| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/03745/И |
| Дугаар | 101/ШШ2020/03407 |
| Огноо | 2020-10-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2020/03407
| 2020 10 05 | 101/ШШ2020/03407 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЦК ХХК холбогдох
Өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах авахтай холбоотой бичиг баримтыг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагчийн алданги 3,531,805 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн С.О нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “ЦК” ХХК-тай ******* хотхоны 3 дугаар ээлжийн 528 айлын орон сууцнаас *******ны 2 дугаар орцны 8 давхарын ******* тоотод 26,72 мкв талбайтай 1 өрөө байрыг нийт үнэ 52,905,600 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож орон сууц худалдах худалдан авах №2019/******* дугаартай гэрээ байгуулсан. Дээрх орон сууцны нийт төлбөрийн 56,7 хувь буюу 30,000,000 төгрөгийг иргэн С.О нь гэрээ байгуулсан өдөр бэлнээр кассаар төлж, үлдсэн 43,2 хувь буюу 22,905,600 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хувь лизингээр хүүгүйгээр төлж барагдуулахаар талууд тохиролцсоны дагуу үндсэн хугацаандаа бүрэн төлж дуусган “ЦК” ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд уг байрандаа амьдран сууж байгаа. Дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл гараагүй байгаа ба талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасны дагуу худалдан авагч буюу иргэн С.О нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээгээ авахтай холбоотой шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг худалдагч “ЦК” ХХК- иас 2020 оны 4 дүгээр сараас хойш хүссэн боловч янз бүрийн шалтаг хэлэн хойшлуулж өнөөдрийг хүртэл гаргаж өгөлгүй эрх ашгийг нь хохироож байна.
Иймд иргэн С.От “******* хотхон”-ы *******ны 2 дугаар орцны 8 давхарын ******* тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гарган авахтай холбоотой бичиг баримтыг “ЦК” ХХК-иас гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч “ЦК” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ЦК” ХХК нь иргэн С.Отэй 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр №2019/******* тоот “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, 26,72м2 байрыг 52,905,600 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон болно. Талуудын хооронд байгуулсан 2019/******* тоот “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний Хавсралт №1 (Төлбөр тооцооны тухай)-д заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 56,7 хувь болох 30,000,000 төгрөгийг төлсөн. Харин дээрх гэрээний Хавсралт №1 (Төлбөр тооцооны тухай) болон Хавсралт №2 (Нэмэлт гэрээний тухай)-т тус тус заасны дагуу үлдэгдэл 43,2 хүвь 22,905,600 төгрөгийг 1 (нэг) жил буюу 12 сарын хүгацаанд, cap бүрийн 1-ний өдөр 1,908,800 төгрөгөөр, хүүгүйгээр төлж барагдүүлахаар харилцан тохиролцсон болно. Ингээд иргэн С.О нь гэрээ байгуулсан өдөр болох 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Байр хүлээлцсэн акт”-ыг үйлдэж, орон сууцаа хүлээн авсан. Гэтэл хариуцагч нь гэрээний үүргээ зөрчин үлдэгдэл 22,905,600 төгрөгийг гэрээний Хавсралт №2-т заасан хугацаа, хэмжээгээр төлөөгүй хэд хэдэн удаа гэрээний үүргээ зөрчсөн байх тул гэрээний 4.2.2, 5.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 0,3 хувийн алданги тооцсон бөгөөд өнөөдрийн байдлаар 3,531,805 төгрөгийн алдангийг төлөөгүй байна.
| Төлбөр төлсөн байдал | |||||
| № | Төлбөр төлөх хуваарь | Төлбөр төлөлт | Хугацаа хэтэрсэн хоног | ||
| Огноо | Дүн | Огноо | Дүн | ||
| 1 | 2019.05.01 | 1,908,800 |
|
| 32 |
| 2 | 2019.06.01 | 1,908,800 | 2019.06.06 | 4,000,000 | 5 |
| 3 | 2019.07.01 | 1,908,800 | 2019.07.08 | 2,000,000 | 7 |
| 4 | 2019.08.01 | 1,908,800 | 2019.07.31 | 2,000,000 | 0 |
| 5 | 2019.09.01 | 1,908,800 | 2019.09.23 | 2,000,000 | 54 |
| 6 | 2019.10.01 | 1,908,800 |
|
| 130 |
| 7 | 2019.11.01 | 1,908,800 |
|
| 99 |
| 8 | 2019.12.01 | 1,908,800 |
|
| 69 |
| 9 | 2020.01.01 | 1,908,800 |
|
| 38 |
| 10 | 2020.02.01 | 1,908,800 | 2020.02.07 | 4,000,000 | 6 |
| 11 | 2020.03.01 | 1,908,800 | 2020.03.17 | 8,905,600 | - |
| 12 | 2020.04.01 | 1,908,800 |
|
| 139 |
| Нийт | 22,905,600 |
| 22,905,600 | 579 | |
Манай компани нь нэхэмжлэгч С.От гэрээний төлбөр дуусаагүй, гэрээний 4.2.2, 5.2-т заасны дагуу алданги тооцсон, уг алдангийг төлсөний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахтай холбоотой бичиг баримтыг өгнө гэж мэдэгдсэн боловч “боломжгүй байна, алданги төлж чадахгүй”, алдангийг зөвшөөрөхгүй, алданги тооцсон актан дээр гарын үсэг зурахгүй, нэг жилийн хугацаанд хүссэн үедээ төлөөд дуусгана гэж амаар тохиролцсон гэхчлэн гэрээгээр тохироогүй өөрийн тайлбарыг тавьж, шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсээр өдийг хүрсэн болно.
Иймд манай компани нь нэхэмжлэгч нь дээрх 3,531,805 төгрөгийн төлбөрийг төлсөн тохиолдолд гэрээний 3 дугаар зүйл /Худалдагчийн эрх, үүрэг/-ийн 3.1.3-т заасан “Гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн .... тохиолдолд худалдан авагчийн хүсэлтийг үндэслэн худалдагч орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаарлагатай баримт бичиг /төлбөр тооцоо дууссан тухай албан бичиг, хаягийн тодорхойлолт, план зураг гэх мэт/-ийг худалдан авагчид гаргаж өгөх” үүргээ биелүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэв.
Хариуцагч “ЦК” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“ЦК” ХХК нь иргэн С.Отэй 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр №2019/******* тоот “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, 26,72м2 байрыг 52,905,600 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцсон болно. Уг гэрээний Хавсралт №1 (Төлбөр тооцооны тухай)-д заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 01 -ний өдөр 56,7 хувь болох 30,000,000 төгрөгийг төлсөн. Харин дээрх гэрээний Хавсралт №1 (Төлбөр тооцооны тухай) болон Хавсралт №2 (Нэмэлт гэрээний тухай)-т тус тус заасны дагуу улдэгдэл 43,2 хувь болох 22,905,600 төгрөгийг 1 (нэг) жил буюу 12 сарын хугацаанд, cap бурийн 1-ний өдөр 1,908,800 төгрөгөөр, хуугуйгээр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно. Гэтэл хариуцагч нь гэрээний үүргээ зөрчин үлдэгдэл 22,905,600 төгрөгийг гэрээний Хавсралт №2-т заасан хугацаа, хэмжээгээр төлөөгүй, хэд хэдэн удаа гэрээний үүргээ зөрчсөн байх тул гэрээний 4.2.2, 5.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 0,3 хувийн алданги тооцсон бөгөөд өнөөдрийн байдлаар 3,531,805 төгрөгийн алдангийг төлөөгүй байна.
Иймд хариуцагч С.Оээс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №2019/******* тоот “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний алданги 3,531,805 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч С.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямсүрэн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Иргэн С.О болон “ЦК” ХХК нь “Орон сууц худалдах худалдан авах” № 2019/******* дугаартай гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу С.О нь 26,72м2 талбайтай 1 (нэг) өрөө байрыг 52,905,600 төгрөгөөр худалдан авахаар тохирсон бөгөөд нийт төлбөрийн 56,7 хувь буюу 30,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр бэлэн кассаар төлж, үлдсэн 43,2 хувь буюу 22,905,600 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш гэрээний хавсралт №01-ийн дагуу 1 жилийн хугацаанд хувь лизингийн нөхцөлөөр төлөхөөр харилцан тохиролцож тухайн хугацаандаа /2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор/ үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусган “ЦК” ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэн баталгаажуулсан.
Иймд “ЦК” ХХК нь С.Оээс алданги нэхэмжилсэнийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.О нь хариуцагч “ЦК” ХХК-д холбогдуулан “Өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах авахтай холбоотой бичиг баримтыг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлага,
Хариуцагч “ЦК” ХХК нь нэхэмжлэгч С.От холбогдуулан “алданги 3,531,805 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
“ЦК” ХХК нь С.Отэй 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2019/******* дугаартай “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ******* ******* байршилд байрлах “D” загварын байрны 2 дугаар орц, 8 дугаар давхар, ******* тоот, 26,72 мкв талбайтай, 1 өрөө орон сууцыг С.О худалдан авахаар, орон сууцны нийт үнэ нь 52,905,600 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
С.О нь дээрх гэрээний 5.1-д зааснаар төлбөрийг Хавсралт №1-д заасан хугацаа, хэмжээгээр “ЦК” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот төгрөгийн дансанд төлөхөөр тохирсон байх ба Хавсралт №1-д зааснаар гэрээ байгуулагдсан өдөр болох 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нийт төлбөрийн 56,7 хувь буюу 30,000,000 төгрөгийг төлөхөөр, үлдэгдэл 43,2 хувь буюу 22,905,600 төгрөгийг 1 жилийн хугацаанд хувь лизингээр төлж барагдуулахаар тохирсон.
Гэрээний заалтын дагуу нэхэмжлэгч С.О нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 22,905,600 төгрөгийг 1 жилийн хугацаанд буюу 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 4,000,000 төгрөг, 7 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 7 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 4,000,000 төгрөг, 3 дугаар сарын 17-ны өдөр 8,905,600 төгрөгөөр тус тус төлж барагдуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Гэрээний 4.1 дүгээр зүйлд худалдан авагчийн эдлэх эрхийг заасан байх ба 4.1.2-т “Худалдан авагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй, барилгын норм дүрэм, стандартад нийцсэн орон сууцыг хүлээн авч, актаар баталгаажуулах эрхтэй” гэж зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр С.От орон сууцыг “ЦК” ХХК нь хүлээлгэн өгч, “Байр хүлээлцсэн акт”-ыг үйлджээ.
Гэрээний 3.1.3-т “Гэрээний нийт төлбөр бүрэн төлөгдсөн, ... тохиолдолд худалдан авагчийн хүсэлтийг үндэслэн худалдагч орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг /төлбөр төлсөн тухай албан бичиг, хаягийн тодорхойлолт, план зураг гэх мэт/-ийг худалдан авагчид гаргаж өгөх үүрэгтэй ...” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч С.О нь гэрээгээр хүлээсэн төлбөрийг төлөх үүргээ биелүүлсэн үндэслэлээр гэрээний энэхүү заалтыг хэрэгжүүлэхийг “ЦК” ХХК-иас хүсэхэд гэрээний дагуу төлөгдөх төлбөрийг хугацаа хэтрүүлэн хийсэн тул хууль болон гэрээнд зааснаар алданги тооцогдсон, тийм учраас төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэхгүй гэж үзэн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс татгалзсан байна.
Дээр дурдсанчилан нэхэмжлэгч С.О нь гэрээний хавсралт №1-д зааснаар төлбөрийг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн, харин гэрээний хавсралт №2-т заасан хуваарийг зөрчсөн гэж хариуцагч “ЦК” ХХК нь тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.
Учир гэрээний 5.1-д Хавсралт №2-ийн талаар тухайлан заагаагүй, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т гэрээг түүний үгийн шууд утгаар нь тайлбарлахаар зохицуулсаны дагуу уг нэмэлт гэрээний агуулгаас үзвэл үлдэгдэл төлбөрийг 12 сарын хугацаанд хүүгүйгээр төлж барагдуулахаар, мөн гэрээ цуцалсаны үр дагаврын талаар тухайлан тохирсон байх ба, хавсралт №1-ээр төлбөр төлөх хуваарийг тохирсон байхад хавсралт №2-оор дахин хуваарийн талаар тохирсон нь хуульд нийцэхгүй, нөгөөтэйгүүр С.От өгсөн хавсралт №2-т худалдагчийг төлөөлж эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар талууд анзын талаар гэрээний 5.2-т харилцан тохиролцсон байх боловч дээр дурдсанаар нэхэмжлэгч С.О нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлсэн тул хариуцагч “ЦК” ХХК нь алданги тооцсон нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн байна.
Түүнчлэн зохигчид нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Тооцоо нийлсэн акт”-ыг үйлдсэн байх бөгөөд уг актаар ямар нэгэн алданги тооцсон талаарх тэмдэглэл хийгдээгүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр агуулга бүхий 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр нэг талын үйлдсэн “Тооцоо нийлсэн акт”-ыг үндэслэн нэхэмжлэгчээс алданги нэхэмжилж буй нь үндэслэлгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ******* ******* байршилд байрлах “D” загварын байрны 2 дугаар орц, 8 дугаар давхар, ******* тоот, 26,72 мкв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гарган авахтай холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгч С.О гаргаж өгөхийг хариуцагч “ЦК” ХХК-д даалгасугай.
2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “ЦК” ХХК-ийн нэхэмжлэгч С.От холбогдуулан гаргасан алданги 3,531,805 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн улсын тэмдэгтийн хураамж 71,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЦК” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.От олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ