Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 19

 

             Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалан шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Төмөрбаатарт холбогдох 201601070162 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

           Нарийн бичгийн дарга:               Ц.Баясай

           Улсын яллагч:                             Х.Эрдэнэтуяа

           Хохирогч                                      Л.Хаш-Эрдэнэ

           Шүүгдэгчийн өмгөөлөгч              Д.Цэнд-Аюуш

Шүүгдэгч:                                     С.Төмөрбаатар нар оролцов.                                     

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 2 ээж Цэрэнлхамын /өндөр насны тэтгэвэрт/ хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 3 дугаар гудамжны 8 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Санжаадамбын Төмөрбаатар /РД:СЛ66111014/

 

Яллах дүгнэлтэд дурдсанаар

Шүүгдэгч: С.Төмөрбаатар  нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 35 тоотод байрлах бусдын гэрийн хаалгыг эвдэн орж эд зүйл хулгайлж 1 634 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт холбогдох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  С.Төмөрбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн

            “2016 оны 6 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед гэрээсээ гараад Түмээгээс тамхи асуухаар Хуцаагийн 5 дугаар гудамж руу явж байтал нэг айлын хашааны хаалга онгорхой байсан. Хашаанд гэрэлгүй айл харагдахаар нь очиж хаалганы цоожийг эвдлэн 50 килограммын гурилыг хашааны гадаа гаргаж эргээж ороод 2x2 хэмжээтэй хуйлаатай хивс, будаа, том мөнгөн аяга, ургамлын тос хөргөгчөөс 9 кг мах, эмэгтэй хүний  ариун цэврийн хэрэглэл зэргийг авсан. Авдараас нь гялгар ууттай ээмэг, бөгж, зүүлт аваад үүрч явсан. Замдаа Портер машинтай хүнд гурил будааг 30 аад мянган төгрөгөөр, маргааш нь мөнгөн аягыг 50 000 төгрөгөөр тус тус зарсан, Мах, тосыг гэртээ хоол хийж идсэн ба ээмэг, бөгж, зүүлт зэргийг халаасалж яваад хаясан байсан. Хохирогчид төлбөл зохих хохирлоос хивс орны бүтээлгийг буцаан өгч 750 000 төгрөгийг дүү төлж өгсөн. Үлдэгдэл мөнгийг дүү маань өгнө гэсэн боловч төлж чадаагүй байна. Хулгай хийх үедээ архи хэрэглээгүй байсан ба олсон мөнгөөрөө наадам үзсэн. Тэр үед дүү болон түүний эхнэр эзгүй байсан тул ээжийгээ хүнстэй орхиод наадам үзэхийн тулд хулгай хийсэн гэв.

Хохирогч Л.Хаш-Эрдэнийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хот руу хуриманд 3 хоноод яваад ирэхэд Багануур дүүргийн 1-р хороо, сургалтын задгайн 5-р гудамжны 35 тоот хашаанд байх гэрт хулгай орсон байсан  Хүүхдийн тоглоом газар унасан байхаар нь аваад шуудайтай гурил дээр тавих гэхэд гурил алга байсан. Нуусан мөнгөн аяга, хуйлаад тавьсан байсан 2x2,50 харьцаатай Эрдэнэт хивс, хөргөгчинд байсан мах, 25 кг цагаан будаа, хөх өнгийн шигтгээтэй цэцгэн хэлбэртэй монетон ээмэг бөгжний хослол гинжний хамт, ариун цэврийн хэрэглэл, тавагтай чихэр, орны бүтээлэг, ком багаж, эмэгтэй хүний нарийн мөнгөн тоногтой бүс, 5 л савтай ургамлын тос зэрэг алдагдсан байсан. Гинж нь хуучин монет, ээмэг бөгж кулоны хамт 2016 онд 95 000 төгрөгөөр авч байсан. Мөнгөн аяга нь 6 жилийн өмнө худалдан авч байсан, дотор талын ёроолдоо хээгүй, цулгай, гадна ёроолдоо хээтэй, амсрын болон дотор талын мөнгө нь нимгэн болохоор 2 лан мөнгө нэмж зузаан болгож байсан, Төмөрбаатараас 320 000 төгрөгийн үнэ бүхий хивс, орны бүтээлгээ буцааж авсан. Төмөрбаатар гэгчийн дүү нь 750 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 564 000 төгрөгийг нэхэмжилж байна”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч: Т.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт

            “Тэр өдөр 10 цагийн үед манай нохой хуцаад байхаар нь хашааныхаа хаалгаар гараад харахад манай гудамжаар зүүн тийшээ цайвар бор өнгийн цамцтай бараан өнгийн өмдтэй хүн шуудайтай зүйл үүрчихсэн явж байгаа харагдсан” гэжээ. /хх-50/

Гэрч:  Б.Нэргүйн  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт

            “Намайг хөдөө явсан хойгуур манай охиныг Байдлагын 6 дугаар гудамжны 3 тоотод байхад Төмөрбаатар ганцаараа ирээд хүрэн өнгийн орны бүтээлэгт боодолтой хивс оруулж тавиад “миний юм байгаа юм орой ирж авна” гэж хэлээд явсан гэсэн. Орой нь охиныг эзгүй байхад Төмөрбаатар хивс, тоон систем зэргийг аваад явсан байсан гэж манай охин хэлсэн. Би 4 дүгээр хорооны хэсгийн байцаагчийн хамт Тулга гэх айлд очиж тоон систем, орны бүтээлэгт боодолтой хивс зэргийг авсан. Хивс нь манай хивс биш  гэжээ. /хх-59-60/

Насанд хүрээгүй гэрч Н.Маралын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт

            “2016 оны 7 дугаар сард намайг гэртээ байхад Төмөрбаатар ах ганцаараа ирээд хүрэн өнгийн орны бүтээлэгт боодолтой цагаан өнгийн, голдоо хээтэй хивс оруулж ирж тавиад “миний юм байгаа юм орой ирж авна” гэж хэлээд явсан. Тэгээд би гадуур явж байгаад 18 цагийн үед ирэхэд хажуу айлын эгч “танай ах ирээд гэрээс чинь өөрийнхөө юмыг авч байна” гээд хүрэн өнгийн орны бүтээлэгт боодолтой хивс, тоон систем аваад явсан гэж хэлсэн. Тоон систем нь манай гэрийнх юм гэжээ. /хх 61/

Мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэлд:

“Төмөрбаатар нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 3 дугаар гудамжны 8 тоот хашаанаас буюу өөрийн оршин суух гэрийн гаднаас явсаар Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 35 тоот хашааны гадна ирж, хашаан дотор байх хоёр Монгол гэрийн баруун талын гэрээс эд зүйлс хулгайлсан гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлэв” гэжээ  /хх 40-43/

Эд зүйл  хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлд:

“Сургалтын задгай 3 дугаар гудамжны 8 тоотод оршин суух Б.Нэргүйгээс 1.50x2 метр хэмжээтэй  цагаан шаргал өнгийн хивс. 2.24x1.80 хэмжээтэй орны хуучин бүтээлэг зэрэг эд зүйлийг хураан авч Л.Хаш-Эрдэнэд хүлээлгэн өгөв”  гэжээ /хх 34/

Эд зүйлийн үнэлгээ хйисэн баримтад

“Ээмэг бөгж колуны хослол 50 000 төгрөг,  ариун цэврийн хэрэгсэл 35 000 төгрөг, хатуу чихэр 7000 төгрөг, 50 кг гурил 50 000 төгрөг, 25 кг цагаан будаа 40 000 төгрөг, 2.5*3.5 хэмжээтэй эрдэнэт хивс 300 000 төгрөг, их гарын мөнгөн аяга 800 000 төгрөг, 2 кг адууны мах 12 000 төгрөг, 4 кг үхрийн мах 32 000 төгрөг, 3 кг хонины мах 18 000 төгрөг, адууны гэдэс 2000 төгрөг,   орны бүтээлэг 20 000  төгрөг, ком багаж 60 000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн ширэн бүс 60 000 төгрөг, 5 л ургамлын тос 18 000 төгрөг, 2 гр монетон гинж 130 000 төгрөг нийт 1 634 000 төгрөг” гэжээ. / хх 37-39/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсний үндсэн дээр шүүхээс дараах дүгнэлтүүдийг хийж байна.

           Шүүгдэгч С.Төмөрбаатар нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 35 тоотод байрлах Л.Хаш-Эрдэнийн гэрийн хаалгыг эвдэж орж ээмэг бөгж зүүлтийн хослол,  ариун цэврийн хэрэгсэл, хатуу чихэр, 50 кг гурил, 25 кг цагаан будаа, 2.5x3.5 хэмжээтэй эрдэнэт хивс, их гарын мөнгөн аяга, 2 кг адууны мах, 4 кг үхрийн мах, 3 кг хонины мах, гэдэс, орны бүтээлэг, ком багаж, эмэгтэй хүний мөнгөн товруутай ширэн бүс, 5 л ургамлын тос, 2 гр монетон гинж зэрэг эд зүйл хулгайлж 1 634 000 төгрөгийн  хохирол учруулжээ.

Энэ нь мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд, хохирогч Л.Хаш-Эрдэнийн “гэрт нь  хулгайч ороод нийт 1 634 000 төгрөгийн 14 нэр төрлийн эд зүйл, хүнсний бүтээгдэхүүн хулгайлсан байсан, хивс, орны бүтээлэг хоёрыг цагдаагийн байгууллагаас хүлээн авсан тухай мэдүүлсэн мэдүүлэг,  гэрч Т.Түмэндэмбэрэлийн “2016 оны 6 сарын 27-ны орой 22 цагийн үед тухайн гудамжинд шуудайтай юм үүрсэн хүн явж байгааг харсан тухай мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Н.Маралын “2016 оны 7 дугаар сард гэртээ байхад нь Төмөрбаатар хүрэн өнгийн орны бүтээлэгт боодолтой цагаан өнгийн, голдоо хээтэй хивс оруулж тавиад орой нь аваад явсан тухай мэдүүлсэн мэдүүлэг, хивс орны бүтээлэг зэргийг хураан авсан болон хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

С.Төмөрбаатарын үйлдлийг нотолж тогтоосон баримтуудыг үнэлэхэд:  

Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна. Шүүгдэгч  С.Төмөрбаатар нь яллагдагчаар байцаагдахдаа гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлгээр болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг баримтуудаар давхар батлагдлаа. Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд  юм.

С.Төмөрбаатар нь хэрэг хариуцах чадвартай бөгөөд бусдын эд зүйлийг хулгайлах үйлдэлдээ шунахай сэдэлтээр шууд санаатай хандсан нь шүүгдэгчийн “Би наадам үзэхийн тулд мөнгө олох, ээждээ хоол бэлтгэж үлдээх зорилгоор хулгай хийсэн” гэсэн мэдүүлгээр нь тогтоогдсон.

Хохирогчид  1 634 000 төгрөгийн хохирол учирсан нь эд зүйлд үнэлгээ тогтоосон баримтаар тодорхойлогдсон, хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт  зааснаар бага бус хэмжээний хохиролд хамаарагдаж байна.

Шүүгдэгч хулгай хийхдээ хохирогчийн гэрийн хаалганы даруулга болон цоожийг  мултлан орсныг бусдын орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл боллоо.

С.Төмөрбаатарын үйлдэл нь иргэн Л.Хаш-Эрдэнийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасан  “өмчлөх эрх” ийг ноцтой зөрчсөн үйлдэл мөн.

Иймд С.Төмөрбаатарыг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасны бичилтээр /хх 93/ тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, хохирлын хэмжээг  харгалзан түүнд баривчлах ялыг оногдуулбал зохино. Шүүгдэгчийн үйлдэлд ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэе.

С.Төмөрбаатарын энэ хэрэгт цагдан хоригдсон 51 хоногийг  баривчлах ялын 51 хоногтой тэнцүүлэн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 Хохирогч Л.Хаш-Эрдэнэ нь учирсан хохирлын талаар 1 634 000 төгрөгийн баримтыг /хх 37-39 / шүүхэд ирүүлсэн ба шүүгдэгч 750 000 төгрөгийн хохирлыг төлсөн, 320 000 төгрөгийн үнэ бүхий  орны бүтээлэг, хивс зэргийг нэг бүрийн шинжээр нь шүүгдэгчээс хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул үлдэх 564 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэнэ.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Боржигон овгийн Санжаадамбын Төмөрбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Санжаадамбын Төмөрбаатарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр таван /5/ сарын  хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар С.Төмөрбаатарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар С.Төмөрбаатарын  цагдан хоригдсон 51 хоногийг ял эдэлсэн хугацаанд  оруулан тооцсугай.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол С.Төмөрбаатарт авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Төмөрбаатараас 564 000 /таван зуун жаран дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Хаш-Эрдэнэд олгосугай. 
  7. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй  зэргийг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  9.  Тогтоолыг давж заалдаж, эсэргүүцэл бичигдвэл биелэлтийг түдгэлзүүлж С.Төмөрбаатарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ОЮУНБАТ