| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/03878/И |
| Дугаар | 101/ШШ2020/03517 |
| Огноо | 2020-10-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2020/03517
| 2020 10 12 | 101/ШШ2020/03517 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.О холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,171,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.О би 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай буюу 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 10 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээг нотариатаар батлуулан мөнгийг нотариатын газар өгсөн. Зээлдэгч Ш.Онь зээлийн гэрээний хугацаа дуусахад мөнгийг бөөнд нь төлөх боломжгүй тул хүүг нь төлөөд нэг сараар сунгах хүсэлт тавьсан учир хүлээн зөвшөөрч гэрээг амаар тохирч 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сунгасан. Энэ мэтчилэн сунгаж явсаар 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл зөвхөн зээлийн хүүг төлсөн ба үндсэн зээлээс 400,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл удахгүй бөөнд нь өгнө, яг маргааш өгнө гэх мэтчилэн удаа дараа залилан, одоо утсаа авахгүй зугтаад уулзах боломжгүй болсон.
Иймд зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 315 хоногийн алданги 945,000 төгрөг, үндсэн зээл 600,000 төгрөг, түүний хүү болох 626,000 төгрөг, нийт 2,171,000 төгрөгийг хариуцагч Ш.Оээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.Ошүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Нэхэмжлэгч Г.О нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Оби танилцаад энэхүү тайлбарыг шүүхэд гаргаж байна.Ш.Оби 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Г.Оаас 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдэж авсан. Г.О нь надад 1,000,000 төгрөгийг эл өдөр дансаар өгсөн байдаг. Би зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 900,000 төгрөгийг төлсөн. Үүнээс 800,000 төгрөг нь үндсэн зээлд, 100,000 төгрөг нь зээлийн хүүд төлөгдсөн. Г.Оийн нэхэмжилж буй 2,171,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 1,871,000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь 1 сарын хугацаатай байгуулагдсан. Гэрээний хугацааг бичгээр сунгаж байсан удаа байхгүй тул зээлийн гэрээ 1 сарын хугацаатай байгуулагдсан гэж үзнэ. Нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой байна. Яагаад гэвэл үндсэн зээлээс 800,000 төгрөгийг төлж үлдэгдэл 200,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд анзын талаар зохицуулж өгсөн байдаг. Миний бие зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 200,000 төгрөгт хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож гэрээний хариуцлага тооцоход татгалзах зүйлгүй. Би 200,000 төгрөгийн алданги 100,000 төгрөгийг төлье. Иргэний хуульд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байдаг тул 200,000 төгрөгийн тал хувь болох 100,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 200,000 төгрөгийн хамт төлөх боломжтой байна. Миний бие үндсэн зээлд 800,000 төгрөг, 1,000,000 төгрөгийн хүүнд 100,000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хавсаргасан зээлийн эргэн төлөлтийн баримтаар нотлогдоно. Миний зүгээс зээлийн гэрээг сунгаж байсан гэдэг үйл баримттай маргаантай байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Ш.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 600,000 төгрөг, хүү 626,000 төгрөг, алданги 945,000 төгрөг, нийт 2,171,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ш.Онь зээлийн гэрээ сунгагдаагүй тул үндсэн зээлд 800,000 төгрөгийг, хүүд 100,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 200,000 төгрөг ба үүнээс алданги тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтын дагуу 100,000 төгрөг, нийт 300,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Г.О, Ш.Онар 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр №680 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1,000,000 төгрөгийг 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл буюу 1 сарын хугацаатайгаар, сарын 10 хувийн хүүтэйгээр Ш.Онь Г.Оаас зээлж авсан, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэгч нь гэрээ сунгагдаж байсан гэх боловч энэ талаарх бичгийн баримт байхгүй, үүнийг хариуцагч эс зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул гэрээ сунгагдаагүй гэж үзнэ.
Зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусах 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Ш.Онь зээлийн үүрэг болох үндсэн зээл болон хүүгээс төлөлт хийгээгүй, гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш 3 хоногийн дараа буюу 5 дугаар сарын 24-ний өдөр 100,000 төгрөг, мөн 6 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 7 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 8 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 9 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, нийт 900,000 төгрөгийг Г.От төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Дээр дурдсанчилан гэрээний хугацаа сунгагдаагүй тул хариуцагч Ш.Оийн зээлийн төлбөрт төлсөн 900,000 төгрөгөөс 100,000 төгрөгийг 1 сарын хүүд, 800,000 төгрөгийг үндсэн зээлд тооцох нь зүйтэй ба одоо үндсэн зээлийн үлдэгдэлд 200,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.От төлөх үндэслэлтэй юм.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан ба гэрээний хугацаа дууссан 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 444 хоногоор хугацаа хэтрүүлсэн гэж үзвэл гэрээний хугацаа дуусах үеийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү 100,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөг гэж үзнэ.
Хууль болон зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцвол 1 өдрийн алданги нь 5,500 төгрөг ба үүнийг 444 хоногоор тооцвол 2,442,000 төгрөгийг алдангид төлөхөөр байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байх зохицуулалтын дагуу алдангид 550,000 /1,100,000 : 2/ төгрөгийг тооцох нь зүйтэй юм.
Хариуцагчийн 200,000 төгрөгт тохирсон алдангид 100,000 төгрөгийг төлөхийг хүссэн тайлбар хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй, алданги нь талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагын хэлбэр юм.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ш.Оээс үндсэн зээлийн үлдэгдэл 200,000 төгрөг, алданги 550,000 төгрөг, нийт 750,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч Ш.От шүүх хуралдааны товыг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түүний 9983-3898 дугаарын утсаар мэдэгдэж, улмаар тэрээр 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирж, шүүхийн мэдэгдэх хуудсанд гарын үсгээ зурж баталгаажуулсан боловч шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн өмнө гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Ш.Оээс зээлийн гэрээний үүрэгт 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.От олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 1,421,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,689 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 22,550 /хорин хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ