Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/65

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001527 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ***************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***********нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ********** тоот өрөөнөөс хохирогч *********** эзэмшлийн “Samsung galaxy S20” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Буудалд хоносон. Архи уучихсан байсан тул цэцэрлэг рүү орж утас хулгайлсан. Ломбарданд 250,000 төгрөгөөр тавиад мөнгөөр нь ууж идсэн. Хохирлыг төлнө. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна” гэв.

Эрүүгийн 2208000001527 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ***********: “...Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ажил дээрээ 10 тоот өрөөнд ажлаа хийж байгаад 17 цагийн үед арга зүйч багшийн өрөө рүү ороод, буцаж өрөө рүүгээ ороод гар утсаа хартал байхгүй байсан. Тухайн үед миний “Самсунг галакси С-20” маркын, улаан өнгийн утас ажлын ширээн дээр байсан. Хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд гаднаас хар өнгийн хувцастай, масктай хүн орж ирээд миний өрөөнөөс аваад гарч байгаа бичигдсэн байсан. Тухайн хүн намайг өрөөнд сууж байхад хаалгаар харчихаад явсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Ц-1427 дугаар тайланд: “...Samsung galaxy S20 маркын гар утас 1 ширхэг 1,100,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 38-40 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч ***********: “...2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бор царайтай, туранхай, 35-40 орчим насны эрэгтэй хүн ганцаараа орж ирээд гар утас барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн. Би тэр хүний гар утсыг шалгахад ямар нэгэн код байхгүй байсан. Би утсыг 250,000 төгрөгөөр үнэлж барьцаанд аваад тэр хүнд мөнгийг бэлэн өгсөн. 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр буюу өнөөдөр цагдаагаас ирээд гар утсыг хурааж авсан. Манай ломбардад учирсан хохирол 250,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

Шүүгдэгч ***********яллагдагчаар өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд ороод архи ууж байгаад маргааш өглөө нь гараад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 104 дүгээр цэцэрлэг рүү хулгай хийх зорилгоор орсон. Тэгээд цэцэрлэг дотор явж байгаад нэг өрөө лүү шагайж үзсэн чинь ширээн дээр шар өнгийн гэртэй, улаан өнгийн гар утас байхаар нь аваад гарсан. ...“Өргөө” кино театрын урд талд байдаг “Гар утас худалдаа” гэсэн газрын 2 давхарт байдаг ломбарданд хулгайлсан гар утсаа 250,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би мөнгөөрөө архи, хоол унд авч идээд дууссан. Архиныхаа халуунд хулгай хийсэн байна. Миний буруу, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” (хавтаст хэргийн 70-71 дэх тал),

Дуудлагын лавлагааны хуудас (хх-1), гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2), камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-3-7), “Өргөө” гар утас худалдааны төв барьцаалан зээлдүүлэх газрын хуудас (хх-10), эд зүйл хураан авсан “...1 ширхэг Самсунг галакси эс-20 маркын гар утсыг ******аас хураан авав” гэх тэмдэглэл (хх-8), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-9), эрэн сурвалжлах ажиллагааны баримт (хх-44-46), хохирогчийн “Алдсан эд зүйлийг цагдаагийн ажилтан Гандуулга түргэн шуурхай олж өгсөн тул гомдол саналгүй” гэх хүсэлт (хх-76),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-51), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-59), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-52), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-54), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-55), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-56), шийтгэх тогтоолын хуулбар (хх-60-63), прокурорын “Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай” тогтоол (хх-79), прокурорын “Прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай” тогтоол (хх-80) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 104 дүгээр цэцэрлэгийн 10 тоот өрөөнөөс хохирогч *********** эзэмшлийн “Samsung galaxy S20” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохиролд гар утас биет байдлаар төлөгдсөн тул төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Төрсайханд 250,000 төгрөг төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Хохирлыг барагдуулах шаардлагатай байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 104 дүгээр цэцэрлэгийн 10 тоот өрөөнөөс хохирогч *********** эзэмшлийн “Samsung galaxy S20” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч *********** “...арга зүйч багшийн өрөө рүү ороод буцаад өөрийнхөө өрөө рүү ороод гар утсаа хартал байхгүй байсан. Тухайн үед миний “Самсунг галакси С-20” маркын улаан өнгийн утас ажлын ширээн дээр байсан...” гэх мэдүүлэг (хх-19-20), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Samsung galaxy S20 маркын гар утас 1 ширхэг 1,100,000 төгрөг” гэх тайлан (хх-38-40), иргэний нэхэмжлэгч *********** “...бор царайтай, туранхай, 35-40 орчим насны эрэгтэй хүн ганцаараа орж ирээд гар утсаа барьцаанд тавина гэж хэлсэн. Би гар утсыг 250,000 төгрөгөөр үнэлж барьцаанд аваад мөнгийг бэлэн өгсөн...” гэх мэдүүлэг (хх-22-23), шүүгдэгч ***********“...би 104 дүгээр цэцэрлэг дотор явж байгаад нэг өрөө лүү шагайж үзсэн чинь ширээн дээр шар өнгийн гэртэй, улаан өнгийн гар утас байхаар нь аваад гарсан...” гэх мэдүүлэг (хх-70-71), камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-3-7), эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-8, 9) зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ***********хохирогчийн эзэмшлийн гар утсыг хулгайлан авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ***********1,100,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн (хх-9), хохирогчийн “...түргэн шуурхай ажиллаж олж өгсөн тул гомдол саналгүй” гэх хүсэлт (хх-76)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг хохирогч ***********төлөх төлбөргүй гэж,

харин иргэний нэхэмжлэгч ***********250,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгчээс 250,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч *********** (**************)-д олгохоор шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан, хохирол төлөх санал санаачилга гаргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, маргахгүй оролцдог, нэг удаагийн үйлдэлтэй, иргэний нэхэмжлэгчийн хохирол төлөгдөөгүй байгаа зэргийг харгалзсан болно...” гэж,

шүүгдэгч “Хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогчийн эзэмшлийн гар утсыг хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 1,100,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, иргэний нэхэмжлэгчид 250,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй, “Хохирлоо барагдуулж авмаар байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөх талаар санал санаачилга гаргахгүй байгаа, мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй)-ыг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********448 (дөрвөн зуун дөчин найм) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч ***********2023.11.09-ний өдрөөс 2024.01.04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 (тавин зургаа) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 448 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцон шүүгдэгчийг даруй суллаж шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч *************овогт ***********гийн ****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********448 (дөрвөн зуун дөчин найм) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***********цагдан хоригдсон 56 (тавин зургаа) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 448 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, сулласугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************оос 250,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ************* (*************)-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Л.БААТАР