| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/02519/И |
| Дугаар | 102/ШШ2020/02545 |
| Огноо | 2020-09-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2020/02545
| 2020 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2020/02545 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянчандмань сум, 0 тоотод оршин суух, регистр НХ71111111, Б овогт Цэ-ийн О-ийг төлөөлж Г.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 22-р хороо, 3-р хороолол, 0 тоотод оршин суух, регистр ЦА80000000, Бо овогт У-ын Э-т холбогдох орон сууцнаас чөлөөлүүлж, байр ашигласны төлбөрт 1 650 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч У.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.О нь Баянгол дүүрэг 22-р хороо 3 хороолол 34-р балр 4 тоот хаяг байрлах 1 өрөө 33.9 мкв талбайтай орон сууцны зориулалтай, Ү-2205031315 улсын дугаартай үл хөдпөх эд хөрөнгийг хууль ёсоор өмчилдөг. Өөрийн өмчлөлийн байрандаа орох гэтэл У.Э нь 3.Э-тай байгуулсан 1 жилийн түрээсийн гэрээгээр тус байранд амьдарч байгаа гээд чөлөөлж өгөөгүй. Ингээд өөрийн өмчлөлийн байрыг 2020 оны 04 дүгзэр сарын 01-ний өдрийн дотор чөлөөлж өгөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлөөгүй. Тиймээс нэхэмжлэгч Ц.О-ийн өмчлөлийн дээрх орон сууцанд амьдарч буй У.Э түүний гэр бүл, эд хөрөнгийн хамт тухайн байрнаас албадан нүүлгэж, өөрийн эзэмлийн байраа чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Түүнчлэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 06 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны байр ашигласны төлбөрт 1 550 000 төгрөгийг хариуцагч У.Э-ээс гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.О нь Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 3 дугаар хороолол, 34 дүгээр байр, 44 тоот байрыг надаас 2020 оны 03 дугаар сард худалдаж авсан. Тухайн байрны хувьд Н.Г, бид хоёрын дундын өмч байсан бөгөөд гэрлэлт цуцлуулах шийдвэрээр миний өмчлөлд шилжсэн байсан. Уг орон сууц Ү ББСБ ХХК-д 11 000 000 төгрөгийн барьцаанд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 16 000 000 төгрөгийн төлбөрийн барьцаанд байсан. Миний бие төлбөр тооцоог дуусгаж уг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж, барьцаанаас чөлөөлсөн. Гэтэл нөхөр болох Н.Г нь 2018 оны 08 сарын 28-ны өдөр Э-н гэдэг хүнд байраа барьцаанд тавьж 9 000 000 төгрөгийг зээлж, байрандаа Э-ыг аавтай нь хамт амьдруулахаар тохирсон байсан. Үүнээс хойш 2019 оны 09 сарын 25-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ шинэчлэгдэж зээлийн гэрээнд зээлийг эргэн төлөх хүртэл хугацаанд өөр хүн амьдруулж болно гэж гараар бичсэн байсан. Ингээд 2019 оны 01 сард байранд очиход Э бусдад дамжуулаад түрээслүүлсэн байсан. Э нь миний байрыг бусдад түрээслээд 12 500 000 төгрөгийн ашиг олсон байсан. Өнөөдрийн хувьд У.Э нь өмнөх түрээслэгч нартай мөн адил хууль бусаар энэ байрыг түрээслэж байгаа. Мөн Э-т 6 500 000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг. Анх У.Э-тэй уулзах үед нялх хүүхэдтэй байсан тул шууд байрыг чөлөөлж өг гэж хэлж чадаагүй. Энэ талаар Э.О-д хэлсэн. Ингээд 2020 оны 03 сарын 24-ний өдөр У.Э-тэй уулзаад 2020 оны 04 сарын 01-ний өдөр байр чөлөөлөхийг мэдэгдсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй. Байрны ашигласны зардал 1 650 000 төгрөгийн хувьд У.Э орон сууцыг чөлөөлөөгүйгээс болж Э.О-д учирсан хохирлыг би төлсөн. Иймд У.Э-ийг орон сууцнаас албадан чөлөөлүүлж, байр ашигласны төлбөрт 1 650 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч У.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 04-р сарын 29-ний өдөр хариуцагчаар татагдан нэхэмжлэл хүлээн авсан, шүүх хурал болсон өдөр нэхэмжлэгч ирээгүйн улмаас хэргийг хаасан. Гэтэл дахин өөр шүүгч дээр хэрэг үүсгэсэн байгаад санал нийлэхгүй байна. Иргэний хуулийн хүрээнд 2019 оны 10-р сарын 15-нд З.Э-тай 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, төлбөрийг 1 жилээр, барьцаа мөнгөний хамт 6 250 000 төгрөгийг урьдчилан төлж орсон. Тухайн гэрээг байгуулахдаа тус байрны бичиг баримтуудтай танилцсан. Үүнд: 2019 оны 09-р сарын 25-ны өдөр 3. Э нь Н овогтой Г-д 11 000 000 төгрөг зээлүүлж, харин мөнгөний хүүнд нь түүний өмч болох Баянгол дүүргийн 22-р хороо, 34-р байрны 4 тоот 1 өрөө орон сууцанд үнэ төлбөргүй суухаар, мөн давхар түрээслэх эрхийг олгосон нотариатаар баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байсан. 2020 оны 2-р сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүн ирж, энэ байрны эзэн Н.Г гэгчийг эрэн сурвалжилж байгаа, 2018 оны шүүхийн шийдвэрээр 16 000 000 төгрөгийг барагдуулаагүй тул байрыг битүүмжлэх тухай албан бичиг танилцуулсан. Бид түрээслэгч З.Э-тай холбож өгсөн. Ийм гэнэтийн маргаан үүссэн учир түрээсийн гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах цаашид яахыг шийдэхээр түрээслэгч талтай уулзсан. Түрээслэгч тал гэрээнд тусгай нэмэлт өөрчлөлтийг хийхийг зөвшөөрч, харин энэхүү үүсэж буй асуудлаас шалтгаалан бид гэрээг цуцлах тохиолдолд урьдчилсан төлбөр мөнгийг барагдуулах аргагүй байгаа, харин Г гэгчид зээлдүүлсэн мөнгөө авч байж биднээс урьдчилан авсан мөнгийг төлж гэрээг цуцлах боломжтойгоо илэрхийлсэн. Тэд мөнгөө авч чадахгүй байгаа тул шүүх цагдаагийн газар хандсанаа мөн тайлбарласан юм. 2020 оны 04-р сарын 28-нд тус хорооны цагдаа ирж энэхүү хаяган дээр Г.Г гэгч амьдардаггүй нь үнэн болно гэдэг гарын үсэг авсан. Иймд түрээслэгч миний бие түрээсийн төлбөрт өгсөн мөнгөө авсны дараа 3 хоногийн дотор тус байрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй. Тус байрны маргаанаас үүсэж буй үр дагаварт нялх хүүхэдтэй гэр бүл хохирч байгаа тул гомдолтой байна. Иймээс энэхүү маргааныг эцэслэн шийдтэл албадан гаргахгүй байхыг хүсэж байна. Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 3-р сараас өнөөдрийг хүртэл 1 650 000 төгрөг нэхэж байгаа нь түрээсийн мөнгөө урьдчилан төлсөн бидэнд хамааралгүй, тог, ус, байрны мөнгөө Г гэдэг нэрээр Төрийн банкинд төлж байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.О нь У.Э-т холбогдох орон сууцнаас чөлөөлүүлж, байр ашигласны төлбөрт 1 650 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Улсын бүртгэлийн Ү-2205031315 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 10-р хороо, 4-р хороолол, ХД-34-р байрны 4 тоот 33.9 м.кв талбай бүхий 1 өрөө сууцны өмчлөгчөөр Ц-ийн О бүртгэгдэж, түүнд 2020 оны 3-р сарын 11-ний өдөр өмчлөх эрхийн 000767647 /хх 5/ гэрчилгээ олгогджээ.
Хариуцагч У.Э нь энэ байрыг З.Э-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу 2019 оны 10-р сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаатай түрээслэн амьдарч байгаа, З.Э нь өмчлөгч Н.Г-д 11 сая төгрөг зээлүүлж зээлийн хүүнд үнэ төлбөргүй амьдрахаар тохирсон, З.Э нь дамжуулан түрээслэх эрхтэй байсан, түүнд урьдчилан 6 250 000 төгрөгийг төлсөн гэх ба харин нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г тус байр нь Н.Г Г.Г нарын дундаа хамтран өмчлөх байр байсан, гэрлэлт цуцлуулснаар хүүхдүүд болон надад үлдсэн, зээлийн барьцаанд байсан төлбөрийг төлж Н.Г-ын өмчлөлөөс шилжүүлэн авсан, улмаар Ц.О-д зарсан гэж тус тус тайлбарлажээ.
Талууд эдгээр тайлбар, үндэслэлийн талаар болон хариуцагч байрыг чөлөөлөхгүй гэж маргаагүй бөгөөд хариуцагч нь гагцхүү З.Э-т төлсөн түрээсийн төлбөрийн тооцоог дуусгасны дараа чөлөөлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.
Харин хэрэгт авагдсан Н.Г, З.Э, У.Э нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 4-р зүйлийн 4.5-д түрээслэж байгаа орон сууцыг түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр дамжуулан түрээслэхийг хориглосон байх ба З.Э, Н.Г нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /хх 17/, дамжуулан түрээсэлж болно гэсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, улмаар энэ шийдвэрийн үндэслэл болоогүй болно.
Түүнчлэн нэхэмжлэгч нь байр ашигласны төлбөрт 1 650 000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан Г.Г-ийн ХААН банкны дансны хуулга нь энэ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, татгалзалтай холбоогүй, хэрэгт хамааралгүй байна.
Хариуцагч У.Э нь түрээсийн гэрээтэй холбоотой төлбөр тооцоогоо З.Э-тай хийх, маргаан гарвал эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц-ийн О-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205031315 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 10-р хороо, 4-р хороолол, ХД-34-р байрны 4 тоот 33.9 м.кв талбай бүхий 1 өрөө сууцыг У-ын Э, түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.
2.Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан У.Эрдэнэчимэгээс 1 650 000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Ц.О-ийг төлөөлгч Г.Г-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 550 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, У.Э-ээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА