| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/03277/И |
| Дугаар | 101/ШШ2020/03534 |
| Огноо | 2020-10-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2020/03534
| 2020 10 12 | 101/ШШ2020/03534 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Э холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 91,080,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие хариуцагчтай 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан нийт 60,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 0,4 хувийн хүүтэй зээлдүүлсэн болно. Бидний зүгээс харилцан тохиролцож зээлийн гэрээний хамт 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г байгуулан хариуцагч нь өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байр, ******* тоотод байрлах 38 м.кв гурван өрөө орон сууцыг барьцаалан улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Гэвч хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч өнөөдрийг хүртэл зээлээ буцаан төлөөгүй байна. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 60,000,000 төгрөг, хүү 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх сарын 0,4 хувийн 240,000 төгрөг х 3 сар=720,000 төгрөг, алданги 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд 365 хоногийн 60,720,000 төгрөг х 0,5 хувь= өдрийн 303,600 төгрөг х 365= 110,814,000 төгрөг ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу алдангид 30,360,000 төгрөг, нийт 91,080,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.
Иймд талуудын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 3 дахь хэсэг болон 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хариуцагч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй нөхцөлд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж заасны дагуу хариуцагчаас 91,080,000 төгрөгийг гаргуулж, барьцааны зүйл болох Ү-******* тоот үл хөдлөх хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Э миний бие С.Оаас анх 60,000,000 төгрөгийг одоо амьдарч байгаа Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороолол, ******* дугаар хороо, ******* байр, ******* тоот 3 өрөө байраа барьцаалж зээл авсан. Одоогийн байдлаар хүү болон алданги нь 91,080,000 төгрөг болсон бөгөөд бид мөнгөн хэлбэрээр төлөх боломжгүй болсон. Мөн алдангийн хэмжээ өндөр байгаа тул багасгуулах хүсэлтэй байна.
Иймд С.Оын нэхэмжилж байгаа үнийн дүнд энэхүү байр маань үнийн дүн нийцэж байгаа тул байраа өгөх хүсэлтийг маань шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Д.Эад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг, хүү 720,000 төгрөг, алданги 30,360,000 төгрөг, нийт 91,080,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Э нь зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрсөн, гэхдээ алдангийн хэмжээ өндөр байна, түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн хэлбэрээр төлөх боломжгүй ба өөрийн орон сууцыг тооцуулах агуулга бүхий тайлбарыг гаргаж байна.
С.О, Д.Э нар 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл буюу 3 сарын хугацаатайгаар, сарын 0,4 хувийн хүүтэйгээр Д.Э нь С.Оаас зээлж авсан, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагджээ.
С.О нь 59,740,000 /26,000,000+30,000,000+3,000,000+740,000/ төгрөгийг дансаар, 260,000 төгрөгийг бэлнээр Д.Эад шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Ийнхүү гэрээ байгуулагдсанаас хойш Д.Э нь зээлийн төлбөрөөс төлөлт хийгээгүй, үндсэн зээл болон хүүг хүлээн зөвшөөрч байгаа ба алдангийн хэмжээг багасгуулах хүсэлтийг гаргасан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж зааснаар хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс алдангийн хэмжээ нэмэгдсэн зэрэг нөхцөл байдлаас үзэхэд алдангийн хэмжээг багасгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь гэрээний хугацаа дууссан 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 453 хоногоор хугацаа хэтрүүлсэн байх ба хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 60,720,000 төгрөгөөс 1 өдрийн алдангийг тооцоход 303,600 төгрөг ба 453 хоногоор үржүүлэхэд 137,530,800 төгрөгийн алданги төлөхөөр байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар дээрх хэмжээний алданги тооцогдохоор байх боловч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч С.О нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 60,720,000 төгрөгийн 50 хувь буюу 30,360,000 төгрөгийг алдангид тооцсон нь үндэслэлтэй байна.
Зохигчид нь зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г байгуулж, хариуцагч Д.Э нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байрны ******* тоот, 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг барьцаалж, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн буюу Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар хүчин төгөлдөр барьцааны гэрээ байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Эаас зээлийн гэрээний үүрэгт 91,080,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.От олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 1*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Эаас зээлийн гэрээний үүрэгт 91,080,000 /ерэн нэгэн сая наян мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.От олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Э нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байрны ******* тоот, 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 683,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 683,550 /зургаан зуун наян гурван мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.От олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ