсан байна. 5. Шүдний эмтрэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, уруулын зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 186-187 дахь тал),
Шинжээч эмч Б.Ариунзулын: “2022.07.17-ны эрүүний дэлгэмэл зурагт дээд зүүн 3-р шүдний цөгцний дотор хэсгээр ташуу эмтрэлтэй байсан тул тухайн хүний өөрийнх нь ясан шүд эмтэрсэн байсан бөгөөд тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 191 дэх тал),
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2023.11.02-ны өдрийн 1028 дугаар дүгнэлтэд: “1.2. ***********ын зүүн дээд 3-р шүдний шаазангаас гадна ясан шүдний цөгц эмтэрсэн байна. 3. ***********ын 3-р шүдний эмтрэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 5. ***********ын биед үзлэг хийсэн 10031, 352, 506 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 6. 1 ширхэг СД гадна талд 2022.07.17 гэж хаяглагдсан, нээж үзэхэд он саргүй эрүүний дэлгэмэл зураг, дүрс оношилгооны эмчийн уншсан хариунд 2022.07.17 гэж бичигдсэн байна” гэжээ мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 30-33 дахь тал),
Гэрч ***********ын: “2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 11-12 цагийн орчимд хүүхдүүдтэйгээ Зүүнсалааны орчимд би өөрийн машинтай, хүү *********** бас өөрийн машинтай явж байгаад хүүхдүүдээ машинаа сольж суулгах гээд зам дээр байж байтал араас нэг машин сигналдаад байхаар нь би тэр жолоочид “яадаг пизда вэ” гээд хэлчихсэн чинь тэр залуу бууж ирээд надтай тулж байтал хүү *********** ирээд “чи яагаад настай хүнтэй маргалдаад байгаа юм бэ” гээд тэр залуутай маргалдаад барьцалдаж авахаар нь би цагдаа дуудаж байтал ***********ын нүүр лүү тэр жолооч мөргөчих шиг болсон. Яваад очтол хүү ***********ын амнаас бага зэрэг цус гарчихсан, шүднийх нь пааланг эмтэлчихсэн байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 18 дахь тал),
Гэрч ***********гийн: “Би 2022 оны 7 дугаар сарын 15-ны өглөө ээлж хүлээн аваад ...эрүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч *********** хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 11-12 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам дээр намайг хүн зодсон” гэсэн утга бүхий дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад *********** гэдэг залуу нь “намайг нэг согтуу хүн зодсон, төв зам дээр зөрөх гэж байхад хоорондоо маргалдсан, тэр залуу нь сая согтуу машинаа бариад явчихлаа, би явсан газрыг мэднэ, ойрхон байгаа” гэж хэлсэн тул тухайн зодсон гэх хүний явсан газар луу ***********оор заалгахад нэг лагерийн байшингийн гадаа цагаан саарал өнгийн тээврийн хэрэгслийг заасан. Зодсон гэх залуу нь тээврийн хэрэгсэлдээ байхгүй байсан тул байшин руу ороход нэг согтуу залуу “яасан” гээд гараад ирсэн. Тухайн согтуу залууд “Танд хүн зодуулсан гэж дуудлага мэдээлэл ирсэн, та хэлтэс дээр очоод уулзах шаардлагатай байна” гэхэд “би явахгүй” гээд шаардлага биелүүлэхгүй байсан. Байшингаас 2-3 эмэгтэй хүн гарч ирээд тухайн согтуу залууг явуулахгүй гээд маргалдсан. Тэгээд *********** гэдэг хүнийг зодсон гэх залуу нь шаардлага биелүүлээгүй тул хүч хэрэглэж нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гав хэрэглэж авч яваад Дуулгат-120 эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж эрүүлжүүлсэн. Тэр үед *********** гэдэг хүн миний шүд гэмтсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 248 дахь тал),
Гэрч ***********: “...Тухайн дуудлага мэдээллийн дагуу эргүүлийн жолооч цагдаа Мягмарсүрэнгийн хамт очиж дуудлага мэдээлэл өгсөн *********** гэх хүнтэй уулзахад “үл таних хүн намайг цохиж зодоод шүд гэмтээчихээд машинаа унаад явчихлаа, ойрхон явсан, би заагаад өгч чадна” гэхээр нь заалгасан. Зүүнсалааны эцсийн буудлаас ойрхон лагерийн байшингийн гадаа цагаан саарал өнгийн тээврийн хэрэгсэл байсан. *********** тухайн тээврийн хэрэгслийг заагаад намайг зодсон хүн энийг унаад явсан гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийг шалгахад дотор нь хүн байгаагүй, байшин руу ороход урдаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэг залуу гараад ирсэн. Тухайн иргэнийг *********** заагаад “энэ хүн мөн байна” гэж хэлсэн. ...***********ын амнаас цус гарсан байдалтай, надад “Миний шүдпаалантай, паалан хагарч унаад шүд эмтэрч хөдөлсөн байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 14 дэх тал),
Гэрч ***********ийн: “2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр *********** гэдэг хүн анх үүдэн 6 шүдэндээ шаазан бүрээс хийлгэж байсан. Үүдэн 6 ясан шүдээ засуулж янзлуулаад шаазан хийлгэсэн. 2022 оны зун, цаг хугацааг тодорхой санахгүй байна. *********** нь “хүнд шүдээ цохиулчихлаа, шүд гэмтчихлээ” гэж ирсэн. ***********ын 1 шүд нь буюу зүүн талын соёо шүдний шаазан бүрээс хагарч шүдэнд суулгасан голонцор хөдөлгөөн орж доторх ясан шүдний хана эмтэрч элэгдсэн байсан. Тэр эмтэрч элэгдсэн ясан шүдний эмтэрч элэгдсэнийг засаж томсгоод бүдүүн голонцор суулгаж шаазан хийхэд бэлдсэн. *********** нь дахин шаазан хийлгэсэн тул 500,000 төгрөгөөр хийсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 250, 2 дахь хавтаст хэргийн 54-55 дахь тал),
Шүүгдэгч ***********ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2022 оны 07 сарын 15-ны өдөр Зүүнсалааны лагериас эхнэрийн хамт өөрийн машинтай замын хажуу талын дэлгүүр орох гээд шороон замаас уруудаж байсан чинь засмал замын машин орж гардаг гарцан дээр машин зогсож байсан. Би сигналдсан чинь тухайн машины жолооч “юундаа сигналдаад байгаа пизда вэ” гээд буугаад ирсэн. Тэгэхээр нь би “та настай намбатай хүн байж ямар муухай харьцдаг юм бэ” гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Хаанаас ч юм хүүхэд нь гээд нэг залуу гараад ирсэн. Тэр залуу “энэ чинь манай аав” гээд аавыгаа өмөөрөөд над руу дайраад бид хоёр маргалдсан. Би машин руугаа суух гээд явах гэсэн чинь нөгөө залуу араас ирж хэрүүл хийгээд үгээр өдөөд байсан. Бид хоёр барилцаад тухайн залуу миний шанаа хэсэг рүү цохисон. Тэгээд тухайн залуу цагдаа дуудаад байсан. Би газар унаад босож ирээд барьцалдаж аваад тэр залуугийн эрүү ам хэсэг рүү нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 14, 64-65 дахь тал),
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтас, хх-1), мөрдөгчийн “Хохирогчоор тогтоох тухай” тогтоол (1 дэх хавтас, хх-4-5), хохирогчид эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл (1 дэх хавтас, хх-6-7), прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол (1 дэх хавтас, хх-58-59), мөрдөгчийн “эд зүйл хавтаст хэрэгт тусгах тухай” тогтоол (1 дэх хавтас, хх-68, 69, 98-99), хохирлын баримт (1 дэх хавтас, хх-70-71), “Төгс шигтгээ” ХХК-ийн тодорхойлолт (1 дэх хавтас, хх-72), дүрслэл оношилгооны хариу (1 дэх хавтас, хх-100), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.09.02-ны өдрийн 1895, 2023.01.18-ны өдрийн 197, 2023.07.05-ны өдрийн 1537 дугаар захирамжууд (1 дэх хавтас, хх-92, 149-150, 218-220), шинжээч Н.Туяад эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа (1 дэх хавтас, хх-155), прокурорын “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол (1 дэх хавтас, хх-178-179), өмгөөлөгчийн хүсэлт (1 дэх хавтас, хх-180), мөрдөгчийн “Хүсэлтийг хангах тухай” тогтоол (1 дэх хавтас, хх-181), шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл (1 дэх хавтас, хх-196), Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.08.17-ны өдрийн 836 дугаар магадлал (1 дэх хавтас, хх-237-240), мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (2 дахь хавтас, хх-1), эд зүйл хүлээн авсан “***********оос 1 ширхэг CD 12 цаг 10 минутад хүлээн авч..” гэх тэмдэглэл (2 дахь хавтас, хх-2), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтас, хх-3-12), мөрдөгчийн “Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоол (2 дахь хавтас, хх-15-16, 28-29), мөрдөгчийн “Хүсэлтийг хангах тухай” тогтоол (2 дахь хавтас, хх-19, 21), шүүгдэгчийн хүсэлт (2 дахь хавтас, хх-22), “Төгс шигтгээ” шүдний эмнэлгийн өвчтөний карт мэдүүлэг (2 дахь хавтас, хх-58-59), шинжээч нарт эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэл мэдүүлэг (2 дахь хавтас, хх-27),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтас, хх-33), таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (1 дэх хавтас, хх-30) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********** согтуурсан үедээ 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт засмал зам дээр хохирогч ***********той үл ялих зүйлээр шалтаглан маргаж уруул хэсэг рүү гараараа нэг удаа, нүүр, уруул орчимд толгойгоороо мөргөж эрүүл мэндэд “1 шүдний эмтрэл, уруулд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгчээс 750,000 төгрөг гаргуулж, хохирогчид олгуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Энэ хэрэгт 3 удаа яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс тодорхой дүгнэлтүүдийг хийж буцааж байсан. Давж заалдах шатны шүүх 1 удаа тодорхой дүгнэлт хийсэн. Нэг талдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, нөгөө талдаа хэнийг ч хэлмэгдүүлэхгүй байх гэсэн зарчмын хүрээнд дүгнэлт хийсэн. Хамгийн анх биечлэн үзлэг хийсэн Туяа эмчийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтэд анхаарал татах 3 асуудал байна. Шаазан бүрээс ховхорсон гэдгийг үзлэгээрээ тогтоосон. Эмч ясан шүд гээд байна уу, паалан гээд байна уу гэдгийг харах хэрэгтэй. Шүдний дотор паалан хагарсан гэж байгаа. Үүнээс өөр гэмтэл байхгүй гэдгийг тодорхойлсон. Туяа эмч рентген зурагт үндэслэж дүгнэлт гаргаагүй. Энэ зураг шинжээч дүгнэлт гаргахад байгаагүй, үндэслээгүй. Дараа дараагийн шинжээч нар рентген зургийг үндэслэж дүгнэлт гаргаад байна гэж буруу ойлгосон гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Чулуунсүх эмчийн бичиг дээр гарын үсэг байдаггүй, тамга дарагдсан байдаг. Энийг шинжээчийн дүгнэлт гарсны дараа рентген зурагтай хамт хохирогч гаргаж өгсөн. 11 сарын 07-ны өдөр буюу 4 сарын дараа гаргаж өгсөн. Гарын үсэггүй энэ баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Энэ баримтыг хэн ч үйлдээд гаргаад өгөх боломжтой. Энэ хүн байдаг бол прокурор, мөрдөгч мэдүүлэг авах ёстой. Энэ шүдний эмтрэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Яагаад гэвэл паалан хагарсан байсан гэдгийг Туяа эмч хэлдэг. Хууль сануулж мэдүүлэг авсан. Хамгийн анх дүгнэлт гаргасан, биечлэн үзлэг хийсэн хүн бол Туяа эмч. Паалан хагарсан байсан учраас хамаарахгүй гэдэг. Бусад шинжээч нар нэг ч биечлэн үзлэг хийгээгүй. Ясан шүд гэдэг ойлголт бүхэлдээ үгүйсгэгдэж байна. “Төгс шигтгээ” эмнэлгээс гаргаж өгсөн баримт байгаа. Тэр баримтад 2022 оны 12 сард үүдэн 6 шүдэндээ паалан бүрээс хийлгэж байсан. Хохирогч өөрөө энийг гаргаж өгч байсан. Энэ нь Туяа эмчийн дүгнэлттэй тохирч байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч *********** согтуурсан үедээ 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт засмал зам дээр хохирогч ***********той маргаж уруул хэсэг рүү гараараа нэг удаа, нүүр, уруул орчимд мөргөж эрүүл мэндэд “1 шүдний эмтрэл, уруулд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ***********ын “...бид хоёр нэг нэгнээ түлхэлцэж байсан чинь нөгөө залуу миний уруул хэсэг рүү цохисон. Би зөрүүлж цохиод барилцаад байж байсан чинь нөгөө залуу дахиад уруул хэсэг рүү мөргөсөн...” гэх мэдүүлэг (1хх-8-9, 103), шүүх эмнэлгийн 1028 дугаар “1.2. ***********ын зүүн дээд 3-р шүдний шаазангаас гадна ясан шүдний цөгц эмтэрсэн байна. 3. ***********ын 3-р шүдний эмтрэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 5. ***********ын биед үзлэг хийсэн 10031, 352, 506 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 6. 1 ширхэг СД гадна талд 2022.07.17 гэж хаяглагдсан, нээж үзэхэд он саргүй эрүүний дэлгэмэл зураг, дүрс оношилгооны эмчийн уншсан хариунд 2022.07.17 гэж бичигдсэн байна” гэх шинжилгээ (2хх-30-33), гэрч ***********ын “...манай хүү ***********ын нүүр лүү тэр жолооч мөргөчих шиг болсон. Яваад очтол ***********ын амнаас бага зэрэг цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг (1хх-18), гэрч ***********ийн “...*********** нь хүнд шүдээ цохиулчихлаа шүд гэмтчихлээ гэж ирсэн. Тухайн үед 1 шүд нь буюу зүүн талын соёо шүдний шаазан бүрээс хагарч шүдэнд суулгасан голонцор хөдөлгөөн орж доторх ясан шүдний хана эмтэрч элэгдсэн байсан...” гэх мэдүүлэг (1хх-250), гэрч *********** “...*********** гэх хүнтэй уулзахад “Миний шүд паалантай, тухайн паалан хагарч унаад шүд эмтэрч хөдөлсөн байна” гэж байсан...” гэх мэдүүлэг (2хх-14) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Тодруулбал тус хэрэгт нийт 4 удаа шинжээчийн дүгнэлт гаргасан байх ба 2022.07.19-ний өдрийн 10031 дүгээр дүгнэлтэд “1. ***********ын биед 1 шүдний эмтрэл, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ (1хх-21-22), 2023.05.19-ний өдрийн 506 дугаар дүгнэлтэд “1. ***********ын биед үзлэг хийсэн 2022.07.19-ний 10031 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 4. ***********од зүүн дээд 3-р шүдний эмтрэл үүссэн нь 2022.07.17-ны эрүүний дэлгэмэл рентген зургаар батлагдсан байна. 5. Шүдний эмтрэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ (1хх-186-187), 2023.11.02-ны өдрийн 1028 дугаар дүгнэлтэд “1.2. ***********ын зүүн дээд 3-р шүдний шаазангаас гадна ясан шүдний цөгц эмтэрсэн байна. 3. ***********ын 3-р шүдний эмтрэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. ***********ын биед үзлэг хийсэн 10031, 352, 506 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэжээ (2хх-30-33) гэх дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, эсхүл аль нэгийгээ үгүйсгэсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ***********ын дээрх үйлдлийн улмаас хохирогч ***********ын эрүүл мэндэд зүүн дээд 3-р шүдний эмтрэл гэмтэл учирсан талаар 3 удаагийн шинжээчийн дүгнэлт, шинжээч Б.Ариунзулын “2022.07.17-ны өдрийн эрүүний дэлгэмэл зурагт дээд зүүн 3-р шүдний цөгцийн дотор хэсгээр ташуу эмтрэлтэй байсан, тухайн хүний өөрийнх нь ясан шүд эмтэрсэн байсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, 191 дэх тал), гэрч ***********ийн “...***********ын 1 шүд нь буюу зүүн талын соёо шүдний шаазан бүрээс хагарч шүдэнд суулгасан голонцор хөдөлгөөн орж доторх ясан шүдний хана эмтэрч элэгдсэн байсан. Тэр ясан шүдний эмтэрч элэгдснийг засаж томсгоод бүдүүн голонцор суулгаж шаазан хийхэд бэлдсэн...” гэх мэдүүлэг (1хх-250) зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Харин 2022.07.19-ний өдрийн 10031 дүгээр дүгнэлтийг гаргасан шинжээч Н.Туяагийн “...1 шүдний эмтрэл гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 156 дахь тал) нь өөрийнх нь гаргасан дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад дүгнэлтүүд, шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байх тул шүүх уг мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч ***********ын согтуурсан үедээ, тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ***********ын нүүр хэсэгт нэг удаа цохиж, нэг удаа мөргөж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ***********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 780,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, “750,000 нэхэмжилж байна” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрч ***********ийн “Дахин шаазан хийлгэсэн тул 500,000 төгрөгөөр хийсэн” гэх мэдүүлэг (1хх-250), “Төгс шигтгээ” эмнэлгийн өвчтөний картад “60,000+500,000 төгрөг” гэж тэмдэглэгдсэн (2хх-58), түүнчлэн 2022.07.17-ны өдрийн шүдний эмчилгээний төлбөр гэх 30,000 төгрөгийн баримт (1хх-72)-ыг нэмж тооцон нийт 590,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож, шүүгдэгч ***********аас 590,000 төгрөг гаргуулж, хохирогч *********** (**********)-д олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Торгох ял нь биелэгдэх боломжтой, дансны хуулгаар тогтоогдоно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлөөгүй гэдэг нь учир дутагдалтай. Хуульд заасан эрх хэмжээгээ л эдэлж байгаа. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, машин оруулж ирэн зах дээр зардаг ажилтайг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн нүүрэнд цохиж, мөргөж халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй буюу хэрэгтээ хандаж байгаа хандлага, эрхэлсэн ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа хөдөлмөр эрхэлдэг, орлоготой гэх)-ийг харгалзан шүүгдэгч ***********ыг 900,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Улсын яллагчийн “нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. Нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломжийг хязгаарладаг ял бөгөөд шүүгдэгчийн хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлого олдог, мөн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлөх зэрэг нөхцөл боломжийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт харвсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********** цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт **********ийн *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 900,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********** цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********аас 590,000 төгрөг гаргуулж, хохирогч *********** (******************)-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР