Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2020/ДШМ/24

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 25 өдөр                               2020/ДШМ/24                                                                Зуунмод

 

 

Б.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр,

Нарийн бичгийн дарга Э.Билгүүн нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа хянан шийдвэрлэсэн, 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/20  дугаар шийтгэх тогтоолтой Б.Г-т холбогдох 1934007180512 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Нарванчин овогт Баатарсүрэнгийн Г-, 1962 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 57 настай, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Төв аймгийн Баянчандмань сумын Замт баг, Холбооны 1-9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: ____________,

Шүүгдэгч Д Б.Г- нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байрлах Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд эрүүгийн 1934000000046 дугаартай Л.Энхбаярт холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хохирогчоор оролцох явцдаа шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ өөр буюу худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Нарванчин овгийн Баатарсүрэнгийн Г-ыг хохирогч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Нарванчин овгийн Баатарсүрэнгийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ Миний үйлчлүүлэгч Б.Г-ыг Эрүүгийн 1934000000046 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хохирогчоор тогтоосон. Гэтэл тухайн үйл ажиллагаа явуулж байсан дэлгүүр нь Г.Цэрэнхүүгийн эзэмшлийн ба дэлгүүрийн үйл ажиллагааг зөвхөн Г.Цэрэнхүү хариуцан ажиллуулдаг байтал огт хамааралгүй Б.Г-ыг хохирогчоор тогтоосон.

Б.Г-ын хувьд тухайн дэлгүүрийг ажиллуулдаггүй, уг хэрэгт хохирогчоор татагдах этгээд биш гэдэг нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Л.Энхбаярт холбогдох шүүх хуралдаанаас тодорхой харагдсан. Үүнийг давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 50 дугаартай магадлалд хохирогчийг зөв тогтоосон эсэхийг шалгах шаардлагатай гэдгийг тодорхой дүгнэж өгсөн байдаг.

Гэтэл миний үйлчлүүлэгч Б.Г-ыг Эрүүгийн 1934000000046 дугаартай хэрэгт үндэслэлгүйгээр хохирогчоор татаж, мөн 1934007180512 дугаартай хэрэгт яллагдагчаар татан шүүхээр шийдвэрлүүлсэн. Үүнийг шүүх тайлбарлахдаа прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн гэх ба Эрүүгийн 1934000000046 тоот хэрэгт хамааралгүй гэж үзсэн.

Б.Г- нь хохирогч биш атлаа хохирогчоор татсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн ажиллагааны улмаас Эрүүгийн хэрэг 1934007180512 тоот хэрэгт яллагдагчаар татагдсаныг шүүх анхаарч үзэлгүйгээр ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул Төв аймгийн дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтдээ: Энэ гэмт хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр гаргасан саналдаа: Хууль хэрэглээний асуудал дээр шүүх анхаарч үзнэ үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Г-т холбогдох эрүүгийн 1934007180512 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байрлах Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд эрүүгийн 1934000000046 дугаартай Л.Энхбаярт холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хохирогчоор оролцох явцдаа шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ өөр буюу худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15 тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 49 тал/,

- Б.Г-ын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид эрх үүрэг тайлбарлаж өгсөн тухай тэмдэглэлд хохирогчоор оролцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2, 9.4, 9.6 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 21.2, 21.3, 21.4 дүгээр зүйлд заасныг тус тус тайлбарлаж, хууль сануулав гээд үнэн зөв мэдүүлэг өгөхөө баталж, гарын үсэг зурж, баталгаа гаргасан хуудас /хх-ийн 57 тал/,

-Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны 317 дугаартай: “...Даргалагчаас: Хохирогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулан хууль сануулж ойлгосон эсэхийг асуухад Хохирогч: Хуульд заасан эрх, үүргийг ойлголоо гээд эрх үүрэг тайлбарласан баримт дээр гарын үсэг зурав... Б.Г-ын хохирогчоор өгсөн “2019 оны 1 сарын 18-19 шилжих шөнө би Баянцогт сум явсан. 11 цаг өнгөрч байхад Л.Энхбаяр залгаад ахаа архи авчихмаар байна гэсэн. Тэгээд би Цэрэнхүү эгчээсээ ороод явчих гэж хэлсэн. Тэгсэн ахиад залгаад утас нь холбогдохгүй байна гэсэн. 30 минутын дараа залгасан. Тэгээд би манай цонх онгорхой байгаа ороод авчих өглөө уулзъя гээд утсаа салгасан. Тэгээд шөнө 3 цаг өнгөрч байхад ирээд унтаад өгсөн өглөө эхнэр дэлгүүрийн цонх хөшсөн байна гэж хэлсэн. Тэгээд би гарсан дэлгүүрт... Манжин өмхийрөөд 4-5 хоног үнэрийг нь гаргах гээд онгорхой орхисон... Архи авмаар байна гэхлээр нь ав гэж хэлсэн... Би далимдуулаад хүн авсан юм болов уу гэж бодсон...” гэх тэмдэглэл /хх-ийн 34-39 тал/,

-Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 317 дугаартай шүүгчийн: “...хохирогч А.Г-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, өмнө нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийн талаар тодруулан шалгаж, хохирогч А.Г-ыг дээрх мэдүүлэгтэй нь холбогдуулан санаатай худал мэдүүлэг өгсөн эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзлээ...” гэх захирамж /хх-ийн 39 тал/,

- Л.Энхбаярын 1934000000046 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад би бага зэрэг согтуу байсан. Тэгээд нэмж архи олж уух санаатай сумын танил хуурай ах Г- гэх хүн рүү залгаад дэлгүүрээс нь архи зээл авах санал тавьтал ах нь хөдөө явж байна чи дэлгүүр дээр яваад оч, манай эхнэр Цэрэнхүү байгаа гэсэн тэгээд би Г- ахын дэлгүүр дээр яваад очтол дэлгүүр нь түгжээтэй гэрэл нь унтраалттай байсан тэгээд би урд талынх нь цонхыг гараараа түлхэж үзтэл цонх сул онгойсон цонх түгжигдээгүй байх шиг байсан. Тэгэхээр нь цонхоор ороод 0,75 л хараа архи 3 шил, Боргио 2,5 л 4 ширхэг, Пүүзтий ундаа 3 ширхэг, түмний кола 3, панч ундаа 3 ширхэг, улаан вест тамхи 10 хайрцаг, улаан ЛД тамхи 10 хайрцаг, майлд тамхи 7 хайрцаг, кастер тамхи 5 хайрцаг зэргийг аваад буцаад цонхоороо гарсан. Тэгээд архи тамхиа тэр шөнөдөө ууж идэж хэрэглээд дууссан. Би согтуу байсан учраас таних танихгүй хүмүүст л тарааж дуусгасан байх...өгсөн хүмүүсээ санахгүй байна. Согтуугаасаа болоод орчихсон миний буруу, би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Учруулсан хохирлоо нөхөн төлөх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

-Гэрч Г.Цэрэнхүүгийн эрүүгийн 1934000000046 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 18-ны орой шөнийн 00 цагт дэлгүүрээ хаагаад дотор талаас нь түгжээд гадна хаалгаа гадна талаас нь даруулгатай цоожоор цоожлоод бүх цонхоо дотор талаас нь түгжээд гэртээ орж амарсан. Шөнө юу болсныг бол сонсоогүй, мэдээгүй тухайн шөнө бол манай нөхөр Г- Баянцогт сум руу ажлаар явсан байсан гэртээ байхгүй байсан. Тэгээд шөнийн 03- 04 цагийн үед байх шөнө дунд л манай нөхөр Баянцогт сумаас гэртээ ирээд унтсан. Тэгээд маргааш нь өглөө 08 цагийн үед дэлгүүрээ онгойлгоход дэлгүүрийн цонх бага зэрэг онгорхой хөшиг нь бага зэрэг нээлттэй байхаар нь гайхаад манай дэлгүүрт хулгай орсон байна гэж бодоод нөхөртөө хэлээд хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Би өөрөө бүх цонхоо дотор талаас нь түгжсэн маргааш нь онгорхой байхаар нь мэдээж хулгай орсон байна гэж гайхсан...Тэгээд цагдаа ирээд дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд манай сумын иргэн Л.Энхбаяр гэх хүн манай дэлгүүрийн цонхыг гадна талаас нь түлхэж ороод дотор зааланд таазнаас дүүжлээтэй байсан шөнийн 2 ширхэг камерын дуранг хажуу тийш нь эргүүлж өөрийгөө дадлах гэж оролддог, гэвч манай дэлгүүрийн нөгөө талын хананд байсан камерын дуранг хараагүй юм шиг байна лээ тэр дуранд бичигдсэн байсан...Үнэн юм үнэнээрээ сайхан Л.Энхбаяр гэх хүн манай дэлгүүрт хууль бусаар нэвтэрсэн тухайн үедээ манай нөхөр Г- хүнд итгэлтгүй болж гэж Энхбаярт дургүй байсан. Тэгтэл хэрэг шалгагдах явын дунд Л.Энхбаяр манай нөхөр Г-ын толгойг эргүүлж нөлөөлсөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

-шүүгдэгч Б.Г-ын 1934000000046 дугаартай эрүүгийн хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, эрх үүрэг тайлбарласан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулсан хэсэгт баталгаа гаргаж гарын үсэг зурсны дараа өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажлаар Баянцогт сум руу явсан юм.Тэгээд орой шөнийн 00 цаг өнгөрч байхад миний утас руу Энхбаяр гэдэг манай нутгийн дүү залгасан. Би утсаа авсан чинь 1 шил архи хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би хөдөө явж байна. Одоо боломжгүй байна. Манай эхнэр байгаа гэсэн чинь дугаар нь хэд вэ гээд манай эхнэрийн дугаарыг авсан. Тэгээд би шөнө 03 цаг болж байхад гэртээ ирээд унтсан. Тэгээд өглөө 2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө босоод байж байтал манай эхнэр Цэрэнхүү дэлгүүрээ онгойлгож ороод манай дэлгүүрийн цонх онгорхой байна гэж хэлээд ороод ирсэн. Тэгэхээр нь би дэлгүүр дотор ороод хартал дэлгүүрийн жижиг вакум цонх онгорхой байсан. Бараагаа шалгаж үзтэл лангуун дээр өрсөн бараанууд дутуу байсан. Тэгэхээр нь сумын хэсгийн төлөөлөгч рүү утсаар залгаж дуудлага өгсөн... Манайх дэлгүүрээ хаахдаа жижиг вакум цонхоо хаадаг. Хулгай орсон шөнө жижиг вакум цонхоо хаасан. Ер нь байнга хаалттай байдаг... Манай дэлгүүрийн цонхоор Энхбаяр гэх хүн орж бараа хулгайлсан талаар мэдээгүй. Харин дэлгүүрийн камер шүүгээд Энхбаяр орсон байна гэдгийг нь мэдсэн... Харин авсан зүйлээ эргүүлэн төлж миний хохирлыг барагдуулахыг хүсэж байна... миний ярьсан үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

-Мөн 1934000000046 дугаартай эрүүгийн хэрэгт 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, эрх үүрэг тайлбарласан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулсан хэсэгт баталгаа гаргаж гарын үсэг зурсны дараа дахин өгсөн: “...Энхбаяр намайг Баянцогт суманд ажлаар явж байхад утсаар яриад ганц шил архи аваадахъя гэсэн. Тэгэхээр нь би хөдөө явж байна манай эхнэр Цэрэнхүү эгчтэйгээ уулзаад ав гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Энхбаяр буцааж утсаар залгаад Цэрэнхүү эгчийн утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дэлгүүрийн цонх онгорхой байгаа түлхээд үз, манжин луувангийн үнэр гаргах гээд цонхоо онгорхой орхисон байгаа цонхоор ороод авчих гэж хэлсэн...Би хохирлоо барагдуулчих юм бол гомдолгүй гэж хэлсэн ш дээ... Хохирол гэж Энхбаярт зээлээр өгсөн бараагаа эргүүлж авахаа яриад байгаа... Хариулаагүй... Би хүн далимдуулаад орсон юм болов уу гэж бодсон юм... миний ярьсан үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

-шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “..би Л.Энхбаярыг өрөвдөөд хар багаас нь мэддэг болохоор шүүхэд мэдүүлгээсээ буцсан мэдүүлэг өгсөн юм. Танилын нүүр халуун гэгчээр мөн Л.Энхбаяртай ойр дотно учраас л тэгээд хэлчихсэн юм... би өөрөө л Л.Энхбаярыг шүүхээр орж ял авах гээд байхаар нь өрөвдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,

-шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Л.Энхбаяр бол манай нутгийн хүүхэд байгаа юм. Баянчандмань суманд төрж өссөн хүн байгаа юм. Би бол хар багаас нь мэднэ бага байхдаа намайг хөдөөгүүр ажпаар явж байхад миний машины кабинд суугаад дагаад явдаг хүүхэд байсан надаас насаар олон дүү, тэгээд би Л.Энхбаярыг өрөвдөөд хар багаас нь мэддэг болохоор шүүхэд мэдүүлгээсээ буцсан мэдүүлэг өгсөн... Л.Энхбаяр намайг мэдүүлгээсээ буцаад дэлгүүрийн цонхоор орж архи ав гэж зөвшөөрсөн гээд хэлчих тэгэхгүй бол би ял авах гээд байна гэсэн юм. Тэгээд л би Л.Энхбаярыг өрөвдөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт худлаа хэлчихсэн юм... Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...Би мэдэж байсан. Надад шүүхийн урьдчилсэн хэлэлцүүлэгт орохын өмнө надаас өмнө зөв мэдүүлэг өгөх талаар баталгааг шүүхээс бичгээр авч байсан би Л.Энхбаярыг өрөвдөөд л баталгааг зөрчиж худал мэдүүлчихсэн юм...намайг ямар нэгэн байдлаар дарамталж шахаж шаардаагүй...Надад хөнгөн ял шийтгэл өгөхийг холбогдох байгууллагаас хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Б.Г-д холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Б.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б,Г-, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр нарын гаргасан давж заалдах  гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.БОЛОРМАА

 

 

 ШҮҮГЧИД                                                   Т.ЭНХМАА

 

 

                                                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ